Б.Сувддулам: Орчуулгаасаа хөндийрөхөөр өөрийн эрхгүй хямардаг

Админ
2021/04/06

Д.БЯМБАСҮРЭН

Элиф Шафакийн “Хайрын дөчин дүрэм”, Франсуаз саганы “Сайн гуниг минь”, Янн Мартелийн “Пигийн амьдрал”, Орхан Памукийн “Истанбул” зэрэг бүтээлийг уншигчдад хүргээд буй “Тагтаа” хэвлэлийн газрын орчуулагч Б.Сувддуламыг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр орчуулагч тэр дундаа “Хайрын орчуулагч” гэмээр гайхалтай сайхан зохиолуудыг уншигчдад хүргэсэн бөгөөд худалдаанд гарсан даруйдаа бестселлер ном болдог юм.

-Сайн байна уу. Урин хавраар хачин сайхан хайрын тухай номуудын орчуулагчтай ярилцах гэж байгаадаа таатай байна.

-Сайн, сайн байна уу? Энэ сайхан хаврын дугаартаа урьсанд баярлалаа.

-Хаврын улирлын тухай ярилцлагаа эхэлье. Хавар таныхаар ямар улирал вэ?

-Хавар цаанаасаа л сэтгэл санаа сэргээд, эр хүч бялхаад ирдэг гэгээн улирал. Бодоод байх нь ээ, амьдралын минь бүхий л сайхан мөч хавар өрнөж байж. Тухайлбал, ном уншаад цалин авдаг ажилтай болох сон гэсэн мөрөөдөл минь 2015 оны хавар “Монсудар” хэвлэлийн газарт англи хэлний редактораар ажилд орсноор биелсэн. Түүний араас утга зохиолын орчуулагч болсон замнал маань ч 2017 оны хавар “Тагтаа” хэвлэлийн газраас зарласан богино өгүүллэгийн орчуулгын уралдааны шилдэг таван орчуулагчийн нэгээр шалгарснаар эхэлж байв. Мөн охиноо хэвлийдээ тээсэн цаг маань ч хавар. Ингээд бодохоор хавар миний хувьд хамгийн сайхан улирал юм даа.

-Орчуулагчийг харь зохиолын хэлмэрч гэж ойлгодог. Тэр дундаа таныг би “Сайн уу гуниг минь”, “Хайрын дөчин дүрэм” зэрэг номоор төлөөлүүлж ,”хайрын орчуулагч” гэж боддог. Эдгээр зохиолынхоо орчуулгыг хийж байх үеийн гуниг, баяраас яриач?

-“Хайрын орчуулагч”. Ямар яруу сонсогддог юм бэ. Ингэж бодсонд баярлалаа. Үнэндээ би өөрийгөө “хайрын орчуулагч” гэж огт бодож байгаагүй юм байна. Энэ хоёр номын тухайд хоёулаа эмэгтэй зохиолчийнх болоод ч тэр үү сэтгэлд их ойр, орчуулахад илүү амар байсан. 

Аль алиныг нь орчуулахаасаа өмнө уншчихсан байсан болохоор орчуулж байхдаа ямар нэгэн сэтгэл хөдлөлд автаагүй. Ер нь номыг орчуулж, редакторлахаасаа өмнө уншиж байхгүй бол өнөөх гоё мэдрэмж, таашаалаа авч чадахгүй болчихдог. Тиймээс заавал түрүүлж уншиж, мэдэрдэг. Эл хоёр зохиолыг анх уншихад хоёулаа л миний орчуулах ёстой ном мөн байсан.-Хайрын тухайн олон зохиол орчуулсан. Таны хувьд хайр гэж ямар зүйл вэ?

-Хайр бол миний хувьд амар амгалан. Хайр байгаа газарт аяндаа л амар амгалан оршин тогтноно. Хайраар бялхсан айлд хэрүүл зодоон, хүчирхийлэл гарахгүй. Хайраар дүүрэн хамт олны дунд хар хор, атаа жөтөө оршихгүй. Хайраар бялхсан нийгэмд хүн хүнээ гутаан доромжилж, хөл дороо дэвслэхгүй. Хайраар бялхсан дэлхий ертөнцөд хөнөөлт дайн дэгдэхгүй. ерөөс айл бүр амар амгалан байгаасай, хүүхэд бүхэн хайр дүүрэн өсөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг дээ.

-Орчуулах зохиолоо өөрөө сонгох уу, эсвэл хэвлэлийн газраас сонгож, оноох уу?

-Хэвлэлийн газар бүрд редакцын нэгдсэн бодлого гэж бий. Тэр ч утгаараа “Тагтаа” хэвлэлийн газрын хувьд орчин цагийн дэлхийн утга зохиолын сор бүтээлүүдийг албан ёсны эрхтэй, чанартай орчуулгаар уншигчдад хүргэх зорилготой ажилладаг. Тиймээс хэвлэлийн газраас зохиолоо сонгож, орчуулагчдаа санал тавьдаг. Орчуулагч мэдээж хэд хэдэн зохиолоос сонголт хийнэ.

-Сүүлийн үед хэн дуртай нь ном орчуулдаг боллоо шүү дээ. Та энэ байдлыг юу гэж хардаг вэ?

-Сүүлийн жилүүдэд манай улсад номын хэвлэлийн газар эрчимтэй хөгжиж байна. Мэдээж хэн дуртай нь ном орчуулж байгаа нь үнэн. 

Хэвлэлийн газрууд ч шил шилээ даран гарч ирж байна. Миний хувьд үүнд баярладаг. Учир нь, ингэж хоорондоо өрсөлдөж гэмээнэ бүтээлийн чанар чансаа сайжирна. Шинэ үеийн залуус сайн муу бүтээлийг гярхай ажиглаж, их чамбай уншигч болон төлөвшиж байна. Уншигчид нь ийм байхаар хэвлэлийн газрууд бүтээлийнхээ чанарт анхаарахаас өөр аргагүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, сайн уншигч сайн бүтээл төрөхөд хөшүүрэг болж буй юм. Намайг дөрвөн жилийн өмнө анх ном орчуулж эхлэхэд нэртэй хэдэн хэвлэлийн газар л байдаг байлаа. Тэр үед над шиг “Ном уншаад цалин авах сан” гэдэг мөрөөдөлтэй залууст ажлын байр амархан олддоггүй байв. Одоо бол хүн өөрөө чадвартай, зүтгэлтэй, сэтгэлтэй байж чадвал хүссэн ажлаа хаанаас ч хийгээд хангалуун амьдрах боломж байна.

-Анх өөрийн орчуулсан зохиолоо хүмүүст хүргээд, уншигчтай болох ямар санагдсан бэ? Манайх шиг жижиг зах зээлтэй оронд өөрийн гэсэн уншигчидтай болно гэдэг амаргүй шүү дээ?

-Энэ тухайд би их азтай хүн. Учир нь, “Тагтаа” гэдэг нэрийг тулхтай уншигчид андахгүй. “Тагтаагийн сонголтод эргэлзэх хэрэггүй” гэдэг үг хүртэл гарсан шүү дээ. Бүтээлийн сонголт, орчуулгын чанар чансаагаараа цолгорч яваа хэвлэлийн газрын орчуулагч байна гэдэг миний өмнөөс намайг уншигчдад таниулчихаж байгаа юм. Тагтаагийнхан маань ч шинэ, залуу орчуулагчдаа үргэлж дэмжиж, уншигчдад таниулахад хэн бүхнээс илүү сэтгэл гаргаж ажилладаг. Гэтэл номоо танилцуулахдаа орчуулагчийнхаа нэрийг ч дурддаггүй хэвлэлийн газрууд бий шүү дээ. Тагтаагийн удирдлагууд бол хүн өөрөө чухал баялаг гэж үздэг.

-Ном орчуулахад цаг хугацаа, орон зайн хувьд ямар өөрчлөлт ордог бол. Тухайлбал, хэдэн өдрөөр гэрээсээ гарахгүй өрөөндөө бүгэх тохиолдол байх биз?

-Миний хувьд анхнаасаа л гэрээсээ ажилладаг байсан болохоор ажил, амьдрал гэж зааглах шаардлага гардаггүй. Ерөөс ажил маань амьдрал болчихсон гэсэн үг. 

Уран бүтээлчид ер нь л иймэрхүү хэмнэлтэй байдаг. Ямар сайндаа л жирийн амьдралын хэв маягийг маань хүмүүс хөл хорио гэж нэрлэдэг юм байна гээд инээлдэж суух вэ дээ /инээв/. Гэхдээ хүүхэдтэй болсноос хойш нөхцөл байдал арай өөр болж байна. Ядаж л өөрийн гэсэн өрөө бэлдэж, ажлын цагаа нарийн төлөвлөх хэрэгтэй болдог юм байна. Урьд нь бол хүссэн үедээ хаана ч хамаагүй сууж байгаад л ажлаа хийчихдэг байлаа.-Тухайн зохиолдоо гүн орчихоод гарахгүй тохиолдол байдаг уу. Зохиолын баатруудаа дагаж уйлах, дуулах, гуних, баярлах үе бишгүй л олон гардаг байх даа?

-Зохиолоо орчуулж эхлэхээсээ өмнө уншчихсан байдаг болохоор орчуулах явцад тэгтлээ гүн орж, уйлж дуулах явдал ер нь тохиодоггүй. Харин утгыг яаж бүрэн дүүрэн гаргах вэ, эх зохиолын өнгө аясыг хэрхэн хэвээр нь хадгалах вэ гэж оюунаа чилээж, үгийн эрэлд их хатдаг даа.

-Таны орчуулгын бүтээлүүдээс хамгийн сайхан үг хэллэгтэй зохиол аль нь байв?

-“Хайрын дөчин дүрэм”. Бараг л өгүүлбэр болгон нь эшлэл болмоор, уран яруу үг хэллэгтэй, ухаж ургуулж бодох зүйл ихтэй, үр өгөөжтэй ном. Уншигчдын бичиж байгаа тэмдэглэлээс ч энэ бүхэн илт харагддаг.

-“Зуун жилийн ганцаардал” номын орчуулагч Г.Аким гуайгаас эхлээд гайхалтай сайхан орчуулагчид олон шүү дээ. Танд алтан үеийн гэж хэлж болох сайхан орчуулагч нартай ажиллаж, тэдэнд өөрийн орчуулгаа үзүүлж харуулах боломж тохиосон уу?

-Одоогоос найман жилийн өмнө Монголын орчуулагчдын эвлэлээс зарласан богино өгүүллэгийн уралдаанд оролцож Г.Аким, Ж.Нэргүй , О.Чинбаяр гээд олон сайхан орчуулагчдаас шүүмж зөвлөгөөг нь сонсож байлаа. Тэр үеэс л утга зохиолын орчуулагч болохоор эргэлт буцалтгүй шийдсэн. 

Надад “би чадах юм байна” гэсэн итгэлийг өгсөн юм. Ахмад үеийн болон үе тэнгийн орчуулагчдын зохиол бүтээлийг шимтэн уншиж, үргэлж суралцаж явдаг даа. Хадаг барьж шавь нь болоогүй болохоос багш гэж бодож явдаг хүн олон бий.-Өөр бусад орчуулгын бүтээлээс унших дуртай номоо хуваалцвал?

-Г.Аюурзанын орчуулгаар “Сонгомол эсээнүүд”, “Өвгөд”, П.Бадралын орчуулгаар “Мял богдын гэгээрсэн түүх”, Б.Баясгалангийн орчуулгаар “Цас”, “Хар захын гудамжны Спиноза”, Г.Лхагвадуламын орчуулгаар “Зүүд бол цорын ганц бодит зүйл”, М.Цэдэндоржийн орчуулгаар “Миний Дагестан”, Ж.Тэгшзаяагийн орчуулгаар “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй”, Т.Төмөрхүлэгийн орчуулгаар “Бяцхан хунтайж”, Б.Ундрахын орчуулгаар “Алдагдсан зүйлсийн жагсаалт”, “Венец дэх үхэл”, Н.Энхбаярын орчуулгаар “Орчин үеийн хятад яруу найраг”, Д.Цахилгааны орчуулгаар “Одиссэй”, “Хонгорхон Вера”, П.Энхтуяагийн орчуулгаар “Хонгилд” гээд дурдаад байвал дуусашгүй урт жагсаалт болох нь ээ. Эдгээр орчуулагчийн бүтээлийг ямар ч эргэлзээгүй худалдаж авдаг.

-Таны хувьд уран зохиолын орчуулга түлхүү хийдэг шүү дээ. Шүлгийн ч юм уу өөр төрлийн орчуулга хийдэг үү?

-Уран зохиолоос өөр төрлийн орчуулга бараг хийхгүй байх аа. Шүлэг орчуулах хүсэл бий. Хэд гурвыг орчуулж үзсэн ч хүнд бараг үзүүлж байгаагүй.

-Шүлгийн орчуулгаасаа бидэнтэй хуваалцаж болох уу?

-Хорхэ Луис Борхэсийн “Егүүтгэл” гэдэг шүлгийг хөрвүүлснээ хуваалцъя. Энэ шүлгийг зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана, Б.Баясгалан нар мөн орчуулсан байдаг.. Харьцуулж харахаар бас гоё л юм билээ. 

Хорхэ Луис Борхэс “Егүүтгэл” Тэнгэрт шөнөөр нэг ч од үлдэхгүй 
Тэр шөнө өөрөө ч үлдэхгүй 

Тэсэхүйеэ бэрх ертөнцийн юм бүхэн 

Тэр чигтээ надтай хамт нөгчинө 

Зүүлт гоёл, цац суварга 

Замбуутив, зон олны царайг ч газрын хөрснөөс арчина 

Хуралдаж цугласан өнгөрсөн үеийг баллан арилгаж 

Хуучирч одсон түүхийг хумхын тоос болгоно 

Яг одоо би жаргах нарны туяаг сүүлчийн удаа харж 

Яруухан дуут шувуухайн жиргээг эцсийн удаа сонсож байна 

Өөр нэгэнд гэрээсэлж үлдээх 

Өчүүхэн зүйл ч надад алга.

-Зохиол, шүлэг орчуулахад их мэдрэмж шаарддаг байх?

-Мэдээж хамгийн гол шалгуур бол мэдрэмж. Шүлэг бол илүү мэдрэмж шаардана. Яруу найраг орчуулахын тулд яруу найрагч байх хэрэгтэй гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байх аа.

-Таны хувьд орчуулга хийхээс гадна шүлэг юм уу, үргэлжилсэн үгийн зохиол бичдэг үү?

-Шүлгийн тухайд хорь гаруй насандаа бичиж байсан хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг даа гэмээр хэд гурван бичвэр бий. Хойшид бараг бичихгүй байх. Харин үргэлжилсэн үгийн зохиол бичих хүсэл бий. Яг бичнэ гэж хэлэхэд арай л эрт байна.

-Өөрийн орчуулгыг сайн муу болсноо хэрхэн мэддэг бол. Хүн өөрийгөө дүгнэж, хийсэн зүйлээ тодорхойлох хэцүү байдаг шүү дээ?

-Ямар ч зүйл хийсэн санаандаа тултал хийх хэрэгтэй гэж боддог. 

Өөрийн санаанд хүрээгүй зүйлийг би өөр хүнд хэзээ ч уншуулахгүй. Аль болох редактортаа дарамт болохооргүй, алдаа мадаг багатай зүйл хийхийг л хичээдэг дээ.-Орчуулагч гэдэг бол нэгэн төрлийн уран бүтээлч хүн шүү дээ. Алив зүйлийн бүтээхүйн сайхнаас хэлээч?

-Би үхсэн ч бүтээл минь үлдэнэ. Аливааг хийж бүтээхийн сайхан нь энэ юм даа. Бас дурлаж хийсэн зүйл минь бусдын сэтгэлийг бүлээцүүлж, бүдэрсэн үед нь дэм, бэргэсэн үед нь зориг, ганцаардсан үед нь хань, мухардсан үед нь хариулт, шантарсан үед нь хүч болдгийг мэдрэх сайхан байдаг.

-Та амьдралын олон замаас энэхүү замыг сонгосон. Өөрийн сонгож алхсан замаар эгц явж чадаж байгаа гэж боддог уу?

-Чадаж байгаа гэж боддог. Сонголтдоо хэзээ ч эргэлзэж байгаагүй. Миний хамгийн ихээр дурлах, бас хамгийн сайн хийж чадах зүйл энэ. Ийм зүйлээ эрт олсон нь үнэхээр азтай хэрэг.

-Цаашид хийж бүтээнэ гэсэн олон зүйл байгаа байх. Хамгийн томоосоо бидэнтэй хуваалцвал?

-Сүүлийн нэг жилд орчуулгаас илүүтэй редакторын ажил түлхүү хийсэн байна. 

Орчуулгаасаа жаахан хөндийрөхөөр өөрийн эрхгүй л хямраад эхэлдэг юм. Нялх хүүхэдтэй болохоор давчуу хугацаанд томоохон бүтээл дээр суух боломж хомс байна л даа. Тиймээс бодож байгаад нэг төсөл эхлүүлсэн юм. 52 долоо хоногт 52 өгүүллэг орчуулах төсөл. Яг одоо ид бичиж туурвиж байгаа, орон орны алдар цуутай зохиолчдын өгүүллэгээс сонгон долоо хоногт нэг өгүүллэг орчуулж хаалттай бүлгэмд оруулдаг юм. Өөрийгөө зэврээхгүй, орчуулгаасаа хөндийрөхгүй гэсэн зорилгоор эхэлсэн энэ ажил маань олон хүнд өгөөжтэй байгаад баяртай байна. Одоо найм дахь долоо хоног дээрээ яваа. Энэ долоо хоногт Иран-Америкийн зохиолч Порочиста Хакпур гэж залуухан эмэгтэй зохиолчийг уншигчдадаа танилцуулна. Юутай ч эхний ээлжинд энэ төслөө амжилттай дуусгах бодолтой байна. Бас орчуулгын редактораар ажиллах хэд хэдэн ном хүлээж байгаа. Тэдгээрийг амжуулна. Чадвал энэ ондоо багтаад ганц сайхан роман орчуулах бодолтой.


9
22
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна