Узбекистаны анхны сөрөг хүчний нам Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо мэдэгдэв

Админ
2021/04/08

Узбекистаны “Эрк” (Эрх) сөрөг хүчний нам ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсноо мэдэгдсэн байна. “Узбекистаны түүхэн дэх хамгийн анхны ууган сөрөг хүчинд тооцогддог, 1991 онд албан ёсоор бүртгэгдсэн, түүнээс хойш байнга дарамт шахалтад орж яваа “Эрк” ардчилсан нам ирэх намар болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай шийдвэр гаргалаа” хэмээн тус намын мэдэгдэлд онцолжээ. 

Мэдэгдлийг uzerk.org цахим хуудсанд нийтэлжээ. Намын төлөөлөгчдийн хэлж буйгаар, Узбекистаны Сонгуулийн төв хороонд улс төрийн хүчний хоёр гишүүн болох Саловат Омирзаков болон Жахонгир Атажанов нар нэр дэвшихээр бүртгүүлэх хүсэлтээ өгсөн байна. Сонгуулийн төв хороо тэдний хүсэлтийг нягталж байгаа гэнэ. 

Өнгөрсөн онд Узбекистаны Засгийн газар “Эрк” намын ажлыг сэргээхийг зөвшөөрөөгүй. Тус нам гаргасан мэдэгдэлдээ эрх баригчид бие даасан чөлөөт намуудыг бүртгэхэд саад учруулж буйг шүүмжилсэн. “Эрк” ардчилсан нам нь Узбекистанд хамгийн анх албан ёсоор бүртгүүлсэн улс төрийн хүчин. Уг намыг нэрт яруу найрагч Мухаммед Салих үүсгэн байгуулжээ. 

1991 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд М.Салих тухайн үед Төрийн тэргүүн байсан Ислам Каримовын цорын ганц бөгөөд гол өрсөлдөгч нь байв. Ажиглагчид тухайн үед сонгогчдын олонх буюу 50 орчим хувь нь Мухаммед Салихын төлөө санал өгсөн гэсэн. Гэвч Сонгуулийн төв хороо нь сөрөг хүчний улстөрч 12 хувийн санал авсан гэж мэдэгдсэн. 

Сонгуулийн дараа М.Салихын дэмжигчдийн зохион байгуулсан оюутны жагсаалыг хүчээр тарааж, сөрөг хүчний хэвлэл мэдээллийг хаасан. Сөрөг хүчний удирдагчдын эсрэг хэрэг үүсгэжээ. Үүний улмаас тэд Узбекистанаас явахад хүрсэн аж. Мухаммед Салих 1993 нутгаа орхин явсан. Тэрбээр 26 жилийн турш Турк улсад оршин сууж байгаа. И.Каримовын үед түүний “террорист” хэмээн үзэж, олон улсын хэмжээнд эрэн сурвалжилсан. Узбекистанд үлдсэн хамаатан садныг нь хэлмэгдүүлсэн. 

2017 онд Шавкат Мирзияев төрийн эрхийг авснаас хойш М.Салихыг “Интерпол”-ын жагсаалтаас хассан байна. Тэр жил Ерөнхийлөгч Ш.Мирзияевыг дэмжиж мэдэгдэл хийсэн ч, шинэ төрийн тэргүүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн билээ. “Гурван жил хий хоосон популизмаар өнгөрлөө. Одоо Ш.Мирзяев Ислам Каримов шиг популист болсон. Улс төрийн тогтолцоонд ямар ч өөрчлөлт, шинэчлэл авчраагүй” хэмээн тэрбээр “Настоящее время” телевизд ярилцлага өгөхдөө хэлсэн аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна