Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ

Админ
2021/02/26

Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийн талаар 2021 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас ирүүлсэн “Шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Учир нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Э.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль зөрчсөн гэж үзвэл энэ хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан этгээд уг шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно…” гэж заажээ.Өнөөдрийн байдлаар шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан оролцогч нарын зүгээс Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах 30 хоногийн хуулийн хугацаа өнгөрөөгүй байгаа нь анхан шатны шүүх таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

Өөрөөр хэлбэл Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 43 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтад “…Хэргийн прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Д.Ганбат, С.Мандахбат нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй…” гэх заалтыг анхан шатны шүүх үгүйсгэх, өөрчлөх, хүчингүй болгох хууль эрх зүйн боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацаа сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно…” гэж, Мөн хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид…” мэдэгдэнэ гэж тус тус заасны дагуу шүүх өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлгийг явуулсан болно. Иймд шүүхээс өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас гаргасан шүүгдэгч Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжийг эс зөвшөөрвөл тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат шүүхийн байгууллагад суллагдах хүсэлтээ гаргажээ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2021.02.26/ 12:00 цагт түүнийг суллах эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан болно.

Сүүлд Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд хянан хэлэлцсэн. Шүүх хуралдаанаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн юм. Ингэснээр түүнд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 6.6 жилийн хорих ял хүчингүй болж, түүний хэргийг дахин мөрдөн шалгахаар болсон. Харин энэ хугацаанд таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн бөгөөд тэрбээр цагдан хоригдож байгаа.

Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй. Харин Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Эл лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийж ирсэн.Нийслэлийн прокурорын газраас Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирүүлсэн байдаг юм.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зарим өөрчлөлт оруулж, Д.Түвшинжаргалд оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жил хорих, Д.Ганбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч,  30 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, бусад шүүгдэгч нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээсэн.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна