Гадаадын 30 улсад суугаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгнө

Админ
2021/04/08

Т.АМАРАА

Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо өчигдөр хуралдлаа. Дэд хорооны хуралд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох мэдээллийг өгөв. УИХ-ын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлаж, 2021 оны зургаадугаар сарын 09-ний өдөр санал авахаар тогтоосон. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо тус бүр есөн гишүүнтэй, нийт 198 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Харин энэ сарын 10-н гэхэд сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдах бол ирэх сарын 10-н гэхэд хэсгийн 2087 хороог байгуулна. Сонгуулийн хороодод нийт 21354 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах юм. 

Харин Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох 2750 төхөөрөмжийг засварлаж ашиглахад бэлэн болгосон. Мөн серверийн шинэчлэлтийг сайжруулах, сонгуулийн дүн дамжуулах сүлжээний найдвартай байдлыг хангах, санал авах байруудад байрлуулах хяналтын камеруудыг бэлэн болгох зэрэг бэлтгэлийг хангаж байгаа. Сонгуулийн техник, санал тоолох төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг 2600 гаруй хүнээс бүрдсэн мэдээллийн технологийн баг хариуцаж ажиллах юм” гэлээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан 2021 оны А213 тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам”-д заасны дагуу тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөв, давхардал, зөрчилгүй тусгасан эсэхийг нягтлан шалгаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2,159,203 сонгогч бүртгэгдсэн бөгөөд үүнээс 1,142,705 нь орон нутагт, 1,016,498 нь нийслэлд бүртгэгдээд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга танилцуулав. 

Дараа нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргал цахимаар оролцож, тус яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтарч байгуулахаар хуульчилсан. 

Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж явуулах үүрэг бүхий төв комиссыг долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа. Төв комисс хоёр удаа хуралдаж, дэлхийн 30 улсад суугаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг 187 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан тухай тэрбээр дурдав. Гадаад харилцааны яам гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад мэдээлэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгөх, тэднээр дамжуулан иргэддээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа аж.

 Хуралдааны төгсгөлд Дэд хорооны дарга Г.Ганболд хэлэхдээ, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад саналын хуудсыг саадгүй хүргэх асуудлыг цаг хугацааны хувьд сайн анхаарах, сонгууль зохион байгуулахтай холбоотой танхимын сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар явуулах боломжийг судлах, санал тоолох техник, төхөөрөмжийг алслагдсан, сүлжээгүй орон нутгийн хэсгийн хороодод хэрхэн хүргүүлэх, найдвартай байдлыг хангахад анхаарлыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна