Б.Эрдэмсайхан: С.Болд-Эрдэнэ жүжигчнээс үлгэр дуурайлал авдаг

Админ
2021/03/02

Д.БЯМБАСҮРЭН

Энэ удаагийн “Шинэ танил” буландаа залуу жүжигчин Б.Эрдэмсайханыг урилаа. Тэрбээр өнгөрсөн жил СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд цахим орчны зөв зохистой хэрэглээний талаар өгүүлэх “Кибер сүлжээ” уран сайхны киноны гол дүрд тоглосон залуу уран бүтээлч юм.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болов?

-Багаасаа л урлагийн хүн болох хүсэлтэй байсан болохоор арван жилээ төгсөөд СУИС-д орохоор шийдсэн. Гэтэл аав ээж хоёр маань урлагаар хүн хоолоо олж идэхэд хэцүү хэмээн эсэргүүцсэн. Харин миний хувьд жүжигчин болно гэсэн бодолдоо үнэнч байв. Тэгтэл нэг өдөр аав “To be or not to be” гэсэн театрчилсан шоу зохиогдож байгаа юм байна. Энэ тэмцээнд ороод амжилт үзүүлбэл урлагийн хүн болохыг чинь зөвшөөрнө гэлээ. Би ч зөвшөөрч, орой нь хотод байдаг найз руугаа залгаж бүртгүүлсэн. Ингээд тус тэмцээнд орж шилдэг 15-т шалгарснаар энэ мэргэжлийг сонгох эрхээ авсан даа.

-Аль нэг продакшн, театрт орох бодол бий юу?

-Мэдээж жүжигчнээр төгссөн хүн бүр л УДЭТ-д орохыг хүсдэг байх. Миний хувьд одоогоор өөрийгөө хөгжүүлж, улам ихийг сурах хэрэгтэй гэсэн үүднээс найзуудтайгаа хамтран чөлөөт уран бүтээл дээр ажиллаж байна. Ерөөс хичээж явахад алив зүйлийг цаг хугацаа харуулна гэж боддог.

-Өөрсдөө санаачилж уран бүтээл хийхэд санхүүгээс эхлээд бэрхшээлүүд их биз?

-Тийм ээ. Өнөөдөр залуу уран бүтээлчдэд тулгараад буй нэг зүйл нь ажлын байр, хувиараа юм хийх гэсэн ч дэмжлэг байхгүй. Өөрсдөө энд тэнд гүйж байж л уран бүтээлүүдэд оролцож, хийх гэсэн зүйлээ хүргэдэг. Түүнээс бол театр болоод продакшнуудад харьяалагддаг жүжигчдээс гадна бол ихэнх нь ажилгүй суух тохиолдол их бий.

-“Кибер сүлжээ” кинонд анх хэрхэн тоглох болсон бэ?

-Анх хоёрдугаар курсэд байхад дүрийн сонгон шалгаруулалт гээд тэнцэж байсан. Тус киноны эсрэг гол дүрд тоглосон. Ер нь хүмүүс дүрийг эерэг, эсрэг гэж ангилдаг нь буруу юм шиг санагддаг. Жүжигчин хүн аль ч дүрд хувирдаг байх ёстой шүү дээ. Гэтэл манайхан анх эсрэг дүрээр гарч ирсэн бол тэр дүрээр нь хүлээж авах гээд байдаг.

-Жүжигчнээр төгссөн хүний хувьд хуучин болоод шинэ гарч буй уран бүтээлүүдийг үзээд хэрхэн дүгнэдэг вэ?

-Миний бодлоор техник технологи хөгжихийн хэрээр манай урлаг ч мөн хөгжиж байгаа гэж харж байгаа. Хуучин дан ганц жүжигчнээрээ тоглодог байсан бол өнөөдөр зураг авалт, тоног төхөөрөмжийнхөө хүчин чадлаараа илүү сайхныг үзүүлж байна. 

Хуучны кинонуудаас “Мандухай сэцэн хатан”, “Гарьд магнай”, “Цэц магнай” гэх зэрэг бүтээлийг үзэх дуртай. Мэдээж мэргэжлийн уран бүтээлчээр төгссөн учир энгийн үзэгчдээс илүү ажиглалт хийж үзнэ. Давхар жүжигчдээс нь өөрөө суралцана.-Үлгэр дуурайлал авдаг жүжигчин бий юү?

-Мэдээж багаасаа урлагт дуртай байсан болохоор урлагийн том жүжигчдийг харж үлгэр дуурайлал авч, түүн шиг л болох сон гэж мөрөөдөх хүмүүс цөөнгүй. Тэр дундаа УДЭТ-ийнжүжигчин С.Болд-Эрдэнэ жүжигчнээс их үлгэр дуурайлал авдаг даа.

-Тоглохыг хүсдэг дүр мэдээж олон байх?

-Жүжигчин хүн бүрт Ромео, Жульеттагийн дүрд тоглох мөрөөдөл байдаг байх. Миний хувьд ч мөн адил тоглохыг хүсдэг. Мөн Гамлетийн дүрд тоглохыг боддог. Гэхдээ ийм тийм дүрд тоглох гэхээс илүү ямар ч дүрийг сайн гаргаж чадах уран бүтээлч болохыг л хичээдэг.

-Цаашдын зорилго, мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Юуны өмнө сайн чадварлаг уран бүтээлч болохыг хүсдэг. Тэгэхийн тулд илүү их зүйл суралцаж, өөрийгөө олон уран бүтээлд дайчлах хэрэгтэй болж байгаа юм. Мөрөөдлийн хувьд дэлхийд монголынхоо нэрийг гаргасан уран бүтээлч болохыг хүсдэг. Нэгэнтээ л урлагийн замыг сонгож, жүжигчний мэргэжлийг төгссөн учир оргилд нь хүрэхийг бодож явна.

 


47
209
8
28
2
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.116.25
    2021/03/06

    Амжилт хүсье

    Хариулах
  • 66.181.161.66
    2021/03/03

    amjilt husy

    Хариулах
  • 66.181.161.66
    2021/03/03

    Мундаг залуу шүү ирээдүйд уоам тод гэрэлтэх болтугай

    Хариулах
  • 103.212.116.101
    2021/03/02

    Muu ulaan luiwarcin icdeggv nass zl pisda mini

    Хариулах
  • 103.229.121.158
    2021/03/02

    amjilt husey dvv

    Хариулах
    • 202.9.40.179
      2021/03/02

      Залуу уран бүтээлч дүүд амжилт хүсье.