Ууланд мод тарьж, айлд мал өмчлүүлдэг шинэ цагийн малчин

Админ
2021/04/08

В.НЭРГҮЙ
Урин цагийн салхи борог өвсний толгой илбэн уул тал шаргалтан харагдана .Тэргүүн дээрээ цасан өмсгөл[1]тэй Хутаг уул тэнгэрийн цагаан сүм мэт цайран, баруун суганаас нь мэлтэгнэн урсаж байдаг гол мөсөн хучлагатай ч захаасаа сэмэрч амьсгалаа чагнах мэт зүүрмэглэнэ. Хутаг уул хэмээх нэрийг нь хэлэхээс цээрлэн нутгийнхан Алтан овоо гэж хүндэлдэг. Энгэр бэлээс нь ганц мөчир л хөндөхөд тэр даруй малд нь чоно орох юм уу хүн нь сэвтэх зэргээр хариу үзүүлдэг тахилгатай уулсын зүүн дор өвөлжиж буй нэгэн малчны хотноос сурвалжилга бэлтгэхээр зорьсон юм. Зан сайтай айлд хүн их цугладаг, замаг сайтай усанд шувууд их гэж цугладаг гэж ардын нэгэн сайхан үг байдаг.

Б.Ононбаатарын хэл үгийг санагдуулам хүмүүс бужигнасан сайхан айл байлаа. Тус айлын эзэгтэй О.Банзрагч гэж нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан бүсгүй цай унд болсоор биднийг угтан юм. Б.Ононбаатарынх унаган энэ нутгийн айл бөгөөд хэдэн жил хот бараадан амьдарч байгаад нутагтаа эргэн иржээ. Ахин суурьшаад гурван жилийн нүүр үзэж буй гэнэ. Хот суурин газар амьдарч явсан хүний сэтгэлгээ хөдөөний хүмүүсээс арай өөр байгаа нь анзаарагдсан юм. Тоо, толгойнд бус малынхаа үүлдэр угсааг сайжруулах тал дээр илүүтэй анхаарч Абандос, Гирфорд үүлдрийн махны чиглэлийн үхэр өсгөж байгаа аж. Б.Ононбаатар “ Би Хэнтий аймаг Батноров сумын харьяат хүн. 

Манайх хоёр охинтой. Том охин Францад сурч бас ажилладаг. Харин бага маань Зам ашиглалтын инженер мэргэжилтэй. Миний аав Баатарцогт гэж 1935 онд төрсөн хүн байсан. Насаараа Хутаг уулынхаа ар өврөөр нүүдэллэн, мал маллаж амьдарсан” гэж ярьсан юм. Төрөлх нутаг усаа сахиж, Алтан овооныхоо нөмөрт гурван үе дамжин мал аж ахуй эрхэлж, буй энэ айлын үүх түүх их. Түүний аав нь сум, аймгийн аварга малчнаар хэд хэдэн удаа тодорч явсан, хөдөлмөрч хүн байжээ. Б.Ононбаатар аавынхаа шагнал болох хуучны баярын бичиг, дипломыг нандигнан хадгалсан байх нь бас ч гэж чамгүй чамбай зантайг нь илтгэнэ. Нэг үе аварга Баатарцогтынх гэж нутаг орныхон нь дууддаг байжээ.

 “Аваргын хонь хэц өгсөөд гараад ирлээ”, “Аваргын адуу ус руу орж явна” гэж хөдөөнийхөн ярих нь цаанаа л нэг халуун дотно байдаг. Энэ нь жаягаар бог мал өсгөж үр хойчдоо мал маллах ухааныг өвлүүлсэн нэгэн эгэл айлын халуун гал голомтын эзэн нь Б.Отгонбаатар. Эцэг эхээс арван нэгүүлээ, өнөр өтгөн сайхан ам бүл. Хэнтий аймгийн Батноров сумын хамгийн өнөр хүүхэдтэй айлын нэг нь байсан их малын эзэн, эрдэнэт сүрэгтээ сэтгэлээрээ зүтгэсэн хүч хөдөлмөрийнхөө ачаар “аварга” хэмээн олноо хүндлэгдсэн буурлын хойч үе өнөөдөр нутаг орондоо мөн л аваргын энтэй аж төрж байна. Ингээд Б.Ононбаатартай фермийн талаар хэсэгхэн ярилцлаа. 

-Та гэр бүл удам угсаагаа танилцуулаач. Аав тань мал маллах арга ухаан их зааж өгсөн байх? 

-Нутаг усаа захалж явахаас эхлээд малыг ямар үед салхины дээд талд хариулах, цас, бороо, шуургатай үед малынхаа амны завааг яаж гаргах вэ гэх мэт мал маллах арга ухааныг үгээр биш юм гэхэд үйл хөдлөлөөрөө зааж сургасан даа. Би аавынхаа захиасаар нутаг захлан дөрвөн цагийн эргэлтэд малынхаа аясаар нүүдэллэж явна. Нэг газартаа олон жил нутаглахаар мал ч бас дагаад нутагтаа дасчихдаг. Хавар болохоор хаваржаа руугаа, өвөл болохоор өвөлжөө рүүгээ мал маань гүйгээд тогтохоо больдог юм. Бараг л хэзээ нүүдэллэхийг минь заагаад өгчихдөг гэх үү дээ (инээв). 

-Энэ нутагт махны чиглэлээр үхэр өсгөж байгаа айл ховор байх. Та хэдэн оноос эхэлж малаа өсгөв. Мөн үхрийнхээ угшлын талаар яривал? 

-2015 онд Сэлэнгэ айм[1]гийн Ингэтийн сангийн аж ахуйгаас хуучнаар Казахын цагаан толгойт гэж нэрлэдэг бухыг таван сая төгрөгөөр авсан. Түүнээс гадна үнээ, бяруу, шүдлэн нийлсэн сүрэг мал худалдан авч ачааны машинаар тээвэрлэн нутагтаа авчран, хүргэн ах Д.Ганбаатартаа маллуулахаар өгсөн юм. 2016 оноос малаа үржүүлэгт оруулсан даа. Таван сая төгрөгөөр худалдан авсан бух маань Батноров суманд болсон намрын үзэсгэлэн худалдаанд оролцож алтан медаль, 20 мянган төгрөгөөр шагнуулж байлаа. Алтан медальтай бухын маань үр төлөөс нутгийн хүмүүс их авсан. Хамгийн сүүлд Герефорд үүлдрийн бухаар хоёр жил үнээгээ хээлтүүлээд, нутгийн залуу Д.Загдсүрэнд өгсөн дөө. Одоо Авандос үүлдрийн бухтай байна. Энэ үүлдрийн бух Монголын байгаль, цаг уурт дасан зохицох чадвар сайтай байдаг. 

-Монгол үнээ, махны чиглэлийн бухтай ний[1]лүүлэгт орохоор тугаллах үед хүндрэл үүсдэг үү?

 -Дөнгөж бие гүйцсэн гунжийг нийлүүлэгт оруул[1]даггүй. Хэд хэд тугалласан үнээг хээлтүүлэхээр төллөх үед хүндрэл гарах нь бага. -Үхрээ хэр удаан тэжээж, хэдий үед борлуулах вэ. Ер нь бага насны үхэр хэдэн кг татаж байна? -Би үхрээ нас биед хүртэл тэжээдэггүй. Гарсан төлийнхөө 30 хувийг борлуулж эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Малынхаа тоонд бус чанарт анхаардаг болохоор ер нь олон мал өсгөхийг илүүд үздэггүй . Бяруу шүдлэнд нь борлуулахад ашиг ихтэй, эдийн засгийн хэмнэлтэй байдаг. 10 бярууг эр үхэр болтол нь маллахад үхэж үрэгдэх, зарагдах гээд тоо толгойн хорогдол, үр ашиггүй зардал гарна. 

Харин бага насанд нь борлуулчихвал мөнгөө эдийн засгийн эргэлтэд оруулна. Цаашлаад малын хулгай, чоно нохойноос айх аюулгүй бас өвс тэжээл, тариа туулга гэх мэт үр ашиггүй зардал гарахгүй. Манай шүдлэн үхэр 200-230 кг татдаг. Зах зээлийн ханшаар нэг үхэр хоёр сая төгрөг хүрч байна даа. Зарж борлуулах малаа хэдэн сарын өмнөөс борддог болохоор үүнээс илүү жин дарах ч боломжтой. 

-Бухаа хэдэн жил ний[1]лүүлэгт оруулаад сольдог вэ ? 

-Хоёр, гурван жил болгоод сольдог. Тэгэхгүй бол цус ойртох аюултай. Одоохондоо бухыг адуу шиг үнэлээд авах сэтгэлгээ малчдын дунд суугаагүй байна даа. Гэхдээ яаж зүгээр өгөх вэ. Ижил насны үхрээр сольдог. Нутгийн хүмүүс ч дуртай авна. Бухдаа өвлийн ид хүйтэнд бага зэргийн тэжээл өгдөг. Онд сайн орсон, хүч тэвээрэг сайтай бухын төл нь хүртэл өөр байдаг юм. -Махны чиглэлийн мал өсгөхөд хүндрэл бэрхшээл хэр байна. Та малын захад өссөн хүн. 

-Монгол үхрээс ялгаатай юу?

 -Монгол үхрийг бэл[1]чээрээр голдуу өсгөдөг. Онд орж чадахгүй, эцэнхий тугал, бяруугаа өвөл тэжээдэг. Харин махны чиглэлийн үхрийг тугал байхаас нь эхэлж тэжээнэ. Аравдугаар сарын сүүлчээр тугалаа эхээс нь ялгаж, нэмэлт тэжээлд оруулдаг. Малын захад өссөн болохоор мал өсгөхөд тохиолдох хүндрэл бэрхшээлийг ажирдаггүй дээ. Зөвхөн өглөө оройдоо тэжээл өгөөд бэлчээрт гаргаж хөшсөн биеийг тэнийлгэдэг. Тэнгэр муухай үед бэлчээрт гаргадаггүй . -Одоо хэр олон үнээ тугалж байна даа? -Өнгөрсөн жил 60 гаруй үнээ тугалласан. Энэ жил шинэ гунжтайгаа 70 гаруй үнээ тугаллана. Одоогоор арваад үнээ тугалаад байна. Махны чиглэл болохоор ч тэр ч юм уу сүүний гарц тааруу . Их сайн гарлаа гэхэд нэг саам дээр хоёр литрээс хэтрэхгүй.

 -Өвлийн улиралд хэдий хэмжээний өвс тэжээл бэлддэг ? 

-Энэ өвөл өвс, тэжээл бэлдэхээс илүү худалдан авлаа. Энэ нутаг уг нь өвөг дээдсийн минь үеэс Батноров сумын харьяанд байсан юм. Гэтэл нутгийн хил заагийн хэмжээ алдагдаад одоо Хэнтий сангийн аж ахуйн харьяанд орчихсон. Тухайн харьяат сумдаа данстай байхгүй бол баг, сумаас эхлээд хөөнө шүү дээ. Ингээд аргагүйн эрхэнд Батноров сумынх биш САА харьяат болоод явж байна. Сум, багийн газрын хилийн заагийг шинэчлэх болж дээ гэж санах юм. САА-гаас хадлан бэлд гэж зургаан га газар өгсөн. 

Хадсан өвс минь зөвхөн хонь хурга, төл малдаа өгөөд таарна. Тэгээд ч миний өсгөж байгаа малд хадсан өвс тэжээл болохгүй. Ногоон тэжээл, хивгээр голдуу тэжээдэг болохоор зардал нэлээд гарах юм. Хэдий болтол хол ойроос тэжээл авч, цаг зав, мөнгөө үрж явах вэ гээд ногоон тэжээл тариалах газар хөөцөлдлөө. Дарга даамалтай уулзлаа. Дуртай газраа ногоон тэжээл тарьж болохгүй болохоор хуучин хагалсан газар дээр юм уу гээд асууж сурлаа. Бүгд эзэнтэй гээд бүтсэнгүй ээ. 

Уг нь ногоон тэжээл тарих, хадлан хадах техник байж л байна. Ямар ч байсан энэ хавар өвөлжөөнийхөө ойролцоо багахан газар ногоон тэжээл тарьж үзнэ дээ. -Хөдөөгийн эрчүүдтэй уулзаж яриаг нь сонсож байхад адууны угшил их ярьдаг Хурдан удмын угшил сайтай морь худалдан авахдаа үнэ хайрлахгүй авдаг юм билээ. Харин та угшил сайтай бух, хуц, ухна үнэ хайрлахгүй авдаг хүн.

 -Азарга худалдаж авсан уу. Ер нь морь уядаг уу?

 -Одоо бэлчээрийн даац хэтэрчихээд мал маллахад хэцүү болж байна .Ашиг шим сайтай хэдэн мал өсгөх гэж эцэг малын угшил үүлдэр харж авдаг. Харин азарга аваагүй ээ. Эцэг эхээс минь үлдсэн хэдэн тооны адуу бий. Уналгад болоод байдаг юм. Морь уяна гэж адуу зовоогоод яах вэ. Чаддаг нь уяна биз. Харин сайхан морь бол унана шүү. (инээв ) Бэлтгэл хурандаа Г.Буянтогтох гэж миний нэг ах байдаг юм. Бид эгч дүүсийн хүүхэд. Хотод амьдарч байхад ах маань “Одоо хэдүүлээ хөдөө гаръя. Нас ч явлаа. Мах сүүний чиглэлээр үхэр өсгөе” гэж санаачилсан юм. Сэлэнгэ аймгийн Сант сумын Хушаатад зохион байгуулагдсан цагаан идээ боловсруулах туршлагаас суралцсан. Цаашид цагаан идээ боловсруулах, мах, сүүн бүтээгдэхүүнээ дотоод гадаадын зах зээлд гаргах бодолтой байна даа.

 - Та олон айлыг малжуулж, унах унаатай болгосон гэж сонссон. Энэ талаар? 

-Төв суурин газраас мал дээр гарсан малгүй гурван айлыг малжуулсан. Малжуулсан хүмүүс маань өдгөө мал малын захтай болж, тусдаа гарсан. Нэг хүүг туслах малчнаар авсан. Цэрэгт яваад ирэхэд нь орон гэртэй болгон малжуулах бодолтой байж байна даа. Настай хүн, хүүхэд, ядарч яваа хүнийг баярлуулах дуртай. Би л болж байвал боллоо гээд уулын мухар сахиад амьдрахыг хүсдэггүй. Сум орон нутаг, малгүй хүнд өгсөн тав арван мал, хандив тусламж гээд өгсөн юм бий бий. Гэхдээ хүнд тус хүргэсэн гээд яриад байх дургүй. 

-Таныг бас эмчилгээ, тарилганы зориулалтын бүхий хашаа барьсан гэж сонссон?

 -Тийм ээ. Улирал бүр эмчилгээ тарилга хийхэд амар гэж нарийн хоолойтой хашаа барьсан. Энэ олон үхрийг гардаж тарина гэдэг хэцүү дээ Мөн хонь угаах угаалга бас хийсэн. -Мөн хөдөөний хүн байж ууланд мод тарьдаг юм билээ? -2005 онд Хутаг ууланд түймэр гарч, хүн мал эндэж, модны 90 орчим хувь шатсан. Мөн ч айхтар аюул шүү. Тэр үед ус байсан бол унтраахад дөхөм байсан байх. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж мөн малаа услахад ч амар гээд ах Г. Буянтогтохтойгоо хамтарч гүний гурван худаг гаргасан. Хутаг уул маань морьтой хүн байтугай явган хүн явахад хэцүү ширэнгэн ойтой байлаа шүү дээ.Түймрээс болоод нүцгэрсэн. Хотоос хус, улиас нарсны 1000 суулгац авчирч, тарьсан . 20 хувь нь ургасан ч нялх үлдэц нь ургаад Хутаг уул маань сайхан болж байна даа -Сүүлийн үед хүмүүс малаа машин техникээр хариулдаг болжээ. 

-Ялангуяа, залуус нь хятад мотоцикл их унаж харагдах юм? 

-Ёстой нэг загатнасан газар маажив гэгчээр миний эмзэглэж явдаг зүйлийг хөндлөө. Одоо морь унаж малаа хариулдаг хүн ховордлоо. Айл бүхэн хятад мотоциклоос эхлээд жижиг тэргээр малаа хариулж байна. Машин техник хэрэглэх биед амар л даа. Гэхдээ хэдэн жилийн дараа энэ бэлчээр юу болох вэ. Хойч үе минь морио унаж эдэлж чадахаа больчих вий дээ гэж санаа зовж дүү нартаа морио уна гэж захидаг юм. Морь унаад явахад хийморь сэргээд сайхан шүү дээ. Би малаа машинаар хариулж үзээгүй. Биеийг амрын хараад уная гэвэл багаас эхлээд том машин байж л байна.

 Зөөлөн салхитай өглөө дорнын наран мандах агшинд үнээ тугал мөөрөлдөөд энх цаг ирсний дохио өөрийн эрхгүй сэтгэлд гэрэлтэнэ. Хан Хэнтий нутгийн өглөө, эгэл малчны хотонд ингэж эхэлдэг. Малчин хүн өглөө босоод л үхрийн хашаа хороо, тугалын хүзүүвч гээд л гарынх нь дороос ажил ундарна. Эхнэр нь тугалын хүзүүвч сүлжиж суухад нөхөр, хүүхэд нь тэжээл багсарч бэлдэнэ. Хэдийгээр Б.Ононбаатарынх туслах малчинтай ч гэлээ гэрийн эзэд ч зүгээр суух дургүй. Үнэндээ багийн ажил гэдэг энэ л айлын хотонд өрнөж байна. Сайн явах санааных сайхан амьдрах заяаных гэж үг бий. Тэгвэл энэ л өнөр өтгөн хот айлын заяа буяныг дагаж үхэр сүрэг нь өсөөр л байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна