АТГ дампуурчихаагүй бол бодит мэдээлэл өгнө үү

Админ
2021/03/04

У.ОРГИЛМАА

Оффшортой холбоотой нийтлэл, нэвтрүүлгүүд бараг өдөр бүр олон нийтэд цацагдаж байна. Энэ асуудалтай холбогдсон нэр бүхий улстөрчтэй холбоотой олон улсын шүүхийн маргаанууд ИБУИНВУ, Хонконг, Сингапур, Жерси арал, Британийн Виржинийн арлууд, Нью-Йоркийн шүүх дээр тус тус үргэлжилж байгаа талаар нэвтрүүлэг цацагдав. Мөн Нийслэлийн Прокурорын газрын орлогч прокурор Ц.Насанбат энэ талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн. Гэвч цөс хагартал, цус буцалтал бухимдуулсан “кино”- нууд үргэлжилсээр цаашид юунд хүргэхийг таашгүй. Ингэхэд манай улс хуульгүй болчихсон юм уу. Яагаад хэвлэл мэдээллийнхэн, “баримтат киночид” хэргийг шүүж дүгнэж, олон нийтийг бухимдуулах болов. АТГ хаана байна? Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газрын Эдийн засгийн тагнуулын газрын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй зөвлөл зэрэг чиг үүрэг нь тодорхой, сүр үзүүлсэн байгууллагууд яагаад өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөхгүй төөрөгдөл дунд живүүлж улс төрийн тоглоом болгосоор байна вэ?

Хоёр Засгийн газар дараалан ажилласан Сангийн сайд нар өнөөдрийг хүртэл “Оффшор бүсээс мөнгө орж ирээгүй” гэдэг. АТГ нэг бус удаа мэдээлэл хийж, нарийн төвөгтэй энэ ажлынх нь үр дүнд оффшор бүсээс албан тушаалтнуудын нуусан хөрөнгийг оруулж ирээд байгаа тухай тайлагнадаг. Энэ бүхний зөрүүг, жинхэнэ бодит мэдээллийг хэн хаанаас өгөх вэ? Харин Сангийн сайд Б.Жавхлангийн ярилцлагадаа дурдсан “Оффшорын гэх мөнгө байдаг юм бол хүний, өөрийнгүй оруулаад ирэх хэрэгтэй байна” гэсэн нь анхаарал татсан. Өнөөдөр Авлигын эсрэг хуульд орсон өөрчлөлтийн дагуу Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосоноор Улсын Их Хурал томилдог болсон. Гэтэл АТГ­т 41.686 албан тушаалтан байгаагаас 33,428 нь Ерөнхий сайдын удирддаг Засгийн газар, түүний харьяа байгууллагаас томилогддог албан тушаалтнууд байна. Тиймээс эрх барьж буй нам, Засгийн газраас хараат АТГ ажиллаад байна уу? Үүнээс болоод оффшорт холбогдсон нэр бүхий улстөрчийн холбогдох хэргийн талаар үг дуугарахгүй байна уу гэх хардлага ч үүслээ. Хэрэв Ерөнхийлөгч, түүний Тамгын газрын дэд дарга ташаа мэдээлэл хийсэн бол, Монголын Ерөнхий сайдын талаар гадны улс орнуудын шүүх байгууллагууд нь сайтдаа худал мэдээлэл тараагаад байгаа бол иргэнийхээ, Ерөнхий сайд асныхаа нэр хүндийг хамгаалчих төрийг төлөөлсөн, хууль, хяналтын байгууллага Монголд алга уу? Харин дээрх мэдээллүүд үнэн бол шалгаж байгаа явцаа тайлагнаж, энэ төөрөгдүүлсэн “баримтат кино, нэвтрүүлгүүдийнхээ” учрыг олох ёстой.

“Авлигачдын нурууг бөхийлгөх” гэхээр саад болдог, “Авлигачдаа авардаг” Авлигатай тэмцэх газар байж огт болохгүй. Хэрэв нэг намын, улс төрийн ашиг сонирхолтой бүлэглэлийн өмч болсон бол АТГ гэж байх хэрэггүй биз. Тэртэй тэргүй хэцүү төвөгтэй замаар нуусан хөрөнгийг илрүүлэхээр нь прокурор, шүүх байгууллага “хэрэгсэхгүй болгох” үйлдлээр үр дүнг нь балладаг. Энэ нь улс төрийн шинж чанартай болчихоод байгааг олон нийт харж байна. Яагаад оффшорт нэр нь холбогдсон улстөрчийн холбогдох хэргийн тухайд өмөөрөх ажиллагаа ид үргэлжилж байхад УИХ­ын гишүүн асан Д.Дамба­Очир зөвхөн “ЖДҮХС­ийн зээлийн” гэх хэргээр 461 дүгээр ангид хоригдож байгаа вэ? Тэдний ашиг сонирхлын холбоо сүлбээг АТГ олж хараагүй юу, харахыг хүсээгүй юу? Энэ мэтчлэн АТГ хуулийн шинэ өөрчлөлтөөр “хөл, гараа улам хүлүүлсэн” үү? АТГ Засгийн газрын “аппарат”, эсвэл нэг агентлаг нь болж хувирсан уу? Ерөнхийлөгчийн томилсон гэх одоогийн дарга нь шинэ хуулийн дагуу АТГ­ын дэд даргыг томилох эрхтэй юу, эсвэл эрхээ хэрэгжүүлэх эрхгүй юу гэх мэт олон асуулт хариултаа хүлээж байна.

Ямартай ч АТГ оффшор бүсээс нуугдмал хөрөнгө оруулж ирсэн гэх өмнөх мэдээллүүдээ тодотгох, яг хөрөнгө мөнгө орж ирсэн эсэх, хаана байршиж буйг тодорхой мэдээлэх шаардлагатай. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүс “ШҮҮХ” болчихоод, мэдээлээд байна. Тэднийг дэмжигчид нотлогдоогүй хэргийг сүржин мэдээлж олон нийтэд цочрол өгөхийг хичээж байна. Гэтэл үнэн нэг л байх ёстой. Баримт гэх улаан эрээн хуудсууд ээлжлэн шидэлцсэнээр үнэнг тогтоодоггүй. АТГ­аас хариу шаардаж байна!


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна