Б.Ганчимэг: Уран бүтээлээрээ овоглоно гэдэг сайхан хувь заяа

Админ
2021/03/04

Г.ЭНХГЭРЭЛ

Монгол Улсын Гавьяат жүжигчин, ХЦДБЧ-ын дуулах ур зүйн багш, ахлах дэслэгч Б.Ганчимэгтэй ярилцлаа.

-“Чиний минь ирэх харгуй”, “Аминаас үнэтэй эх орон” зэрэг олон дуу тань ард түмний зүрх сэтгэлд хоногшжээ. Дуу төрсөн түүхээс яриагаа эхлэх үү?

-“Чиний минь ирэх харгуй” бол надаас өмнө дуулагдсан байсан. МУСТА Г.Мөнхжаргал үгийг, Н.Уламсайн, аяыг нь бичсэн. Би чуулгад орсныхоо дараа шинэчлэн дуулсан. Тэр үеэс л энэ бүтээлээрээ овоглож ирлээ. Уран бүтээлээрээ овоглоно гэдэг сайхан хувь заяа. “Аминаас үнэтэй эх орон” дуу 2015 онд гарсан. Дөрвөн зүг, найман зовхист эх орноо хамгаалж байгаа хилчид, энэ газар шороо эх нутгаа авч үлдэхийн төлөө амиа өргөсөн дайчдын дурсгалд зориулж дуу хийх юм сан гэсэн санаа нэг өдөр төрлөө. Ч.Чагнаадорж шүлгийг бичиж, УГЗ Б.Ганхуяг дарга аяыг зохиогоод л хит болчихсон.

- 2020 онд уран бүтээлийн эмхэтгэлээ гаргасан байсан?

- Өнгөрсөн жил миний хилд ажилласны 20, “Чиний минь ирэх харгуй” дууг дуулсны мөн адил 20 жилийн ой тохиолоо. Цар тахлын үе ч гэлээ хүн уран бүтээл рүүгээ эргэж харах, шинээр бүтээх боломж гарч ирсэн гэж боддог. Тийм учраас бэлгэ дэмбэрлийг нь бодоод 1994-2020 он хүртэлх дуулсан 57 дуу сонгож, төгөлдөр хуурын дарамжтай сургалтад зориулсан ном гаргалаа. Өмнөтгөл үгийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Жанцанноров багш маань бичиж өгсөн. Мөн хурандаа Д.Баасанжаргал, СГЗ Ч.Буянхишиг багш, Төрийн соёрхолт П.Бадарч, УГЗ, Ардын жүжигчин П.Хаянхярваа зэрэг олон хүн дурсамж, дуртатгал, сэтгэлийн үгээ бичсэн. Энэ түүвэрт маань зөвхөн цэрэг, эх орны сэдэвтэй дуу биш, гэр бүл, хүүхэд, хайр сэтгэл, нутаг усны тухай зэрэг олон сэдэвт дуунууд багтсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 26-нд “Аминаас үнэтэй эх орон” тоглолтоо хийхээр төлөвлөсөн байлаа. Хорио цээр цуцлагдаж, айх аюулгүй болсон үед тоглолтоо заавал хийнэ. Мөн өөрийн амьдрал, уран бүтээлийн тухай “Үлгэр эхлэх намуун үдшээр” ном бичиж дууссан. Энэ онд багтаан гаргахаар төлөвлөж байна.

- Багаасаа л дуулах авьяастай байжээ. Хүүхэд насаа хаана өнгөрүүлэв?

- Би багаасаа л урлагийн хүн болох мөрөөдөлтэй байсан. Аав маань Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул. Ээж харин Дундговь аймгийн хүн. Зуны амралтаараа Булган аймгийн Ингэт толгойн сангийн аж ахуйд өвөө, эмээ дээрээ очдог хүүхэд байлаа. Бид эхээс зургуул. Хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би Улаанбаатар хотод тухайн үеийнхээр Октябрын районы 19-р дунд сургуульд VIII ангиа, XII сургуульд X ангиа төгссөн. Аав минь намайг 1982 онд Мэдээлэл радио телевизийн улсын хорооны дэргэдэх хүүхдийн “Улаан бүч” чуулгад СГЗ Ч.Буянхишиг багшид шавь оруулчихсан. Тэгээд л бүхий л уралдаан, тэмцээнд оролцдог, нийгмийн идэвхтэй хүүхэд боллоо. Энэ суурийг минь аав, ээж хоёулаа тавьсан шүү. 

Ээж биднийг багаас үлгэр уншиж өгч, гүн ухаанч, бүтээлч сэтгэлгээний суурийг тавьж өгсөн. Манай ээжийн аав П.Өлзийутас гэж хүн Нисэхийн сургуульд төгсөж Халх гол, 1945 он, Байтаг богдын тулгалт гэсэн гурван дайнд оролцож байсан. Өвөө маань дуулдаг, гитар, мандалин тоглодог олон авьяастай хүн байсан нь ээжид өвлөгдсөн юм болов уу даа. Оройдоо шугамын радио, пянз тоглуулагчаа тоглуулж, ээж минь мондалин дараад л бид дуулж бараг л урлагийн тоглолт болно шүү дээ. Ижий, аав хоёр минь бидний хүүхэд насыг яг хүүхэд чигээр нь эдлүүлж, аз жаргалыг бүгдийг нь эдлүүлж, хайраар өсгөж хүн болгосонд би маш их талархдаг. Бага насаа би их хайран дунд өнгөрүүлсэн болохоор одоо би насан туршдаа гал цогтой явж байна.

- Үүнээс харахад аав, ээж тань амьдралын суурь хүмүүжлийг гайхалтай тавьж өгчээ?

- Яг тийм. Бүхий л зүйл дээр тэд маань дэмжинэ. Уран гулгалт, нугаралт, хөлбөмбөг гээд сонирхохгүй зүйл үгүй. Юм бүхнийг сонирхож хичээллэж, чадахгүй байсан ч даваад гардаг туйлын шартай хүүхэд байлаа. Зэрлэг зулгаана, усандаа явна.10 литрийн бетон хоёрыг барьчихаад л би заавал тэр цэгт хүрж байж л амрах ёстой гээд өөртөө зорилго тавьчихдаг байсан. Хүрэхгүй бол би ялагдсан гэж тооцно гээд дотроо яриад л явна. 

Бидний үеийн хүүхдүүд хөдөлмөрийн амтыг багаасаа л мэдэрч өссөн. Биднийг нэг удаа ус цэвэрлэх байгууламжид аваачиж харуулсан. Тэндээс бодитоор нь усаа хэмнэх, хогоо хаяхгүй байхыг мянга хэлснээс илүү ойлгож авч байлаа. Гудамж, талбайг өөрсдөө цэвэрлэнэ. Тэгээд ирэхээр ирэхээр хүн дахиж хог хаяна гэж үү. Уран гулгалтаар хичээллэж үзмээр санагдаад Тэр үеийн “Улаан бүч” чуулга бол босго өндөртэй тул би хүүхэд ахуй насандаа олон зүйлд суралцсан шүү. ОХУ-ын дуу бичлэгийн Мелоди компаниас монголын сор болсон уран бүтээлчдийн дууг бичиж байсан. Тэгэхэд манай чуулгын 10-аад хүүхэд хуучин пионерийн ордны хажууд хавтан босгоод, УГЗ Л.Чимиддорж багш удирдан хүүхдийн дууны пянз гаргаж байлаа. Тухайн үед маш хэцүү, хүүхэд насанд дэндүү ахадсан гэмээр ажил байсан шүү. Урлагийн хатуу бэрхийг багаасаа л мэдэрч өссөн дөө. Одоо ч гэсэн би хүүхдийн дуунд их ач холбогдол өгдөг. Өөрөө “Улаан бүч” чуулгад байсан учраас энэ их нөлөөлдөг болов уу. Хүүхэд насаа хүүхэд шиг л өнгөрөөх ёстой. Тэртээ тэргүй том хүн болно.

- Та Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний нэгдсэн төвд (одоогоор ЭХЭМҮТ) нярайн сувилагч хийж байгаад, СУИС, Улсын дуу бүжгийн театр руу орж, амьдралдаа эргэлт хийжээ?

- Урлагийн л хүн болно гэж гүйж явтал нэг өдөр ээж минь хүнд өвдчихсөн. Тэгээд л эмч болж ээжийгээ эмчилнэ гээд шийдчихлээ. X ангиа төгсөөд Анагаахын дээд сургуулийн хүний их эмчийн ангид шалтгалт өгтөл оноо дутаад орж чадаагүй. Тэгээд сувилахуйн сургуульд орчихсон. Гэсэн ч нөгөө нэг урлагийн хүн болох мөрөөдлөө орхиж чадахгүй л явлаа. Оюутны урлагийн их наадамд байнга оролцдог байв. Сургуулиа төгсөөд Клиникийн дутуу нярайн тасагт сувилагчаар орсон. Энэ үед их хүнд байлаа. Нэг ээлжинд дөрвөн сувилагч ажиллана. Хүүхдийн арчилгаа, сувилгааг сувилагч л хийдэг. Тасгийн эрхлэгч Монгол Улсын Хүний гавьяат эмч З.Гэрэлмаа ер нь манай ажлынхан бүх зүйлд дэмжиж, чөлөө өгөөд л тэмцээн уралдаанд явуулна. Тэгээд СУИС-д шалгалт өгтөл, шүүгчээр Зууны манлай дуучин Н.Норовбанзад багш ажиллаж байгаад намайг Улсын дуу бүжгийн чуулгад авчихсан. Сайн дуучин болно гэж таньсан юм уу даа гэж би боддог. Ингээд л хоёр боломжоос зэрэг атгачихсан азтай хувь заяатай хүн болсон.

- Ардын жүжигчин, Зууны манлай дуучин Н.Норовбанзад гуай дуучин болох замд тань хөтөлжээ. Үг, сургааль хэлж байв уу?

- Ардын дуу бүжгийн чуулгад шууд орно гэдэг хүн бүрт олддоггүй хувь заяа. “Бадарчин” дуулалт жүжгийг тухайн үед хийх гэж байхад би СУИС-д шалгалт өгч байлаа. Баруун монгол ардын дуу “Хондон өнгөтэй торго”-ыг задгай хоолойгоор дуулчихсан. Тэгсэн МУГЖ Ж.МэндАмар гуай “Энэ хүүхдийг Бадарчинд гоцлол дуучнаар оруулна” гэж хэлсэн. Уртын дуучин болохоор шийдээд Ардын жүжигчин Нэргүй эгч, Идэрбат ах хоёртой бэлдэж эхэллээ дээ. 

“Жаахан шарга” дууг бичүүлээд бэлдэж байгаад Н.Норовбанзад багшид хэлтэл “Энэ уртын дуунд явахгүй ээ” гэсэн. Тэгээд л уртын дуучин болох замаа орхисон доо. Дараа нь надад “Унаган хоолой чинь эвдэрчихнэ” гэж хэлсэн. СУИС тухайн үед дөрвөн жил байсан ч манай үед зургаан жил сургаж төгсгөж байлаа.- Тэндээсээ ХЦДБЧ руу яагаад орчихов?

- Оюутан хүүхэд сургалтын төлбөр, ойр зууртаа нэмэрлэх гэж элдэв янзын тоглолтоор явдаг байлаа. Суралцаж байх хугацаандаа хүүгээ төрүүлсэн ч, удалгүй бурхан болсон. Багш нар оюутнуудаа төгсөхөөс нь өмнө тоглолт хийж энэ тэнд явуулах дургүй байдаг. Гэвч Ц.Ерөө багш маань намайг завгүй байлгаж, сэтгэлийг минь засах гэж тоглолтод явахыг зөвшөөрч байлаа. Тухайн үед чуулга маань Хилчин хамтлаг гэж явдаг байв. СУИС-д суралцаж байхдаа тухайн үеийн ХЦДБЧ-ын дарга хурандаа н.Төмөрбаттай танилцаад чуулга руу орохоор шийдсэн. Дараа нь 2008 онд Италийн Умбря мужийн Перужя хотын Франческо Морлаккийн нэрэмжит Хөгжмийн консерваторт мэргэжил дээшлүүлээд, 2011-2013 онд СУИС-д Ц.Ерөө багшийнхаа удирдлага дор магистрын зэргээ хамгаалж байлаа. Багш хүний холч ухаан, аливаад чин сэтгэлээсээ хандах гээд хүний дээд гэж түүнийг л хэлэх байх хэмээн боддог доо.

- Өнгөрсөн онд ХЦДБЧ-ын 80 жилийн ой боллоо. Үүнтэй холбоотой ямар арга хэмжээ зохиосон бэ?

- Хэдий цар тахлын үе байсан ч манай чуулгын хувьд олон ажил хийсэн. Чуулгынхаа түүхэн номыг эмхэтгэж гаргалаа. Баримтат кино хийж, тоглолтоо онлайнаар хүргэсэн.

- “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” дууг олон дуучин дуулсан. Хилчин хүн гэлтгүй бүх ард түмний хайртай дуунуудын нэг. Ёстой л “моод”-ноос гардаггүй. Та сүүлд ХЦДБЧ-ын дуучин С.Намуунтай хамтран дуулсан байсан. Ард түмний зүрх сэтгэлээс мартагдахгүй, шинэчлэгдэн дуулаад байдаг тэр увидаст шинж нь юундаа байна вэ?

- Монгол ахуй соёлоор хүмүүжиж, боловсорсон хөгжмийн зохиолч, яруу найрагчдын сэтгэлийн ур ухааны л гайхамшиг болов уу. Эдгээр нь жинхэнэ монгол аялгууны үндэс суурийг тавьсан бүтээлүүд. Үеийн үед л эгшиглэх дууг бид гайхамшигтай сайхнаар яг тэр чигээр нь хойч үедээ өвлүүлэх үүрэгтэй. Энэ нь магадгүй бидний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага. Нэг дууг таван дуучин дууллаа гэхэд тэд бүгд өөр өөрсдийн өнгө аяс, онцлогтойгоор дуулна. Өнгөрсөн жил би “Гоолингоо” дууг анх удаа хоортой дууллаа. Ирэх зун клип хийж, ард түмэндээ хүргэнэ.

- Энгийн нэг уран бүтээлч байхаас илүү цэргийн дуучин байж энэ албанд харьяалагдах нь дагаад өндөр хариуцлага ирдэг байх?

- Бидний үндсэн үүрэг бол ард түмний оюун санааг урлагаар дамжуулан ариусгаж, зоригжуулах явдал. Угаас миний өөрийн зан чанар ч тийм. Аливааг чин сэтгэлээсээ хийх, хүнд амласан л бол заавал биелүүлдэг, дайчин шинж чанар бий гэж боддог. Дуугаа хил дээр очоод дуулахаар хугацаат цэргийн алба хаагчид “Би ямар азаар хилийн цэрэгт ирээ вэ” гээд л омогшино, зарим нь уйлна. Хоёр жилийн өмнө “Уран бүтээлчид улсын хилээр” төслөөр би урлагийн салбарынхантай хамт явсан. Тэд бас яг хил дээр ирээд сонссон чинь энэ эх орон, улсын хил, энэ хилийг өдөр, шөнөгүй хамгаална гэдэг ямар гайхалтай вэ гээд л уулга алдсан. Би хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө, офицер болоод эх орондоо тангараг өргөсөн. Ийм хүн хариуцлагатай байхгүй гээд яах билээ. 

Тангараг өргөнө гэдэг зүгээр нэг туганд очоод ёсолчих биш. Энэ мөчөөс эхлээд харилцаа хүртэл хуулиар зохицуулагдана. Эх орон дуудахад хэзээд бэлэн уран бүтээлч болно. Сахилга бат, тэвчээр, хувийн зохион байгуулалт бүгдийг эндээс сурна.- Та эх орны хилээ арван удаа тойрчихжээ. Бүсгүй хүнд ийм хол замыг туулна гэдэг хүнд санагдах юм?

- Километрээр тооцвол арваас их явсан. Эх орнынхоо сайхныг хилийн цэрэгт ороод л мэдэрлээ дээ. Тийм учраас дуу минь үнэн байж, омогшиж дуулдаг. Хилээр яваад миний олж харсан нэг зүйл хилчин хүний гэр бүл. Тэдгээрийн нийгмийн асуудлыг дорвитой, сайн шийдээд өгөөсэй гэж хүсдэг. Хүүхдийн боловсролд маш сайн анхаарч тогтмол чанартай сургалт явуулдаг, номын санг хилийн анги, застав бүрт шийдээд өгөөсэй. Хэвлэлийн газар, тоглоомын төв зэрэг хүүхэдтэй холбоотой ямар л байгууллага байна бүгдтэй нь хамтарч ажиллах хэрэгтэй. Хөдөө байгаа ч гэсэн хотын хүүхдийн уншдаг номыг уншиж, тэндээ боловсорч яагаад болохгүй гэж. Залуу насаа тийм буйд газар өнгөрүүлнэ гэдэг хэцүү санагддаг юм. Хилчин эмэгтэйчүүд гаднаас хүн ирэхэд үнэхээр их баярлаж, байгаа бүх зүйлээ дэлгээд л угтдаг, ажилласаг, ухаалаг гайхалтай хүмүүс бий. Ганц өдөр ч гэсэн дуугаа дуулж, сэтгэлийг нь баясгаад явж байгаа нь сайхан санагддаг даа.

- Өнгөрсөн жил та ханьтайгаа “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт оролцсон байсан. Ер нь эр хүнд үнэн сэтгэлээсээ хайрлагдсан эмэгтэйгээс л ийм их эрч хүч, нүдний гал цог харагддаг юм байна даа гэж боддог юм. Та хоёр яаж танилцаж, өдий олон жилийг хамт туулсан бэ?

- 2006 оны арванхоёрдугаар сарын 26-нд миний тоглолтыг нөхөр маань үзсэн байсан. Академич Болдбаатар ах тоглолтын урилга өгсөн юм билээ. Тоглолтын дараа би Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Мөнхгэрэлийн урилгаар  шинэ жилд нь оролцох байсан. Тэр үед миний машин эвдэрчихсэн яаж шинэ жил рүү явах вэ гэж бодож байтал манай хүн “Хүргэж өгөх үү” гэж асуусан. Нөхрөө анх хараад л ямар цэвэрч, цэмцгэр хүн бэ гэж бодож байснаа санадаг юм. Тэр өдрөөс хойш л амьдралаа эхлүүлж өдий хүрлээ. Ер нь уран бүтээлч хүний ар гэр гэхээс илүү хүний хань ямар байх ёстой вэ гэдгийг би нөхрөөсөө олж хардаг. Дэндүү их халамжтай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, намайг зүрхнийхээ угаас хайрладаг нь мэдрэгддэг юм. Анх л тийм байсан одоо ч яг хэвээрээ. Хайр гэдэг харилцан биенээ хүндэтгэж, хайрлахын нэр болохоос миний хань халамжтай юм чинь гээд л зүгээр суугаад, буйдан дээр хэвтэхийн нэр биш. Чин сэтгэлээсээ хайрлагдсан хүн аз жаргалтай, эрч хүчтэй байдаг. Нөхрийнхөө энэ хайрыг би үйл хөдөлмөр, эргээд түүнийх шигээ хайр, халамжаар бэлэг барихыг хичээдэг. Аав ээжийн хайранд өлгийдүүлж өсөөд, ийм ханьтай учирсан нь бас л бурхны надад өгсөн бэлэг, амны хишиг юм болов уу гэж боддог. 

Хол яваад ирэхэд 200 км-ийн наанаас намайг тосно, ирэхэд гэр цэвэр цэмцгэр, нямбай, амттай хоол бэлтгээд хүлээж байдаг. Италид сурч байхад өдөр бүр л утсаар ярьж, биенээ санаж үгүйлэхийг тултал мэдэрсэн дээ. Хүн ер нь нэг л амьдрахад элдэв янзын зүйлээр биенээ зовоолгүй, чин сэтгэлээсээ сайхан л амьдрах хэрэгтэй. Амьдралын гол утга учир нь хайр шүү дээ.- Та зарлаад байдаггүй л болохоос олон хандивын тоглолтод оролцож, бусдад тусладаг. Үүнээсээ юуг мэдэрдэг вэ?

- Тоолж байгаагүй болохоос олон хандивын тоглолт, хүмүүнлэгийн үйлсэд оролцсон. Хүний амьдралд хүнд хэцүү үе хүн бүрт ирдэг. Миний амьдрал ч дардан байгаагүй. Энэ л замаар явсан учраас би бусдад туслах дуртай. Хэцүү, бэрхийг давсны дараа хүн өөрийнхөө тэвчээр, хатуужил, нандин чанараа олж хардаг. Тусласан хүн маань чин сэтгэлээ инээмсэглээд л баярлалаа гэж хэлээд гарыг минь атгахад надад маш их хүч дээрээс нь сэтгэлийн ариусал авчирдаг. Уран бүтээлч хүн жинхэнэ хүн байх ёстой. Ижий аав хоёр минь намайг хүнийг чин сэтгэлээсээ хайрлахад сургасан.

- Урлагт 35 жил, ер нь бүх амьдралаа зориулжээ. Эндээс харахад урлагаас таны олж авсан хамгийн эрхэм нандин чанар, үнэт зүйл нь юу вэ?

- Уран бүтээл гэдэг сэтгэлийн орчинд бүтээгддэг. Тийм учраас аливаа бүтээлийг би хүний сэтгэлд яаж хүргэх вэ, хөгжим, клип, хувцаслалт гээд бүгдийг тооцоолж судлах ёстой. Гаднын улс шиг менежер, продюср байхгүй шүү дээ. Тэгэхээр амьдралаас олж авсан мэдлэг боловсрол, суралцаж байгаа зүйлээрээ л энэ бүхнийг хийнэ. Монгол хүний уугуул чанар хөрвөх чадвартай, бүгдийг л болгодог доо. Дээрээс нь уран бүтээлч хүн бүтээлээс бүтээлийн хооронд улам чанаржиж, задарч ирдэг. Дотоод сэтгэл рүүгээ өнгийж, өөрөө ариун байж хүнд уран бүтээл хүргэдэг юм байна гэдгийг ойлгосон. Зогсолтгүй хөдөлмөрлөх л хэрэгтэй. Би хэвтэх, удаан суух дургүй. 2016 оноос хойш би ХЦДБЧ-ын дуулах ур зүйн багш болсон. Ирээдүйн дуучдыг бэлтгэх, зөв чигийг нь өөрийн амьдралын туршлага, олж авсан боловсролоороо сайн боловсон хүчин бэлтгэхээр хичээн ажиллаж байна. Тэд маань ч чамлахгүй амжилт үзүүлж байгааг хараад бахархах сэтгэл төрдөг дөө.

Удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг эмээ С.Цэрмаа, ээж Ө.Долгорсүрэн болон Хил хамгаалах байгууллагын нийт эмэгтэйчүүддээ хүргэе.


110
103
1
1
1
3

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна