10 их наядын хөтөлбөрт учирч болох гурван эрсдэл

Админ
2021/03/02

ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР Р.ДАВААДОРЖ

“Коронавирусээс үүдэн эрсдэлд орсон эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйг аврах” талаар Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх өнгөрсөн оны гуравдугаар сарын дундаас дуугарч эхэлсэн юм. Удалгүй 5.1 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай гэсэн тооцоог Засгийн газар нь гаргаж нийтэд танилцуулж байжээ. Ийнхүү урд өмнө хэрэгжүүлж байгаагүй их хэмжээний мөнгөн дүнтэй хөтөлбөрийг 2020 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр УИХын чуулганаар баталсан байдаг. Тэр үеийн хэвлэл мэдээллийн хуудсыг эргэн сөхвөл: “улс орны эдийн засгийг сэргээх, иргэдийн амьдралыг өөд татахын тулд энэ хөтөлбөр шиг чухал зүйл үгүй” гэх сурталчилгаанд багагүй хөрөнгө зарцуулсныг анзаарч болно. Сүүлийн хэдэн жил манай улсын эдийн засгийг тэтгэдэг нүүрс, зэсийн үнэ ханш урд хөршид харьцангуй өндөр байсан нь эдийн засгаа агшаахгүй байх бүрэн боломж байсныг харуулдаг.

Хэдийгээр асар өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч Монгол Улсын эдийн засаг сүүлийн 28 жилд байгаагүй хэмжээнд агшиж, цар тахлын вирус бидний амьдралд баттай нэвтэрч, ихэнх иргэдийн ахуй амьдрал туйлдсан үр дүн гараад байна. Таван их наяд гэдэг бол 2016 оны Монгол Улсын төсвийн нийт орлоготой тэнцэхүйц хэмжээний хөрөнгө. Тэгвэл татвар төлөгчдийн төлсөн асар их хэмжээний мөнгө чухам юунд зарцуулагдав? Тайлан тавих учиртай У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорчихлоо. Төрийн ажлын залгамж чанараа бодвол шинээр эмхлэн байгуулагдсан Л. Оюун-Эрдэнийн кабинет таван их наядын зарцуулалтын талаарх мэдээллийг нийтэд өгөх үүрэгтэй юм. Гэвч өмнөх “данхар” хөтөлбөрөө хоёр дахин нугалах төслийг хэдхэн хоногт боловсруулаад хэрэгжүүлнэ гэж амлав. Шинэ Засгийн газар өмнөх шигээ хэдэн их наядаар хэмжигдэх хөтөлбөрөө бүтэлгүйтмэгц ямар нэг “хөгийн марзан” шалтаг хэлээд огцорвол яахав?. Монгол Улсын эдийн засаг өнөөдөр бодит утгаараа “сэхээний тасаг”-т хүргэгдэж, иргэдийн амьдрал өдөр ирэх тутам хүндэрч эхэллээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчдын хэрэгжүүлсэн тооцоо судалгаагүй бодлогын хэлмэгдэгчид нь бага, дунд орлоготой манай улсын дийлэнх иргэд болжээ. Хэдийгээр дэлхийн олон улс оронд коронавирусийн эсрэг нийтийг хамарсан вакцинжуулалт эхэлсэн боловч энэ нь цар тахлын аюул байхгүй болсон гэсэн үг огт биш. Аюулт нянгийн тархалт буураагүй байна. Энэ хүнд үед Л.Оюун-Эрд энийн ахалсан Засгийн газар “Эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г зарлалаа. Эрх баригчид “Мөнгө хэвлэхгүй, эдийн засгийн эргэлтийг сайжруулах найман их наяд төгрөг Төв банканд бий” гэж мэдэгдэж байна. 

Аж ахуй нэгжүүд, ажлын байрыг дэмжихэд хоёр их наяд, орон сууцны ипотекийн хөтөлбөрт гурван их наяд, репо санхүүжилтэд хоёр их наяд төгрөг… гэх мэтээр гаргах аж. Олон их наяд төгрөгөөр хэмжигдэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө сайтар тооцоо хийж, ямар эрсдэл гарч болохыг тал бүрээс нь няхуур судлах ёстой. Эс бөгөөс иргэдийнхээ аж амьдралыг тартагт нь тулгаад зогсохгүй улсынхаа эдийн засгийг бусниулж, улмаар Монгол төрийн эдийн засгийн тусгаар байдалд “аюулын харанга дэлдэх” хэмжээнд очиж болохыг өмнөх “их наядын хөтөлбөр” чинь бидэнд анхааруулаад байна. Иймээс шинээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн үр дүнг үзээгүй мөртөө олон нийтэд шагшин гайхуулж үзэл суртлаар амьсгалаад эхэлбэл өмнөх алдааг давтаж эхлэхийн дохио гэдгийг анхааруулъя. 10 их наядын хөтөлбөрт учирч болох хэд хэдэн эрсдэл бий.

 

ГАДААД ӨР НЭМЭГДЭНЭ

Эхлээд Төв банк (Монголбанк) дээр байгаа гэх найман их наяд төгрөгийн талаар ярилцъя. Энэ бол зарим хүний сурталчлаад байгаа шиг М онголбанкны өөрийнх нь чөлөөт эх үүсвэр огт биш. Манай улсын эдийн засаг 2020 оны эхний улирлаас эхлэн агшиж ирсэн. Ийнхүү хямралын анхны дохио өгөхтэй зэрэгцэн арилжааны банкууд бизнесийн зээл гаргахаасаа илүүтэй Төв банкны үнэт цаас(ТБҮЦ) худалдаж авах нь эрсдэлгүй гэж тооцжээ. Ийнхүү жилийн зургаан хувийн хүүтэй ТБҮЦ худалдаж авах болсноор энэ хуримтлал найман их наяд төгрөгт хүрсэн аж. Төв банкны бодлогын хүү гэдэг нь ТБҮЦ-ны хүү байдаг. Өнгөрсөн оны сүүлээр Монголбанк бодлогын хүүгээ 10-аас зургаан хувь руу буулгасан. Тэгэхээр Засгийн газраас эдийн засгийн эргэлтэд оруулах талаар яриад байгаа найман их наяд төгрөг бол зургаан хувийн үнэтэй арилжааны банкуудын эх үүсвэр болж таарах нь. 2021 оны хоёрдугаар сарын сүүлийн байдлаар Төв банкны дөрвөн долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл найман их наяд 367.4 тэрбум төгрөг, 28 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 275.) тэрбум төгрөгт хүрчээ.

Засгийн газар энэ эх үүсвэрийг Төв банкнаас авч хэрэглэхэд дор хаяад зургаан хувийн хүү төлөх учиртай. Арилжааны банкуудаар дамжихад банкны маржин дор хаяад дөрвөн хувь байна. Нийлбэр нь 10 хувь. Ингээд 10 их наядаар тооцвол жилийн нэг их наяд төгрөгийн эх үүсвэр Засгийн газарт шаардлагатай болно гэсэн үг. Бүр хамгийн багаар бодоход шүү. Гэтэл манай өнгөрсөн жилийн төсвийн алдагдал 4.8 их наяд, 2021 оны төсөв хоёр их наяд төгрөг буюу хоёр жилийн нийлбэр дүнгээр бараг долоон их наяд төгрөгт хүрсэн. Үүнийг гадаад, дотоодын зах зээл дээрээс Засгийн газрын өрийг нэмэх замаар нөхнө. Монгол Улс жилд их наядаар хэмжигдэх зээлийн хүү төлж зутарч байж дахин их наядаар хэмжигдэх хөтөлбөрийн зардлыг дийлэх үү? Монгол Улсын гадаад өр өнөөдөр аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрснийг олон улсын санхүүгийн нэр хүндтэй байгуулагууд болох ОУВС болон Дэлхийн банк анхааруулсаар байгаа. 

Монгол Улсын нийт өр өнгөрсөн дөрвөн жилд гурван тэрбум 266 сая ам.доллароор нэмэгдэж 2020 оны есдүгээр сарын байдлаар 31 тэрбум 192 сая ам.долларт хүрсэн байна. Засгийн газрын өр 1991 оноос 2016 оны II улирал хүртэлх 26 жилийн хугацаанд 4.7 тэрбум ам.доллар байсан бол 2020 оны III улирлын байдлаар найман тэрбум ам.доллароос давж дөрөвхөн жилийн хугацаанд хоёр дахин буюу бараг 10 их наяд төгрөгөөр нэмэгдчихээд байна.ХАНШИЙН ЭРСДЭЛ

Монгол Улсын үндэсний валют болох төгрөгийн ханш сүүлийн дөрөвхөн жилийн хугацаанд 40 хувиар үнэгүйдэж, суларчээ. Дэлхий улс орнуудаас ханшаа ингэж алдсан улсыг хайвал гарын таван хуруунд багтам цөөн бий. Манай улсын нийт импортын 70 хувь нь ам.доллароор хийгддэг ба хэрэглээний сагсны 40 хувь нь импортын бараа эзэлдэг. Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөж, ялангуяа тэтгэврийн насны ахмадууд, дундаас доош орлоготой иргэдийн амьдралд туйлын хүнд цохилт ирж байна. Мөн улс орны хүндийг нуруундаа үүрч яваа бизнес эрхлэгчид, тэр дундаа долларын зээлтэй ихэнх зээлдэгчдийн хувьд асар хүнд дарамт ирж үйл ажиллагаа нь дампуурлын ирмэгт ирчихлээ. Зах зээлийн нийгэмд шилжсэн 26 жилийн хугацаанд буюу 2016 оны гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт (M2) нь 10.1 их наяд төгрөг байжээ.

Гэтэл дөрөвхөн жилийн дотор буюу 2020 оны арванхоёрдугаар сарын эцэст 24.2 их наяд төгрөг болсон байна. Зөвхөн дөрвөн жилийн хугацаанд 14 их наяд төгрөг мөнгөний зах зээлд нийлүүлсэн нь ханш хөөрөгдөх үндсэн шалтгаан болсон гэдгийг энд нурших илүүц биз. Хамгийн хачирхалтай нь, Монголбанк ханшаа бууруулахын тулд ямар ч үр дүнгүй интервенц хийж ирлээ. 2016 оны сүүлийн зургадугаар сард нэг тэрбум, 2017 онд 670 сая, 2018 онд 1.5 тэрбум, 2019 онд 2.9 тэрбум, 2020 онд гурван тэрбум гаруй ам.доллар буюу нийтдээ есөн тэрбум гаруй ам.долларыг интервенцэд зарцуулжээ. Ийм их хэмжээний валютыг Монгол Улс алт, мөнгө, зэс, нүүрс, төмрийн хүдэр, цайр, нефть зэрэг газрын баялгаа бүтэн хоёр жилийн турш олборлон экспортолж олдог гэдгийг сануулъя. Монголбанкны хэрэгжүүлж буй ханшийн бодлого ийм сул байхад зах зээлд дахин их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийнэ гэдэг амиа хорлосноос ялгаагүй сонсогдож байна.

 

ИНФЛЯЦ ӨСНӨ

Их наядын хөтөлбөр ямар эх үүсвэрээс бүрдэх вэ. Мэдээж гадаад зээл ба мөнгө хэвлэх гэсэн хоёр арга л бий. Дэлхийн улс орнууд инфляцын асуудалд туйлын анхаарал болгоомжтой хандаж байна. Инфляц гэдэг нь тухайн улс оронд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний хэмжээнээс гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэтэрсэн нөхцөлд үүсдэг мөнгөний ханшийн үнэгүйдэл юм. Тиймээс инфляцад нөлөөлдөг чухал хүчин зүйл бол мөнгөний нийлүүлэлт. Үүнээс гадна төсвийн алдагдал инфляцыг хөтөлж байдаг гэдгийг мартаж болохгүй. Сүүлийн жилүүдэд төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг давуулж өргөн барьдаг болсон. Төсвийн хүрээний мэдэгдэлд 2021 оны төсвийн алдагдал 2.1 их наяд, 2022 онд 1.6 их наяд, 2023 онд 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай байх зураглалтай байгаа. 2020 оны төсвийн тодотголыг 4.8 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар УИХ баталсан. Ийнхүү 2020-2023 онд манай улсын өр 10 их наяд төгрөгөөр нэмэгдэх нь. 

Төсвийн алдагдал бол өр! Энэхүү алдагдлыг иргэд, аж ахуй нэгжийн татвараар л барагдуулахаас өөр арга замгүй. Ийнхүү төсвийн асар их алдагдал шууд утгаараа ирээдүйн өр болж хоцрох төдийгүй шууд бус утгаар инфляцаар дамжин иргэдийн халаасыг ухдаг. Үүнээс гадна, эдийн засгийн хямралын үед Төв банкнаас Засгийн газар их хэмжээний зээл авах тохиолдолд инфляц хөөрөгдөх бас нэг шалтгаан болно гэдгийг тооцохгүй орхиж боломгүй байна. Ийнхүү инфляц нэмэгдэж болох хэд хэдэн бодит шалтгаан манай эдийн засагт бий болоод байна. Энэ нь цар тахлын хорионд орлогогүй болсон иргэдийн амьдралд дахин хүнд цохилт ирж магадгүй байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн амьдралын түвшин буурах, хадгаламжийн бодит үнэ цэн буурах, цалин нэмэгдсэн ч өндөр инфляцын улмаас хөдөлмөрлөх сонирхол буурах, бүтээмж үйлдвэрлэл буурах, улмаар үйлдвэрлэл буурах зэрэг угсраа аюул нүүрлэнэ гэсэн үг. 2017-2019 онд Монгол Улсын уул уурхайн экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр хэд дахин нэмэгдсэн. Мөн ОУВСгийн хөтөлбөрт хамрагдаж 5.5 орчим тэрбум ам.долларын хөнгөлттэй зээл тусламж хүртэж эхэлснээр санхүүгийн зах зээл тогтворжин гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх сайхан боломж нэмэгдсэн юм сан. Үүлэн чөлөөний нар мэт ийм ховор сайхан боломж зах зээлийн нийгэмд шилжсэн 30 жилийн түүхэнд бараг тохиолдоогүй юм. Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч, мөнгөний нийлүүлэлт эрс нэмэгдэж, олон улсын санхүүгийн байгууллагуудын хар, саарал жагсаалтад бичигдэж улмаар макро эдийн засгийн тогтвортой байдал эрсдэл дагуулах хэмжээнд хүрснийг дээр дурдсан жишээнүүд батлан харуулж байна. Энэ бүхэн өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөв болон мөнгөний бодлого “бай”-гаа огт оноогүйн тод жишээ юм. Засгийн газар болон Төв банкны хоорондох төсөв, мөнгөний бодлогын уялдаа алдагдаж, тэнцвэртэй нэгдсэн зохицуулалт дутагдаж тэр нь эдийн засгийн макро үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгааг цар тахал ийнхүү ил болголоо. Тиймээс их наядын хөтөлбөр хэрэгжүүлэхдээ эрсдлээ сайтар тооцох, Засгийн газар өмнөх арга барилаа эрс шинэчлэх, үгүй болсон төрийн хариуцлагын механизмыг сэргээх зэрэг улс орны эдийн засгийн амьдралд онц чухал шаардлагатай шийдлүүдийг цогцоор нь авч хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. 


2
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна