Л.Галбаатар: Төрийн Тэргүүнд нэр дэвшигчдэд тавих шаардлага Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаатай хамааралгүй тусдаа асуудал

Админ
2021/03/01

С.ЗАЯА

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэлдээ Улсын Их Хурлаас 2020.12.24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагад “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” талаар тусгаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг зөрчсөн гэжээ. Энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэж, дунд суудлын хуралдаанаараа хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбар гаргуулах, байр суурийг тодруулахаар Цэцээс ханджээ. Үүний дагуу Ерөнхийлөгчийн тамгын газар өнгөрсөн долоо хоногт Цэцэд холбогдох тайлбарыг хүргүүлсэн байна. Дээрх асуудлаар Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Л.Галбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон ямар заалтыг үндэслэж нэр бүхий иргэд дээрх асуудлаар Цэцэд хандсан юм бэ. Та энэ асуудлыг судлаачийн хувьд хэрхэн харж байна вэ?

-Ерөнхийлөгч улиран сонгогдох эрхтэй юу, хэдэн жилийн хугацаатай бүрэн эрхээ хэрэгжүүлэх вэ гэдгийг Үндсэн хуульд заавал зааж өгдөг. 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 7-д “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно” гэж заасныг хүчингүй болгож, 30 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэж байсныг “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Эндээс харахад, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хоёр өөр агуулгыг нэг хэсэгт хамт бичсэн байх бөгөөд Ерөнхийлөгч нэг удаа улиран сонгогдох нөхцөлийг өөрчилж, Ерөнхийлөгч улирахгүй, нэг удаа зургаан жилийн хугацаагаар сонгогдох болгосон байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч улирах эсэх, нийт хэдэн жилийн хугацаагаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх тухай зохицуулалт нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагатай хамааралгүй.

-Тэгвэл Ерөнхийлөгчид нэр дэвшигчид ямар шаардлага тавьсан бэ. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юү?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т “Монгол Улсын иргэн ... төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ... Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно” гэж заасан. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох нь Монгол Улсын иргэний нэг эрх болохыг тодорхой харуулж байна. Дээрх заалтад сонгогдох эрхэд тавигдах хязгаарлалт нь хуулиар тогтоосон нас байх бөгөөд өөр хязгаарлалт тогтоогоогүй. Тодруулбал, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-т заасан сонгогдох эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Бас сонгогдох эрхийг олон улсын гэрээгээр баталгаажуулсан байдаг. Монгол Улс 1968 онд гарын үсэг зурж, 1974 онд соёрхон баталсан Монгол Улсын олон улсын гэрээ болох “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Факт”-ын 25 дугаар зүйлд “Иргэн бүр сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох эрхтэй” гэж, 5 дугаар зүйлийн 1-т “Аливаа улс, бүлэг буюу хувь этгээд энэхүү Фактаар хүлээн зөвшөөрсөн аливаа эрх, эрх чөлөөг үгүй хийх буюу тэдгээрийг түүнд зааснаас илүү хэмжээгээр хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах буюу үйлдэл хийх эрхтэй мэтээр энэхүү Фактын заалтуудыг мушгин тайлбарлаж болохгүй” гэж заасан. 

Түүнчлэн “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй” гэж нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тодорхойлох нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-т “Хүнийг эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэж заасантай нийцэхгүй юм. Тэгэхээр Монгол Улсын олон улсын гэрээ, Үндсэн хуульд зааснаар “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан” гэдэг үндэслэлээр сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй.-Өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд ямар шаардлага тавьж байсан юм бэ?

-Улсын Их Хурлаас 2020 оны арванхоёругаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулиас өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагын талаар нийт гурван удаагийн хуульд зохицуулсан байна. Эдгээр хуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагад “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” талаар тусгаагүй байна. Энэ нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг тодорхойлж ирсэн эрх зүйн уламжлалын агуулгыг илэрхийлж байгаа юм. Тодруулбал, 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар тусгайлсан хязгаарлалт тогтоогоогүй. Харин тус хуульд 2005 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн хуулиар “Эх орондоо байнга оршин суугаа буюу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус улсын харьяат хэвээр байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ” гэх хэсгийг нэмсэн.

2012 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 6.3-т “Дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж заасан. Харин 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 139.3-т “Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй, хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх, нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх шаардлагыг хангасан байна” гэж заасан.

-Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хамаарч Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага тодорхой болох уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд нэр дэвшигчид тавигдах шаардлагад “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаагүй байх” талаар тусгах ёстой эсэх талаар Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарах, тухайн шийдвэрийг Улсын Их Хурал хүлээж авах эсэх гэсэн үе шат бий. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 26.1-т “Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан. Улсын Их Хурлын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал авах өдрийг 2021 оны зургадугаар сарын 09-ний өдөр байхаар тогтоосон. Тэгэхээр 2021 оны тавдугаар сарын 01-ний өдөр гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа эхэлж, дээрх маргаантай асуудал нэг мөр болох байх. Нэр дэвшүүлэх ажиллагаанд олон этгээд тодорхой эрх хэмжээтэй оролцоно. Тухайлбал, нам, эвслээс нэр дэвшүүлэх, холбогдох баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх, ингэхдээ холбогдох газраас нэр дэвшигчийн талаар лавлагаа олгох, Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох зэрэг оролцоотой байна. Тухайлбал, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүлээн авсан тухай Авлигатай тэмцэх газрын тодорхойлолт; нэр дэвшигчид тавих шаардлагыг хангасан эсэх талаарх Улсын Дээд шүүхийн лавлагаа, татварын хугацаа хэтэрсэн өргүй эсэх талаарх Татварын ерөнхий газрын тодорхойлолт зэргийг бүрдүүлэхэд дээрх байгууллагууд оролцоно. 

Хуулийн 28.7-д зааснаар нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ. Тэгэхээр 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид албан ёсоор тодорхой болох юм.-Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй эсэх асуудлыг зөвхөн Цэц шийдэхгүй, таны хэлснээр Улсын Дээд шүүх бас оролцох нь ээ?

-Тийм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага. Сонгуулийн харилцаанд шууд оролцохгүй. Хууль тогтоомжийн хувьд тухайн нэг хувь хүнд чиглэхгүй, нийт улс орны хэмжээг хамаарч батлагддаг. Зөвхөн Үндсэн хуульд нийцүүлэн хуулийг баталдаг. Улсын Дээд шүүхийн хувьд нэр дэвшигчид тавих шаардлагыг хангасан эсэх талаарх лавлагаа олгох, Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрт холбогдох маргааныг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянах эрх хэмжээтэй байгаа нь сонгуулийн үеэрх улс төрийн ба хууль зүйн маргааныг ялган зааглах, улмаар сонгуулийн харилцааны хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэж байна.


4
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна