Шакира: Би хойш сууж чадахгүй

Админ
2021/03/05

М.ХҮСЛЭН

“Би хойш сууж чадахгүй” хэмээн дуучин Шакира ярьж байна. Тэрбээр концертынхоо хажуугаар Колумбид сургуулиа нээж, хит дууныхаа бичлэгээ хийлгэж, үнэртэн ус, сүрчигийн бизнес эрхэлдэг. Дуучин бүсгүйн “ELLE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна. 

-Хувцасны тухай яриагаа эхэлье. Мэдээжийн хэрэг, та асар том хувцасны өрөөтэй байх? 

-Таасангүй. Би жинсэн өмд, подволкт дуртай. Надад олон гутал, аксессуар байдаг нь үнэн. Зарим зүйлийг загварын брэндүүд өгдөг. Чамд хувцас хэрэглэл зүгээр бэлэглэдэг нь оддын эдэлдэг эерэг статусын нэг. Харин нэг талаас хоёр дахин их мөнгө төлөх ч хэрэг гарна. Тэглээ гээд амьдралын хэмнэл алдагдахгүй. Гэхдээ би өдөр бүр тав тухтай зүйлийг илүүд үздэг хэвээр байна. 

-Папарацциудын гэрэл зургуудаас харахад та үргэлж инээж явдаг нь гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг? 

-Яагаад гэвэл тачаангуй мэдрэмж төрөх үедээ л өөрийгөө хамгийн тохь тухтай байдаг гэж боддог. Хэрэв би жийнс, богино подволкнуудаас татгалзвал Жерар зөвшөөрөхгүй. Тэр халуухан эмэгтэйтэй гэрлэсэн. Түүнийг хуурахыг хүсэхгүй байна. За, за. Энэ бол зүгээр наргиа шүү.

-Тав, зургаан жилийн өмнө таны тоглолтыг үзэж байсан. Тийм гайхалтай эрч хүчийг та хаанаас авдаг вэ?

-Надад нууц энергийн ундаа байдаг. Тэр бол шоколад.

-Тэгээд болоо юу?

-Үгүй. Би угаасаа тайван бус хүн. Надад үргэлж ямар нэгэн зүйл хийх, зохион бүтээх, амьдрах хэрэгтэй байдаг. Мэдээжийн хэрэг, заримдаа юу ч бодож, саналгүйгээр буйдан дээр хэвтэх нь маш сайхан санагдана. Инээдмийн цуврал кино үзэж, толгойгоо бага зэрэг амрааж, хагас цаг ч гэсэн инээдэг. Заримдаа юу ч хийхгүй зүгээр хэвтэж, хов яриад сууж байхад ямар нэгэн санаа төрнө. Тэгээд л боллоо. Санаагаа хэрэгжүүлэх хүртэл би тайвширдаггүй.

-Стрессээ яаж тайлдаг вэ?

-Теннис тоглодог. Талбайд гарахад эргэн тойрны бүх зүйл оршин тогтнохоо больж, торыг давуулж буй жижигхэн ногоон бөмбөг хүртэл агшсан юм шиг харагдана. Жирэмсэн байхдаа ч гэсэн би долоо хоногт хоёр удаа тоглодог. Эмч нар мэдээж, үүнийг зөвшөөрөхгүй. Гэвч надад идэвхтэй хөдөлгөөн хэрэгтэй. Энэ нь бас бие бялдараа чийрэгжүүлэх сайн арга юм. Бэлтгэлийн заал, танхимаас хурдан залхдаг. Нэг хэвийн дасгал хийхээс уйдчихдаг. Теннис илүү сонирхолтой.

-Таны 90-ээд онд гаргаж байсан цомог амжилт олж чадаагүй. Асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн бэ. Ихэнх хүмүүс бүтэлгүйтснийхээ дараа бууж өгдөг?

-Би багаасаа шаргуу ажилладаг байсан. Хойш сууж чадахгүй. 13 настай охин Колумбид хамгийн анхны цомгоо гаргаж байлаа. Уг цомог маш сайн зарагдсан. Колумбийн радиогоор миний дуу байнга эгшиглэнэ. Хүмүүс намайг насанд хүрсэн дуучин гэж төсөөлжээ. Яагаад гэвэл миний хоолой гүнзгий, намуухан сонсогдож, дууны үг маш их утга учиртай байж. Харин хоёр дахь цомог маань үнэхээр амжилт олоогүй. Тэгэхэд дуу бичлэгийн студи надад өөрсдийн болзлыг тулгасан. Хэрэв миний дараагийн дуу хит болохгүй бол бид гэрээгээ цуцална. Би нуман тулгуурт орсон.

Ажилдаа бүх сэтгэлээ зориулж, шаргуу хөдөлмөрлөсөн. Үүний үр дүнд цомог маань Латин Америк болон Испанид маш олон хувь зарагдсан. Харин би том туршлага олж авсан. Төсөл бүрд та өөрийгөө сайжруулж, авьяас чадвараа хөгжүүлж, толгойноос дээш үсрэхийг хичээх хэрэгтэй.-Америкийн зах зээлд гарах амар байгаагүй биз?

-Мэдээж. Надад зөвхөн англиар ярьж, дуулж сурахаас гадна шүлэг бичих шаардлага тулгарсан. Энэ бол хэцүү. Би маш их уншиж, Америкийн яруу найргаас санаа авч эхэлсэн. Үүний ачаар “Laundry Service” цомгийг дэлхий даяар 13 сая хувь борлуулж чадсан.

-Би ч гэсэн нэгийг худалдаж авсан. Та багаасаа алдартай болохыг мөрөөддөг байсан уу?

-Юуны өмнө би эцэг маань надаар бахархах болно гэж мөрөөддөг байсан. Гэр бүл, улс орондоо ач холбогдолтой зүйл хийхийг л хүссэн.

-Нэг салбарт хамтран зүтгэгчдээсээ хэнийг биширдэг вэ?

-Шүтэн биширдэг хүн олон. Жишээлбэл, “Coldplay” хамтлаг байна. Би тэдгээр залуусын дууг сонсохгүй байж чадахгүй. Тэдний дуу хоолой бол ер бусын, гайхалтай. Мөн Нора Жонс. Тэр маш өвөрмөц хоолойтой. Түүнчлэн Рианна болон Бейонсег хүндэлдэг. Тэд маш шаргуу, дайчин бүсгүйчүүд.

-Та нийгэм, улс төр болон буяны янз бүрийн төсөлд оролцдог. Тэднээс аль нь таны хувьд хамгийн чухал вэ?

- Миний өөрийн үүсгэн байгуулсан “Pies Descalzos” боловсролын сан байгаа. Би уг санг 18 настай байхдаа үүсгэн байгуулж, гурав дахь цомгийнхоо нэрээр нэрлэсэн. Бид хөдөө, төвөөс алслагдсан тосгонд сургууль барьж, ядуу өрхийн хүүхдүүдэд чанартай боловсрол эзэмших боломжийг олгодог. Манайд 1-5 настай хүүхдүүдэд зориулсан бага насны хүүхдийн хөгжлийн төв байдаг. Тэнд хүүхдүүд сурахаас гадна сайн хооллож, эцэг, эхийнхээ заримдаа өгч чадахгүй халамжийг авдаг. Колумб болон бусад оронд олон гэр бүл ядуурлын доод түвшинд амьдарч байна. Үүнээс болж олон хүүхэд хохирдог. Хүүхдийн өсөлтөд эхний жилүүд маш чухал. Энэ үед тархи идэвхтэй хөгжиж, зан чанар нь бүрэлдэж, хүрээлэн буй амьдрах орчинтойгоо танилцаж, ур чадвар, зуршилд суралцана. Боловсролд хийх хөрөнгө оруулалтаас хувь хүний төдийгүй нийт ард түмний ирээдүй хамаарна. Манай сан Колумбид бага насны хүүхдийн хөгжлийн 13 төв байгуулсан. Мөн Аргентинд 13, Мексикт хоёрыг байгууллаа. Түүнчлэн манай сургуулиудад 18 мянган хүүхэд суралцдаг. Бид төгсөгчдөө коллежид элсэн ороход нь хүртэл тусална.

-Ийм зүйл хийх хэнд хэрэгтэй вэ гэж та өөрөөсөө асуудаг байх?

-Тийм ээ. Нэг удаа би бусдын адил “Эдгээр хүүхдүүд хэнд ч хэрэггүй байгаа нь ямар харамсалтай байна вэ?” гэж бодсон. Гэхдээ дараа нь би нөхцөл байдлыг өөрчилж чадна гэдгээ ойлгосон. Энэ төсөл бол миний амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай зүйл. Бүх хүчин чармайлт, тийшээ зарцуулсан нэг цент, нэг доллар бүр үр өгөөжөө өгөх болно гэдгийг би мэднэ. Бид цахилгаангүй, ундны усгүй, замгүй хөдөөний тосгонд сургууль байгуулж, Засгийн газрын анхаарлыг энэ асуудалд хандуулж байна. Тэнд зам тавьж, цахилгаан станц байгуулж, ундны усаар хангахыг бид төр, засгаас шаарддаг. Өнөөдөр ард олон, нийгэм төрийн хариуцлагыг хүлээхээс өөр аргагүй байдалд байгаа нь харамсалтай. Гэхдээ энэ нь зүгээр сууж, юу ч хийхгүй байснаас дээр. Хэрэв хүн бүр ирээдүйн төлөө ямар нэгэн зүйл хийвэл дэлхий илүү сайхан байх болно.

-Та амьдралынхаа чухал мөчүүдийг олон нийтийн сүлжээнд шүтээн бишрэгчидтэйгээ хуваалцдаг. “Rock” нэртэй шинэ үнэртний гэрэл зургийг тавьсан байсан. Энэ нэр хаанаас гаралтай вэ. Та карьерынхаа шинэ үеийг эхлүүлж байна уу?

-Тайзан дээрх сэтгэл хөдлөлөө энэ үнэртэй усаар илэрхийлэхийг хүссэн юм. Хэрэв та санаж байвал би эхэндээ рок-н-ролл дуулдаг жоохон охин байсан. Гитар тоглож, өдөржингөө савхин өмд өмсдөг байлаа. Дараа нь бага багаар өсөн дэвжиж, өөр түвшний дуучин болж, хэв маягаа ч өөрчилж эхэлсэн. Миний дуунуудад үндэстэн, угсаатны хэв маяг харагддаг болсон. Шакираг поп од гэж үздэг болов. Энэ бол тодорхойлох статус юм. Гэхдээ үнэндээ рок надад ойрхон хэвээр байгаа. Юуны түрүүнд рок бол сэтгэлгээ, амьдралын хандлага, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд тусалж, эрч хүч өгдөг. Хүн бүрийн дотор хэнд ч, юу ч тайлбарлаж, нотлох үүрэггүй, галзуу солиотой рок хөгжимчин, дуучин байдаг гэдэгт итгэдэг.

-Та энэ нэрийг өөрөө бодож олсон уу?

-Тийм ээ, өөрөө нэр өгч, лонхыг нь зохиосон. Энэ бол 100 хувь миний санаа. 

Анхны харцаар дурлаж, татагдах үнэрийг бий болгохыг хүссэн. Лонхыг нь гитарын хэлбэртэй болгосон. Хэн ч ийм зүйл хийгээгүй гэдэгтэй мөрийцөхөд бэлэн.-Үнэртэн бүтээх ба хөгжим бичих хоёрыг харьцуулах боломжтой юу?

-Мэдээж. Хамгийн гол нь нот, ая, уянга нь зохицох хэрэгтэй.

-Өсвөр насандаа хэрэглэж байсан анхны үнэртнээ санаж байна уу?

-Миний мэдэх хамгийн анхны үнэртэн ээжийн үнэртэй ус байсан. Кофе шиг гайхалтай үнэртсэн. Хүний ой санамж гайхалтай аргаар бүтдэг. Үнэртэй усны нэрийг мартсан ч, үнэрийг одоо хүртэл санаж байна. Одоо ч гэсэн би кофе үнэрлэх бүрдээ шууд л ээжийгээ санадаг. Яг л шинэ өвсний үнэр гэр орныг санагдуулдагтай адил. Харин далай бол амралтыг санагдуулдаг.

-Харин таны үнэртнээс аль нь хамгийн таатай дурсамжийг төрүүлдэг вэ?

-Магадгүй “S by Shakira”. Би Жерартай (дуучны нөхөр, хөлбөмбөгч Жерар Пике) анхны болзоондоо анхилуун үнэртэй ус үнэртүүлсэн. Энэ үнэр түүний толгойг зүгээр л эргүүлсэн.

-Та сүйт залуугаасаа 11 насаар эгч. Заримдаа насны зөрүү та хоёрын харилцаанд сөргөөр нөлөөлдөг үү?

-Мэдээж. Эмэгтэй хүн өөрөөсөө дүү хүнтэй учирч, хүүхдийг нь төрүүлнэ гэдэг том хэрэг.

-Та юунд тэмүүлж байна вэ?

-Би урьдын адил их хөдөлмөрлөж байна. Мөн хайртай хүмүүстээ халамж, хайраа бэлэглэхийг зорьж байна. Намайг хайрладаг, миний хайрладаг хүмүүс надад маш чухал гэдгийг би үргэлж мэдэрч, ойлгож явдаг.

 

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна