Төрийн орчуулагчаа Хятад улс хэрхэн бэлтгэдэг вэ?

Админ
2021/03/23

Эрдэмтний үг

Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар

 Саяхан Аляскад болж өнгөрсөн Америк, Хятадын гадаад харилцааны салбарын томоохон уулзалт дээр Хятадын төлөөлөгчдийн ахлах Ян Зе Чы 16 минутын турш үг хэлсэн юм. Үнэндээ тасралтгүй ярьсан тийм урт зүйлийг орчуулна гэдэг бараг байж боломгүй хэрэг л дээ. Тэгж бодсон бололтой Ян Зе Чы дарга нь «Миний дараа Ван И сайд хэдэн үг хэлэх байлгүй дээ.» гэж хэлтэл түүний зүүн гар талд сууж байсан эмэгтэй орчуулагч Жан Зин «Дарга аа, би эхлээд орчуулах  уу?» хэмээн хэлээдэхэв.

«Чи ийм урт зүйлийг орчуулж амжих уу даа? За яахав энэ дашрамд орчуулагчийнхаа чадлыг тэнсээд авахын муу нь юу байх билээ?» гэхэд тэр үгийг сонссон Америкийн төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкин «Тэгвэл бид ч гэсэн цалин дээр нь нэмэр олгох хэрэгтэй байх шүү » гэж бяцхан хошигносны дараа Жан Зин орчуулагч ажлаа эхэлсэн юм. Намбалаг, тайван, даргынхаа хэлсэн бүхнийг үг үсэг гээхгүй оновчтой орчуулж чадсан нь тэр даруй олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд өртөж таарна аа  даа.   

Үүнтэй холбогдуулаад Монгол Улсын хувьд төрийн орчуулагч бэлтгэх тал дээр үйлчилж байгаа тогтолцоог шүүмжилмээр санагддаг. Манай дарга нараас энэ асуудлыг онцгой анхаарч ирсэн хүн нь Ю.Цэдэнбал дарга байсан болов уу? С.Баяр ч энэ талаар санаа тавьж явдаг нь түүний сүүлд гаргасан номон дээр тусгалаа олсон байна лээ. Гэхдээ ерөнхий сайдын алба хашиж байсан хүн гэхэд айхтар дорвитой хөдөлж чадаагүй санагддаг. Ер нь бол орчуулгын асуудал миний бага залуугаас л байнга шахам гардаг нь цөөнгүй арга хэмжээнд оролцож байхад ажиглагддаг байсан. Орос, хятад хэл гэлтгүй бусад хэлний орчуулагчдын тухайд ч зовлон бэрхшээл адилхан байдаг байж таарна. Гол нь том арга хэмжээний өмнө сайд дарга нарын үг урьдчилж ирнэ гэж бараг байхгүй. Ирлээ ч цаг тулсан хойно ирдэг болохоор хальт гүйлгэж хараад орчуулах тохиолдол олон байдаг.

Миний тодхон санаж байгаагаар Хятадын ерөнхий сайд асан Вэнь Зя Бао-гийн  айлчлалын үеэр болсон хөрөнгө оруулагчдын чуулган дээр Хятадын ерөнхий сайд чихэвчээ аваад тавьчихаж байж билээ. Энэ нь "Танай талын орчуулга болохгүй байна шүү" гэдгийг дотор ухаанаар эвлэгхэн ойлгуулж байгаа хэрэг байж таарна.

Бид ч гэсэн ойр дотны хүрээндээ иймэрхүү асуудал байгааг мэдэрдэг боловч сайндаа шүүмжлэн хэлэлцэхээс цаашгүй юм даа. "Болдбаатар аа, чи намайг бодвол юм хум бичдэг хүн байна. Боломж байвал дээшээ уламжлаач! Саяхан нэг яамны сайдын орчуулгад хэдэн хятад дагаад орсон чинь нэг хөгжилтэй нөхөр орчуулга хийж байх юм. Хүн харахад хурдан түргэн ярина гэж жигтэйхэн. Гэтэл үнэндээ Монголын талын сайд "Хоёр талын хүчин чармайлтаар бидний хамтын ажиллагаа урагштай сайхан хөгжиж байна." гээд хэлсэн үгийг "我们好。你们好。我们都是好。" гээд л явчих юм. Арай дэндүү байгаа биз дээ?" хэмээн халаглан өгүүлж билээ. Үүнийг үгчилвэл "Бид сайн. Та нар сайн. Бид бүгдээрээ сайн." гэсэн утгатай бөлгөө.

Сая төрийн яамдын маш чухал арга хэмжээний орчуулгын материалыг Ханжоуд төгссөн нэг оюутан залуу орчуулсан. Та түүнийг хянаад өгөхгүй юу гэсэн хүсэлт ирэхээр нь аваад үзтэл шууд гүүглдчихсэн зүйл байж билээ. Би нүдээ аниад өнгөрөөж чадалгүй арга буюу нойр хоолоо хасан байж дахин орчуулаад явуулж байсан даа. Тэр нэг удаагийн тохиолдол азтай юм гэж бодоход тиймэрхүү асуудал хэчнээн олон гарч байгаа бол гээд бодохоор аймшигтай.

Энэ бүхнээс юу хэлэх гээд байна вэ гэхээр одоо үйлчилж байгаа төрийн орчуулгын тогтолцоог даруй өөрчилмөөр санагддаг. Орчуулагч нарыг өмнөд хөршийн жишгээр 1,2,3 дугаар зэргийн орчуулагч гэсэн зэрэг олгож мэргэжлийн түвшин тогтоох шалгалтаар уг зэргийг олгож болмоор. Тэр дундаасаа шигшээд "Төрийн орчуулагч", "Гүүш" цол олгосон ч яагаад болохгүй байх билээ? Энэ бол Монгол Улсад маань урьд өмнө байсан сайхан уламжлал л даа. 

Манай Ерөнхийлөгчийн тамгын газар тавхан минутын хугацаанд начин цолны үнэмлэх бичээд олгочихож байгаа харагддаг. Өөрсдийнх нь хамгийн чухал ажил үүрэг байж мэдэх энэ асуудал дээр илүү нухацтай, шуурхай ажиллаасай билээ.Өмнөд хөрш хоёр жил тутам дотоодын 200 их сургуулиас төдий тооны шилдэг оюутнуудыг шалгаруулан зургаан сарын англи хэлний маш эрчимтэй бэлтгэл хийлгэдэг. Тэднээсээ 60 хүнийг дахин шигшиж аваад гурван сар сургана. Тэр дундаасаа зургаан хүн торойн хоцорсныг гадаад явдлын яамандаа ажиллах эрх олгодог. Тэгээд ч зогсохгүй эдийн засаг, соёл, шинжлэх ухаан хариуцсан дарга нарын орчуулга хийх гэх мэтээр төрөлжүүлэн ажиллуулдаг ажээ. Сая дэлхий нийтэд чадлаа гайхуулсан орчуулагч Жан Зингийн тухайд гадаад харилцааны чиглэлээр голчлон орчуулга хийдэг байж таарна.

Тийм сайн бэлтгэгдчихсэн орчуулагч нар байгаа хэр нь төрийн тэргүүн, сайд дарга нарынх нь хэлэх үг  долоо хоногийн өмнө бэлэн болоод орчуулагчийн гар дээр ирсэн байх заавар журамтай гэж байгаа. Түүний бичгийн болон аман орчуулгын ур чадварыг тусгай багш шалгаж баталгаалжуулдаг тухай тэдний нэг төрийн орчуулагчийн бичсэн тэмдэглэлийг уншаад "сэтгэл сэмрэх шахаж" билээ. Дээр нь Хятадын дарга нарын орчуулагчтайгаа ойлголцон, цэгцтэй тод ярьж, хэрэгтэй үед түр зогсолт хийгээд хүлээж байгаа зэрэг нь төрийг төлөөлж, төрийн хэлээр ярьж байгаа хүний бас л нэг том ур чадвар юм даа. Бодвол дарга нартаа ч гэсэн энэ талын мэдлэг чадвар заадаг байж таарна.

Орчуулагч бүсгүй Жан Зин даргынхаа 16 минутын турш хэлсэн үгийг а, б-гийн зөрүүгүй орчуулсан нь ирэхээсээ өмнө тодорхой хэмжээний харилцан бэлтгэл хийж байсантай холбоотой болов уу? Хамгийн гол нь Хятад төдийгүй дэлхийн бусад улс гүрнүүдийн төрийн орчуулагч нар бүгд түргэн бичлэгийн чадвар эзэмшсэн байдгийг энд дурьдах хэрэгтэй.Манай Монгол Улсын хувьд заавал түргэн бичлэгт сургах гэлтгүй монгол бичгийн таталган хувилбарыг эзэмшүүлсэн байхад л болчих хэрэг л дээ. Хэрвээ тэгж чадвал орчуулагч нарын маань ажил маш их хөнгөрөхсөн. Дээр үед монгол бичгээр татлаж бичих өндөр чадвартай хүн даргынхаа тайлан илтгэлийг а,б-гийн зөрүүгүй таталган буулгахын сацуу (дарга түр зогсоод хэдэнтээ ханиаж хоолой засав) гээд тэмлэглэчихсэн байдаг тухай та дуулсан уу? Гайхалтай өндөр чадвар шүү.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна