Э.Лууяа: Хийж байгаа ажлаасаа шантарч болохгүй эцсээ хүртэл явах хэрэгтэй

Админ
2021/02/26

Д.БЯМБАСҮРЭН

“Дулмаа нохой хорь”, “Сүртэй найз” ,”Гэнэт баяжигч”, “Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэх зэрэг нийгэмд тулгамдаж буй олон асуудлыг хөндөн уран бүтээлээрээ дамжуулан хүргэсэн “Зогсохгүй” продакшны үүсгэн байгуулагч, дуучин Э.Лууяаг “Шинэ танил” буландаа урилаа. Тэрбээр 2017 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд урлагийн ертөнцөд өөрийн өнгө төрхөө бүтээж яваа залуу уран бүтээлч юм.

-“Зогсохгүй” продакшны сүүлийн үеийн ажлаас яриагаа эхэлье?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Манай продакшны хувьд сүүлийн үед нийгэмд өрнөөд буй коронавирус, хорио цээр гэх сэдвээр контент бэлтгэн хүргэж байна. Бидний хувьд нийгэмд юу болж байна тэр бүхнийг аль болох шинэ дээр нь үзэгчдэд хүргэхийг зорьж ажилладаг. Мөн шинэ залуу үедээ хийж байгаа зүйлээрээ нөлөөлж, нэг ч гэсэн зүйлийг ойлгоосой хэмээн хүсдэг.

-Анх сошиал контент хийх санаа хэрхэн төрөв?

-Аливаа зүйл том зүйлээс эхэлдэггүй, багаас эхэлдэг юм билээ. Дотны найзтайгаа машинд явж байхдаа тухайн үеийнхээ мэдрэмжээ гаргаад л тавьчихсан чинь хүмүүст хүрсэн. Ингээд л мэргэжлээр нь төгссөн, энэ замаар явж буй хүний хувьд ийм нэвтрүүлгүүд хийгээд явбал болох юм байна гэсэн урам авсан. Түүнээс гадна сошиал контентийн гол бай нь нийгэм өөрөө юм. Бүх сэдэв, санаа маань нийгмээс урган гардаг. Нийгэмд ямар шинэ содон зүйл болж байна, түүнийг шүүрэн авч нэвтрүүлгээ бэлддэг. Гэхдээ бидний хувьд зөвхөн нэг талыг барихыг хүсдэггүй. Хайр дурлал, найз нөхөд, үндсэрхэг үзэл, хүмүүсийн харилцаа гээд л аль болох олон талаас нь өөр өөр өнгөөр харуулахыг эрмэлздэг дээ.

-Таны хувьд аль нэг продакшн эсвэл театрыг яагаад сонгоогүй юм бэ?

-Уран бүтээлч гэдэг өөрөө өргөн утга. Өнөөдөр манайд УДЭТ болоод продакшнууд байгаа хэдий ч жилд урлагийн сургууль төгсөж буй хүүхдүүдээс цөөн нь ордог. Гэтэл энэ мэргэжлийг сонгоод өөрийн санаа, өөрсдийн чадахаараа хичээж, бүтээх гэсэн залуус цөөнгүй. Түүний л нэг адил заавал тэр олны хошуураад байгаа газар руу явах биш өөрсдөө юм хийж үзье гэсэн санаагаар л хичээж явна.

-Сошиал контент хийдэг олон залуус бий. Танайх юугаараа онцлог бол?

-Мэдээж аливаа нэгэн зүйлд өрсөлдөөн бий. Өрсөлдөөнтэй байх тусмаа илүү сайжрах, өөрсдийгөө хурцалж урагшилна. Бидний хувьд хүмүүсийг харахгүйгээр бүх зүйлсээ өөрсдөө хийдэг учир илүү давуу талтай. Миний хувьд жүжигчин мэргэжилтэй учир гаргаж буй нэвтрүүлгүүдээ аль болох чанартай, уран бүтээлч талаас нь гаргахыг хичээдэг.

-Хүмүүс хэрхэн хүлээж авч байна вэ?

-Хүмүүс их дэмжиж урам өгдөг. Нээрээ энэ санааг ингэж гоё гаргасан байна лээ шүү. Улам их хичээгээрэй гэсэн урмын үг их хайрладаг. Мөн гадуур зөрж өнгөрөх хүмүүсийн инээмсэглэлээс л өөрсдийнхөө хийж буй, хийх гэж зорьж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг илүү мэдэрдэг.

-Таныг дуучин гэдгээр тань хүмүүс илүү мэддэг юм билээ?

-Тиймээ. “Янзага”, “Мэдрэмж” гэх зэрэг дуу дуулсан. Одоо цаашид хувь цомгийн ажлаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Уран бүтээлч хүний хувьд аль ч талаараа хөгжиж, улам илүү их зүйлийг хийх сэн гэсэн хүсэлтэй явдаг.

-Та бүхний хийж байгаа шиг зүйлсийг хийнэ гэсэн залуус хаа нэгтээ байж магадгүй. Тэдэнд хандаж юу гэж хэлэх вэ?

-Шинэлэг, хийж буй зүйлээсээ шантарч болохгүй эцсээ хүртэл явах хэрэгтэй гэж бодож байна. Анзаараад байхад хүмүүс хэтэрхий өнгөн дэрээ гоё байх гэж хичээдэг юм шиг. Гэтэл бидний амьдрал төгөлдөр хуурны товч шиг хар цагаан байх ёстой шүү дээ. Тэр ч утгаараа алив зүйлийг хэт цэвэрхэн, өөгүй хийнэ гэхээс илүү бодит, үнэн байх хэрэгтэй санагддаг. 

Асуудал алхам тутамд гарна. Зарим хүн энэ цэгт хүрэхийн тулд ямар их энерги, цаг хугацаа зарцуулахыг мэддэггүй. Тэгэхээр шантралгүй, өөрийн зорилгодоо үнэнч байгаарай гэж хэлье. Мөн миний нэг бодож явдаг зүйл бол аливаа хүн хийх ёстой зүйлээ л хийх хэрэгтэй.Жишээ нь мужаан хүн мөртлөө нэвтрүүлэг, кино хийнэ гэвэл мэргэжлийн хүмүүсийн орон зай хумигдана. Сүүлийн үед ажиглагдаад байгаа нэг зүйл нь огт өөр мэргэжлийн хүмүүсийг өөрсдийн ажилдаа татан оруулах хандлага их байна. Энэ системийг халах хэрэгтэй. Хүн бүр өөр өөрсдийн хийх зүйлээ хийж байж хөгжил эхэлнэ шүү дээ.


-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Мэдээж хүн байгаа түвшнээсээ ахих, хийж буй зүйлээ ахиулах нь чухал. Тэр ч утгаараа багаа өргөжүүлэх, кино, нэвтрүүлэг хийх гээд бодсон зүйлс их бий. Нэгэнтээ урлагийн замыг сонгож, жүжигчин мэргэжлээр төгссөн учир хэнд ч танигдахгүй уран бүтээлч байхыг хүсдэггүй. Тиймээс өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнэ, өөрт өгөгдсөн чанараа тунхаглахыг хүсдэг. Жүжигчин, уран бүтээлч хүний дээд цэг нь хаана байна тэр хүртэл л явна гэж боддог.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна