П.Батхуяг: Би олон нийтийн биш, өөрийг хайж уншдаг цөөнхийн зохиолч

Админ
2021/03/03

Б.БАТТУЛГА

Пүрэвхүүгийн Батхуяг манай үеийн хамгийн хөдөлмөрч, хамгийн өөр байхыг хүсэн тэмүүлэгч зохиолч. Бас багш, утга зохиолын шүүмжлэгч, нийтлэлч. Түүний зохиолуудаас аяндаа өөрийн эрхгүй мэдрэгддэг зүйл, өөрийнх нь нэгэн цагт бичсэнээр “стандарт бус сэтгэлгээ”. Ярилцлагыг нь уншина биз. Би өөр юу хэлэх билээ.

-Юутай ч эхлээд амар мэндийг чинь асуух нь зөв биз. Сайхан хаваржиж байна уу? Чиний хэвлэлд өгсөн ярилцлагуудыг нэлээд харлаа. Уран зохиол, яруу найргийн л тухай голдуу ярьсан байх юм. Тэр ч аргагүй. Мэдээж би ч бас асууна. Гэхдээ хоёулаа огт өөр сэдвээр яриагаа эхэлбэл сонин санагдлаа. Цаг хугацааны талаарх чиний бодол...

-Сайн. Сайхан хаваржиж байна. Чиний уран бүтээл өндөр биз дээ. Ойрд энэ хорио цээрээс болоод нүүр тулж уулзаагүй удсан байна шүү. Ер нь дэлхий нийтээрээ удахгүй энэ байдалдаа бүр дасах байх. Зарим хүнд илүү амар ч санагдаж байж болох юм шүү. Зайнаас толгой дохиод зөрлөө гэдэг шиг дэлгэцний ард урдаас мэнд мэдээд зүгээр ч юм уу. За, тэр ч яах вэ.

Би ч энэ бүхнийг цаг зуурын явдал гэж бодоод байгаа. Нэг их удахгүй сайхан нүүр тулаад ярилцах цаг ирэх байлгүй дээ. Миний мэдэхийн л хүн төрөлхтний хамгийн анхны гүн гүнзгий бодол эргэцүүлэл цагтай холбоотой байсан санагддаг юм. Эртний хүмүүс цаг хугацааг огт ойлгохгүй байсан учраас түүнээс учиргүй айцгааж, бурхан гэж үзэж байсан болов уу. Одоо ч бүрэн дүүрэн таньж мэдсэн зүйл алга. Цагийг бурханчлах үзэл одоо ч байдаг шүү дээ. Учир нь, түүний эрхшээлд амьдарч байгаа мэт санагдсан хэвээр л байна. Цаг хугацааг таньж мэдэх оролдлого бүхэн яагаад ч юм бэ заавал нэг мухардалд хүрээд байсантай холбоотой байх. Тэгээд цаг хугацаанаас айх айдас, цаг хугацааг хүлээн зөвшөөрөх хүлцэнгүй байдал, цаг хугацааны сүр хүчинд итгэх итгэл, цаг хугацааг сөрөн зогсох тэмцэл гэж цагийг ойлгох, үзэх үзэл хандлагаар нь хүмүүсийг магадгүй хэд хэд ангилахад хүргэсэн юм билээ. Исаак Ньютоноос хойш, Стивен Хокинг хүртэл хэдэн зуун жилийн турш оюун санааны эрэл цаг хугацааны учир шалтгааныг нээхэд л зориулагдсан гэж бодохоор хүн төрөлхтөн өөр ямар ч зүйлд тийм урт удаан хугацаа зарцуулаагүй санагддаг юм. Тэр тусмаа зохиолчид цагийг хамгийн олон талаас нь харж тайлбарлахыг оролдсон хүмүүс шүү дээ. Анхнаас хүмүүс бид түүнийг өөрсдөө бүтээчихсэн юм. Өнгөрсөн, одоо ирээдүй, өнөөдөр маргааш, нэг цаг, хоёр цаг гээд хэмжих оролдлого хийсэн нь хамаг будлианыг бий болгосон бололтой юм билээ. Хэрэв тэгж цагийг хэмжигдэхүүнд оруулаагүй бол түүнийг зүгээр л урсгал гэж нэрлэж болохоор. Голын урсгал шиг л зүйл.

