УВС Монголын эдийн засгийн төсөөллийг таван хувь болгож бууруулжээ

Админ
2021/04/08

М.ХҮСЛЭН

Олон улсын валютын сан, Дэлхийн банкны 2021 оны хаврын уулзалт болж байна. ОУВС-гаас энэ онд дэлхийн эдийн засгийг 5.5 хувь өснө гэсэн төсөөллийг өнгөрсөн оны аравдугаар сард гаргаж байсан бол шинэ төсөөллийг 0.5 пунктээр өсгөж, зургаан хувь байхаар тооцоолсноо танилцууллаа. Энэхүү шинэчилсэн төлөвөөр, АНУ-ын эдийн засгийг 6.4 хувиар өснө гэж тооцсон бол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт хурдацтай байх бөгөөд 8.6 хувийн өсөлттэй гарна гэжээ. 

Гэхдээ Монгол Улсын эдийн засгийг таван хувиар өснө гэж тооцсон нь өмнөх төсөөллөөс нэг нэгж хувиар бууруулсан хэмжээ юм. Өмнө нь Дэлхийн банкнаас Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тайланд “Монголын эдийн засгийг энэ онд 6.8 хувиар өснө” гэсэн төсөөллийг танилцуулж байсан юм. Дэлхийн банкны зүгээс “Монгол Улсын хувьд глобал эдийн засгийн сөрөг нөлөө зөөлөрч, дотоодын эдийн засгийг сэргээх арга хэмжээ нь эдийн засгийн дотоод үйл ажиллагааг идэвхжүүлж, мөн дархлаажуулалт явагдсанаар иргэд болон аж ахуйн нэгжүүд цар тахалтай дасан зохицох, улмаар эдийн засаг 2021 онд сэргэх төлөвтэй. 

Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байх таамагтай байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай болон тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал бүхий бусад салбарыг дэмжихээр байна. 

Гэвч дотоодод болон дэлхий дахинд “Ковид-19” цар тахлын дэгдэлт үргэлжлэн өсөх тохиолдолд эдийн засгийн сэргэлтэд томоохон хүндрэл учруулах эрсдэлтэй юм” гэж мэдэгджээ. ОУВС-гийн дэд захирал М.Фүрүсава “Монгол Улсын Засгийн газар дархлаажуулалтыг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглээд банкны секторын шинэчлэл болон ирэх жилүүдэд төлөх гадаад зээлийн эргэн төлөлтийг төсөвт дарамт үзүүлэлгүйгээр хэрхэн шийдвэрлэх талаар анхаарах нь зүйтэй” хэмээн Сангийн сайдтай цахим уулзалт хийхдээ хэлсэн байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна