Г.Майцэцэг: Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ авах нь иргэдээр дамжуулж, үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого байсан

Админ
2021/03/04

С.БҮЖИН

Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэгтэй ярилцлаа.

-Цар тахлын үед бизнес эрхлэгчид амаргүй цаг хугацааг туулж байна. Ажлын байраа хадгалж үлдэхийн тулд хэрэндээ хичээцгээж буй. Танай компанид ковид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Би 14 настайдаа бизнес эрхэлж эхэлж байлаа. Польш бол наймааны орон. Тэр улсад хүүхэд байхдаа аав ээжтэйгээ хамт цагаачилж очсон. Нийгэм солигдсон үе буюу төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжих үед маш олон иргэд гадаад улс орныг зорьж байсан. Польш улсын Люблин хотод Олон улсын зах зээл судлалаар сурч байхдаа 1996 онд анх компани байгуулж, 2002 он гэхэд 20 гаруй ажилтантай оёдлын жижиг цех байгуулан ажил олгогч, үйлдвэрлэгч болж байв. Хүн нас явахын хэрээр эх орноо бодож, өсөж төрсөн газартаа татагддаг юм билээ. Хүний нутагт байхдаа л эх орныхоо үнэ цэнийг илүү мэддэг. Өөр улсад би хэчнээн ажил олгогч, дарга хэдий ч сонгууль өгөх эрхгүй, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй зүгээр нэг гадны цагаач. Энэ бол амьгүй мэдрэмж шүү дээ. Хүн гэдгээ бүрэн гүйцэд мэдэрч чадахгүй байгаа мэт мэдрэмж өөрийн эрхгүй төрдөг юм. Эх орондоо бол болохгүй асуудлыг шүүмжилж, үзэл бодлоо илэрхийлэх нь амьд байгаагаа мэдэрч байх шиг санагддаг. 2008 онд Монголд ирээд 2009 онд “Exclusive” компанийг байгуулсан. 

Гадны улсад олж авсан мэдлэг, цуглуулсан хөрөнгөө үйлдвэрлэлдээ зориулсан. Төрийн оршин тогтох үндэс нь ард түмний төлсөн татвар байдаг. Төр байгаа цагт татвар байна. Татварын нөхцөл нь шударга, зөв байх хэмжээгээрээ улс орон хөгжинө. Татвар төлөгчид олон байх тусмаа төр нь хүчтэй болно. Тэгэхийн тулд иргэд нь орлоготой, ашигтай ажилладаг нийгмийг бүтээх ёстой. Татвар бүрдүүлэлт нь торгуулиар биш иргэд, ААН-үүдийн олсон ашгаас бүрддэг бол эдийн засгийн бодлогыг зөв явж байна гэж дүгнэх байх. Монголын төрийн албан хаагчид татвар төлөгчдийн төлсөн мөнгөөр цалинждаг гэдгээ ухамсарладаг болбол татвар төлөгчдөдөө хүндэтгэлтэй ханддаг, хүнлэг нийгмийг бүтээнэ. Үүнийг харамсалтай нь ойлгож мэддэг нь дэндүү цөөхөн. Яагаад бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдээ хог шаар мэт үздэг юм бэ. Хүний нутагт ажиллаж байхдаа ийм мэдрэмжийг авч үзээгүй болохоор зөрчилдөөд байх юм. Эх орондоо, төр засагтаа үнэлэгдэж чадахгүй байна гэдэг амаргүй санагддаг.

-Эх орондоо ирээд бизнес эрхлээд багагүй хугацаа өнгөрчээ. ЖДҮХС-гийн зээлд хамрагдаж байв уу?

-ЖДҮХС-гийн зээлд хамрагдаж байгаагүй. Бид ямар хүмүүс сонгож төрд гаргасныхаа горыг амсаж байна. Ардчилсан нийгмийн хамгийн үнэт зарчим нь зөв хүнээ сонгох боломжийг ард түмэнд олгодогт байгаа юм. Бид өөрсдөө ямар хүмүүсийг сонгосон юм бэ. Ямар хүн сонгочихоод, хэнд гомдоллож байгаа юм. ЖДҮХС-гаас мөнгө завшсан төрийн эрх мэдэлтнүүддээ өнөөдрийг хүртэл хариуцлага тооцож чадсан бил үү. Чадаагүй шүү дээ.

-Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар гурван хүний нэг нь ядуу байсан бол одоо энэ тоо хоёр боллоо. Ядуурал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Ингэж амьдарч байгаагийн шалтгааныг та юу гэж бодож байна?

-Өөрийнхөө төлөө л хүмүүс амьдрах ёстой. Гэтэл бид халамжинд найддаг. Монголчууд уг нь маш их боломж дээр байгаа ард түмэн. Урд хөрш нь том түүхий эд нийлүүлэгч. Хойд хөрш нь маш том зах зээл. Хятадуудыг нийтээрээ муулдаг. Гэтэл хятадууд ажилсаг ард түмэн. Төр засаг нь ч манайх шиг биш. Уг нь бид төр засгийн гаргаж байгаа бодлого, шийдвэрүүдэд хяналт тавьж байх ёстой юм. Хамгийн чухал нь өөрийнхөө төлөө л дуугардаг байх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө явдаггүй хүн бидний төлөө шийдвэр гаргах уу. Өөрийнхөө төлөө явдаггүй хүн хэн нэгний төлөө тэмцэх үү. Бид дор бүрнээ ухаажих цаг болсон. Энэ чигээрээ байвал 50 жил болсон ч үйлдвэрлэл хөгжихгүй. Тэнэг байвал хэн нэгний “идэш” болно шүү дээ. 

Бид нэгдэж чаддаггүй, зөвхөн амиа боддог. Бүгд өрөндөө дөнгөлөгдчихсөн. Өнөөдөр л хөдөлмөрлөхгүй бол маргаашийн амьдрал зогсох гээд байна. Бид ирээдүй, хойч үеэ бодох хэрэгтэй биз дээ. Би зөвхөн өнөөдрөө бодож амьдрах юм бол үйлдвэрлэл эрхлэх шаардлага алга. Хэнээс ч дутахгүй хүссэн зүйлээ авч, эдэлж хэрэглээд амьдарна. Гагцхүү бухимдаад байгаа зүйл нь бид өчнөөн боломжийг алдаад байгаа явдал. Хэлэх үг алга. Төр засгаас цар тахлын үед авсан дорвитой арга хэмжээ байсангүй. Ерөнхийлөгчийн нэг сая төгрөг олгох санаачилга ЖДҮ-д бодитоор эргэлтэнд орох зөв зүйл байлаа. Монголд үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүнийг авах нь иргэдээрээ дамжуулж үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого байсан юм. Ажлын байрыг тогтвортой хадгалж үлдэхэд том түлхэц болох байсан даа.

-Та бизнесээ явуулахдаа хэдэн хувийн хүүтэй зээл авч байна вэ?

-Зээлээр үйлдвэрлэл босно гэдэг маш хэцүү. Банкнаас зээл авах үнэндээ худлаа гэж хэлнэ. Бизнес эрхлэгчдэд чиглэсэн зээлийн таатай нөхцөл байдаг байсан бол үйлдвэрлэл өнөөдөр маш сайн хөгжсөн байх байлаа. Банкнаас зээл авахад үл хөдлөх хөрөнгө гол барьцаа учраас зайлшгүй шаарддаг. Гэвч үл хөдлөх хөрөнгөтэй үйлдвэрлэгч нь хэд билээ, хэцүүхэн үзүүлэлт харагддаг. Үйлдвэрлэл хөгжихгүй байгаагийн гол шалтгаан нь шударга бус явдал, хууль тогтоомжийн зөрчилтэй байдал. Боломжоороо үйлдвэрлэл эрхэлж байгааг нь янз бүрийн бодлого, шийдвэрээр боомилдог. Гадны улс оронд ажлын байрыг нь хадгалж үлдэхийн тулд иргэд, ААНүүддээ хүүгүй, барьцаагүй зээл олгож байна. Монголд тийм зүйл байхгүй. Ганц үйлдвэрлэгчээр зогсохгүй салбар бүрт шударга бус байдал байна. Шударга, тэгш байдал байхгүй байгаа учраас улс орон хөгжихгүй байна. Ардчиллын суурь зарчим нь бүгдэд тэгш эрх, боломжийг олгох гэтэл Монголын ард түмэнд тэр боломж нь алга. УИХ-ын гишүүний эхнэрийн компани байлаа гээд бага хүүтэй зээл авдаг тогтолцоотой ардчилсан орон хаана ч байхгүй. Хэн, юу хийж чадаж байна тэр нь хөнгөлөлттэй зээл, тусламжаа авах хэрэгтэй.

-Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэхэд үйлдвэрчдийн оролцоо хангалттай байж чадаж байна уу?

-Үйлдвэрлэл эрхлэхэд эрх зүйн орчин, хуулийн зохицуулалт дутмаг байдаг. Засгийн газар далд эдийн засгаа ил болгоно гээд НӨАТ-ын луйвар хийсэн “хулгайч” нараа бүгдийг нь өршөөх жишээтэй. Уг нь надад үйлдвэрлэл эрхэлж өөрийгөө зовоохгүй байх сонголт байгаа. Гэхдээ миний итгэл үнэмшил хүний нутагт юуны төлөө энэ олон жилийн турш ажиллаж, амьдарсан билээ, юу сурч мэдсэн билээ түүнийхээ үр дүнг үзэх. Би үхсэн ч миний үр хүүхэд эх орондоо ажиллаж, амьдарна биз дээ. Тийм учраас өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлээ зогсоохгүй ЖДҮ-г хөгжүүлэхийн төлөө явдаг юм.

-Цар тахлын энэ онцгой үед ЖДҮ эрхлэгчид хэрхэн тэсэж байгаа бол?

-Бизнес эрхлэгч хүн цаг үеийн нөхцөл байдалд хувирч чаддаг байх ёстой. Зах зээл юу хүсэж байна, түүнд нь тааруулж юм хийх нь чухал. Мэдээж цар тахлын хүнд хэцүү байдал үйлдвэрлэгч, бизнес эрхлэгч болгонд хүндээр тусаж байгаа. Зарим нь бүр хаалгаа барих хэмжээнд хүрчихээд байгаа шүү дээ. Төрийн оновчтой бодлого, зохицуулалт аргагүй үгүйлэгдэж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна