Хүүхдийн төлөө фонд “Дашийн шог” болсон уу

Админ
2021/04/02

Г.ЭНХГЭРЭЛ

Манай улс хүүхдэд ээлтэй орон мөн үү. Энэ асуултыг олон хүнээс асуувал тийм гэж лав хэлэхгүй. Гэхдээ сэтгүүл зүйд үзэл бодол биш баримт чухал. Эргэн сөхвөл 2020 оны тавдугаар сарын 27-ны орой Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд байрлах “Хан талст” компанийн эзэмшил хэсгийн тогтоол усанд дөрвөн хүүхэд живж амиа алдсан. Өнгөрсөн хоёрдугаар сард 5-13 насны гурван хүүхэд эцэг, эхийгээ коронавирусийн шинжилгээ хийлгэхээр явсан хойно гэртэйгээ шатаж нас баржээ. Хойт эцэгтээ зодуулсан, түлэгдсэн, хүчирхийлүүлсэн, явган хүний гарцаар гарч яваад машинд мөргүүлж амиа алдсан зэрэг дурдвал дуусашгүй их зүрх шимшрэм үйл явдалууд өнөөдрийн нийгэмд өрнөдөг. “Ийм нийгэмд хүүхэдтэй болохоос ч айдаг”, “Үр хүүхэд минь ирээдүйд ямар нийгэмд амьдрах болдоо” хэмээн халагласан, түгшсэн сэтгэгдлүүд тухайн гэмт хэрэг, харамсалтай мэдээний дор хөвөрдөг. Иргэн Б.Баатар, М.Батбаяр, Х.Дамдинсүрэн нар 2020 оны 12 дугаар сарын 27-нд Хүүхдийн төлөө фонд ТББ байгуулж, УБЕГ-т бүртгүүлжээ. Ерөнхий сайд энэ тухай мэдэгдэхдээ ҮАБЗ-ийн гишүүд санал нэгдсэн гэдгийг онцолж байсан.

Гэхдээ Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд Хүүхдийн төлөө фондын тухай нэмэлт өөрчлөлтийг хараахан оруулаагүй тус фонд нь уг үйл явдлаас гурван хоногийн өмнө байгуулагдсан ТББ хэлбэрээр оршиж байсан юм. Өнгөрсөн зуунд төр нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны гэргий Анастасия Цэдэнбал Филатова 1972 онд “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулан 68 цэцэрлэг, сургууль, 10 гаруй эмнэлэг, 70 орчим пионерийн зуслан, Гэрлэх ёслолын ордон, Хүүхдийн төв номын сан гээд олон бүтээн байгуулалт хийсэн түүхтэй. Бусад улс орнууд ч үүн шиг хүүхдийн төлөө фондтой. 

Мэдээж олон улсын төвшинд нэгдсэн сан бол НҮБ-ын Хүүхдийн сан юм. Швед, Австрали, Япон, Өмнөд Солонгос, Канад, Герман, Испани, Франц зэрэг өндөр хөгжилтэй орнууд Хүүхдийн санг олон арван жилийн турш тогтвортой, үр дүнтэй ажиллуулж байна. Эдгээр төрийн бус байгууллагууд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр төрөлжсөн үйл ажиллагаа явуулж, дэлхийн бараг бүх бүс нутагт, түүний дотор Монгол Улсад олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, тэтгэлэг, тусламж олгодог билээ.

 

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХЭНД АНХ УДАА БУЮУ 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХУРИМТЛАЛ ЦУГЛАРСАН

 Телевизийн 17 сувгаар урлаг, соёлын оддын “Бүхнийг хүүхдийн төлөө” уриатай хандивын тоглолт болсон билээ. Энэ нь Монгол Улсын түүхэнд анх удаа буюу 2.2 тэрбум төгрөгийн хуримтлал цугларсан. УБТЗ, Хаан банк зэрэг үндэсний томоохон байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд тус тус 500 сая төгрөгийг хандивлаж байв. Ингээд хүүхэд багачуудын төлөө нэг мянгаас хэдэн зуун мянган төгрөг хүртэл хандивласан нь цар тахалтай тэмцэж, санхүүгийн хувьд тогтворгүй байсан ч Монголын ард түмэн нэгдэж, бусдын төлөө зүрх сэтгэлээ зориулж чаддаг юм гэдгээ харуулсан.

 

“МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ”, “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА ГЭЖ ХЭЛЬЕ” ЗЭРЭГ СҮРХИЙ УРИАТАЙ ОРОН БИЛЭЭ

Гэтэл хүүхдийн төлөө хийх зүйлсийг ганц фонд байгуулагдаад шийдчихгүй. Монгол Улсад 7 минут 57 секунд тутам нэг шинэ иргэн мэндэлдэг бөгөөд өдөрт дунджаар 210 хүүхэд мэндэлдэг. Манай улсын хүн амын 3-ны 1 буюу 1,096,019 хүүхэд байна. Гэвч хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хүмүүжих эрхийг хангах төрийн анхаарал бодлого хангалттай төвшинд хүрээгүй. “Монголын үрс маш олон болтугай”, “Хүүхдийн төлөө За гэж хэлье” зэрэг сүрхий уриатай орон билээ бид. Эргээд тэр олон хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь олгохгүй бол олноор нь төрүүлээд харин ч хэрэггүй биз дээ. Цуглуулсан хоёр тэрбум гаруй төгрөг юунд хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжилтэй холбоотой юунд зарцуулагдах вэ гэвэл Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний хэлж заншсанаар Тасганы овоонд номын сан, хүүхэлдэйн театр барихаар болсон. 

Номын санг зургаан давхар, 27 метрийн өндөр, театрыг дөрвөн давхар байхаар зураг төсөл аргаж, энэ хавар барилгын ажил эхэлнэ. Өмнө нь хүүхдэд зориулсан ийм цогцолбор байгаагүй. Загвараас нь харахад нүд баясгам ч хэзээ эхлэх нь эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. ХНХЯаас тодруулахад “Төсвийн байнгын хорооноос тодотгол хийж дуусаагүй тул одоогоор баттай мэдээлэл өгөх боломж алга” гэсэн хариу өгсөн юм.

 УРЛАГИЙН БОЛОВСРОЛТОЙ, ЁС ЗҮЙТЭЙ ХУВЬ ХҮН ТӨЛӨВШИНӨ

“Зурагт байгаа шиг хүүхэлдэйн театр, номын сантай болвол чамд ямар санагдах вэ” хэмээн хөдөөгийн буйд дунд сургуульд суралцдаг дүүгээсээ асуухад “Номын сан нь шинэ номтой, зуныхаа амралтаар хотод очвол надад ч бас үйлчлээсэй” гэж хариулсан юм. Бид ирээдүйгээ хэзээ ч харанхуй мунхаг, оюун санааны хоцрогдолтой, бусдын хараат хүн болгохыг хүсдэггүй. Бие даасан, эрх чөлөөтэй, үзэл бодлоо хамгаалдаг зөв монгол иргэнийг бий болгохын тулд хүүхдийнхээ оюун санаа, бие бялдрыг эрүүл байлгах нь эцэг эхийн ч тэр, энэ улс эх орны ч тэр үүрэг нь. Гэр бүлийн орчиндоо юугаар ч дутаалгүй өсгөх нь эцэг эх таны хариуцлага. Харин энэ нийгмийн дунд хөгжих боломжоор тэднийг хангах нь бүх хүний л үүрэг юм. Тэр дундаа Төр засаг бодлогоор энэ бүхнийг дэмжих учиртай. Соёлын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ойрын үед олгоогүй хөрөнгө оруулалт хийж буй нь сайшаалтай ч хэзээ эхлэх нь, цаашлаад хүүхэлдэйн театр, номын сангаас өөр юунд захиран зарцуулах нь бүрхэг байгаа нь хэцүү юм.

 


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.202
    2021/04/02

    сайд нь цугласан мөнгийг дансанд нь царцаасан. хууль нь гарахаар шилжүүлж авна гэж хэлсэн. гэхдээ асууж сурч л байх нь зөв. сонгуульд зарцуулагдах вий.

    Хариулах