-Голын урсгалд цаг хугацааны хэмжигдэхүүн байхгүй гэж хэлэх гээд байна даа.

-Тийм ээ. Нарийн анзаарвал салхинд ч, голын урсгалд ч, уул нуруудад ч бидний үүсэн бүрэлдсэн байгальд цаг хугацаа байхгүй. Сансар огторгуйд ч цаг хугацаа байхгүй. Харин урсгал л бий. Тэр нь ердийн нэг физик үзэгдэл. Биднийг хүүхэд байхад мөнхийн хөдөлгүүр зохиосон эрдэмтэнд Нобелийн шагнал шууд өгөх юм гэнэ лээ гээд л цуурдаг байлаа шүү дээ. Угаасаа л тэр урсгал чинь өөрөө мөнхийн зүйл юм биш үү. Саяхан л чи бид нар яруу найрагч болно гээд л дээл хөөргөж бүслээд энд тэнд шүлэг уншаад гүйж явсан шүү дээ. Зүгээр л урсаж явсан хэрэг. Нийгэм гээч зүйлийг бүтээгээд түүнийгээ л цаг хугацаа хэмээх зохиомол ойлголтоор хэмжсэн байж болох юм шүү.

-Жаахан эргэлзээтэй л ойлголт юм. Чинийхээр тэгэхээр өнөө оршихуйг гээч олон талаараа зохиомол зүйл гэж хэлэх гээд байна уу. Оршихуй зохиомол юм бол урлаг, уран зохиол ч ялгаагүй тийм гэж үү?

-Олон талаараа биш ээ, ерөөсөө хүний нийгэм гээч оршихуй чинь зохиомол зүйл. Тиймээс л утга учиртайгаас илүү бас утга учиргүй гэсэн ойлголт төрөн гараад байгаа юм. Гэтэл цэцэг навч, ан амьтад, байгаль оршихуйд утга учиргүй зүйл гэж нэг ч байхгүй. Ургаад хагдрах, өсөж үржээд, үхэж хорогдох зүй ёсны урсгалаараа л яваад дуусна. Идэх нь иддэгээ идэж, идүүлдэг нь идүүлдэгээ л идүүлнэ. Гүйцээ. Маш тодорхой. Тэгтэл бид яаж байна. Байгалиас чи намайг идэх ёстой байтал би идүүлэхгүй гээд л, байгалиараа л үхэж далдрах байтал бүр үхэхгүй мөнх амьдарна гээд л, байгаль шиг хэмжээнд хийж бүтээж чадахгүйгээ мэдсээр байж хийж бүтээнэ гээд л, байгалиас хэзээ ч тэгш заяагаагүй байтал тэгш эрхтэй амьдарна гээд үзээд байна. Түүнээс л урлаг, уран зохиол гэсэн баахан зохиомол зүйлүүд нь төрөн гарсан ч юм шиг. Байгалийн зүй тогтлын эсрэг амьдрах хүсэл санаархал маань эцэстээ тэгээд юунд хүргэж байна. Амны хаалт, зайнаас сайхан хаваржиж, сайхан шинэлэв үү гэсэн байдалд л хүргэлээ. Хүмүүс улам бие биенээсээ хөндийрч, бие биенээ хажиглаж, тэр тоолондоо бие биенээ ойлгохоо, хүлээн зөвшөөрөхөө, уучлахаа байж байна. Тэгээд л дайсан хайгаад “чи ч миний дайсан, би ч чиний дайсан” гэсэн нэг тийм худлаа өс хонзон, атаа хорсол. Түүнийгээ л уран зохиол болгож бичээд байна шүү дээ. Өнөөхийг нь нэг хэсэг нь уншаад бүр итгэчихсэн дайсан хайгаад өрсөлдөнө, тэмцэлдэнэ гэсэн баахан дур хүслүүд л явж байна. Цаг хугацаа гэж зохиомол зүйлгүй байгальд яах юм, бүх зүйл жамаараа, урсгалаараа л хөврөөд өнгөрнө.

-Сая чиний ярианд дээл хөөргөж бүслээд шүлэг бичиж, энд тэнд уншиж явлаа гэснээс тэр ч бас нэг цаг юм биш үү. Одоо тэгээд нас тогтож, ирж буцахын тухай түлхүү бодоод бичээд эхэлж байгаа минь цаг юм биш үү. Цагийн хувирал, Вольтерийн “Жамаараа яваа ертөнц” гэдэг шиг жамаараа л яваа санагдах юм.

-Миний байгаль гээд байгаа чинь ердөө оршихуйн язгуур чанарыг хүчээр алдагдуулсан тухай яриад байгааг нэгдүгээрт, ойлгох шаардлагатай. Хоёрдугаарт, өөрсдийн минь бүтээсэн хэт их зохиомол зүйлүүдээс хэт их хамааралтай болсон нь бидний оршихуйг нэг тийм хиймэл болгоод байгаад дургүйцсэн сэтгэлээс үүдэлтэй. Цаг хугацаа ч ялгаагүй зохиомол зүйл, түүнд хэт хөтлөгдөөд сүүлдээ өнөөгийн уран зохиол ч тийм хэт зохиомол зүйл болоод байгааг л хэлэх гэсэн санаа. Түүнээс биш уугуул чанар, төрөлх жамаараа яваа зүйлүүд тэр чигтээ үгүй болоогүй шүү дээ. Болох ч үгүй. Хэрэв болчихвол бид үгүй болно. Шопенгуарыг ч юм уу, Ницшег жаахан уншсандаа ч биш энэ бүх болохгүй байгаагийн цаад шалтгаан нь хүний амар хөнгөн, гялгар цалгар, зугаа цэнгэлтэй байхыг сүүлийн үед хүн төрөлхтөн дэндүү их хүссэнтэй холбоотой юм билээ. Тэр байдлыг дагаад урлаг, уран зохиол нь ч тийм амар хөнгөн, гялгар цалгар, зугаа төдий болоод байна гэсэн эмзэглэл. Үнэндээ чиний асуугаад байгаа наад цаг чинь бүх зүйлд л байдаг жамын урсгал шүү дээ. Зөвхөн хүнд л заяасан онцгой зүйл биш. Уулс бууралтаж, цэцэгс ч хөгширч байна. Тэд ч бас ирж буцахын тухай боддоггүй гэж хэн мэдэж байгаа юм. Харин тэд жинхэнэ жамаараа л яваа. Бид болохоор нүднийхээ өмнүүр баахан худлаа үзэгдлүүд зохиомлоор бужигнуулаад жамыг мартаж жаргах гэсэн санаархал. Түүнийгээ урлаг, уран зохиол ч гэж итгээд байна. 

Наад зах нь гэхэд л чи биднийг үхлийн тухай шүлэг биччихээр л бөөн бөөнөөрөө пүү паа, ийм идэр залуудаа ийм юм бичиж болохгүй. Чи чинь юугаа бичээд байна. Борис Пастернак хэлсэн шүү гэж байх шиг. Тэгээд яах юм, залуу байна гээд бүгдээрээ хайр, майр, хайртай майртай гээд тийм нэг хөнгөн зугаатай юм бичих ёстой юм уу. Тэрийг чинь бичдэг нас, бичдэг урсгал чиний асууснаар тийм цаг бий.-За ямартаа ч чиний цаг хугацааны тухай бодол шалтгааныг би гадарлачихлаа. Бас өнөөгийн хүмүүсийн байр байдлыг юу гэж боддогийг чинь мэдэрлээ. Орчин үе, урлаг, уран зохиолын талаар ч бодол санааг чинь ойлгочихлоо. Уншигчдад ч бас ямар нэг ойлголт төрсөн нь тодорхой. Би хэзээнээс чамаас асууя гэж бодоод явсан юм. Яагаад эсээ, нийтлэл бүхнийхээ эцэст гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг гэж бичих болов. Уншигчид ч бас сонирхож байж болох юм.

-Надаас зарим нэг хүн гарцаагүй гэдэг чинь таны овог юм уу гэж асууж байдаг л юм. Юу ч гэмээр юм дээ, миний бардамнал юм уу даа. Нэг талаараа би гарцаагүй бичсэн гэсэн санаа. Нөгөө талаараа гарцаагүй ингэж бичдэгээрээ би бусдаас өөр түвшний, өөр хэмжээний бичигч шүү гэсэн жаахан бардам байдлыг илтгэж байгаа юм. Хуучин цагийн бичгийн ахас ихэс молхи толхи өчүүхэн би бээр бичив гэдэг ч тийм даруухан сонсогддоггүй. Наанаа л молхи толхи гээд байгаа ч уг чанартаа гарцаагүй би бичив гэсэн тийм нэг ид хав мэдрэгдээд байдаг юм. Чухамдаа түүнийг мэдрээд би гарцаагүй гэдэг үгийг сонгосон хэрэг. Тэгээд ч өөрийнхөө зэрэг зиндааг мэдрэх мэдрэмжгүй бол элдэв юм бичих хэрэг байхгүй. Гэхдээ охид багачууд, чавганц нарт таарсан юм биччихээд гарцаагүй гээд байвал амьтны элэг доог. Тийм хэмжээний юм бичдэггүй гэдэгтээ итгэлтэй байгааг энэ гарцаагүй гэдэг үг бас илтгэж байгаа ухаантай.

-Аан зөв. Гарцаагүй гэдэг үгийг тийм бодолтой бичдэг хэрэг. Одоо хоёулаа чиний сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярилцъя. Дөрвөн ч ном зэрэг хэвлүүлж байна гэж саяхан өөрийнхөө нүүр хуудсанд бичсэн байсан.

-Тэр тийм шүү. Нэг их дуу шуугиан болоод дээгүүр, доогуургүй шуугихгүй юм аа гэхэд лав дундуур нь орохооргүй шүлгүүдтэй шинэ яруу найргийн түүвэр, арай өөр сэтгэлгээнд хамаарах арваад жүжигтэй шинэ ном, уламжлалыг угжаагүй, урьдах зохиолчдоо мөлжөөгүй богино өгүүллэг, туужийн “Нохой далайн зомгол” гэсэн шинэ түүвэр, эсээ бичих бараг сурах бичиг шинжтэй шинэ номнуудаа хэвлүүллээ. Ний нуугүй хэлэхэд би өөрийн гэсэн тодорхой уншигчидтай. Түүнээс хүн бүхэн талх шиг худалдаж аваад номын дэлгүүрийн шилдэг борлуулалтын тавиур дээр өрүүлж байхыг хүсдэггүй. Миний номнууд ч тийм гүйлгээний түвшинд бичигдээгүй. Би олон нийтийн зохиолч биш өөрийг хайж уншдаг цөөнхийн зохиолч. За даа чи миний талаар гадарлах хойно би одоо илүү дэлгэрэнгүй ийм тийм гээд яах билээ. Ямар нэг зүйлд урьдчилаад болзол тавьж болдоггүйг чи, бид хоёр таних насанд хүрсэн улсууд.

-Харин бид нар бие биенээ эртнээс таньдаг атлаа бага мэддэг юм шиг надад бодогддог юм. Нэг үеийн зохиолчид 1990- ээд оныхон зэргээр хамаатуулж болох ч чамайг би бүрэн гүйцэд уншсан гэж хэлж чадахгүй.

-Ялгаагүй дээ. Би ч гэсэн чиний яруу найргийг бүрэн дүүрэн уншаагүй. Тиймээс би чамайг сайн таньдаггүй л гэсэн үг. Өмнөх үеийнхнээ бодвол бид бие биенээ маш бага уншдаг болсон. Бидний буруу ч цаад талаараа бидний буруу биш ч байж мэднэ. Бид чинь хүн л юм чинь энэ л үеийнхээ урсгал нөлөөнд явдаг хойно. 

Зохиолчид ч гэсэн өөртөө зохиолч дайсан хайгаад байгаа хэрэг. Тэгээд өнөө дайсныхаа бүтээлийг унших гэхээр атаархал гэдэг хаалт өмнүүр нь тээглээд уншаад үг хэлэх гэхээр надаас илүү юм гээд бусад үнэлчихэж магадгүй гэсэн атаа төрөөд байдаг байж мэдэх юм. Би хэр чадлаараа л тэр атаагаа даван туулах гэж хичээж иржээ. Хүний сайныг харж, түүнд баярлаж, түүнийгээ зоригтой илэрхийлж чаддаг гэдгээрээ энэ үедээ би бахархдаг. Мууг нь бас нуулгүй хэлчихдэг. За даа энэ хувийн ялихгүй яриагаар яах вэ? Сониноос “Дараагийн ерөнхийлөгчид дайх үг” гэсэн нийтлэл бичиж байна. Ойр зуур овоо ч зүйл судаллаа. Ямар ч баян чинээлэг, ядуу дорой улс орон үндэстнийхээ уран зохиолыг заавал бодлогоор дэмждэг юм байна. Зарим газар бүр хэвлүүлсэн бүтээлийнх нь тодорхой хувийг худалдаж аваад санхүүгийн дэмжлэг төр нь үзүүлдэг байх жишээтэй. Гэтэл манайд уран зохиолоо дэмжих нь бүү хэл үндэснийхээ уран зохиолын талаар төр улсын хэмжээнд ямар ч бодол санаа алга. Үүнд л эмзэглээд байна. Тэгээд л дараа сонгогдох Ерөнхийлөгчид үг дайж байгаа санаатай.

-Одоо ер нь дэлхий юуг, хэнийг илүү уншиж байна вэ? Зарим судлаачид баримтат уран зохиолын үе ирлээ зэргээр бичээд байх юм. Энэ талаар чиний бодлыг сонирхьё.

-Үнэндээ би бүгдийг харж үзэж, уншиж судлаагүй. Чиний асууснаар яг одоо дэлхий даяараа юу уншиж байгааг хэлж чадахгүй. Хэнд ч тийм боломж байхгүй. Дуулиан шуугиан менежментийн зохиолч уу? жинхэнэ авьяаслаг зохиолч уу? гэдгээ ч бараг ялгахаа байсан. Шуугиад байгааг нь сонирхоод хайгаад уншаад эхлэхээр байдаг л бичээч байх нь элбэг болчихсон. Хэцүү л дээ. Жишээ нь гэхэд 2017 оны Нобелийн утга зохиолын шагналтан Казүо Ишигүро гэхэд л миний хувьд Борхестой ч юм уу, ядаж Маргарит Этвүүдтэй харьцуулахад дэндүү хөнгөн санагдсан. Сүүлд манайхан олон зохиолыг нь орчууллаа шүү дээ. “ Хөвсөлзөх ертөнцийн зураач”,” Намайг бүү явуулаач”, “Өдрөөс үлдсэн зүйл” гээд л нэг л тийм танил байдаг л түвшин. Харин “Булшин доорх үлэмж биетэн” оросууд” “Погребенный великан” нэрээр орчуулагдсан зохиол нь бусдаасаа арай өөр санагдсан. Гэтэл Юдит Шаленскийн “Алдагдсан зүйлсийн жагсаалт” гэхэд хажууд нь илүү хэмжээний бүтээл байна лээ. Магарит Этвүүдийн “Шивэгчний үлгэр”, Гилээдийн Бүгд найрамдах улс гэхэд зохиолоосоо илүү кино нь таалагдсан. Орхан Памукаас би сүүлд хэвлүүлсэн “Миний хачин бодол” зохиолыг нь үнэлнэ. Бернхард Шлинк “Зуны мэхлэлт”, Фенни Флегг “Хот даяар юу ярина” гээд ядаж л Мө Янь “Дарсны орон” биш “Мэлхий” эсвэл “Ээлж” гээд судлаачдын онцлоод байгаа номнууд зөндөө л байна. Муракими Харүкигийн “Норвегийн ой”-гоос эхлээд цөөнгүй зохиолыг нь харсан ч Ясунари Кавабатагийн “Мянган жигүүрт тогорууд”, “Цасны орон” хоёрт хэзээ ч хүрэхгүй мэт санагдах жишээтэй. Тэгэхээр хувь хүний өөрийн сонголт, мэдрэмж л чухал болохоос тэдэн хувь зарагдсан, ийм тийм шагналтай, тийм ч бестселлер гэдэг зүйл худлаа. Зүгээр л менежмент. Нөгөө талдаа зохиолч хүн уншдаггүй байх бол амьдаараа үхсэнтэй адил явдал шүү дээ. Амьдаараа үхсэнээс уншиж суусан нь дээр л дээ.

-За чамд баярлалаа. Ярилцахад сайхан байлаа. Ажил, уран бүтээлийн амжилт хүсье.

-Чамд ч ялгаагүй. Сайн сайхныг хүсье.


5
3
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.94
    2021/03/06

    Хуц.даг дагз вэ. Чамайг зохиолч гэхгүй лал.ар минь

    Хариулах
  • 64.119.20.201
    2021/03/05

    Сайхан ярилцлага болжээ

    Хариулах