Х.Ууганбаяр: Дүрслэх урлаг бол нэг төрлийн шашин

Админ
2021/04/07

Э.ХОНГОРЗУЛ

Өөрийн гэсэн өвөрмөц онцлог, хэв маяг бүхий уран бүтээлээрээ ялгардаг, МУЭ-ийн шагналт зураач Х.Ууганбаяртай ярилцлаа.

-Таны хэв маяг юу вэ. Ер нь зураач болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг уу?

 -Өмнө нь хэв маягийг хардаг л байлаа. Одоо хэв маяг гэхээр хязгаарлагдмал санагдаж байна. Мэдээж өөрийн арга барилд баригдана. Уламжлалт талдаа эсвэл орчин үеийн, шашинлаг ч гэдэг юм уу байж болох л байх. Ямар ч тохиолдолд би өөрөө хэв маягаа тодорхойлоход хэцүү санагдаж байна. Ерөнхий утгаараа симболизм болон сюрреализмд хамааруулж ойлгож болно.

-Тэгвэл таны зургуудыг шашинлаг гэж болох уу?

-Миний бүх зургийг шашинлаг гэж бүрэн хамааруулж болохгүй. Шашинлаг бус зурагнууд мэдээж бий. Симболизмийн гарал үүсэл шашинтай нягт холбоотой. Тэгэхээр энэ хүрээнд өөрийн шашин соёл уламжлалыг илэрхийлдэг гэсэн санаа. Нөгөө талаас уран бүтээлч хүн эго дээр тогтдог. Өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй болдог. Дээрээс нь уран бүтээлүүд маань хувь хүний онцлог үзэл бодол нөлөөлдөг учраас шашны нөлөө нэлээд бий. Энэ дунд нэг ойлгож амжаагүй зөрчил байгаа (би гэдэг өнцгөөс би үгүйг) яаж илэрхийлэх вэ гэдэг ч юм уу . Гэхдээ урсаад л явж байгаа болохоор магадгүй өөрчлөгдөж болно. Яваандаа юу ч болж болно. Бурхан зурж байснаа, чөтгөр зурдаг болоод явахыг хэн мэдэх вэ. Гэхдээ чөтгөр зурсан байлаа гэхэд шалтгаан нь юу байх вэ.../Инээв/

-Үзэсгэлэнгээ дахин гаргавал өмнөх бүтээлүүдээс тань ямар онцлогтой байх вэ?

-Өмнө нь үзэсгэлэнгээ харахаар шашны эсвэл оюун санааны ерөнхий л хандлагатай байсан. Бурхны шашны нэлээн ерөнхий нэг хандлагатай. Одоо харахаар том сэдвийг нилээд хүчилж хийсэн юм шиг санагдаж байна. Их чухалчилж том зохиомж болгоод их сууж ажиллаад л байсан байна. Түүнээсээ болоод зураг маань нэлээн дэврүүн, дэврэнгүй болсон. Одоо бол үзэсгэлэн төлөвлөөгүй байна. Гэхдээ бүтээлүүдээ хийж байгаа. Онцлог гэвэл адал явдал үргэлжилнэ. 

-Таны 2017 онд гарсан “Зоригдолын орон” үзэсгэлэн бусдаас онцлог санагдсан. Үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ? 

-Үр дүнгийн хувьд боломжийн байсан. Хүмүүст бас нөлөө үзүүлсэн гэж бодож байна. Залуу хүмүүс голдуу их үзсэн. Улаан гэр болон Ub Art галерей дээр гарч байсан. Үзэгчийн тоо 1000 гарсан. Үзэсгэлэн богинохон болохоор хүмүүс үзнэ дээ гэсээр байтал хаагдчихдаг. Тэгээд үргэлжлээд бараг сар гарсан. Мянгаад хүн үзнэ гэдэг бол их ховор. Энэ утгаараа амжилттай гэж бодож байгаа. Яг үзэсгэлэнгийн чинадын агуулга нь хүмүүст гэхээсээ надад өөр рүүгээ дотогшоо өнгийсөн нэг алхам болсон

-Шашны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Урлагаар хүнийг соён гэгээрүүлнэ гэж залуугаасаа сэтгэл зүтгэлтэй ажилласан. Гэтэл зорилго нь өөрийнхөөрөө байх, хүмүүст өөрийн үзэл санааг илэрхийлэх зэмсэг төдий байсан. Хүмүүст нэг санаа өгөх эсвэл соён гэгээрүүлэх гээд ч байгаа юм шиг. 

Урлаг уран зураг гээд байгаа боловч өөрөө өөртөө л амьдрал үүсгэж байсан байна. Түүнийгээ мундаг юм хийж байна, хүмүүст хүрч байна гэж ойлгож байсан. Яваандаа ганц өөрийн сэтгэлгээгээр хүнийг соён гэгээрүүлэх хэцүү санагдаж эхэлсэн. Угаасаа өчүүхэн гэдгээ мэдэрсэн хэрэг. Тэгээд нэлээд боловсорсон сэтгэлгээний онол, сургаальд тулгуурлаж бутээлээ хийх нь зөв гэж бодсон. Энэ нь Буддын сургааль онол мөн гэж итгэж байгаа. Сүүлд шашин судлаад, зураг маань ч яваандаа өөрөө яваад орчихсон. Өмнө нь хонх очир, сүм дуган гэх мэт деталь маягаар зургандаа хийдэг байсан. Дээрээс нь хувь хүн талаасаа энэ нийгэм, ахуй хэлбэрээс бүтээл төрөх сэдэл тун хэцүү болсон доо. (байгалийг эс тооцвол) Шашин дотроо их баялаг. Чинадын утгыг нъ ойлгохгүй байлаа ч гэсэн үлгэр домог, түүх уламжлал гээд урам авах зүйлс маш их юм. Миний хувьд дорнын уламжлалт арга барилыг өрнийн уламжлалт арга барилтай хослуулахыг хичээж ажилладаг. Уламжлал гэдэг хуучирсан юм биш. Өрнө, дорно хоёрыг холбоод байх шиг байгаа юм. Тэр нь шашны агуулга руугаа ороод ирвэл монголчууд хүлээж авахдаа илүү ойр санагдсан.

-Та яагаад Буддын оройн дээдэд явахаар шийдсэн бэ?

-Хувь хүн болон уран бүтээлтэй маань холбоотой. Энэ хоёр яг адилхан түвшинд байгаа. Бүтээлүүд маань нэгэнт ийшээ ороод эхлэнгүүт хувь хүн ч бас өөрчлөгдөж байгаа юм. Өнгөцхөн мэдэхгүй юмаа нухаад байх хэцүү. Заавал лам хувраг болохгүйгээр системтэй боловсрол олгодог гэдэг утгаар нь "Жавзандамба хутагт" төвд суралцаж байна. Энэ нь аль алиндаа тустай. 

Хүн төрөлхтний соёлын маш том өв монголд байна. Буддын шашин бидний амьдралд ухамсартай ба ухамсаргүйгээр ил, далд маш гүнзгий шингэсэн байгаа. Их хөлгөний ёс монголоос өөр газарт байхгүй болсон гэхэд болно . Их хөлгөний сургааль судар, Дандар хоёрыг хослуулсан шинжлэх ухаан юм. Түүнийг ухамсартайгаар хэрэглэх гэсэн үүднээс өөрсдийнхөө юманд хандах болсон. -Буддын шашин уран бүтээл болон хувь хүнд тань хэрхэн нөлөөлөв?

-Уран бүтээлд маш их нөлөөлсөн. Буддын ухаанд суурилсан үлгэр домгийн ертөнцөд шилжиж байгаа ч юм шиг. Уран бүтээлдээ хандах хандлага маань ч нэлээд хариуцлагатай болж байгаа. Үзэл бодол нь дотроо зөрчилгүй ариун тунгалаг байгаасай гэж бодож байна. Өмнө нь тийм байсан боловч арай л хийсвэр байсан. Мэдээж дүрслэл сэтгэлгээний хувьд биш хандлага ёс зүйн хувьд шүү дээ. Энэ нь өөртөө хандах хандлага бас мөн юм. Гурван жилийн өмнөхөөс итгэл үнэмшил маань өөр болж, шат ахисан байх гэж итгэж байна. Гэхдээ бурхны шашны сүсэг бишрэл гэхээсээ илүү мэдлэг боловсрол ёс зүй, энэрэл нигүүлсэл, энгүүн тайван байдлыг эрэлхийлэх болсон .

-Зургийн сэдвээ хэрхэн олдог вэ, эсвэл зурахаас өмнө өөр дотор чинь бүрэлддэг гэж боддог уу?

-Нэг зурсхийсэн юм байдаг. Агуулгын хувьд ч юм уу шүтэлцээ, ойлголт, өнгө дүрслэлийн хувьд санаа орж ирдэг. Тэгээд сэтгэлийн нэг мухартаа хадгалаад яваад л байдаг. Өргөс орсон юм шиг аваад хаячихаж болохгүй, гэхдээ бэлэн биш нэг юм. Дараа нь дүрслэлийн хувьд санаа орж ирээд арай нэг барьцтай болж ирнэ. Тэгээд цаг нь болохоор нэг нэгээрээ заримдаа хоёр гурваараа гарч ирнэ.

-Таны бүтээлүүдэд яагаад цэнхэр өнгө давамгайлсан байдаг юм бэ?

-Сэдэвтэй холбоотой байж магад. 

Ер нь бол төсөөлөөд байгаа тэр орны өнгө байх. Тэр нэг л ертөнцийн өнгө болохоор магадгүй ихэнх зураг номин ногоон ч юм уу. Санаанууд нь амар амгалан, тайван, билиг чанартай холбоотой, тийм болохоор магадгүй тохирдог байх л даа.-Өмнөх үзэсгэлэнгийн зургуудыг харж байхад өнгө нэлээн тод байсан. Ажиглаад байхад зургийн тань өнгө улам зөөлрөөд байх шиг?

-Өмнөх үзэсгэлэн дээр харьцангуй зөөлөрсөн байсан. Тав, арван жилийн өмнөх зургийн өнгө хурц тод байсан. Тэр үеийн үзэл бодол одоогийнхтой тэнгэр газар шиг зөрүүтэй болсон байна. Тэр үед би чамд яриа өгсөн бол тэс өөр зүйл ярих байсан. Тэр үе үндсээрээ ганхаад минийх юм биш болсон. Угаасаа миний юм ч гэж юу байх вэ дээ. Тухайн үеийн нийгэм, мэдээллийн урсгал, орон зайгаас ирж байгаа долгионыг тэгж хүлээж авснаа л буулгасан байх.

-Үзэсгэлэн гаргах бүрдээ шинээр “төрдөг” үү?

-Наадах чинь сайхан асуулт байна. Миний хувьд үзэсгэлэн төлөвлөж гаргаж байсан нь ховор. Эхлээд үзэсгэлэн гаргая гэсэн санаа төрдөг. Гэр бүлийн зүгээс, сэтгэлзүйн хувьд ч тухайн үедээ маш хүчтэй байх хэрэгтэй болдог. Бүтэн жил ч юм уу зургаа зурахын тулд ахуйгаас тасрах хэрэгтэй. Үзэсгэлэн гарах дөхөх тусам баяр баясгалан, гуниг хосолж ирнэ. Тэгээд нээлт болоод дуусахад маргааш нь бүх юм хоосорчихдог. 

Ач холбогдлын хувьд ч тэр надад хамаарахаа болиод надаас салаад явчихдаг. Ер нь уран бүтээлч болгонд байдаг зүйл. Эмэгтэй хүн хүүхдээ тээж төрүүлэхтэй адилхан. Тэгээд надаас гараад явчихдаг учраас би хоосролд ордог. Дараа нь хэсэгтээ хоосон, сэлүүн, амар амгалан ч юм шиг болдог.-Бүтээх үйл явц зарим талаар бясалгалтай дүйнэ гэж та үздэг үү?

-Мөн л дөө. Ялангуяа шинжлэх бясалгалтай. Мэдээж уран бүтээлд оюун санаа зүрх сэтгэлээ зориулдаг учраас яах аргагүй бясалгал мөн. Гэхдээ дотроо нарийн юм бий. Уран бүтээлээ бясалгалтай холбовол өөрөө өөртэйгөө холбогдоно. Сууж төвлөрөөд бясалгал хийснээс зураг зурж байхдаа илүү төвлөрдгөө анзаарсан. Нэг удаадаа би 40 минут л сууна. Харин зураад суухад нэг мэдэхэд өдөр өнгөрсөн байдаг. Жишээ нь, сарны гадаргуу зурлаа гэхэд сарны олон жижигхэн тогоог нэг нэгээр хийнэ, тогооны бүтэц бүрийг хийх нь тогтоол бясалгалтай дүйнэ. Тэнд ямар нэгэн утга санаа гэхээр юм байхгүй зүгээр л хэлбэрийг нь гаргана . Тэрийг хийж байхад өөр бүх зүйл алга болно. Зөвхөн тэр саранд хандаж байгаа тогтоол бясалгал л үлдэнэ. Мэдээж шинжлэх бясалгалын хувьд зургийн агуулга нь боловсорч, зурагнаасаа болоод шинжлэн бодох, сонгох олон үйл явц гарна. Сүүлийн үед шинжлэх бодох ихдээд байх шиг санагдана. Нэг зураг зурах гэж нэлээд удаж байна.

-Зургаа нэрлэсэн нэрнүүд чинь их онцгой, “Зөөлөн цогт”, “Зөөлөн эгшигт”, “Сэтгэлээс ургасан” гэх мэт, нэрэнд юу нөлөөлсөн бэ?

-Нэрнүүд их сонин бууж ирдэг. Заримдаа цаанаасаа орж ирнэ. Мэдээж эд нар шашны холбогдолтой нэрнүүд. Би шашин судалж байгаа болохоор шашны яруу, уянгалаг, утга төгөлдөр үгнүүдийг хэрэглэдэг. Тухайн үедээ тийм нэртэй зураг зурна гэж зурахгүй. 

Зурж байгаад дуусахын алдад нэрийн тухай бодогдоно. Заримдаа нэр нь орж ирж байгаад хийсэн зураг ч байна. Нэрнээсээ эхлээд сэдэл өгсөн зурагнууд бас байдаг. Нэр өгч чадахгүй хүнээс асуусан тохиолдол ч байна. Би бол зүгээр л буулгагч.-Зураач хүн шаналал зовлонгоо ч зурах ёстой юу эсвэл түүнээсээ ангид байж бүтээлээ туурвидаг уу?

-Ер нь зурах албатай биш. Би хийж үзэж байсан. Хүмүүст сайн сайхан талаас нь харуулахгүй бол монгол хүн амны бэлгээрээ гэдэг шиг уруудах гээд байдаг. Надад “Сүүдэр” гэх мэтчлэн бараан зургийн бүтэн үзэсгэлэнгийн санаа байна. Гэхдээ би тийшээ орохгүй байгаа юм. Яагаад гэвэл хүн болгонд л зовлон бий, миний хувийн л юм. Тэрийг уран бүтээлээрээ илэрхийлэх нэг үе байна. Зовлон шаналлаа илэрхийлж болно л доо. Мүүнк “Хашхираан”-аараа дотоод ертөнцийн дэлбэрэлтээ илэрхийлсэн гэх мэт. Гэхдээ түүнийг хийгээд ирэхээр улам дорддог. 2015 он шиг санаж байна. “Сүүдэр”-ийг зурахад бүтэн өвлийг зарцуулсан. Германы хөгжмийн зохиолч Карл Орф -ийн (Кармино Буранаг) байнга сонсож байлаа. Яг II дайны үед гарсан бүтээл. Хөгжим болон зургандаа гүн ороод ааш авир их муудсан. Түүнийг зүгээр хийж чадахгүй орчихдог. Ер нь ангид байх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

-Зурж байхдаа ямар хөгжим сонсдог вэ, бүтээлд чинь гүнзгий нөлөөлсөн хөгжим бий юү?

-Дахиад л “Сүүдэр”-ийн тухай ярих гээд байна. Тэр үед би бараг өөр дээрээ туршилт хийсэн. Кармино буранаг урландаа өвөлжин сонссон. Тэгж өөрийгөө албаар хатаасан. Түүнийг сонсоод хийхээр гоё болоод ч байгаа юм шиг. Тэр бүтэн дуурийг сүүлдээ бүр цээжилчихсэн байсан. 

Ариун цэврийн өрөө орох хооронд толгойд явж л байна. Буцаад урландаа орж ирэхэд яг нөгөө хэсгээс үргэлжлээд явж байна. Тэр зургийг хийхэд сөрөг энерги болон муу муухайг өөр дээрээ мэдэрсэн. Сүүлийн үед бурхны ном, зүрхэн тарни, “Мял Богдын намтар” сонсож байна. Хөгжим сонсох багассан.-Уран бүтээлээ туурвихад таны хувьд юу хамгийн чухал вэ?

-Урам зориг. Заримдаа гоё санаа эхлүүлээд явахгүй удах үе байна. Орчноосоо салаад уран бүтээлээ туурвина гэдэг хэцүү. Ахуйгаас нөгөө оршихуй руугаа шилжих үйл явц жаахан бэрх. Заримдаа ахуйгаас тасарсан хэр нь зурж чадахгүй ч үе бий.

-Зураг болгон ямар нэг зүйлийг илэрхийлэх гэж оршдог уу?

-Миний хувьд хуучин болон одоо ертөнц өөрчлөгдсөн. Хуучин хийсэн зүйлээ бодоход нэг ертөнцийг л бүтээх гээд байсан. Дүрслэлийн хувьд янз янз боловч хуучин бол нэг харанхуй ид шидийн ертөнцийг бага багаар нээж байгаа юм шиг. Одоо бол бас л нэг ертөнц боловч “Шамбалын орон” ч юм уу нэг тийм гэрэлтэй ертөнцийг бүтээх гэж зорьж байна. Зурсан болгон зорьсон ертөнцөө бутээж чадахгүй л дээ. Гэхдээ тэр зүгт хандсан сэтгэл зүтгэл маань аз жаргал, шим охь нь юм.

-Зургаар илэрхийлэх боломжгүй зүйл бий юү, уран зохиол болон уран зураг хоёрын аль нь дүрслэх боломжоор илүү гэж боддог вэ?

-Үгээр илэрхийлж чадахгүйг зургаар илэрхийлдэг. 

Зарим зураг яруу найргийн мэдрэмж өгдөг. Нэлээн энгийн жишээ авахад нэг сохор хүн байлаа гэхэд шүлгийг илүү ойлгоно. Дүлий хүн байлаа гэхэд уран зураг хэрэгтэй. Тэгэхээр аль алиндаа шүтэж оршино гэх үү дээ .-Яруу найраг сонирхдог уу, өөрийнхөө зургийг яруу найраглаг гэж боддог уу?

-Би зургуудыг далайцаар нь ялгаж харж болно гэж бодож байна. Томхон зураг роман шиг, арай жижгэвтэр зураг найраглал, шүлэг шиг санагдаж болно . Энэ шүлэг шиг зураг байна, үүнийг роман эсвэл өгүүллэг шиг гэж харьцуулж хардаг. Орчин үеийн шүлэг сонирхох нь одоо бол бага. Гэхдээ Д.Равжаа хутагтын гүр дууллууд, Бурханы шашны их багш, хутагтуудын бүтээлээс уншдаг. Ер нь шүлэг уншаад гоё мэдрэмж авч тэндээс уянга эгшиг, сэтгээгүй орон зайгаа мэдэрдэг.

-Бүтээл болгон чинь таны мөн чанарын илэрхийлэл байж чадах уу?

-Чадна. Сайн ч, муу ч бай зурсан зураас болгон л миний мөн чанар. 

Хүний биеийг олж төрөхөөс эхлээд бүх зүйл учир шалтгаантай. Оюун ухаант хүн болж төрнө, амьд явна гэдэг их аз заяа. Тийм болохоор хийсэн бүтээсэн бүхэн маань утга учир мөн биз ээ.-Урлахуйн чинад хүрсэн хүн гэж ямар хүнийг хэлэх вэ, Монголоос тийм хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Жишээ авах хүмүүс зөндөө байна. Монголчуудын хувьд Өндөр гэгээн гайхамшиг. Яг бурхны шашны урлахуй ухааны оргилд нь хүрсэн хүн. Балба, Зүүн өмнөд Ази, Энэтхэгийн урлахуй ухааныг харахаар Өндөр гэгээний хийцэд хүрдэггүй. Пүрэвбат гуай ч хэлж байсан, авьяасаас гадна гэгээрэл болон мэдлэгтэй холбоотой. Бурхны билиг чанар, лагшин зэргийг номын ёсоор хийсэн. Өрнийхөөс гэвэл Рембрандт зураач нартаа Будда гэгээрлийн хутаг. Өчнөөн мундаг хүмүүс байвч тэр бол цаг үедээ шалгараад үлдсэн хүн. Дүрслэх урлаг бас нэг шашин байж болно. Зураачид бүгд л чинад руу нь тэмүүлж яваа. 


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна