Дархлаа дэмжих зөв хэвшил

Админ
2021/04/02

Г.ЭНХГЭРЭЛ

Коронавирусийн халдвартай зэрэгцэн амьдарч байгаа энэ үед бид сэтгэлзүйгээ тайван, хувийн сахилга баттай байж, дархлаагаа сайжруулах нь нэн чухал. “Ковид-19” болон бусад халдварт өвчний эсрэг хамгаалалт бол дархлааны тогтолцоог хүчтэй байлгах явдал. Коронавирусийг эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх эм, дархлаа сайжруулах нэмэлт бэлдмэл байхгүй ч гэсэн хамгаалалтаа аль болох хүчтэй болгох арга хэмжээ авах хэрэгтэй. Мөн та вирусаас урьдчилан сэргийлэх үүднээс эдгээр урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлэхийг мэргэжлийн эмч зөвлөж байна. 

1.Тогтмол дасгал хөдөлгөөн хийх -Долоо хоногт доод тал нь 150 минут дасгал хөдөлгөөн хийх. 

2.Жимс, ногооны агууламж өндөртэй, эрүүл, тэнцвэртэй хоол хүнс хэрэглэх – Хоол хүнсээрээ бид өдөр тутамд хэрэгтэй амин дэмээ хангалттай авах. 

3.Жингээ барих – Өөрийн биеийн жингийн индексийг 25 ба түүнээс доош байлгахыг зорь. Жин хасах хамгийн сайн арга бол дасгал хөдөлгөөн, эрүүл, тэнцвэртэй хооллолт. 

4.Тогтмол унтаж амрах – Унтах цагийн хуваарь, дэглэмийг тогтоогоорой. Ингэснээр та хоногийн зөв нойроо авч, тогтмол унтах цагаа тооцоорой. Аль болох зургаагаас дээш цаг унтаж, чанартай нойроо авах. 

5.Стрессээ бууруулах, даван туулах – Өдөр тутмын амьдралдаа стрессээ даван туулахад туслах, хайртай хүмүүстэйгээ холбогдох, бясалгал тогтмол хийх, уран бүтээл эсвэл бусад хобби зэрэг үйл ажиллагааг өөртөө санал болгох. Магадгүй яг эдгээр өдрүүдэд гэртээ шинэ хоол хийж сурах, хувцасны өрөөгөө цэгцлэх эсвэл шинэ онлайн курст хамрагдах зэрэг өөрийгөө тайван байлгах зүйлийг хийх. 

6.Тамхинаас гарах – Хэрэв та тамхи татдаг бол тамхинаас гарахад ойр дотнын хүмүүсийн туслалцаа дэмжлэгтэйгээр энэ зуршлаасаа татгалзах гэж хичээгээрэй. 

7.Архи, согтууруулх ундаа бага хэрэглэх – Согтууруулах ундаа хүний биеийн дархлааг бууруулж байдаг тул гэрт байгаа согтууруулах ундааны хэмжээг хязгаарлах, мөн аль болох хэрэглэхгүй байх нь тустай. 

8.Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах – Гараа тогтмол угаах, гэртээ хоёр цаг тутамд агааржуулалт хийх, маскаа зүүх, гэрээс гарахгүй байх хувийн ариун цэврээ сахиж байх.

ДАРХЛААГАА ДЭМЖИХЭД ТУСЛАХ НЭМЭЛТ ВИТАМИНУУД

Мэрилендын Их Сургуулийн Анагаах ухааны сургуулиас гаргасан урьдчилан сэргийлэх стратегийн гарын авлагад дурьдахдаа дээр дурдсан амьдралын хэв маяг, зан үйлийн хэв маягаас гадна дархлааг хамгийн сайн ажиллуулахын тулд дараахь нэмэлт тэжээлийг зохистой хэмжээгээр хэрэглэхийг зөвлөсөн байна. 

ҮҮНД: 

  •  Витамин C – ханиад хүрэх хугацааг богиносгож, байгалийн антигистамин ба үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлснээр вирус, бактерийн болон бусад халдвараас урьдчилан сэргийлэхэд тусладаг. 
  •  Витамин D нь ханиад, томууны эрсдэлийг бууруулах дархлааг бэхжүүлдэг хамгийн чухал тэжээлийн нэг юм. Тиймээс та дархлааны тогтолцоогоо дэмжихийн тулд урьдчилан сэргийлэх тунгаар 2000-3000 витамин D тогтмол ууж байх хэрэгтэй. 
  •  Витамин A– богино хугацаанд хэрэглэх нь бие махбодийн халдвар, ялангуяа амьсгалын замын халдварын эсрэг тэмцэх чадварыг дэмжихэд тусалдаг. 
  • Цайр – ханиад хүрснээс хойш 24 цагийн дотор уувал халдварын тоо, ханиад хүрэх хугацааг бууруулахад туслах болно. Цайраар баялаг самар хар шоколад вандуй гэх мэт хүнсийг түлхүү хэрэглэх энэ нь дархлааны эсүүдийн харилцан холбоог сайжруулна. 
  • Селен – нь дархлааны үйл ажиллагааны гол тэжээл бөгөөд Бразил самар гэх мэт хоол хүнснээс амархан олж авдаг. Селен бол антиоксидант бөгөөд хүний нян, вирус, хорт хавдрын эсээс хамгаалах чадварыг бэхжүүлдэг. 
  • Түүхий Зөгийн Бал – хамар, амны хөндийн адил бага зэргийн өвдөлт, салст бүрхэвчийн үрэвслийг арилгах үйлчилгээтэй бөгөөд антиоксидант шинж чанар, зарим микробийн нөлөөтэй, ханиалгах, хоолой өвдөхөд тустай бөгөөд цай эсвэл нимбэгтэй халуун усанд нэмж хийж болно. /1-ээс доош насны хүүхдүүдэд зөгийн бал өгч болохгүй гэдгийг анхаарна/ 
  • Саримс – нь амьсгалын замын халдварын хүнд явцыг бууруулж, ханиадны вирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. 
  • Пробиотик гэдэсний эрүүл мэндийг дэмжиж, дархлааны тогтолцооны үйл ажиллагаа, зохицуулахад нөлөөлдөг “сайн бактери” агуулдаг. Эдгээр нь амьсгалын замын халдварын эрсдэлийг бууруулдаг, ялангуяа хүүхдүүдэд пробиотикийг нэмэлтээр өгч хэвших нь чухал болно. 

Бид өөрт хэрэгцээт аминдэмээ хоол хүнсээрээ хангалттай авч мөн нэмэлтээр аминдэмүүдийг хэрэглэх нь чухал. Үүний сацуу хувийн ариун цэврээ сахин, улсын онцгой комисоос өгч буй үүрэг даалгаврыг цаг алдалгүй биелүүлж, чадвал энэхүү нөхцөл байдлыг даван туулахад илүү дөхөм болох юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна