З.Батжавхлан: Хүний сэтгэлийг хөнддөг бүтээл өөрөө том шалгуурт тэнцсэн гэсэн үг

Админ
2021/04/01

В.НЭРГҮЙ

Утга зохиол судлалын талаар Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Эдуардын Батжавхлантай ярилцлаа.

-Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач? 

-За, товчхон танилцуулбал, миний нэрийг Батжавхлан гэдэг. Эрдэнэт хотод төрсөн. Гэхдээ манайхан ер нь бол Архангайн улс л даа. Улаанбаатарын Их сургуулийг уран зохиол судлал, хэл шинжлэлийн мэргэжлээр 2004 онд сурч төгсөөд одоо сургуулийнхаа Монгол хэл, уран зохиолын тэнхимд мэргэжлийнхээ дагуу хичээл зааж байгаа. Монгол, хятадын уран зохиолын харьцуулсан судлалыг сонирхож, энэ чиглэлд бага сага судалгаа хийж яваа хүн байна. 

-Монголын уран зохиолын оргил үе гэж ямар үеийг хэлэх үү. Эсвэл оргил үе ирээдүйд байна уу? 

-Энэ асуултад хариулахын тулд “монгол”, “үе” гэдгээ эхлээд тодруулах хэрэгтэй л дээ. Яахав, манайхны “монголын уран зохиол” ч юм уу, “монгол хэл” гэж хэлээд байгаа нь үндсэндээ Монгол улсын хүрээнд хамаатуулж ойлгоод байдаг, угтаа бол илүү өргөн ойлголт л доо. “Монгол хэл” гэдэг нь нийт монгол хэлтний хэл аялгууг багтаасан үг атал төв монгол хэлний халхын аман аялгууны тухай яриад байгаа хэрнээ түүнийгээ “монгол хэл” гээд байдаг. Монголын уран зохиол гэдэг маань ч адилхан шүү дээ. Тэр дундаа түүний хөгжлийн оргил үе гээд ирэхээр монгол туургатны уран зохиолын чухам аль нь юм, тэгээд эртний уран зохиол юм уу, сонгодог үеийн уран зохиол юм уу, эсвэл орчин үеийн уран зохиолыг хэлээд байгаа юм уу гээд тодруулахгүй л бол нийгэм цаг үеийн өөр өөр орчин, хөгжил хувьслын өөр өөр шатны хэвшлийн тухай холбогддог болохоор нийтэд нь шууд тэр үе нь бусдаасаа илүү дутуу гээд үнэлэх нь учир дутагдалтай л даа. Монгол улсын орчин үеийн уран зохиолын хувьд авч хэлбэл ХХ зууны жар далаад оны үеийг оргил нь байсан гэдэг дээр ихэнх судлаач санал нэгддэг. Гэхдээ энэ нь бусад үед нь муу байсан гэсэн үг огт биш. Ирээдүйн тухайд бол “далдыг хардаг далай лам биш” гэдэг шиг чухам оргил үе байгаа байхгүй, өдий төдийд тохионо гэж худлаа “бүлтрэх” нь утгагүй, мугуйд зүйл. Хувь хүнийхээ хувьд бол бидний хойч ирээдүй болох үр хүүхдүүд маань зөвхөн техник технологийн дэвшил, гадны соёлыг хэт сохроор шүтээд байлгүй, үндэстнийхээ язгуур өв соёл, уламжлалаа мэддэг, хайрлан хүндэлдэг, түүнийгээ орчин үеийнхээ хөгжил дэвшилтэй зохистойгоор уялдуулан хадгалаад хамгаалаад явах сэтгэлтэй, хүмүүжилтэй, боловсролтой байвал уран зохиол гэлтгүй нийгэм, шинжлэх ухааны бүхий л салбарт амжилт гаргаж чадна гэж итгэдэг. Монгол хүний оюун ухаан дэлхийг гайхшруулах чадамж, нөөцтэй гэдэгт эргэлздэггүй. 

-Таны хамгийн анхны уншсан ном. Анх судалсан бүтээл? 

-Үнэнийг хэлбэл анх уншсан номоо санахгүй байна. Ээж минь намайг багаас л номтой нөхөрлүүлж өсгөсөн. Бага насаа эргэн дурсахад тоглоомоос гадна хүүхдийн үлгэрийн гоё зурагтай монгол, орос номууд үргэлж л байдаг байсан. Бидний бага нас өнөөдрийн зурагт, гар утаснаас уяатай хүүхдүүдийнхээс өөр байсан шүү дээ. Чөлөөт цагаа нэг бол гадаа найз нартайгаа тоос шороо бужигнуулж өнгөрөөнө, нэг бол ном уншаад л хэвтдэг байсан. Тийм болохоор багаасаа л номд дуртай байсан даа. Анх судалсан бүтээлийн хувьд уран зохиолтой холбон авч үзвэл О.Дашбалбар найрагчийн эх хэлний сэдэвт бүтээлүүдийг тухайн сэдвийнх нь хүрээнд дотоод гадаадын найрагчдын бүтээлтэй харьцуулан судалж байсан юм байна. 

-Д.Нацагдорж анхдагч уу, С. Буяннэмэх анхдагч уу? 

-Д.Нацагдорж, С.Буяннэмэх хоёулаа орчин үеийн монголын уран зохиолын үндэс суурийг тавихад чухал үүрэг гүйцэтгэсэн, хэн хэн нь гайхамшигтай авьяас чадвартай, өндөр боловсролтой байснаас гадна дэлхийн хөгжилтэй улс орнуудаас дутахааргүй улс шиг улс болгохын төлөө сэтгэл зүрх, хүч хөдөлмөр, амь биеэ зориулсан тухайн үеийн манай шилдэг сэхээтнүүд шүү дээ. Хэлмэгдлийн хар шуурганд өртөж цэл залуугаараа алтан амиа алдсан. Аливаад тэргүүлэх гэсэн өнөөгийн аминчхан ч гэмээр хандлагаар хандаж байр эзлүүлэх гээд зүтгээд байх нь тэдний гэгээн дурсгал, гавьяаг нь дорд үзсэнтэй адил болов уу. Мэдээж хэрэг тэр үеийн сэхээтнүүдийн хэн нь ч би анхдагч чи хоёрдогч гэж яваагүй. Түүхэн цаг үе, нийгмийн сэтгэхүй нь ч өөр байсан. Хоёргүй сэтгэлээр улс орныхоо бүтээн байгуулалт, утга соёлоо хөгжүүлэх үйл хэрэгт л зүтгэж явсан уу гэхээс юу гээд л “хожим би анхдагч нь байна” гэсэн тийм хачин амбицтай байв гэж. Ойлгомжтой шүү дээ. Тийм ч учраас би анхдагч, хоёрдогч гэж дүгнээд байр эзлүүлэх гээд зүтгээд байдаг явдлыг нэгд хүлээн зөвшөөрдөггүй, хоёрт ойлгодоггүй. 

-Уламжлалын яруу найраг, шинэ цагийн яруу найраг гэж хуваагдаад байгаа үүнтэй санал хийлэх үү? 

-Ангилж хуваана гээд зүтгэвэл юуг ч, яаж ч ангилж болох л байх. Гэхдээ энэ нь үнэхээр бодит байдалд нийцэх үү үгүй юу, “уламжлалын яруу найраг” гэдэгтээ яг юуг багтааж хэлээд байгаа юм, “шинэ цагийн” гэдэг нь яг аль цагаа хэлээд байгаа юм гээд эхлээд энэ ойлголтуудаа тодруулах хэрэгтэй. Яагаад тэгж хэлж байна вэ гэвэл сүүлийн үед шүлэг найраг оролддог зарим хүний амнаас гарч байгаа “уламжлалын яруу найраг”, “шинэ цагийн яруу найраг” гээд байгаа нь арай өөр утга санааг агуулаад байх шиг. Өөрийгөө тодруулах ч юм уу, хувийн ямар нэгэн сэдлээр өөрийнхөө бүтээлийг “шинэ цагийн”, “хотын”, ийм тийм -измын шүлэг гэх мэт нэр шошго зүүж “тунхаглах” явдал байна. Үнэндээ тэр “мундаг” бүтээлийг нь аваад үзэхлээр өөрсдийнх нь гайхуулаад байгаа шиг шинэ содон зүйл байдаггүй л юм. 

-Өөрийн чинь хувьд одоо цагийг тодотгогч уран бүтээлчид гэвэл хэнийг нэрлэх үү? 

-Өнөөдөр олон сайхан бүтээл туурвиад, мэргэжлийн төвшинд ч, уншигчдын зүгээс ч үнэлэгдсэн олон уран бүтээлч бий. Олон сайхан уран бүтээлч нөхөд маань ид хийж бүтээж явах үедээ биднийгээ орхин одчихлоо. Амьдралын жам юм даа. Хамгийн гол нь зохиолч, найрагчид маань ард түмнээ бүтээлээрээ соён гэгээрүүлж, үгийн урлагийн гоо сайхныг мэдрүүлж, үндэстнийхээ утга соёлыг хөгжүүлэн сурталчлах үйлсийг эрхэм зорилго болгон явахад аандаа цаг хугацаа хэн нь хэн бэ гэдгийг тодруулаад, бодит үнэлэлт дүгнэлтийг нь өгнө. Түүнээс биш Батжавхлан гэдэг нэг нөхөр эндээс чухам энэ тэр нөхөд цаг үеэ мандуулаад байна гэж шууд дүгнээд суух нь хаашаа ч юм. 

-Манайхны бүтээлүүд гадны оронд их орчуулагдаж байгаа. Энэ яг зөв хэмжүүрээр явж байна уу. Хувь уран бүтээлчийн зүтгэл хөөцөлдлөгөөгөөр яваад байна уу. Судлаачийн хувьд юу гэж бодож байна? 

-Аль алинтай нь холбоотой болов уу. Зарим хүн өөрөө зүтгэж яваад гадаад улс оронд бүтээлээ хэвлүүлж байхад, зарим уран бүтээлчийн зохиол бүтээл соёл урлагийн харилцаа, хамтын ажиллагааны шугмын дагуу гадаад хэлэнд орчуулагдаж хэвлэгдэж байна. Нөгөө талаас монголын уран зохиолыг судалдаг, орчуулдаг гадаадын эрдэмтэн, орчуулагчид өөрсдөө сонгон орчуулж байгаа нь ч их байна. Хэмжүүр нь янз бүр л байгаа байх. Ер нь тухайн улс үндэстний өвөрмөц онцлог, аху орчин, соёл, сэтгэлгээг нь агуулсан тийм бүтээлүүд гадны уншигчдын анхаарлыг татдаг. Монголын уран зохиолын шилдэг сайн бүтээлүүд гадаад ертөнцөд танигдаж байх тусам л хэрэгтэй. 

-Өөрөө ямар чиглэлээр илүү судалж, сурвалжилж бичдэг вэ? 

-Миний хувьд уран зохиолын харилцаа холбоог ихэд сонирхдог, тийм учраас уран зохиолын түүх, харьцуулсан судалгаа, орчуулгын уран зохиол гээд холбогдох чиглэлийн дагуу үндсэндээ судалгааны ажил хийдэг гэх үү дээ. -Таны гаргасан бүтээлийн жагсаалт ололт гэвэл? -Миний ололт гээд өөрийгөө дүгнэн гэж юу байх вэ, бусдын адил дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулаад, чадах ядахаараа хөдөлмөрлөөд явж байгаа л хүн. Бүтээлийн хувьд өөрийн бичсэн болон бусадтай хамтарч гаргасан нэг сэдэвт дөрвөн бүтээл, хорь гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, цаана нь зарим нэг орчуулгын бүтээл энэ тэр бий. 

-Судлаачдыг дунд жижигхэн өрсөлдөөн тэмцэл бий юу? 

-Бодвол байдаг л байх даа. Хүн болгоны өмнөөс мэдэж хэлнэ гэж байхгүй шүү дээ. Миний хувьд угаасаа тиймэрхүү юманд дургүй, хол байхыг хичээдэг. 

-Хамгийн сайн уран бүтээл гэж таныхаар ямар бүтээлийг нэрлэх үү? 

-Миний хувьд амьдралын үнэнийг өгүүлсэн, туурвил зүйн талаар өөрийн гэсэн онцлогтой, хүнд ухаарал өгч, гоо зүйн мэдрэмж төрүүлсэн, хэл найруулга сайтай гээд олон шалгуур бий. Зарим бүтээл шууд л сэтгэлийг хөнддөг шүү дээ. Хүний сэтгэлийг хөндөж байна гэдэг чинь өөрөө бас нэг том шалгуур. Хий хоосон хэлбэр маяг хөөцөлдсөн, утга учир муутай, хүнд буруу сэдэл төрүүлдэг, мэргэжлийн ур чадвараа байг гэхэд эх хэлээ ч хүндлэн бичээгүй хайш яйш бүтээлийг нэг сөхөөд л мартдаг. -Кино зохиолын тал дээр ямар байр суурьтай байдаг уу? 

-Нэг үеэ бодвол харьцангуй сайжирч байгаа. Кино зохиол хийгээд түүнийг дэлгэцэд амилуулах хоёрын дунд чанарын их ялгаа байх шиг санагддаг. Кино зураг, жүжиглэлт хичнээн сайн байлаа ч цаад зохиол нь муу бол яах ч аргагүй. Манай түүхэн кинонууд гэхэд л түүхэн үнэнийг нь байг гэхэд амьдралын үнэнээс хол байсан хэвээр. Бүх жүжигчид нь цоо шинэ, ганган дээлтэй л гараад байхад эргээд сайн зохиол нь сайн байлаа ч энэ мэт жижиг сажиг алдаанаас болоод үзэгчдэд хүрэх байдал, төсөөлөл нь өөр болчихно. Нөгөө талаас гадаадын кино зохиолын нөлөөнд хэт автаад өөрийн онцлоггүй болоод байгаа юмуу даа гэсэн эмзэглэл байдаг.


67
64
3
0
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.201
    2021/04/01

    Зөв өнцөг гэж л энэ дээ. Холч ухаантай, хэлэх юмаа л хэлдэг айхавтар судлаач байна

    Хариулах
  • 66.181.161.63
    2021/04/01

    эрдэмтэн судлаачдын үнэ цэнтэй яриаг хуваалцаж буйд баярлалаа

    Хариулах
  • 66.181.161.63
    2021/04/01

    баярлалаа

    Хариулах