Б.Бат-эрдэнэ: Цар тахлын хуулийг зөрчсөн ломбардуудыг торгоно

Админ
2021/04/08

З.УРАНСҮХ

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх газрын хүүг гурван хувиас дээш гаргахгүй байхаар хуульчилсан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа талаарх иргэдийн гомдол тасрахгүй байгаа юм. Тиймээс бид, энэ талаар тодруулахаар ШӨХТГ-ын дарга Б.Бат[1]Эрдэнэтэй ярилцлаа. -Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, ломбардын хүүг гурван хувь болгохоор болсон. Гэвч хуулийн заалт амьдрал дээр хэрэгжихгүй байгаа талаар иргэд хэлж байна. 

-Танай байгууллагын зүгээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байна уу? 

-Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүү[1]лэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлд 2021 оны нэгдүгээр сард өөрчлөлт орсон. Өөрчлөлтийг УИХ-ын нэр бүхий гурван гишүүн санаачил[1]сан. Тодруулбал, ломбард буюу барьцаалан зээлдүүлэх газрын сарын хүүгийн хэмжээг гурван хувь, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас илүүгүй байхаар, хэрэгжилтэд нь ШӨХГ хяналт тавьж ажиллахаар хуульчилсан. Хууль хэрэгжээд эхэлчихсэн. Бид хуулийн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. -Хууль батлагдаж, хэрэгжиж эхлэх үед “Начин заан” зэрэг сүлжээ томоохон ломбард уг хуулийг хэрэгжүүлнэ гэж байсан ч жижиг ломбардуудын хувьд биелүүлэх боломжгүй хэмээн эсэргүүцэн жагсаж байсан. 

-Тэдгээр байгууллага хуулийг биелүүлж байгаа болов уу? 

-ШӨХТГ-т “Ломбардуудын хол[1]боо”-ноос Засгийн газар өрсөл[1]дөөнийг хязгаарлаж байна гэх агуулгатай бичиг ирүүлсэн. Бид өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэж үзээгүй. Сарын гурван хувь гэхээр жилийн 36 хувь болно. Өнөөдөр арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин нь тодорхой хэмжээгээр бүрдсэн. Тэр утгаараа тодорхой хязгаарлалт, мөн дагаж мөрдөх журмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. 

Тухайлбал, барьцаанд тавьж байгаа эд хөрөнгийг заавал даатгуулж, хөрөнгийн үнэлгээ хийдэг. Мөн заавал гэрээ хийсний үндсэн дээр ажилладаг. Харин ломбардын хувьд эрх зүйн хүрээ нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байсаар ирсэн. Иргэний тухай хуулийн 283-286 дүгээр зүйлд харьяалагдаад явж байгаа. Түүнээс гадна шүүхийн шатанд ломбардтай холбоотой маш олон асуудал бий. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэвэл, эрх зүйн орчинг нь тодорхой болгох ёстой л гэсэн үг. 

-Хэрэв гурван хувийн хүүтэй ажиллавал алдагдал хүлээнэ гэж ломбард эзэмшигчид үзэж буй. Энэ нь хэр бодитой вэ?

 -Яагаад гурван хувийн хүүн дээр ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Банк сарын нэг хувийн хүүтэй байдаг шүү дээ. Шууд хэлэхэд, дотоод менежментийнх нь асуудал гэж харж байгаа. Хуучин сарын 10 хувийн хүүтэй байсан гээд тооцоход жилдээ 120 хувь байгаа биз. Жилийн 120 хувийн хүү гэдэг мөнгө хүүлэлтийн түвшний асуудал. Тухайлбал, өнөөдөр ломбард байгуулахад, дүрмийн сандаа бараг хоёр тэрбум төгрөгтэй байх шаардлагатай болж эхэллээ. Нэг хүн гурав, дөрвөн банк бус санхүүгийн байгууллага босгох нь ховор.

 -Гэтэл барьцаалан зээлдүүлэх газар гэхээр нэг хүн 20-40-өөр нь эзэмшиж байна. Тэр нь юу гэсэн үг вэ? 

-Хэрэв шинээр банк бус санхүүгийн байгууллага байгуулбал Санхүүгийн зохицуулах хорооны хараа, хяналтад ордог. Хүү нь ямар байх нь тодорхой хэмжээ, хязгаартай. Гэрээ хэлэлцээр, даатгал, хөрөнгийн үнэлгээ гэхчлэн олон зүйл хийх шаардлага тулгарна. Тиймээс барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард байгуулчихвал ямар нэг хязгаарлалт, хяналтгүй байж болох хуулийн цоорхойг ашиглаад явж байгаа тодорхой хэмжээний хүмүүс бий. 

Мэдээж, чин шударгаар нэг ломбард байгуулаад арайхийж, ар амьдралаа залгуулж яваа хэсэг бүлэг байгааг ч үгүйсгэхгүй. Гэхдээ сарын гурван хувийн хүү гэдэг бол жилийн 36 хувь гэсэн үг. Өөрсдөө болохоор хуучин гар утас, зурагт гээд дандаа хүний хаях гэж байгаа шахуу юман дээр тогтдог салбар гэж яриад байх юм билээ. Үгүй шүү дээ. Тэр бүгд зах зээлийн үнэлгээтэй. Хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор биечлэн явж үзсэн. 

Би 2.4 сая төгрөгийн үнэтэй Мобикомын лизингийн утастай. Түүнийг маань 200-500 мянган төгрөгөөр л авна гэсэн. Яагаад ийм бага үнэлж байгаа юм бэ гэхээр “Эзэн нь ингэж ав гэсэн” эсвэл “Энэ хавийн ломбард нэг эзэнтэй” гэж ил цагаан хэлдэг юм байна лээ. Түүнээс гадна өнгөрсөн намар манай байгууллага, ХЭҮК, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ломбардуудад өргөтгөсөн шалгалт хийсэн. 

-Хяналт, шалгалтын явцад голчлон ямар зөрчил илэрч байсан бэ?

 -Гар утасны кодыг нь тайлж, хүний хувийн дотоод нууцад халддаг. Эргээд түүгээрээ дарамталдаг. Ялангуяа, охид, бүсгүйчүүдийг айлгаж ичээдэг, мессеж бичдэг асуудал их илэрсэн. Бидний хувьд ломбард дээр гарч буй асуудлыг хуулийн хүрээнд л шийднэ. Хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх нь бидэнд хуулиар олгогдсон. Тэр дагуу л ажиллаж байна. ШӨХТГ хууль тогтоогч байгууллага биш. УИХ буюу хууль тогтоох дээд байгууллагаас гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг. 

Тэр утгаараа манай байгууллага руу дайраад байх шаардлагагүй. Бид энэ долоо хоногоос ломбардуудын шалгалтыг эхлүүлж байна. Газар дээр нь бүх гэрээ, бичиг баримтыг үзнэ. 

-Шалгалт хийнэ гэдгээ урьдчилан зарлах нь зөв үү. Зөрчил дутагдлаа нуух, сөрөг арга хэмжээ аваарай гэсэн дохио өгч байгаа юм шиг? 

-Хэлж байгаад хийнэ. Яагаад гэвэл, эдийн засаг унасан, тодорхой хэмжээнд амьжиргааны түвшин доошилсон, орлого байхгүй энэ цаг хугацаанд анхаараасай л гэж хараад байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллагад зөвлөмж хүргүүлсэн. Хэд хоногийн өмнө албан шаардлага хүргүүлсэн. Хоёр дахь арга хэмжээгээ авсан гэсэн үг. Авч хэрэгжүүлэхгүй бол дараагийн арга хэмжээ рүүгээ орж, газар дээр нь шууд торгоно. Хоёр удаа сануулахаас өөр яах юм бэ. 

-Хууль хэзээнээс хэрэгжиж эхэлсэн юм. Уг хууль өмнө нь эд хөрөнгөө тавьсан хүмүүст хамааралтай юу? 

-Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн нэгд, “Хэрэгжилтийг хангах буюу зээлдэгчтэй байгуулсан гэрээнд хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулах” гэж байгаа. Өөрөөр хэлбэл, хуучин буюу өмнө нь байгуулсан гэрээнд өнөөгийн түвшинд буулгаж, өөрчлөлт орно гэсэн үг. 

“Зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн, зээлдэгчид мэдэгдэх ажлыг шуурхай зохион байгуулах” гэж байгаа. Товчхондоо, хуучин байгуулсан гэрээ байсан ч өөрчлөлтөө оруулаад, тухайн зээлдэгчид яаралтай мэдэгд гэсэн чиг үүрэг хуулиар олгогдсон гэсэн үг. -Иргэд үнэт зүйл, электрон бараагаа барьцаанд тавьчихаад, авч чадахгүй байсаар тухайн ломбард зарж борлуулдаг. Зах зээлийн үнээс багаар үнэлж авсан учраас тухайн хүний эд зүйлийг зарж, их хэмжээний зөрүү гардаг ч өгдөггүй, луйварддаг гэх юм билээ. Энэ асуудлыг цэгцлэх, хянах боломж бий юү.

 -Иргэд энэ асуудлаар танайд хэр их ханддаг байх? 

-Хоёр талтай асуудал. Хэрэв гурван сая төгрөгийн үнэтэй утсыг нэг сая төгрөгөөр үнэлж, авчихаад гурван саяар зарсан бол өрөө суутгаад үлдэгдлийг нь өгөх л ёстой. Нөгөөтэйгүүр, хэрэглэгчдэд бас асуудал бий. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн нэгд зааснаар, Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй. Зээлдэгч нь Иргэний тухай хуульд заасан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, төлбөрөө заасан хугацаанд нь төлөх үүрэгтэй болохыг Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан байдаг. 

Тиймээс бид дан ганц ломбард, зээлдэгч, зээлэгч нарын хоорондын харилцаа гэж харахаасаа илүү хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт ямар байна вэ гэдэгт хяналт тавьж байгаа. Ерөөсөө л хуулиа барьдаг гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуульд хүртэл “зээлийн гэрээгээ биелүүлэх” гэдэг үг үсэг нь орчихсон байдаг юм шүү дээ. Ер нь бол барьцаалан зээлдэх газраар үйлчлүүлэхэд хоёр янзын гэрээ хийдэг. Бид Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлтэй танилцаж байсан.

 Иргэний тухай хуулийн 451 дүгээр зүйлд заасны дагуу “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ” гэхчлэн нарийвчилсан заалтууд байдаг. Зээлийн гэрээ, үүргийн эрх зүй гэж юу юм бэ гэх мэт. Тиймээс “Цар тахал гарч, ажил, орлогогүй болчихсон байхад та нар, бидний эд зүйлийг авчихаад” гэж барьцаалан зээлдүүлэх байгууллага руу дайраад байж болохгүй. Тэд ч бас ардаа амьдралтай, ажилтан цалинжуулж, НӨАТ, татвар төлдөг гээд бодохоор аль аль талдаа асуудал бий. 

Эцсийн эцэст барьж ажиллах гол зүйл нь хууль, журам. Дахиад хэлэхэд, бид бүх барьцаалан зээлдэх үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн Хуулийн хэрэгжилтийг хангаж, зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын гурван хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцохоор гэрээнд өөрчлөлт оруулж, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчилсэн байгаарай. Зээлдэгчид мэдэгдэх ажлыг зохион байгуулсан байх ёстой. Бид хоёр удаа сануулсан. Мэдээгүй гэх мэтийн шалтаг шалтгаан хүлээж авахгүй.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна