И.В.Гёте “Фауст” пост драмын жүжиг өнөөдрөөс дахин тоглогдоно

Админ
2021/03/05

Г.ЭНХГЭРЭЛ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анх тавигдсан тус жүжгийг өнөөдөр буюу гуравдугаар сарын 5-наас эхлэн “ The Corporate convention centre” -д дахин тоглох гэж байна. Хэрвээ амьд байгаагаа мэдэрч, зовлон шаналал, үхлийн тухай эргэцүүлж жаахан ч гэсэн бодох зүйлтэй болмоор байвал энэ жүжгийг заавал үзээрэй. Урлагийн онолоор Катарсис буюу хүний сэтгэлийг цочирдуулан ариусгах үүргийг сонгодог жүжгээс олж авч болно. Жүжгийн зохиолын тухайд Германы суут зохиолч И.В.Гёте Фауст жүжгээ бичих санаа бүр 1770-аад онд төрсөн боловч эцсийн хувилбарыг нас барахаасаа ганцхан жилийн өмнө 1831 онд бичиж дуусгажээ. Ер нь л насан туршдаа бодож, боловсруулж бичсэн юм уу даа. Бүтэн гурван зууныг элээчихээд өдий болтол улс бүрд тоглогдож, хуучрахгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ? Өнөөх “сонгодог” гэх тодотгол. Сонгодог гэдэг үгийг монгол хэлний үгийн утгын тольд тэргүүн, дээд зэргийн, үлгэр жишээ болохуйц, нийтэд ихэд үнэлэгдсэн алдартай, шилдэг сайн хэмээжээ.

Тэгвэл яагаад тус жүжгийг сонгодог хэмээн үнэлсэн бэ гэвэл энэ жүжиг нь ард олны дунд ихэд дэлгэрсэн доктор Фаустын тухай герман ардын домгоос сэдэвлэн бичсэн бөгөөд бодит ахуйн реалист дүр зураглалыг библи, ардын аман зохиолоос уламжлалтай дам яриа, хийсвэрлэл, ёгтлол, уран сэтгэмж, бэлгэдлийн арга маягтай хослуулан дүрсэлсэн байна. 

Хүн төрөлхтнийг саруул сайхан ирээдүйн зөв замд нь оруулж өгөхийн төлөөх Фауст эрдэмтний хийсэн цөхрөлтгүй эрэлхийллийн бартаат замд тохиолдож буй цөхрөл, төөрөгдөл, мятрашгүй тэмцлийг харуулсан байдаг. Чөтгөртэй гэрээ хийж, залуухан охины амьдралыг сүйрүүлсэн ч тэрэндээ огтхон ч шаналж цөхрөлгүй явсаар энэ бүхний эцэст Фауст сая өөрийн хийсэн туршлагаас хүний амьдралын хамаг учир нь эрх чөлөөтэй байх, үйл бүтээл шамдан эрхлэхэд байдаг гэсэн үнэнд хүрдэг. Фауст ийнхүү зовж зүдэрч байж, эрлийн үзүүрт хүрсэн хойно нүд нь нээгдсэн байна.Эцэст нь Фауст газар ухах чимээ сонсоод далайн намгийг хатаан далан барьж байна уу даа гэж боддог. Гэтэл түүнийг өөрийг нь оршуулах нүх малтаж байжээ. Жүжиг хоёр гол дүртэй. Фаустын дүрд жүжигчин Г.Мягмарнаран, С.Болд-Эрдэнэ нар тоглосон ба хэр зэргийн туршлагатай, чансаатай жүжигчид гэдгийг үзэгчид надаар хэлүүлэлтгүй мэдэх биз. Харин бурхадтай мөрий тавьж, Фаустын сүнсийг авахаар хүний ертөнцөд бууж ирэх чөтгөр Мефистофелийн дүрд хошин урлагийн жүжигчин Т.Бархүү тогложээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна