БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе

Админ
2021/04/06

М.ХҮСЛЭН

БНСУ-ын 18 дахь Ерөнхийлөгч Пак Гын Хе 1952 оны хоёрдугаар сарын 2-нд Тэгү хотод мэндэлжээ. Тэрбээр 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд болсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн сонгуульд Сэнури намаас нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд сонгогчдын 51.6 хувийн санал авч ялалт байгуулсан. Ингэснээр тус улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн Төрийн тэргүүн болсон аж. Пак Гын Хе Өмнөд Солонгосыг 1963-1979 онд удирдаж явсан Паг Жон Хи генералын ууган охин. Эрэгтэй, эмэгтэй дүүтэй. Пак Жон Хи Өмнөд Солонгосын генерал байсан багаад 1961 онд цэргийн эргэлт хийж төрийн эрхийг гартаа авсан. Дараа нь 1963 онд болсон Ерөнхийлөгчийн албан ёсны сонгуульд ялалт байгуулж байв. 1979 оны аравдугаар сарын 26-нд өөрийн аюулгүй албаны тэргүүний гарт амь эрсдэх хүртлээ БНСУ-ын Ерөнхийлөгч байсан юм. Солонгосын төв тагнуулын албаны тэргүүн, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын албаны дарга Ким Жэ Кю түүний толгой руу буудаж хөнөөсөн бөгөөд 1980 оны тавдугаар сарын 24-нд энэ хэргийнхээ төлөө дүүжлэгдсэн.

Пак Гын Хе ямар нэгэн шашин шүтдэггүй байв. 1974 онд эцгийг нь хөнөөх гэсэн Хойд Солонгосын явуулгын улмаас ээж нь амь үрэгдсэний дараа улс төрд хөл тавьжээ. Тухайн үед тэрбээр дөнгөж 22 настай байсан аж. 1979 он буюу таван жилийн хугацаанд тэрбээр албан бусаар Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай гэгдэж байв. Пак Гын Хе “Ариун зүрх” хэмээх охидын дунд сургуулийг дүүргэж “Соганг” их сургуульд элсэж, сонгуулийн технологийн бакалаврын зэрэгтэй төгсжээ. 

Дараа нь Францын Греноблдийн их сургуулийг зорьсон ч ээжийгээ нас барсны дараа сургуулиа хаясан гэдэг. 1974 оны зун. 22 настай Пак Гын Хе Францын Греноблийн их сургуульд суралцаж байв. Тэр багш болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн нэгэн байлаа. Наймдугаар сарын тэр нэг өдөр түүний мөрөөдөл үүрд замхарчээ. Тэр төрөлх нутгаасаа зурвас хүлээн авав. “Яаралтай эх орондоо ир” гэжээ. Цүнх саваа баглаад, нисэх буудлыг зорьсон Пак Гын Хе сонины мухлагийн дэргэдүүр өнгөрч явахдаа нүдэнд итгэмгүй мэдээлэл олж харжээ. “Тэргүүн хатагтай Пакийн амийг хөнөөжээ” гэх гарчгийн дор дөлгөөн харцтай, хөнгөн инээмсэглэл тодруулсан эмэгтэйн зургийг нийтэлсэн байв. Тэр эмэгтэй түүний ээж нь байлаа.

Пак Гын Хег Сөүлд буцаж очиход цусанд будагдсан ээжийнх нь даашинз угтав. Өмнөд Солонгос Японы эрхшээлээс мултарсан 29 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхийлөгч нөхрөө дагалдан очсон Юк Ён Сү Үндэсний театрт толгойдоо буудуулж, амиа алдсан юм. Хойд Солонгосын тагнуулын нөхрийг нь онилсон бууны сум түүний толгойд туссан аж. Тэргүүн хатагтай тэгэхэд дөнгөж 48 настай байв. Эх орондоо дуудагдаж ирсэн Пак Гын Хед гашуудаж суух цаг байсангүй. Ээжийнхээ орон зайг нөхөж, шийдэмгий зоригтойгоор эцэгтээ туслахыг хичээж, тэргүүн хатагтайн үүрэг хариуцлагыг өөртөө хүлээжээ. Дараагийн таван жилд тэр эцгийнхээ дэргэдээс алхам ч холдолгүй, албаны айлчлал, төрийн дээд уулзалт, элдэв дээд арга хэмжээнд тасралтгүй оролцож, яг л ээжийнхээ хийдэг байсанчлан халуун дотноор хүмүүстэй мэндчилж, гар барилцах болов. 

“Миний хамгийн чухал үүрэг бол эцэг минь ганцаараа биш гэдгийг улс орон, ард түмэндээ харуулах явдал байсан. Энгийн хүний амьдралаар амьдрах мөрөөдлөө тэгэхэд би таягдан хаясан. Амар хялбараар амьдрах гэсэн миний мөрөөдөл замхарлаа” хэмээн Пак Гын Хе 1974 оны арваннэгдүгээр сарын 10-нд өдрийн тэмдэглэлдээ бичиж байжээ. 1979 оны аравдугаар сарын 26-нд оройн хоолны үеэр Ерөнхийлөгч Пак Жон Хи хамгаалалтын албаны даргадаа буудуулж, амиа алджээ. Эхийгээ алдаад удаагүй байсан Пакийн эцэг мөн бусдын гарт хорлогдов. Энэ удаад түүнд Хөх ордонд буцаж очих шалтгаан байсангүй. 1979 оны арваннэгдүгээр сарын 3-нд төрийн оршуулга болж, ээжийнх нь шарилын дэргэд эцгийг нь нутаглуулав. Пак ерөнхийлөгчийн албаныхантай салах ёс гүйцэтгээд амьдралынхаа шинэ үе рүү давхин оджээ. Пак Гын Хе ээжийнхээ үхлээс хойш төд удалгүй Чой Сун Шилтэй анх танилцсан. Чой овогт Пак Гын Хегээс дөрвөн насаар дүү. Түүний эцэг Чой Тэ Мин ерөнхийлөгч Пак Чон Хитэй дотно харилцаатай байсан бөгөөд охин нь тэргүүн хатагтайн үүргийг итгэл төгс гүйцэтгэж байгаад сэтгэл хангалуун байсан гэдэг. 

“Мөнхийн амьдрал” гэгч шашны урсгалыг үндэслэгч, шашны номлогч Чой Тэ Мин ээжийгээ алдаад, сэтгэл нь үймэрч, уй гашууд автсан Пак Гын Хег уриалгахан хүлээн авжээ. Тэр тэнгэрээс ээжийнх нь дамжуулсан захиасыг хүлээн авдаг, хайрт ээжтэйгээ холбогдох гүүр нь гэж өөрийгөө итгүүлсэн гэх мэдээлэл байдаг.

Пак Гын Хе түүнтэй улам бүр дотно харилцаатай болж, түүний охин Сун Шилтэй ч ойр дотно нөхөрлөх болжээ. Энэ хугацаанд Чой Тэ Мин тэргүүн хатагтайн үүрэг хүлээсэн Пакийн нэр нөлөөг ашиглаж, өөрийн байр суурь, эд хөрөнгөө зузаатгаж байсан гэдэг. 1979 онд Ерөнхийлөгч Пак Жон Хиг буудаж хөнөөсөн Ким Жэ Гуи хожим нь шүүх танхимд мэдүүлэг өгөхдөө “Ноён ерөнхийлөгч Чой Тэ Миний авлигын чанартай элдэв заль мэх, үйл ажиллагааг таслан зогсоож чадаагүй, охиноо түүнээс холж байлгаж чадаагүй нь түүнийг хөнөөх шалтгаан болсон” гэж мэдүүлж байжээ. Чой овогтынхонтой хэт ойр байсан Пак төрсөн дүү нараасаа хол хөндий олон жилийг үджээ. 1990 онд түүний охин дүү Гын Рён, эрэгтэй дүү Жи Ман нар тухайн үеийн Ерөнхийлөгч Ро Дэ Ү-д хандаж, нас нөгчсөн эцэг, эхийнх нь дурсгалд зориулан байгуулсан ашгийн бус сангийн үйл ажиллагаанд Чой Тэ Мин оролцох болсон гэж гомдол мэдүүлжээ. Пак Гын Хегийн дүү нар нь Чой Тэ Мин том эгчийг нь удирдаж, гарын аясаар хөдөлгөдөг хэмээж байв.

2007 онд Пак Гын Хе намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх авахын төлөө өрсөлдөж байх зуур Өмнөд Солонгос дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас Вашингтон руу илгээсэн мэдэгдэлдээ “Нас барсан номлогч Пакийн бие махбодь, оюун санааг хянаж, удирдаж байсан, үр дүнд нь түүний хүүхдүүд асар их хэмжээний хөрөнгө мөнгө цуглуулсан гэх цуу яриа эрчимтэй газар авч байна” гэж бичсэн байв. Хүнтэй гэрлэж байгаагүй Пак Гын Хег мөн Чой Тэ Миний хүүхдийг төрүүлсэн гэх ч цуу яриа байдаг. Пак өөрөө энэ мэт яриаг эрс няцааж байсан юм. Хожим 2007 онд өгсөн ярилцлагадаа Пак Гын Хе түүнийг эх оронч хүн байсан гээд, хүнд хэцүү үед тулж, түшиж, зөвлөж байсанд нь талархаж явдаг тухайгаа өгүүлж байжээ. Чой Тэ Минээс хойш Пак түүний охин Чой Сун Шилтэй дотно хэвээр үлджээ. Өнөөг хүртэлх бүх дуулиан ч түүнтэй холбоотой билээ. Ерөнхийлөгчийн охин ч биш, тэргүүн хатагтай ч биш болсон Пак Гын Хе бараг 20 гаруй жил ор сураггүй шахам алга болжээ. Өөрийн зөвлөх, удирдагч Чой Тэ Мин болон түүний гэр бүлийнхэнтэй хамт байж, Чой овогтын үүсгэн байгуулсан бүлгэмийн удирдагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл Өмнөд Солонгосын хэвлэлээр гарч байсныг эс тооцвол тэр хугацаанд чухам юу хийж байсан нь одоог хүртэл тодорхойгүй. Ази тив санхүүгийн хямралд өртөж, дотоодын нөхцөл байдал ч хурцадсан 1998 онд Пак Гын Хе улс төрд дахин орохоор шийджээ. 

“Би БНСУ-тай амьдралаа холбосон. Надад өөрийн гэсэн хүүхэд байхгүй. Өмнөд Солонгосын ард түмэн бол миний гэр бүл” гэж Пак Гын Хе хэлж байв. Тэрбээр 1998 оны дөрөвдүгээр сард болсон нөхөн сонгуулиар ялалт байгуулж, парламентын гишүүн болов. Ингээд тэр консерватив үзэлтэй эрчүүд голдуу байдаг Ханнара намын удирдагч болжээ. Түүний удирдлага дор нам нь 2004-2006 оны хооронд өрнөсөн 40 удаагийн ээлжит болон нөхөн сонгуульд бүгдэд нь ялалт байгуулав. Нэгэн цагт багш болохыг мөрөөдөж явсан охин “Сонгуулийн хатан хаан” нэртэй улс төрийн нэр хүнд бүхий удирдагч болж хувирчээ. Эцэст нь, 2012 онд Пак Гын Хе Хөх ордонд дахин хөл тавих боллоо. Ардчилсан сонгуулиар ялалт байгуулсан тэрбээр Өмнөд Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй Төрийн тэргүүн болов. Түүний ялалтад эцэг, эхийнх нь гавьяаг өндрөөр үнэлдэг ахмад настнуудын сонгуулийн идэвх, оролцоо онцгой үүрэг гүйцэтгэсэн гэгддэг.

“Итгэл найдварын шинэ эрин эхэллээ” гэсэн тангарагийн илтгэлдээ Пак хууль, дүрэмд суурилсан сайн сайхан, аз жаргалтай улс орныг бүтээн босгохоо амлав. “Миний засаг захиргааны үйл ажиллагаа ил тод, цэвэр тунгалаг, мэргэжлийн, чадварлаг байж ард түмнийхээ итгэлийг олох болно” гэж илтгэлдээ дурджээ. Ерөнхийлөгчийн охин, тэргүүн хатагтай явсан тэрбээр ийнхүү БНСУ-ын Төрийн тэргүүн болов. Пак Гын Хе Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Өмнөд Солонгост нийгмийн хүрээнд тулгамдаж буй асуудлууд болон авлигыг арилгахад гол анхаарлаа хандуулна гэдгээ зарласан. Үүнээс гадна гадаад байдлыг тогтворжуулж, эрүүл мэнд, боловсролын өртгийг бууруулна гэдгээ сонгуулийн кампанит ажлын үеэрээ мэдэгдэж байжээ. Харамсалтай нь Өмнөд Солонгосын хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадсангүй. Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа хааж байх үеэр гэмт хэрэгт холбогдсон анхны Төрийн тэргүүн болсон аж. Түүнийг Өмнөд Солонгосын Ерөнхий Прокурорын газраас “Үндсэн хууль зөрчсөн, авлига хээл хахууль авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, улсын нууцыг задруулсан” хэрэгт буруутгасан билээ.

Пак Гын Хе дотны найз Чой Сун Шилийг улс төрд хууль бусаар оролцуулж байсан гэх хэрэгт холбоотой болох нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон. Чой Сун Шилийн эзэмшдэг хоёр ашгийн бус сан нэг жилийн дотор 75 тэрбум вон буюу 66.7 сая ам.долларын ашиг олсон нь прокурорын газрын анхаарлыг татсан байна. Ингээд Өмнөд Солонгосын прокурорууд Чой Сун Шилийг авлига авсан хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний компьютерээс 200 файл бүхий баримт бичиг, түүний дотор Ерөнхийлөгчтэй холбоотой баримтууд олджээ. Энэ нь Пак Гын Хе Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдох үеэр Чой Сун Шилээс тусламж авч, түүгээр олон нийтийн өмнө хэлэх үгээ бэлдүүлсэн баримт байсан байна. БНСУ-ын хуулийн дагуу Ерөнхийлөгчийн илгээлт үг нь төрийн нууцад хамаарах бичиг баримтад тооцогддог бөгөөд үүнийг энгийн иргэнд цахим шуудангаар илгээсэн нь төрийн нууцыг санаатайгаар задалсан хэрэгт багтдаг аж.

Ерөнхийлөгч Пак Гын Хе, түүний найз Чой Сун Шил нарын хэрэгт Солонгосын нэр нөлөө бүхий компаниуд болох “Lotte”, “Samsung” зэрэг нийт долоон компани холбогдсон. Пак Гын Хе хоёр ч удаа ард түмэндээ хандсан мэдэгдэл хийж, хэлэх үгээ найзаараа засварлуулж байснаа хүлээн зөвшөөрч “Бүгд миний буруу” хэмээн өршөөл хүсэж байв. Гэхдээ Өмнөд Солонгосын иргэд Төрийн тэргүүний асуудлыг зүгээр өнгөрүүлэхийг хүссэнгүй. Пак Гын Хег огцруулахыг шаардаж, долоо хоног бүр гудамжинд олныг хамарсан жагсаал өрнөх болов. Пак Гын Хегийн чансаа урьд хожид байгаагүйгээр унажээ. Улмаар БНСУ-ын парламент 2016 оны арванхоёрдугаар сарын 9-нд Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, огцруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Дээрх асуудлыг Үндсэн хуулийн шүүх хэлэлцэж, 2017 оны гуравдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах нь зүйтэй гэсэн парламентын шийдвэрийг дэмжин, баталгаажуулсан юм. Пак Гын Хе мэдэгдэл хийж, хэлсэн үгэндээ “Үндэсний ассамблей миний Ерөнхийлөгчийн албыг хаших хугацааг богиносгох, эсвэл огцруулах ямар ч шийдвэр гаргасан бай би дагаж, мөрдөх болно. Хэрэв үндэсний ассамблей улс төрийн эмх замбараагүй байдал, хий хоосон улстөржилтийг шийдвэрлэхийн тулд эрх мэдлийг тогтвортойгоор шилжүүлнэ гэвэл би Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцроход бэлэн байна.

Би 18 жилийн турш улс төрд байх хугацаандаа хувийн ашиг сонирхол хөөж байгаагүй. Эргэн тойрны хүмүүсээ зөв удирдаж чадаагүй нь миний буруу” хэмээн мэдэгджээ. Ерөнхийлөгч Пак Гын Хегийн авлигын хэргээс үүдэж Хууль зүйн сайд Ким Хён Үн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын олон нийттэй харилцах албаны дарга Чүэ Жэ Гён нар албан тушаалаасаа огцорчээ. Хамгийн гол нь Солонгосын прокурор, хэвлэл мэдээлэл, ард иргэд авлига болон аливаа хуулиас гадуурх зүйлд Ерөнхийлөгч холбогдсон ч шударга ёсыг эрхэмлэх нь туйлаас чухал гэдгийг харуулж чадсан юм. Солонгосын хэвлэл мэдээллийн байгууллага нь маш хүчирхэг, хараат бус үйл ажиллагаа явуулж чаддаг болохоо тунхаглав. Прокурорын байгууллага дуудсан тохиолдолд Солонгосын хамгийн баян компанийн захирал, аль ч шатны улстөрч үг дуугүй, ямар ч тайлбаргүй очдог хэв маягийг тэд тогтоож чадсан аж. БНСУ-ын Сөүл хотын төв дүүргийн шүүх Ерөнхийлөгч асан Пак Гын Хе-гийн авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг хэлэлцээд түүнд 24 жилийн хорих ял оноосон аж. Шүүх хурлыг телевизээр шууд дамжуулан хүргэжээ.

Прокурорууд түүнийг томоохон бизнес эрхлэгчдээс олон сая ам.долларын хахууль авсан 18 хэргийг шалгаж, түүнд 30 жил шоронд хорих ял төлөвлөсөн байв. Энэ оны нэгдүгээр сарын дундуур БНСУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч асанд оноосон ялыг хэвээр үлдээв. Пак Гын Хе өөрийгөө ямар ч буруугүй, харин улс төрийн өшөө авалтын золиос болсон гэж үздэг. Төрийн тэргүүн асан нийтдээ 22 жилийг шоронд өнгөрүүлэхээр болж байна. Пак Гын Хе-д 2018 оны долдугаар сард анхан шатны шүүхээс авлигын хэргээр 15 жил, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр дахин таван жилийн хорих ял оноож, 18 тэрбум воны (16 сая ам.доллар) торгууль ногдуулсан. Дараа нь давж заалдах шатны шүүх хорих ялыг 30 жил болгон сунгасан байна. 

Улмаар шүүхийн шийдвэрийг хэд хэдэн удаа хянан хэлэлцэж, Ерөнхийлөгч асныг ялласан зарим зүйлчлэлийг хасжээ. Дээд шүүх Пак Гын Хегийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул дахин давж заалдах эрхгүй болсон. Пак Гын Хе-гээс өмнө БНСУын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хэд хэдэн хүн гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял авч байсан.

 ТҮҮНИЙ ЭЦЭГ ПАК ЖОН ХИ

Пак Гын Хегийн эцэг Пак Жон Хи 1917 оны есдүгээр сарын 30-нд Кёнсан аймгийн Гүмид төрсөн. Өмнөд Солонгосыг 1961 оноос эхлэн 1979 онд бусдын гарт амиа алдах хүртлээ удирдаж байсан улстөрч, генерал юм. Пак 1961 онд Сол онгосын Хоёрдугаар Бүгд найрамдахыг төрийн эргэлтээр унагаж, эрх мэдлийг гартаа авсан. 1963 онд Ерөнхийлөгчөөр сонгогдох хүртлээ тэрээр Үндэсний Бүтээн байгуулалтын Дээд Консулын тэргүүнээр ажиллаж байв. 1972 онд Пак цэргийн хуулийг баталснаар улсынхаа Үндсэн хуулийг хоёрдугаарт тавьж, өөрийгөө ерөнхийлөгчөөр тунхагласан. Японы эзлэн түрэмгийлэлд байсан Солонгост ядуу тариачин айлын гэрт төрсөн Пак Японы Манж Го хаант улсын армид алба хааж байв.

Түүнийг чадварлаг офицер болохыг нь ажиглаж, Японы эзэн хааны армийн дээд зэрэг болох Квантуны армид Дэлхийн II дайны үед элсүүлжээ. Дайны дараа Пак Бүгд найрамдах Солонгос улсын армид элсэв. Солонгосын дайны үед тэрээр тун залуудаа генерал цол хүртсэн. 1960 онд Пак Солонгосын армийн үйл ажиллагааны хэлтсийн тэргүүн болж, 1961 онд Өмнөд Солонгосыг 30 гаруй жил удирдсан цэргийнхний эсрэг төрийн эргэлт хийсэн офицеруудыг удирдав. 

Пак Жон Хи 1979 оныг хүртэл БНСУ-ыг удирдахдаа эдийн засгийн өсөлтийг нь хурдасгаж, Хан мөрний эрэг дэх ид шидийг бүтээсэн. Гэсэн ч түүний дэглэмийн үед хүний эрхийг маш ихээр зөрчиж байв. Үүнээс болж түүний талаарх хүмүүсийн бодол хоёр хуваагддаг. Нэг хэсэг нь түүний хийсэн өөрчлөлтийг үнэлэх ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь түүний дэглэмийг буруушаадаг. Түүний дэглэмийн үед залуу насаа өнгөрүүлсэн ахмад үеийнхэн социалист Умард Солонгосоос өөрсдийгөө хамгаалахын т улд Пакийн байгуулсан эдийн засгийн суурийг нь үнэлдэг. Харин Солонгосын шинэ үеийнхэн болоод ардчиллын төлөө тэмцэж байсан хүмүүс түүний дэглэмийг буруушааж, Өмнөд Солонгосын ардчилалд хүрэх шилжилтэд саад хийсэн гэдэг. 1999 онд “Time” сэтгүүлийн шалгаруулсан “Зууны шилдэг Ази хүмүүс”-ийн эхний аравт Пак Жон Хи багтсан.

 


0
0
3
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.21.106
    2021/04/08

    манайханыг л энэ солонгос пасторууд зомби болгох гээл байгаа юм даа

    Хариулах