А.Түмэнхишиг: Холливудын улаан хивсэн дээр алхахыг мөрөөддөг

Админ
2021/04/07

Д.БЯМБАСҮРЭН

Энэ удаагийн “Шинэ танил” буландаа залуу дуучин А.Түмэнхишигийг урилаа. Тэрбээр КУДС-ийн жүжигчний ангийн төгсөх курсийн оюутан бөгөөд МУГЖ, эстрадын дуучин Ж.Уранчимэгийн шавь юм.

-МУГЖ Ж.Уранчимэг багштайгаа хэрхэн танилцаж байсан түүхээс хуваалцвал?

-Анх 2019 онд “МУГЖ, Эстрадын дуучин Ж.Уранчимэгийн дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаан болсон юм. Тус уралдаанд 160 хүн оролцсоноос 10 шилдэг оролцогчийг шалгаруулсан. Дараа нь МҮЭСТО-нд шилдэг оролцочдын тоглолтыг зохион байгуулснаар, багшийнхаа шавь нь болсон түүхтэй. Түүнээс хойш аялан тоглолтоор хамт явж, олон уран бүтээлчтэй танилцаж,нэг тоглолтод оролцсон минь залуу хүний хувьд том боломж. Мөн эстрадын урлагт өөрийн өнгө төрх, замналаа бүтээсэн мундаг хүний шавь болсондоо баярлаж, бахархаж явдаг.

-Танай удамд ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн дуучин цөөнгүй байдаг юм билээ?

-Тийм ээ. Хүмүүсийн сайн мэдэхээр СТА, ардын дуучин Д.Бурмаа, СТА О.Гансувд болон дуучин Б.Уранзаяа гээд эгч нар маань бий. Тэдний араас ч мөн олон дуучин төрж байгаа. Эгч нараасаа үлгэр дуурайл авч, тэдэн шиг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин болохыг хүсэж, хичээж явдаг.

-Жүжигчин мэргэжлийг яагаад сонгох болов?

-Багаасаа дуулах сонирхолтой байсан. Аймгийн хэмжээний уралдаан, тэмцээнд оролцож, байр эзэлдэг байлаа. Тэгээд л урлагийн хүн болохоор шийдэж жүжигчний ангид элссэн. Залуу хүний хувьд өөрт байгаа бүх нөөц бололцоогоо нээж харуулахын тулд ганц дуучин байна гэдэг хангалтгүй гэж боддог. Хос морьтой хүн хол явдаг гэдэг шүү дээ.Тиймээс дуулах, жүжиглэх авьяасаа хослуулан хөгжүүлж, урлагийн замд эргэлт буцалтгүйгээр орсон. Жүжигчин болохын тулд эхлээд хүн байх ёстой гэж багш нар маань хэлдэг.

-Мэргэжлийн багш нь хэн гэж хүн байдаг вэ?

-МУСТА Даваасүрэн гэж хүн бий. Хүмүүс “Моторын дуу” киноны жолоочийн дүрээр нь сайн танина. Мөн олон арван кинонд дүр бүтээсэн. 

Анх Увс аймгаас бүрэг ичимхий охин шалгалт өгөхөөр ирж ирэхэд, багш маань хүлээж авсан. Түүнээс хойш оюутан ахуй хугацаанд багшаасаа олон зүйлийг суралцсан. Багш маань “Жүжигчин хүн сармагчин шиг байж болохгүй. Мэдлэгтэй байх ёстой” гэж захидаг. Багшийнхаа хэлсэн үг сургаал, захиасыг баримталж явахыг хичээдэг.-Оюутнууд киноны арын албанаас уран бүтээлийн гараагаа эхэлдэг шүү дээ. Хэр олон уран бүтээлд оролцсон бэ?

-Багш нар биднийг эхний хоёр жилд янз бүрийн зүйлд оролцохыг хориглодог. Харин III курсээс эхлэн уран бүтээлүүдэд оролцож болдог. Миний хувьд коронавирусийн тархалт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан олон уран бүтээлд оролцож амжихгүй төгслөө. Хамгийн сүүлд “Этик” продакшны уран бүтээл “Хэлгүй жим” кинонд туслахаар явсан.

-Залуу дуучны хувьд тайзан дээр гарахад онцгой мэдрэмж төрдөг үү?

-Би амьдралыг дуу хуургүйгээр төсөөлдөггүй. Гунигтай, жаргалтай аль ч үед дуу хөгжим л аргадаж, тайтгаруулж, урам зориг өгдөг. Тухайлбал, гэрээ санасан үедээ аав ээжийн тухай дуу дуулааад тайвширдаг. Дуугаар олон зүйлийг илэрхийлж болдог юм шиг санагддаг. XII ангидаа хоёр дүүтэйгээ хамтран “Удам дамжсан аялгуу” тоглолтоо Увс, Ховд аймагт зохион байгуулсан. 

Манай бага дүүг хүмүүс Булдруу нэрээр андахгүй. СТА Э.Төрмандахын “Аархал” дууг дуулсан бичлэг нь цахим орчинд нэлээд түгсэн байдаг. Хоёр дүүтэйгээ тайзан дээр гарахаар их нөмөртэй. Тоглолтынхоо үеэр ээждээ зориулж дуу дуулаад гурвуулаа уйлаад, ээжийгээ уйлуулж байсан. Тэнд байсан хүмүүс ч мөн уйлсан. Тэгэхээр дуу маш хүчтэй зүйл юм.-Урлагийн замаар алхаад хүрэх гэж зорьж буй хамгийн өндөр оргил нь юу бол?

-Надад маш олон зорилго бий. Би айлын том хүүхэд. Гурван дүүгийнхээ бахархалт эгч, аав ээжийнхээ хамгийн сайн охин байхыг хичээдэг. Тэр ч утгаараа өөртөө хамгийн түрүүнд зөв хүн байх ёстой гэсэн зорилго тавьдаг. Үүний дараа сайн уран бүтээлч болохын тулд хөдөлмөрлөх ёстой гэж болов уу гэж боддог. Ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн дуучин, жүжигчин болохыг хүсдэг. Харин хамгийн өндөр оргил гэвэл чадвар болоод авьяас маань хүрвэл Холливудын улаан хивсэн дээр алхах хэмжээний алдартай жүжигчин болох мөрөөдөлтэй. 


64
233
8
45
2
7

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.43
    2021/04/07

    Mundag duudee ilvv ih amjilt husie muruudulduu hurehiig husie

    Хариулах
  • 66.181.161.7
    2021/04/07

    mundag ohin shvv amjilt

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/04/07

    Bаав мундаг бүсгүй байна шүү хязгааргүй их амжилт хүсии

    Хариулах
  • 202.9.47.28
    2021/04/07

    Mundag ohin shuuu minii ohin

    Хариулах
  • 66.181.161.22
    2021/04/07

    uneheer mundag egch shu amjilt

    Хариулах
  • 66.181.161.77
    2021/04/07

    mundag ohin shvv amjilt

    Хариулах
  • 202.55.188.89
    2021/04/07

    Шавьдаа улам их амжилтыг хүсэн ерөөе

    Хариулах
  • 202.9.47.28
    2021/04/07

    Ухаантай охин шүү❤️

    Хариулах