Одоогийн байдлаар сургууль, цэцэрлэг, сургалтын үйл ажиллагаа эхлээгүй тул замын хөдөлгөөний ачаалал 60 орчим хувьтай байна

Админ
2021/03/02

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Н.Шинэбаатараас цөөн зүйлийг тодрууллаа.

-“Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэг буурч, зарим аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа хэвийн явагдаж эхэлснээр замын ачаалал нэмэгдсэн байх?

-Улсын онцгой комиссын тогтоолоор хоёрдугаар сарын 11-ний өдрийн 06:00 цагаас 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл “Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон. Эдгээр өдрүүдэд замын хөдөлгөөний ачаалал 90 орчим хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэг, сургалтын үйл ажиллагаа эхлээгүй тул тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал 60 орчим хувьтай үргэлжилж байна. Мөн улсын дугаарын хязгаарлалт хуучин журмаараа үйлчилж байгаа.

-Он гарснаас хойш хичнээн осол, хэрэг бүртгэгдсэнбэ?

-“Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэн өдрүүдэд зам тээврийн осол, хэргийн нөхцөл байдал харьцангуй тайван байсан. Шуурхай удирдлагын хэлтэст иргэдээ сирүүлсэн дуудлага мэдээлэл 79.1 хувиар, үүнээс осол, хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 81.7 хувиар, гэмтэж бэртсэн хүн 76.9 хувиар буурсан үзүүлэлттэй байсан. Харин он гарснаас хойших хоёр сард 264 осол хэрэг бүртгэгдэж, 30 хүний амь хохирч, 163 гэмтэж бэртсэн ба нийт амь хохирсон ослын 90 орчим хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн.

-Ослын шалтгаан, нөхцөлийн олонх юу байв?

-Орон нутгийн замд бүртгэгдсэн осол, хэргийн шалтгаан нөхцөлийг судлахад, жолооч нар тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, мөн зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн жолооч ослын дохионы гэрлээ асаах, ослын зогсолтын тэмдэг байрлуулаагүйн улмаас бусад жолооч нарт харагдахгүй араас нь мөргөх, шөнийн цагт гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв хэрэглээгүй (холын гэрэлтэй зорчиж буса д жолоочийн нүдийг гялбуулж, зорчих баримжаалдах), хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодох зэргээс шалтгаалж осол, хэрэг буурахгүй байна. Нийслэлийн тухайд, жолооч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, уулзвар нэвтрэх, тэмдэг тэмдэглэл зөрчих, хурд хэтрүүлэх, явган зорчигч нар гарц, гарамтай хэсгээр замгарахгүй, эцэгэх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах зэрэг буруу үйлдлийн улмаас осол гарч байгаа нь судалгаагаар нотлогдлоо.

-Замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэх мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцвол ямар хариуцлага хүлээдэг юм бэ?

-Хурд хэтрүүлж, замын хөдөлгөөнд оролцсон 23.327 жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.31,32, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 2659 зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу тус тус хариуцлага тооцож учирч болох осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Иймд жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хамт уулзаж суусан найз нөхөд, албан байгууллагын удирдлагууд дээрх зөрчлөөс урьдчилан сэргийлж, бие биедээ шаардлага тавихыг анхааръя.

-Орон нутагруу зорчих хөдөлгөөнийг нээсэн. Шалган нэвтрүүлэх товчоодод нөхцөл байдал ямар байна вэ?

-УОК болон НОК-ын шийдвэр, түүний хэрэгжилтийг хангах, иргэд, олон нийтийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх товчоодод цагдаагийн байгууллага, мэргэжлийн бусад чиг үүргийн байгууллагатай хамтран 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа. Холбогдох баримт бичгийг бүрдүүлэн орон нутгийг  зорьсон жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зам, орчны байдалд хурдаа тохируулж  халтиргаа,  гулгаатай замаар анхаарал болгоомжтой зорчих, шөнийн цагаар тээврийн хэрэгслийнхээ гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг зөв хэрэглэх, жолооч, зорчигч нар хамгаалах бүсийг тогтмол хэрэглэж, зорьсон газартаа аюулгүй хүрэхийг зөвлөе.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна