ҮХЦ-ийн гишүүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзлаа

Админ
2021/04/08

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. 

“Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг мягмар гарагийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн боловч хэлэлцэж буй асуудлаар холбогдох тодруулгыг хийх шаардлагатай гэдэг үндэслэлээр УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага аваад байсан юм. 

Хэлэлцэж буй дээрх асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн байгаагүй ба УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дараах хоёр үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж тайлбарлав. Тэрбээр “Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 10 гишүүнтэй болно. 

Гэтэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд, “Цэц есөн гишүүнтэй байна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан тохиолдолд УИХ өөрөө Үндсэн хууль зөрчих болно. Хоёрдугаарт, Монгол Улсын Үндсэн хуулийн 25.1-д УИХ нь онцгой бүрэн эрх, үндсэн бүрэн эрх гэсэн хоёр ялгамжтай нэр томьёо хэрэглэсэн. Онцгой бүрэн эрхэд УИХ бүрэн эрхээ хэнтэй ч хуваалцахгүй гэсэн утга санаа агуулагдаж байгаа. 

Тодруулбал, хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, Цэцийн гишүүнийг томилох зэрэг хэд хэдэн томилгоо хийх онцгой бүрэн эрхтэй. Эдгээр бүрэн эрхэд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг байдлаар дамжин орох боломжийг Үндсэн хууль олгоогүй. Хэрэв олговол энэ нь засаглалын хямрал руу түлхэнэ. УИХ ч ялгаагүй Ерөнхийлөгчийн бүрэн эрх рүү орох эрхгүй.

 Иймд УИХ ба Ерөнхийлөгчийн уг харилцаа Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулиудад нарийвчилсан заалт оруулах шаардлага байгаа тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй” гэсэн байр суурь илэрхийлэв. “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай” УИХ-ын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй юм. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Ү


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна