Ай Төмөр-очир: Би шанаа тулаагүй, санаа алдаагүй яруу найрагч

Админ
2021/03/02

В.НЭРГҮЙ

Адуу шиг хийморьтой эр хүн гэж байдаг. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ай. Төмөр-Очиртой уулзаад ярьж суухад хөглөгдөх шиг болдог юм. Энэ эрхэм зангиа зүүж, үсээ засдаггүй. Зангараг ихтэй, тонгорог шиг үгтэй ч сэтгэлийн хайлан билээ. Ингээд эрхэм таныг эгэл хийгээд энгүй яруу найрагчийн сэтгэлийг ертөнцөд урья.

-Анзаараад байхад та цахим ертөнцөд адарч нэг аргадаж нэг, тэрсэлж нэг тэмцэж нэг ,харагдаад байна. Өнөө цагийн улс төр, аж амьдралын өнгийг хэрхэн харж байна вэ?

- Үнэнээс буцдаггүй үхэр жил гарлаа. Үнэний төлөө үхэр шиг мөөрнө гэж би бодоод байгаа. Цар тахлын энэ үед ойрын өдрүүд шинийн нэгэн, хоёрон шиг ерөөл билэгтэй сайхан сэтгэл дэлгэсэн өдрүүд үргэлжилж байна. Битүүнд дүү нар минь “Цасаар шуураад хэцүү байна. Маргааш яах бол гэж” хөдөөнөөс ярьсан. Сайхан нар мандана. Цаг наашилна гэж би хэлсэн. Шинийн нэгэнд их сайхан нар мандсан. Ахмад хүний хувьд ч, уран бүтээлчийн хувьд ч юмны ээлж наашаа харна сайхан бүхэн ирнэ гэсэн зөнтэй сууж байна. Нийгэм, төр засаг минь сайхан болно.

-Та өөрийгөө ямархан уран бүтээлч гэж дүгнэдэг вэ?

-Уран бүтээлчийн хувьд улаан галзуу гэж би хэлдэг. Миний насанд тохирохгүй жаахан онгироо үг л дээ. Гэхдээ уран бүтээлч хүн сэтгэлийн шандастай, эрч хүчтэй байх ёстой. Би үхэж үзсэн хүн. 2013 оны хоёрдугаар сарын 12 нд Энэтхэгт элэг солиулсан. Ардын уран зохиолч Т.Галсан багш намайг ахин төрсөн хүн гэдэг юм. Нарт хорвоотойгоо дахин ханилсны найман жил тохиож байна. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ өдөр төрсөн. Мөн Т. Галсан багш 1930 оны хоёрдугаар сарын 12 нд төрсөн. Бид гурав ийм золтой. Уран бүтээл улаан галзуу бол өөрөө урамшдаг. Сэтгүүлч, уран бүтээлч, яруу найрагчид галтай дөлтэй байх ёстой. Би өөрөө өөртэйгөө зодолддог. Би айлын долоон хүүгийн нэг, аавдаа зодуулж өссөн. Энэ бол хайрын зодуур. Үүний үр дүнд надаас сайн сайхан бүтээл төрдөг. Би хөдөлмөрч хүн биш. Өөрийгөө зодож юм хийхээс өөр арга алга.

-Та хэлэмгий, доломгой, хэрсүү хүн. Таны анхны багш хэн билээ?

-Намайг IV ангид ороход Ш.Батсүх гэж сайхан багш угтаж авсан. Оюутан болоод Дорноговь аймагт очиход Х.Цэрэндорж гэж сайхан хүн өлгийдөж авсан. А.Эрдэнэ-Очир, Г. Мөнхцэцэг бид нэг багшийн шавь шүү дээ. А.Эрдэнэ-Очир бид хоёр дотно байсан. А.Эрдэнэ-Очир маань Цагаан-Уул, Мөнх-Уул гэж хоёр хүүтэй. Дорноговьд яруу найраг гээд хамт шуугиулж явахад гурав дахь хүү нь төрсөн. Энх-Уул гэж би нэр өгсөн юм. Манай Эрдэнэ-Очир сайхан дуулна. Сайхан ч эр хүн. Түүнд бурхан нэг л юм өгөөгүй юм. Тэр нь атаа жөтөө, ашиг сонирхол. Мөн чанараараа өөрийн гэсэн нэг л өнгөтэй хүн. Эв эеийн ганц том гүүр. Ханилгаатай сайхан эр хүн. Нэг хатуу жил байлаа. Тэр жил яруу найрагчид эмтэрсэн. Дүү нар минь хичээж явах ёстой. Х.Цэрэндорж багш маань биднийг егөөднө. Багшдаа шүлэг уншиж өгнө. Сүүлд би багшаараа биеэ эмчлүүлдэг байлаа. Дээд эрүүл мэнд ярина. Би хоёр сайхан багшаасаа хүний ертөнцийн сайн сайхан чанарыг сурч, номын ертөнцийн гайхамшигт дурлах үрэл жимсийг хүртсэн. Нэг үе айхтар хатуу шүлэг бичээд байна гэж хүмүүс намайг ярьдаг боллоо. Тэгтэл багш маань жаахан зэмлэнгүй “За ТөмөрОчироо чи их хатуу шүлэг бичиж байна. Р.Чойном чам шиг байсан. Ийм хүн өөртөө халтай байдаг юм даа. Би ч үзэж чадахгүй байх. Харин чи өөрөө үзнэ” гээд их эвгүй тас тас хөхөрсөн. Тухайн үед би юу ч анзаараагүй, ойлгоогүй. Миний багш 75-тай даа бурхан болсон. 

Намайг 2014 онд бие тааруухан гавьяат авчихаад байж байтал багш залгаж байна. Тэгээд баяр хүргээд багш нь чамд нэг юм хэлж байсныг санаж байна уу. Одоо багш нь ядраад байх болж. Уг нь олон сайхан ерөөлийг үзэх ёстой юм сан гэж хэлж байсан. Тэгээд л тэр хавраа гуравдугаар сард бурхан болсон. Багш байхын учир нь хүнээ таних юм билээ. Би одоо ч өөртөө халтай сууж байгаа. Миний багш намайг таньсан.

-Таны олж харсан хамгийн анхны алдарт зохиолчид хэн хэн байв?

-Оюутан байхад нэг өдөр хичээлдээ дээр сууж байтал захирал дуулаа. Айгаад, яасан юм бол гэж бодоод захирлын өрөөний үүдэнд очтол нэг орос хүн тамхи татаад сууж байна. Тэр хүн биднийг хараад “ Хүүхдүүд ор” гэж монголоор хэлж байна. Яваад ортол бас нэг улаан хамартай хүн тамхи татаад сууж байна. Тэр хүн бол аугаа их Ц.Гайтав байсан юм. Харин үүдэнд тамхи татаж байсан орос хүн М.Цэдэндорж гуай. Энэ бол миний хувьд амьд бурхадтай уулзсантай л адил зүйл юм. Их утга зохиолын хоёр том хүний барааг анх тэгж харж байсан. Тэр томчууд нэг л хүүхдийн тухай яриад байсан. Их сайн гээд л. Тэр хүүхэд нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай байсан. Тухайн үед Б.Лхагвасүрэн ах чинь арван хэдтэй хүүхэд шүү дээ. Бас Дорноговьд Р.Чойном сүрьеэгийн эмнэлэгт хэвтэж байгаа тухай яриа нь чих дэлссэн юм. Тэд нэг хүүхдийн тухай ярьдаг. Биднийг дуудсан шалтгаан нь ийм хүүхдүүд шүлэг бичдэг гэж л захирал маань танилцуулж байсан юм билээ.

–Тэгээд Р. Чойномтой уулзав уу?

-Найзыгаа гуйлаа. Хоёулаа Р.Чойном гэдэг хүнтэй уулзъя гэж. Дорноговь чинь зундаа халуун, өвөл их хүйтэн шүү дээ. Ядуу оюутнууд дан өмдтэй жавар тачигнаад гуя хайраад хөлдөөчих гээд их хэцүү. Хоёулаа гүйсээр байгаад сүреэгийн эмнэлэг орлоо. Гэтэл бүх хаалга үүд нь цоожтой байна. Нэг давхрын ганцхан цонх гэрэлтэй. Цонхоор хартал цагаан даавуун хөшигний цаана нэг хүн юм бичиж суугаа харагдав. Миний хүсэл Р. Чойномтой уулзах шүү дээ. Гэхдээ яаж ч чаддаггүй. Тэгээд зориг гаргаад цонхыг нь тогшлоо. Нөгөө хүн босоод ирлээ. Монхор хамартай, дээлээ нөмөрсөн хүн. Тэгээд биднийг орж болохгүй гэсэн дохиог хуруугаараа өгч байна. Намайг шүлэг бичдэг өөрийг нь зорьж ирснийг тэр хүн яаж мэдэх вэ. Тэгж л Р. Чойномыг харсан юм. М.Цэдэндорж гуай намайг ор гэж хэлсэн нь утга зохиол руу ор гэж хэлсэн. Чойном яв гэсэн нь ухаарал ол гэсэн байх гэж би билэгшээдэг.

-Шагналын үнэ цэн гэж бий. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

- Одоо цагт хүмүүс одон тэмдэг хөөцөлдөж авдаг болж. Уг нь одон тэмдэг чинь ажил хөдөлмөрийн хөлсийн дагаж ирдэг зүйл. 2009 онд Ц.Бавуудорж, Л.Мөнхтөр бид нэг суудалд сууж байгаад, гурвуулаа Алтангадас одон энгэртээ зүүж байсан. Одоо Ц.Бавуудорж маань Төрийн шагналт, Л.Мөнхтөр Соёлын гавьяат зүтгэлтэн, би бас гавьяат болж. Наргиж хэлэхэд бид гурав дүлий хөх чулуу болоогүй юм байна. Дүнсэн тамхины үнсний сав биш байна. Үүнийг би шагнал авч байгаа хүмүүст хэлээд байгаа юм. Төр нийгмийн бүх салбарт байгаа хүмүүс шагналын төлөө ажилладаг болж. Үнэндээ оюун санааныхан шагналын төлөө ажиллаж болохгүй. Бүтээлээ хийгээд өөрийгөө билүүдээд , омогшоод л явах чухал. Би залуу сайхан насандаа хамаг цагаа үрэн таран хийгээд уулын хэц дамжин чоно алаад явж байсан. Тухайн үед цаг үе дампуу байсан. Цаг дампуу болохоор иргэн нь дагаж дампуурдаг. Одоо юмаа хумьж байна. Надад одоо 15 жилийн нас байна. Энэ хугацаанд би өөрөө өөрийгөө хардаг. Надад өдөр бүхэн шинэ бөгөөд багтраатай байгаа. Өөрийгөө ташуурдахгүй бол болохгүй байна. Би саяхан түмний хайртай дуучин Түмэндэмбэрэл гуайн тухай бичлээ. Одооны хүмүүс уул уурхайгаа ухаад байх юм. Би урдаа амьдарч бүтээж явсан бурхадын тоосыг арчиж дүр, бүтээл, хөдөлмөрийг нь үлгэрлэж суралцаж сууна.

-Шүлэг, яруу найргаас гадна ямар ажил, үйл сэдэж сууна та?

-Хүмүүс ажил хийхгүй байна. Тархи толгойгоо ажиллуулмаар байна. Ургац ногоогоо сайхан таримаар байна. Манай улсад адуучин баатар долоо байдаг юм байна. Энэ долоон баатрынхаа үүх түүхийг судалж хажуугаар нь “Төрийн сүлдний морь” нэртэй төсөл хийгээд явж байна. Монголын ард түмэн төрийнхөө сүлдэнд морио залсан. Сүлдний морь минь жаахан шарваад, хоргодоод, багтраад байх шиг санагдах юм. Уяач хүн морио багтраад ирэхээр нь амьсгааг нь жаахан дардаг юм. Тиймээс төрийн сүлдний морио жаахан зүлгэе, өнгөлье. Би хуучин эзэнтэй сүлдэндээ хайртай. Морь эзэнтэй байх ёстой. 

Би төрийн сүлдний морь гэж дууны үг бичсэн. Хатанбаатар сайхан аялгуу хийгээд сууж байна лээ. Одооны сүлдэнд байгаа морь жаахан зохимжгүй хонгоо чононд уруулчихсан юм шиг. Хуучнаа санагалзаж байгаа юм биш. Монголчууд эзэнтэй сүлдэндээ хайртай. Тиймээс адуугаа дээдэлдэг ард түмэн адуучин баатруудынхаа алдрыг сэргээе. Анхны адуучин 1961 онд Хөдөлмөрийн баатар болсон Дорнод айгийн Халх гол сумын О.Цэвэлдорж гэж хүн байна. Архангайн Цэцэрлэг сумын Бямбадорж гэж сайхан адуучин 1991 онд отгон баатар болж байж. Энэ хүмүүсийн намтарчилсан хөрөг, найрууллын ном хийж байна. Үхсэн хүн үг хэлэх биш гэж зарим нь бодож магад. Баатрууд нь үхсэн байж болно. Тэдний үйл хөдөлмөр баатарлаг гавьяа нь үхээгүй. Одоо хүмүүс эрлийз морь, монгол морь гэж маргалддаг болж Мянга, түмэн жилийн түүхтэй монгол морийг устгана гэж юу байх вэ. Саяхан л нэгдлийн адуучид байсан манай одоо цагийн алдарт, манлай уяачид буруу зөрүү ярьж явах болж энэ бол болохгүй зүйл. “Шархтай чоно”, “Шанхтай морь” гэж хоёр ном бичиж байна. “Шархтай чоно” нь яах вэ чонын авир аашийг харуулна. Хүн яах ч үгүй бол чоно яах ч үгүй шүү дээ. “Шанхтай морь” бол хөрөг найрууллын ном. Энэ хоёр номын нэрэнд хоёуланд нь “Ай” яваад байгаа биз. Гэхдээ би компанийн захирал, миссүүдийн тухай бичихгүй. Сүнстэй, сүлдтэй явсан уран бүтээлчийнхээ үр хүүхдүүдийг, сайхан ажил хийж байгаа хөдөлмөр ч хүнийг л магтан дуулах бодол зорилготой явна.

-Олноо Дэрэнгийн хар азарга хэмээн алдаршсан Төрийн шагналт Ц.Чимэддорж ахтай их ойр байсан гэж сонссон. Энэ талаараа хуучлаач?

-Ц.Чимэддоржтэй сэтгэл их ойр нөхөд байсан. Тэр маань адуу бичдэг, би адуу зурдаг. Би анхны номоо гаргачихаад Дарьгангад гурван өдөр номын найр хийж байсан. Энэ нь ахадсан онгирсон хэрэг. Ц.Чимэддорж, Ш. Цэрэнжамц, Х.Эрхэмбаяр гурав миний ээжид мөргөж золгож бид хэд манай нутагт адуу малын дунд хэд хоног сайхан байсан. Ц Чимэддорж “Дарингийн Төмөр-Очир” гэж хэлж бай чи. Би Дэрэнгийнх юм чинь гэж хэлдэг байлаа. Тэр нь Дэрэнгийн хар азарга, Дарингийн хар азарга гэж дуудуулъя гэж наргиж байсан үе. Найз минь төрсөн, төгөлдөр сайхан хүн байсан. Монголын ард түмэн тэгтэл сайхан хайрлаж чадаагүй шүү. Архангайд болсон “Болор цом”- оор жаахан гундуу байсан. Ханиа алдчихсан хэцүү л байсан. Намайг Чи минь биеэ татан гэж хэлэхэд би татахгүй ээ, амссан, уусан. Амьдрал гоёыг би мэднээ л гэж байсан. Ирээд удаагүй бурхан болсон. Үүнд их харамсдаг юм.

-Ц.Чимэддорж ах таны анхны номын өмнөтгөлийг өлгийдөж авсан билүү?

-Тийм. 2002 онд би 42 настай “Адууны нутаг Дарьганга” гэж ном гаргасан. Энэ номыг минь өлгийдсөн хүн шүү дээ. Дараагийн ном “Давхар уяаны морьд”-ыг Ардын уран зохиолч Т.Галсан багш, гурав дахь ном “Эмнэг хар азарга” номын өмнөтгөлийг Ардын уран зохиолч Д.Цоодол ах бичсэн юм. Түүний дараа “Эмээлтэй мөндөр” номын өмнөтгөлийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, “Морин шуурга”- ыг Ардын уран зохиолч П.Бадарч бичсэн. Энэ бол миний яруу найрагт ямархан явааг илэрхийлсэн том тамга юм. Би яах вэ адайр зантай ааш муутай хүн. Гэхдээ энэ хүмүүс толгой дохьсон юм шүү .

-О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн гээд өвөр, элэг нэг олон сайхан уран бүтээлчтэй нэг зүгийн хүн. Энэ уран бүтээлчидтэй өнгөрүүлсэн олон сайхан дурсамж байдаг биз?

-О.Дашбалбар надаас ганцхан ах. Г.Мэнд-Ооёо олон ах л даа. Би яруу найргийн наадамд О.Дашбалбар, Г. Мэндооёо, Д. Нямсүрэн ах, дуучин Чимэдцээеэ дөрвийг “ачаад” явж байлаа шүү дээ. Ачаад гэдэг нь морин жолооч гэсэн үг. Нөгөө хэд маань зуу татчихсан. Надад бас өгөөд л. Би тэр үед хэлж байсан юм. Та нар намайг битгий архиар шах. Өөрсдөө уу. Би таван тонн алт ачиж яваа бол архи ууж чадна. Тэр алтыг асгачихвал төлж чадна. Та тавыг асгачих юм бол яагаад ч өөрийгөө уучлахгүй гэж. Нөгөө хэд минь хөхрөлдөөд л, наргиад л явж байсан түүх бий. Д.Нямсүрэн ах бид хоёр нэг гол, нэг хөрсний хүүхдүүд. Гангын довон дээр би төрсөн юм. Д.Нямсүрэн ах Ганганнуур багийн хүн. 1991 онд Д.Нямсүрэн ахын нэрэмжит наадам хийхэд бид илүү биенээ мэдэрсэн. Би VII ангид байхдаа “Хаврын урсгал” гэдэг номыг анх олж харсан юм. Ёрвойсон хар хүний зурагтай. Гаднаас нь харахад ур муутайхан ном. Дотор зүрх сэтгэл өмлөөд авдаг байгаа. Ер нь сайн нйитлэл, ярилцлага, шүлэгтэй ном хүний тархи, зүрхийг урдаг. Д.Нямсүрэн ах их энгийн хүн. Маш зөөлөн. Их ярина. Хоолонд их муу. Өөрийн ертөнцтэй. Тэнгэр болсон хойно нь бодоод байхад бясалгаж бичдэг гэгээрсэн хүн байж гэж боддог. Аугаа хүнийг өнгөрсөн хойно нь л ойлгох юм. Хүнийг ер нь хайрлах л чухал. Өөрийгөө бол хайргадаж, хуурайдаж байх нь зөв.

-Дарьгангынхаа хэдтэй наргиж дарвихаас гадна хот хүрээнийхний хөл их дарна биз?

-Тийм үе олон. Баахан туучиж туучиж, хэд хоног шүлэг зохиол, архи дарс, инээд наргиан болж нэг хэсгийг нь явуулаад, дахиад л нэг хэсэг нь давхиад ирнэ. Ерээд оны эхээр Ооёо, Нямсүрэн, Балбарыгаа гаргаж өгөөд байж байтал Бавуугийн Лхагвасүрэн найрагч зөрөөд ирлээ. Уран бүтээлийн тоглолт хийх гээд. Би мөн л морин жолооч нь бололгүй хаачихав. Өнөө муу ногоон "УАЗ 469-тэйгээ хоёулаа Асгат сум руу гарлаа. Цаг тулчихсан. Б. Лхагвасүрэн найрагч яарч адгаад намай дээд хурдаараа давхи гэж тэвдүүлээд. Гэзэг үсээ шидлээд сүйд боллоо. Би ч бас мөчөөгөө өгөлгүй "Та жаахан тайвшир, тайван бай. Би хамгийн дээд хурдаараа л явж байна. Ингэж яарч яваад ямар нэгэн юм болбол яах вэ. Та бол аугаа хүн дээ" гэсэн юм хэлээд хоёулаа бараг хэрэлдэх дээрээ тулдаг юм аа. Тэгэхэд Б.Лхагвасүрэн багш их гоё үг хэлж билээ. "ТөмөрОчир оо, чи бид хоёрыг бурхан харж байгаа. Шүлэг найргийн буян гэж том юм байдаг. Би тайзаа, шүлгийг минь сонсох гэж яарч байгаа ард түмнээ хүндэтгэнэ" гэж билээ. Б.Лхагвасүрэн багшийн тэр оройны үдэшлэг хачин сайхан болсон. Мань хүн "Боржигоны бор тал"-аас аваад, өнөө сайхан шүлгүүдээ дуудаад л. "Алтан-Овооны бэлээр Ай.ТөмөрОчирыг хөлөглөж явах ч сайхан даа" гэж зам зуур намайгаа бас явуулаад.

-Хадаг барьж, бадаг хүссэн шавь олон биз?

-Би их олон шавьтай. Хурдан азаргыг төлөөр нь ярьдаг. Уран бүтээлч өөрөө төлтэй байх ёстой. Манай сайн дуучныг “За тэр яах вэ өөрөө л дуулаад дуусаж байгаа юм “ гэж ярихыг би сонсож байсан. Энэ нь сурсан эрдмээ өвлүүлээгүй шавьгүй гэсэн үг шүү дээ. Би “Болор цом”- ын боодогны чулуу хагарлаа гээд Б.Лхагвасүрэн гуайд бухимдаад хэлж байсан. Би та нар шиг А.М.Горькийн нэрэмжит их сургууль төгсөөгүй. Дамжаа ч төгсөөгүй. Би цусандаа юмтай гэсэн. Энэ бол гоморхол биш байх. 

Би долоон дүүтэй. Миний хийж буй бүхнийг шавь нар, дүү нар үргэлжлүүлэх ёстой. Залуусыг сайхан урмаар гоёж амьдрах ёстой. Оюун санааны баялагуудыг дэмжих хэрэгтэй. Манайх салбар бүрд залуусыг муухай дарж байна. Их бичгийн хүмүүн Инжинаши хэлсэн байдаг. Багшийн хүрсэн оргилоос цааш алхаж чаддаг хүнийг шавь гэдэг юм гэж. Миний толгой дээр дэвсээд цаашаа миний хүрээгүй оргил руу алхаж чадах олон сайхан шавьтай бол гоё биз дээ. Уяачдын хувьд багшаасаа илүү гарсан залуус байна. Улсын баяр наадамд нэг жил хоёр морь нь айрагдсан шавь ч байна. Үүн шиг би яруу найрагт залуусын дөрөө болох ёстой. Тиймээс дөрөө, ганзага нийлж шавиа хол явуулах хэрэгтэй. Уран бүтээл ч үр төлтэй, ач буян санаж амьд явах ёстой. Уран зохиол мөн чанараараа, яруу найрагч хүн чанараараа байгаасай л гэж хүсдэг.

–Ай. Төмөр-Очир гэдэг хүнийг адуугүйгээр төсөөлж болдоггүй. Моринд хорхойссон үе гэвэл?

-Би Дарьганга сумын “Ганга” нэгдлийн анхны адуучин Г.Айлтгүйн хүү шүү дээ. Би адуучны гэрт төрсөн хүүхэд. Адууны үнэрт өссөн болоод би адуунд хайртай. Дарьгангын Сүрэгчин хошууны зүүн гарын адуучин М.Галсандаш гэж хүн миний ээжийн аав байсан. Миний нагац ах Г.Нямынх ганц хүүтэй ,таван охинтой айл байсан. Би IVангид байхаасаа эхэлж нагац ахындаа очиж адуу малладаг байлаа. Алдарт “Ар хүрэм” гэж Асгат, Дарьганга, Эрдэнэцагаан сумын зааг гайхамшигтай нутагт одоогоор бол 10 мянга орчим адуу өвөлждөг байсан. Энэ их адуун дунд би өссөн. Миний амьдралын их сургуулийн багш бол адуу. Би адууны тоосонд л шүлэг бодож, морь зурдаг байлаа. Аав минь морь уядаг хурдтай хүн. Би залуудаа морь уяж байгаад 20 жил завсарлаад 2009 онд одонгоо мялааж ганц битүү азарга хүнээс худалдаж авсан юм. Тэр минь даншиг наадамд аман хүзүүлдсэнээ хойш дахин моринд орсон. Би ер нь цөөн морь уядаг. Хоёроос илүү морь уяж үзээгүй. Нэг нь түрүүлээд , нөгөө нь айрагдаж байсан ч үе надад бий. Арвыг уялаа гээд арвуулаа айрагддаггүй юм. Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байхад Ай. Төмөр-Очир зугтсан юм юм шиг хөдөө уралдаж болохгүй биз дээ. Энэ жил улсын наадамд тоосоо өргөнө өө.

 -“Морин хуур” наадамд бас хэд хэд түрүүлсэн байх аа?

- Дэнхэр цэнхэр тогоруу”-гаараа анх түрүүлж байсан. Дараа нь 12 жилийн дараа 2014 онд “Эжий гөрөөс”-өөрөө бас түрүүлсэн. Ардын хувьсгалын ойд Хадаа 10 жил болоод нэг түрүүлдэг аварга байсан. Би “Морин хуур” наадамд 12 жил болоод түрүүлээд байдаг юм. Энэ наргиа шүү. 2009 онд буюу 12 жилийн өмнө Дорнодын даншиг наадамд 380 азарганд миний “Одон хээр” аман хүзүүлсэн. Энэ жил үхэр жил. Ардын хувьсгалын 100 жилийн ойд ганцхан морь уяж байгаа. Үхэр жилд би Даншигийн наадамд азарга аман хүзүүдүүлж байсан юм бинь энэ жил миний жил. Яруу найрагч хүнд зөн билэг, ааг омог, зургаа дахь мэдрэхүй гэж байдаг юм. Хүмүүс эрч хүчтэй байх ёстой. Түрүүлээд оюун ухаан нь уулын оргилд гарч байж дараа нь бие нь оргилд нь хүрдэг. Би чадах болов уу, үгүй болов уу гэж бодоод уул өөд өгсвөл тэхий дундаас нь буцаад уруудчих байх. Би яруу найраг сонирхдог залууст ингэж л хэлмээр байна. Би шанаа тулаагүй, санаа алдаагүй яруу найрагч шүү. Шанаа тулна гэдэг ядарч, цуцаж байгаа хэрэг. Санаа алдана гэдэг нь мориор бол амьсгаа түгжирч байгаа гэсэн үг. Би бол цацдаг хүн. Амьдралдаа атга цаас базаж шидэж үзээгүй. Миний бичсэн шүлэг долоо хоногийн дараа бүр долоон жилийн дараа харахад илүү үнэтэй болчихсон байдаг. Иймээс уран бүтээлч хүн өөрийгөө дотроосоо элдэж, өөрийгөө галдаж шатааж явдаг юм. Буруу яваагүй хүнийг бурхан шагнадаг. 


1
2
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна