Л.Гантөмөр: АН эв нэгдэлтэй, зохион байгуулалттай, хурдтай байж МАН-тай өрсөлдөнө

Админ
2021/03/02

Т.АМАРТҮВШИН

УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөртэй ярилцлаа. Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөлгүй багагүй хугацаа өнгөрөөд байсан юм.

-Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд цогц төлөвлөгөө”-г баталлаа. Та энэ шийдвэрт ямар бодолтой явна вэ?

-Эдийн засаг унаж, санхүүгийн маш хүнд байдалтай болсон учраас шийдвэртэй алхам хийхээс өөр аргагүй. Энэ алхмууд нь зөв байвал буцаад 2-3 жилийн дараа эдийн засаг хэвийн горимдоо орох боломжтой. Буруу байвал санхүүгийн бүтэц, тогтолцоо руу халдах аюултай. Мөнгөний хэмжээнээс илүүтэйгээр зарцуулалт зөв, эргэлт нь уян хатан байгаасай гэж хүсэж байна. Нэгдүгээрт, тодорхой түвшинд хүрсэн, бизнес хийгээд сурчихсан аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тодорхой ажлын байр бий болгоод, үйл ажиллагаа нь тогтвортой байгаа компаниудаа дэмжих ёстой. Бүдүүлгээр хэлбэл, цомхотголд орсон хүмүүсээ буцаад ажлын байртай болгоход нь дэмжлэг хэрэгтэй. Жишээлбэл, ноолуур боловсруулах компани 10 ажилтнаа халсан байвал, эргээд тэр хүмүүсээ ажилд нь эргүүлж авахад ямар зээл, санхүүжилтын дэмжлэг хэрэгтэй юм. Түүгээр нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай. Түүнээс шинэ бизнес эрхлэх гэж байгаа, амжилтад хүрээгүй аж ахуй нэгжүүд рүү чиглүүлбэл ханшийн хямралыг дуудна. Амжилтад хүрсэн, ажил нь үргэлжилж байгаад коронавирусээс болоод ажлынхаа хэвийн горимыг алдсан хүмүүс рүү хамгийн түрүүнд анхаарал хандуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт, маш их мөнгөний урсгал явж байгаа учраас валютын урсгалыг сайжруулах алхмыг хамтад нь хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, томоохон эх үүсвэр шаардсан бэлэн төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй. Жишээлбэл, Тавантолгойн цахилгаан станц, Дорноговиос Хөөт­Бичигтийн боомт хүртэлх төмөр замын төсөл, уул уурхайн олборлолтын төсөл, нүүрс, төмөр, алт, зэс боловсруулах бэлэн төслүүдэд хөрөнгө оруулах хэрэгтэй. Ирээдүйд гарцаагүй ашигтай байх төслөө сонгож, хөрөнгө оруулах ёстой. Мөн экспортыг нэмэгдүүлж, валют оруулж ирэх шаардлагатай. Өнгөрсөн жилийн экспорт 30 хувиар нэмэгдэхгүй бол мөнгөний нийлүүлэлт төгрөгийг эрсдэлд оруулна. Арван хэдэн тэрбум долларын экспорт хийсэн бол түүнийгээ 30 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй. Доллар, валют оруулж ирэх тал дээр хурдтай маш сайн зохион байгуулалттай ажиллах шаардлагатай байна. Гуравдугаарт, төсвийн байгууллагуудын хэвийн ажиллагааг хангах хэрэгтэй. Төсвийн байгууллагаар дамжиж, маш олон өрхийн амжиргаа шалтгаалдаг. Тиймээс төсвийн байгууллагын хэвийн ажиллагааг хадгалж үлдэхийн тулд юу хийх вэ гэдэг дээр бодлого боловсруулах нь зөв. Дөрөвдүгээрт стартапуудыг яах вэ гэдгийг бодох ёстой. Энэ дөрвөн зүйл дээр зөв дарааллаар, ил тод ажиллаж чадах юм бол Засгийн газар, Монголбанкнаас нийлүүлэх гэж байгаа мөнгө үр дүнгээ үзүүлнэ. Эцэст нь хэлэхэд бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй. Бодлогын хүү, нийлүүлж буй мөнгөний зөрүүнд асуудал үүсэх магадлал байна. Гаргасан мөнгө нь буцаад Монголбанк руу төвлөрөх эрсдэл бий.

-У.Хүрэлсүхийн Засгийн газар хагас жил ажиллаад сайн дураараа огцорлоо. Түүний Засгийн газар хэр ажилласан гэж дүгнэх вэ? ­

-МАН­-ын том ялалтаар байгуулсан олонхийн парламент таван жил тогтвортой ажилласан. Өнгөрсөн жилүүдийг бүхлээр нь харж дүгнэвэл урагшаа харж ажиллахгүй байна. Маргаашийн төлөө ажиллахгүй байгаа нь том дутагдал. Жишээлбэл, эдийн засгийг хэдэн хувь өсгөх вэ гэдэг төсөөлөл ерөөсөө хэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, Монголын амьдрал яаж сайжрах вэ гэдэгт тодорхой бодлого байх ёстой. Өнөөдөр байгаа бэрхшээл, асуудалтай хэт их зууралдаж байна. Өнөөдрөөр хэтэрхий их амьдарч байгаа учраас маргаашийн гэрэл гэгээ харагдахгүй байгаа. Жаран хэдэн хүний бодлого өөрчлөгдөхгүй байна шүү дээ. Хэтэрхий хойшоогоо харж байна. Зуун жил, 50 жил, 20 жилийн өмнөх юмыг их ярьж байна. Арван жилийн өмнөх зүйлийг асар их шүүмжилж байна. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудаад байвал, ирээдүй чинь биднийг их буугаар буудна шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Тодруулбал?

- ­Юу гэсэн үг вэ гэхээр өнгөрснөөрөө амьдраад байвал ирээдүйд хэцүү амьдрал угтдаг гэдгийг улс төрчид ойлгоосой гэж бодож байна. Хоёрдугаарт авлигыг яаж багасгах вэ гэдэг дээр алхам алга. Түшмэлүүдийг авлигаас хол байлгана гэсэн баталгаа байхгүй. Харин ч авлига улам цэцэглэж, арын хаалга бий болж байгаа. Яагаад гэвэл өмнө нь байсан хүмүүсийн сайн муугийн тухай яриад, өнөөдрийн сайн муугийн тухай ярьж өгөхгүй байна. Монголд шударга ёс тогтож байж хөгжинө гэдгийг баруун, зүүнгүй, том багагүй ойлгосон. Гэтэл эрүүл амьдрал, шударга ёсны төлөө юу хийж байгаа нь тодорхой бус. Ирэх жилүүдэд Монгол Улс авлигын индексээрээ яаж багасах юм. Тухайлбал, бүх тендер цахим болох хэрэгтэй. Тусгай зөвшөөрлийг жил ирэх тусам цөөлөх шаардлагатай. Тэгвэл дарга нарын оролцоо багасна. Төрд ажиллаж буй хүмүүсийн амьдралын баталгааг ингэж бий болгоно гэдэг бодлого нь тодорхой байх ёстой. Тэгвэл дарга нар илүү юм харахаа болино. Дарга нар том оврын жип машин унахгүй гээд шийдвэр гаргавал учиртай байхгүй юу. Засгийн газар Монголынхоо асуудлыг мэдэж байна. Гэхдээ шийдсэнгүй. Боловсрол, шинжлэх ухааны салбарыг цаашид яах уу гэдгээ мэдэхгүй байна. Маргаашийн аж үйлдвэрийн хувьсгалд яаж оролцох уу гэдэг нь тодорхойгүй гэх мэтчилэн урагшаагаа харж юм хийхгүй учраас коронавируст дээрлэхүүлчихэж байгаа юм. Нийгмээрээ урагшлах ёстой. Хэтэрхий хоцрогдсон нийгмийг б ү т э э г э эд ба й н а . Д а н д а а хойшоогоо ухарч, өмнөхөө шүүмжилж байна. Маргаашийн сайн сайхны төлөө явах хэрэгтэй биз дээ. Өнөөдрөөр харж амьдарч байгаа учраас коронавирусийн халдвар М онголд гарахад бэлтгэлгүй байгаа байхгүй юу.

-АН-ын дотоод асуудлын талаар яриагаа үргэлжлүүлье. УИХ-ын сонгуулиас хойш АНын удирдлагууд хоорондоо маргаад нэгдсэн байр сууринд хүрч чадсангүй. Юу болоод байна вэ?

-­АН-­ын гол асуудал юу байна гэхээр бид өмнө нь дүрмэндээ алдаа гаргажээ. Улс төр бол өрсөлдөөн гэдгийг ойлгох ёстой юм байна. Өрсөлдөөн нь нам дотор, сум, дүүрэг, аймгийн намын хороонд, УИХ дотор ч байдаг юм байна. Энэ өрсөлдөөн нам хооронд, нам дотор ч бий. Хоёрт улстөрч байхад хоорондоо өрсөлдөх талтай. Гэтэл манай нам хэзээ хүчтэй байх вэ гэхээр Ардын намтай өрсөлдсөн үедээ хүчтэй байх юм байна. АН 1996 оноос хойш парламентад 39­өөс дээш олонхийн суудал авсангүй. Одоогоос 25 жилийн өмнө л 39­ өөс илүү суудал авч байлаа. 1992 оноос хойш найман сонгууль болоход долоог нь алдсан. Энэ нь МАН­тай манай нам өрсөлдөж чадахгүй байна гэсэн үг. Энэ долоон сонгуулиас МАН тавд нь 39­өөс илүү суудал авчээ. МАН 1992, 2000, 2008, 2016, 2020 онд олонхийн суудал авсан байна. Тэгэхээр манай намын дүрэм дотоод өрсөлдөөнөө өөгшүүлээд, гадаад өрсөлдөөнийг хаясан байна. Хүнтэй өрсөлдөхийн тулд хэдэн нөхцөл байдаг юм байна. Нэгдүгээрт, үзэл бодол байнга ирлэгдэж байх ёстой. Өрсөлдөгчөөсөө илүү философитой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, өрсөлдөгчөөсөө илүү эв нэгдэлтэй байх. Гуравдугаарт, зохион байгуулалттай байх ёстой. Дөрөвдүгээрт, өрсөлдөгчөөсөө илүү хурдтай байх шаардлагатай. Гэтэл энэ зүйлүүд хамгийн бага дээрээ байх дүрмийг бид гаргажээ. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орны иргэншсэн, хүмүүнлэг, өндөр түвшний улс төрийн намуудын дүрмийг авах гэж оролдсон нь буруу байна.

-Дэндүү дотоод ардчилалтай?

-­Тийм. Гэтэл дотоод ардчиллаа дээд цэгт нь байлгая гэж үзээд 2000 онд одоогийн энэ дүрмийг баталсан. Гэвч энэ дүрмээр яваад 70­аад оныхноос Л.Гантөмөр гэдэг хүн УИХ­д гурван удаа сонгогдсон байна. Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, Г.Баярсайхан нар хоёр удаа сонгогдсон. Тэгээд өөр бараг байхгүй. Нам бодлогогүй, өрсөлдөх чадваргүй учраас сайхан залуучууд гарч ирээд нөгөө намынхандаа ялагдаад байна шүү дээ. Энэ нь дотоод ардчилалтай учраас сайн хүмүүс гарч ирнэ гэж хүлээж байгаа дүрэм. Гэтэл өөрсдөө дотооддоо өрсөлдөөд биенийгээ татаж унагадаг. Жишээлбэл, хөдөө орон Би шинэ дүрмийн өөрчлөлтийн төлөө л байгаа. Эв нэгдэлтэй, зохион байгуулалт сайтай намын даргын төлөө бид хэзээд чөлөөтэй өрсөлдөж болно. 

Эв нэгдэлгүй, ялагддаг намын даргын төлөө өрсөлдөөд яах юм. Ялагдаад хэдэн зуун мянган гишүүд, дэмжигчдийн хараалыг идэх ямар шаардлага надад байна. Үнэхээр хамтын удирдлага энэ намд ирэхгүй бол би намын даргад өрсөлдөхгүй. “ “ нутгаас сайн лидерийг бойжуулах дүрэм гээд яриад байгаа байхгүй юу. Гэтэл орон нутгаас сайн лидер Сүхбаатар аймгийн Ж.Батсууриас өөр хүн гарч ирсэнгүй. Бүтэн 20 жил явахад ганцхан Батсуурьтай. Гэтэл МАН 30 Батсуурьтай. МАНыг хуулъя гэж байгаа юм биш. Сайн өрсөлдөгчтэй өрсөлдөөнд орохын тулд бид ямар байх вэ гэдгээ дүрмэндээ суулгаж өгөөгүй. Бид нарын “тоглоомын дүрэм” АНын задралын гол үндэс болсон. Хамтын ажиллагаа, эв нэгдэл, хурд, зохион байгуулалт байхгүй. Үзэл бодлын илэрхийлэл дутуу. Ярьдаггүй, хийхгүй хаядаг. Энэ юман дээрээ ажиллах ёстой юм болов уу гэж би харж байна. Би УИХ­ын сонгууль болон орон нутгийн сонгуульд дэвшээгүй. Дэвшсэн хүмүүсийнхээ кампанит ажлыг хараад анзаарч байхад дээр хэлсэн сул талууд байна гэж ойлгож байгаа.

 

ХАМТЫН УДИРДЛАГА НАМД ИРЭХГҮЙ БОЛ БИ НАМЫН ДАРГАД ӨРСӨЛДӨХГҮЙ

-АН-д бүтэц, зохион байгуулалт муу, эв нэгдэлгүй байгаа нь үнэн. Одоо тэгвэл яах вэ?

-­Тэгэхээр зохион байгуулалтыг сайжруулах дүрэмтэй болох ёстой. Сая намын Х их хурлаар дүрмээ хэлэлцсэн. Энэ дүрэмд зохион байгуулалтыг сайжруулах асуудал орж ирсэн. Бүтцийнхээ хувьд намын “гал тогоо” барьж байгаа Ерөнхий нарийн бичгийн даргын эрх, үүрэг тодорхой болсон. Намын дотоод ажил жигд явна гэсэн үг. Хоёрдугаарт намын Улс төрийн зөвлөлөөр дамжуулаад хамтын удирдлагатай болох ажил хийгдсэн. АН нэг, хоёр хүний нам биш, лидерүүдийн нам гэдгийг энэ шинэ дүрмээр зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, 20 хэдэн лидер тойрч суугаад асуудлаа ярьдаг нам болно. Үүнийг хүмүүс шүүмжилж байгаа. Гэхдээ үүнээс өөрөөр эв нэгдлийг хангах сайн механизм байхгүй байна. Түүнээс өрсөлдөж байгаа хүмүүсийг “шударга өрсөлд” гэж хэлснээр болдоггүй юм байна. Дүрмээр зохицуулж өгөх ёстой. Өнөөдөр намын тамга нь хүртэл алга болчихсон. Тэгэхээр нам ямар тогтворгүй дүрэмтэй юм бэ гэдэг нь харагдаж байгаа. Уг нь дүрэм энэ намыг хөдөлгөөнгүй барьж байх ёстой. Монгол Улсад гишүүнчлэлээрээ МАН­ тай зэрэгцэх хэмжээний улс төрийн нам. Гэтэл Улсын Дээд шүүхийн бүртгэлд намын даргынх нь нэр алга. Тамганы маргаантай байна гэдэг бол намын эв нэгдэл механизмаараа зохицуулагдах боломжгүй байна гэсэн үг. Дээр нь үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх механизм байхгүй. Судалгаа хийж, сургалт явуулж үзэл санаагаа түгээн дэлгэрүүлье гэдэг зүйлийг дүрмэндээ оруулж ирсэн. Намын даргыг төлөөллийн зарчмаар сонгох хэрэгтэй. Нийт гишүүдээс задгай с онгууль явуулбал дарангуйлах хэв маягтай, өөрийн гэсэн тойрон хүрээлэгчтэй хүнийг гаргачихаад, ямар үр дүн гарав гэдгийг харлаа. Тэгэхээр энэ алдаагаа давтахгүйн тулд дүрмээ дахиад сайжруулах хэрэгтэй. Дээр хэлсэн зүйлүүдээ дүрмэндээ суулгачихвал өнөөдрийн бэрхшээлийг давж гарахгүй зүйл биш.

-С.Эрдэнэ, Ц.Туваан нарын өнөөдрийн маргаан шийдэгдэх тал байна уу? ­

-Нэгдүгээрт, бид ширээний ард сууж ярилцах шаардлагатай. Хоёрдугаарт, улс төрийн намын дүрмээр дамжуулж, хэрүүл зодооныг эцэслэх хэрэгтэй. Сүүлийн 20 жил шинэ дүрмээр явснаар талцсан хүмүүс бий боллоо. Талцал нь энэ хоёр хүндээ биш. Урт хугацааны талцал явсаар үр дүн ийм байдалд хүрлээ. Талцал гараад байгаа нь хүмүүсийн мууд биш юм. Хүмүүсээ ямар дүрэм, механизмаар хөдөлгөх вэ гэдэг дээр алдаа бий. Энэ алдаагаа бид хүн шиг хүлээж авъя гэж байгаа нь миний санал юм.

- АН -ын Х их хурлаар хэлэлцсэн дүрэмд Ц.Туваан засвар оруулж “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж сонгогдон ажиллаж байгаа одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд нам өрсөлдөгчгүйгээр шууд хэлэлцэн шийдвэрлэнэ ” гэх засварыг оруулсан гэж С.Эрдэнэ тайлбарладаг. Ийм засвар хийгдсэнээс өнөөдрийн маргаан, талцал бий болсон юм биш үү?

-Намын их хурлаар ийм заалт яригдаагүй. Ийм өөрчлөлт орсон бол Ц.Туваанаас гадуур бичиг хэрэг дээр ажилласан хүмүүсийн л алдаа. Намын их хурал редакцын комисстой. Дүрмийн ажлын хэсэгтэй. Үнэхээр тийм заалт байгаа бол тэр хүмүүс хаана энэ алдаа гарсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Дүрэмд ийм заалт ороогүй гэж тайлбарладаг. 

Улсын Дээд шүүхэд очсон манай намын дүрэмд “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь өрсөлдөгчгүйгээр намаас нэр дэвшинэ” гэсэн заалт байхгүй. Тийм заалт орсон байлаа гэхэд Ц.Туваан түүнийг хийхгүй. Би тэгж итгэж байна. Редакцын комисс хэн тийм өөрчлөлт оруулсныг хэлэх хэрэгтэй. Тэр хүмүүс уучлал гуйх ёстой.-Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө АН даргатай болж чадах нь уу?

-Намын даргаас өмнө нам нэг тамга, нэг дүрэмтэй болох ёстой. Хоёр хуваагдсан хүмүүсийг нэг болгох нь эхний асуудал. Тэгж байж дараа нь намын даргын асуудал яригдана.

-Намын удирдлагууд удаан хугацаанд маргалдаж, нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй явсаар олон сар боллоо. Намын эв нэгдэл, шинэчлэлийн асуудалд та яагаад чимээгүй байв. Та хэлэх ёстой хүний нэг болов уу?

-Чамтай уулзаад ярьж байна шүү дээ.

-Арай орой биш үү?

-Энэ улсуудыг чинь нийлүүлье гэд эг санаачилга гаргаад, Үндэсний бодлогын хорооны хурлыг зохион байгуулаад явж байгаа. Нийгэм рүү гараад намынхаа сайн, муу “гал тогоо”-г яриад байж болохгүй шүү дээ. Манай нам 30 жилийнхээ түүхэнд хамгийн хэцүү үеэ одоо давах гэж байна. Намуухан, дотооддоо их ярилцаад, гадагшаа бага ярьж давах хэрэгтэй. Гадагшаа гараад өөр өөрийнхөөрөө яриад байвал яаж улс төрийн нам болох юм бэ. Эхлээд дотоод асуудлаа шийдэх ёстой. Нам нэгдээд, нэг намын дарга, ЕНБД, Удирдах зөвлөл, Үндэсний бодлогын хороотой болоод бүтцийн өөрчлөлт хийгээд дуусаг л дээ. Дүрмэндээ ямар өөрчлөлт тусгах уу гэдэг саналаа би хэлж байгаа. Эв нэгдлээ эрхэмлэе, хамтын удирдлагын тогтолцоог бий болгоё, ЕНБДын эрх мэдлийг нэмэгдүүлье гэж саналаа хэлж байгаа. Намын нарийн бичгийн дарга дотоод зохион байгуулалтаа хийх чадалтай байх хэрэгтэй. Тийм бүтцийг нь хийж өгөх шаардлагатай. Анхан, дунд шатны намын эрх, үүргийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Нам бодлого гаргах чадвараа дээшлүүлэх, сургалтын арга зүйгээ сайжруулах шаардлагатай гээд дотооддоо олон зүйл ярьж, хийж байна. Энэ болгоныг гадагшаа гаргаж сэвээд байж болохгүй. Намайг ярихаар маргааш Х.Тэмүүжин гараад сэвнэ, нөгөөдөр нь Нараа /З.Нарантуяа/, Б.Пүрэвдорж гараад ярина. Тэгээд С.Эрдэнэ, Ц.Туваан гараад нэг юм ярина. Ингэж намын амьдралыг тасралтгүй дур зоргоороо яриад байж болохгүй.

-АН тодорхой хугацааны дараа намын дүрмээ баталж, нэгдсэн байр сууринд хүрч таарна. Түүний дараа намын даргын асуудал яригдана. Та АН-ын даргад нэр дэвших үү?

-Одоо би намын даргад дэвшинэ, дэвшихгүй гээд яриад явахаар болохгүй байгаа байхгүй юу. Дотоод өрсөлдөөн хэтэрхий халуурчихсан, нэг нэгэнтэйгээ таарч тохирохоо болиод тамгаа булаацалдаж байгаа үед олон хүн шоволзоод байх нь буруу гэж бодоод би хойшоо суугаад байна. Эхлээд өрсөлдөгч намаа ялах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах нь энэ намын гишүүний хувьд миний ажил. Түүнээс гадна талдаа сайхан харагдах гээд уралдаад байвал дотоод ажил нь нураад байна шүү дээ. Гэр дотроо хэрүүлтэй, гадаа гарахдаа гоё хувцастай яваад байдаг гэр бүлийн гишүүдтэй айл хэзээ ч аз жаргалтай болохгүй. Тэгэхээр гадна талдаа гоё харагдахаас илүү дотор талын асуудлыг яаж зохицуулах нь чухал. Би шинэ дүрмийн өөрчлөлтийн төлөө л байгаа. Эв нэгдэлтэй, зохион байгуулалт сайтай намын даргын төлөө бид хэзээд чөлөөтэй өрсөлдөж болно. Эв нэгдэлгүй, ялагддаг намын даргын төлөө өрсөлдөөд яах юм. Ялагдаад хэдэн зуун мянган гишүүд, дэмжигчдийн хараалыг идэх шаардлага надад алга. 

Үнэхээр хамтын удирдлага энэ намд ирэхгүй бол би намын даргад өрсөлдөхгүй. Жаран тийшээ харсан үхрийн эврийг нэг шуудайд хийчихээд суух нь надад ямар хэрэг байна. Тэгснээс энэ улсын хөгжлийн төлөө өөр ажил хийгээд явах нь аз жаргал. Үнэхээр дүрэм журам нь сайжраад, бүтэц зохион байгуулалтаа зөв хийгээд, намын дарга, тэргүүн хэн байх вэ гэдэг асуудал яригдахад би зугтахгүй. Гэхдээ тэр бол дараагийн асуудал.-У.Хүрэлсүх Ерөнхий сайдын ажлаа өгсөн. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь гэж ойлгогдож байна. У.Хүрэлсүхтэй хүчтэй өрсөлдөх лидер АН-д хэд байгаа бол?

-Нэг их олонгүй л дээ. Бодитоор харвал У.Хүрэлсүхтэй хамгийн сайн өрсөлдөж чадах лидер бол Х.Баттулга. Дараагийнх нь Ц.Оюунгэрэл, Х.Тэмүүжин, Р.Амаржаргал байна. Ингээд бараг дуусчихаад байгаа. Тэдний хэн нь ч байсан сонгуулийн зөв стратеги явуулбал амжилт үзүүлэх боломжтой. Хэн нь ч дэвшдэг байсан бид одоо байгаа парламентад сайн сөрөг хүчний хяналтын үүрэг гүйцэтгэх, шүүх засаглалын хараат бус байдлыг хамгаалахын тулд АН-ынхаа нэр дэвшигчийн төлөө бүгдээрээ дэмжиж оролцох хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг намын бүрэн дарангуйлал их урт хугацаанд тогтлоо. Найман жил нэг нам ноёрхож байна. Энэ нь нэг талаараа уршигтай. Өнөөдөр эрх барьж буй намынхан баяртай л байгаа байх. Гэхдээ энэ хүмүүс ирээдүйд Монголд амьдарна. Өөрсдөд нь ч уршигтай, улс оронд ч уршигтай. Ер нь жаахан хяналттай, ил тод байж л зөв явдаг юм байна лээ. Ямар ч хяналтгүй, өрсөлдөгчгүйгээр яваад гайхамшигтай үр дүн үзүүлсэн кейс маш ховор байгаа байхгүй юу.

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга Ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй гэдэг маргаан байна. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших боломжтой юу?

-УИХ Үндсэн хуулиа өөрчлөх эрхтэй. Үүний дагуу парламент Үндс эн хуулиа өөрчилсөн. Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийг ёсчилсон. Үндсэн хууль, дагаж гарсан хуулийн өөрчлөлтөд өнөөдрийн байгаа хүмүүсийн оролцох, оролцооны тухай тодорхой шийдвэр байх хэрэгтэй. Тийм шийдвэр хуульд байна уу гэдэг нь чухал. Яагаад ийм маргаан тарив гэж хувьдаа гайхаж байгаа. Манайхны маргаашийн төлөө юм хийдэггүйн гай байхгүй юу. Маргааш ирэхэд бид яах уу гэдгээ бодох ёстой. Өнгөрсөн үеэ муулаад хуулиа өөрчлөөд, маргааш яах нь тодорхойгүй байж болохгүй. Тэгэхээр Үндсэн хуулийг өөрчилсөн хүмүүс энэ тухайгаа хэлэх ёстой. Тухайн үед ярьсан протокол, тэмдэглэлүүдээ гаргаж ирэх хэрэгтэй. Хуулиа баталчихаад дур дураараа ярьж болохгүй. Хууль батлан гаргасан хүмүүс нь маргааныг хэлэх байх. Эхнээсээ тодорхой байдлаар шийдэх хэрэгтэй байсан. УИХ-ын гишүүн нь Засгийн газарт орж ажиллахгүй гэж Үндсэн хуулиар тодорхой шийдсэн. Түүн шиг Ерөнхийлөгч нэг л удаа сонгогдох бол энэ нь хэзээнээс хэрэгжих юм. Өнөөдөр Ерөнхийлөгч байгаа хүнд хамаатай юу, хамаагүй юу гээд энэ болгоноо тодорхой болгох ёстой байсан. Ингэж маргаан тарьж байгаа нь бүдүүлэг, хоцрогдсон, ажлаа хийхгүй байгаагийн шинж. Ийм утга учиргүй маргаан гарах ёсгүй. Би одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшиж болно, болохгүй гэж хэлэх субъект биш. 


14
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.5
    2021/03/04

    Гантөмөрийн хамтын удирдлагатай ардчилсан намын төлөө тэмцэх ёстой .ганц хүний халаасны бодлогоор Ардчилсан нам сөнөж ялаглаж дууслаа фракциудыг байлгавал дотоод өрсөлдөөн даамжирах ч лидерүүд төрөх бойжиход хэрэгтэй юм бишүү? фракциудыг хунихаар дотоод өрсөлдөөн гадгашаа гараад тусгай нам өөр хүч болж зугатаачихлаа шүү дээ яаж дотоод эв нэгдлийг бий болгох вэ? гэдгээ шинэ хамтын удирдлагын тогтолцоо гэдгээ дүрэм журам болгож тунхаглах хэрэгтэй ..

    Хариулах