Г.Буянхишиг: Бакалаврын хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага мэргэжлийн онцлогоос хамаараад өөр өөр байдаг

Админ
2021/04/08

Дотоод хэргийн их сургуулийн 2021- 2022 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн элсэлтийн журам батлагдаж бүртгэл энэ оны дөрөвдүгээр сарын 7-ноос хэрэгжиж эхэлсэн. Цагдаагийн сургуулиас ямар хөтөлбөрт элсэлт авах талаар тус сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишигээс тодрууллаа. 

-Цагдаагийн сургууль ямар ямар сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг вэ?

 -Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын боловсон хүчнийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Тодруулбал, Гэмт явдал судлал-эрх зүй магистр, докторын, Цагдаа судлал магистрын, Цагдаагийн ажил-эрх зүй, Мөрдөх алба-эрх зүй, Аюулгүй байдал-дотоодын цэрэг бакалаврын сургалтын хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг. Цагдаагийн ажил-эрх зүй бакалаврын хөтөлбөрийн хүрээнд Шинжээч мөрдөгч, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Цагдаа-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Эдийн засгийн мөрдөгч чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулдаг нь манай сургуулийн нэг онцлог гэж хэлж болно.

 -2021-2022 оны хичээлийн жилд танай сургууль хэчнээн суралцагч элсүүлэх вэ? 

-Манай сургуулийн хувьд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар бакалаврын сонсогч, суралцагчдыг өдөр болон эчнээ хэлбэрээр элсүүлэн суралцуулах хяналтын тоог тогтоодог. 2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагаас Цагдаагийн ажил-эрх зүй дөрвөн жилийн сургалттай өдрийн хөтөлбөрт хөтөлбөрт 165, хоёр жилийн сургалттай хөтөлбөрт, дээд боловсролтой 175, Мөрдөх алба-эрхзүй дөрвөн жилийн сургалттай хөтөлбөрт 55, Аюулгүй байдал-дотоодын цэрэг дөрвөн жилийн сургалттай хөтөлбөрт 25 эрэгтэй иргэнийг элсүүлэн суралцуулах захиалга ирүүлсэн. 

Үүнд тулгуурлан Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны А/28 дугаар тушаалаар элсүүлэн суралцуулах хяналтын тооны хязгаарыг баталсан. Цагдаагийн байгууллагаас ирэх хичээлийн жилд эмэгтэй элсэгчийн захиалга ирүүлээгүй тул эмэгтэй иргэнийг элсүүлэн суралцуулах боломжгүй болсон. Харин магистр, докторын элсэлтийн шалгалт намар зохион байгуулагдана. -Та сая Цагдаагийн ажил-эрх зүй хөтөлбөрийн хоёр жилийн сургалттай ангийн талаар ярилаа. 

Цаашид энэ хөтөлбөрийг өргөжүүлэх, хөгжүүлэх талаар ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

 -Манай сургууль 2016 оноос Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого, цагдаагийн байгууллагын хэрэгцээ шаардлагыг үндэслэн дээд боловсролтой иргэдийг хоёр жилийн хугацаатай суралцуулан төгсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2021-2022 оны хичээлийн жилд зургаа дахь элсэлтээ авна. Энэ хөтөлбөрт өмнө нь дээд боловсрол эзэмшсэн 25 хүртэл насны иргэнийг сонгон шалгаруулж, элсүүлэн сургаж, цагдаагийн байгуулагад цагдаагийн офицерийн албан тушаалд томилдог. 

Цагдаагийн сургуулиас цагдаа, дотоодын цэргийн төрөл мэргэжлийн албадын хүний нөөцийг бэлтгэж өгөх зорилгоор аливаа сургалтын хөтөлбөр, түүний өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийхдээ захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлагад үндэслэж, санал хүсэлтийг нь хүлээн авдаг. Энэ агуулгаараа шинээр байгуулагдаад удаагүй байгаа Экологийн цагдаагийн албаны чиглэлээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулахаар судалгааны ажил эхлүүлээд байна.

 -2021-2022 оны хичээлийн жилд элсэн суралцагчдад ямар шалгуур тавигдаж байгаа вэ? 

-Бакалаврын хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага хөтөлбөрийн онцлогоосоо хамаараад өөр өөр байдаг. Цагдаагийн ажил-эрх зүй, Мөрдөх алба-эрх зүй, Аюулгүй байдал-дотоодын цэрэг дөрвөн жилийн сургалттай өдрийн хөтөлбөрт элсэгч нь 2019-2021 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, элсэлтийн суурь шалгалт болох нийгмийн тухай мэдлэг хичээлээр 560 ба түүнээс дээш, хавсарга шалгалт болох ЭЕШ[1]ын аль нэг хичээлээр 480 ба түүнээс дээш оноо авсан 17-25 насны эрэгтэй иргэн байна. 

Харин Цагдаагийн ажил-эрх зүй хоёр жилийн сургалттай хөтөлбөрт элсэгчийн хувьд дээд боловсролын бакалаврын дипломын сурлагын голч дүн төрийн өмчийн сургууль 2.5, төрийн бус өмчийн сургууль 3.0 ба түүнээс дээш оноотой, 25 хүртэл насны эрэгтэй иргэн байх бөгөөд эзэмшсэн мэргэжлийн тухайд ямар хөтөлбөрт суралцахаасаа хамаараад өөр өөр байна. 

Тухайлбал, Шинжээч мөрдөгчийн чиглэлээр байгалийн шинжлэх ухаан, биологи, физик, хими, экологийн дээд боловсролтой иргэнийг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр механик инженер, авто инженер, замын инженер зэрэг инженерийн дээд боловсролтой иргэнийг, Эдийн засгийн мөрдөгчийн чиглэлээр эдийн засагч, нягтлан бодох бүртгэл, банк санхүүгийн дээд боловсролтой иргэнийг, Цагдаа-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил чиглэлээр социологич, статистикч, математикч, сэтгэл зүйч, сэтгүүлч зэрэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнийг элсүүлэн сургана. 

Элсэхийг хүсэгч нь нэн түрүүнд, Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар батлагдсан журмын дагуу элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай юм. Үүний дараа бүрэн дунд боловсролтой иргэдийн хувьд ЭЕШ-ын оноо, дээд боловсролтой иргэдийг голч онооны буурах байдлаар эрэмбэлнэ. Тэнцсэн иргэд эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн шалгалт өгөхөөс гадна цэргийн хэргийн бэлтгэлийн сургалтад хамрагдах учиртай. -Эмэгтэй элсэгч бүртгэхгүй гэсэн мэдээлэл байна. 

Энэ талаар болон сур[1]галтын төлбөрийн талаар тодруулбал? 

-Ярилцлагын эхэнд би хэлсэн. Манай сургууль захиалгын дагуу элсэгчдээ сонгон шалгаруулж, сургаж бэлтгэдэг. 2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хяналтын тооны захиалгад эмэгтэй иргэнийг авах талаар тусгаагүй тул бид дур мэдэн элсэлт авах боломжгүй юм. Боловсролын тухай хуульд цэрэг, цагдаагийн дээд боловсрол олгох сургалтын зардлыг төр хариуцахаар заасан байдаг. 

Тиймээс манай бакалаврын түвшний сургалтууд үнэ төлбөргүй. Харин элсэгч эрүүл мэндийн үзлэгт хамрагдах, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдах үеийн хувцасны зардлыг өөрөө төлдөг. Үүнээс бусдаар ямар нэгэн сургалтын үйл ажиллагаатай холбоотой төлбөр авдаггүй.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна