ЦӨӨН ӨГҮҮЛБЭРЭЭР

Админ
2021/04/08

ИНÄОНЕЗИ

Индонези болон Зүүн Тиморт болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 157-д хүрсэн тухай “Agence France-Presse” агентлаг мэдээллээ. Индонези улсын байгалийн гамшгаас хамгаалах албаны мэдээлснээр, аралд амь үрэгдсэн хүний тоо 130-д хүрсэн, харин Зүүн Тиморт 27 хүн амиа алдсан байна. Өнгөрсөн даваа гарагт “Reuters” агентлаг орон нутгийн эрх баригчдаас эш татаж, байгалийн гамшгийн улмаас Индонез болон Зүүн Тиморт 113 хүн амь үрэгдсэн тухай мэдээлсэн билээ.

ЭНЭТХЭГ

Энэтхэг улсад цар тахалтай холбоотой дээд амжилт бүртгэгдсээр байна. Тус улсад нэг хоногийн дотор “Ковид-19”-ийн халдвар авсан тохиолдол 103 мянгаас давжээ. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт аж. Эмнэлгүүдэд өвчтөн хэвтүүлэх ямар ч ор байхгүй болсон гэнэ. Цар тахалд хамгийн их нэрвэгдсэн мужууд хатуу хөл хорио тогтоолоо. Худалдааны төв, дэлгүүр, зоогийн газар, зах, зугаа цэнгээний төвүүд хаагдаж, шөнийн цагт онц байдал зарлалаа. Жонс Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Энэтхэгт 12 сая 801 мянга 785 халдвар бүртгэгдэж, 166.208 хүн нас бараад байна.

АНУ

Америкийн сонгогчдын ихэнх нь Мексикийн хил дээр гарч байгаа цагаач дүрвэгчдийн хямралын гол буруутан нь Төрийн тэргүүн асан Дональд Трамп биш харин Ерөнхийлөгч Жо Байден гэж үзэж байна. Энэ асуудлаар “HarrisX” компани санал асуулга явуулжээ. Тухайлбал, санал асуулгад оролцогчдын 44 хувиас багагүй нь Жо Байден ба түүний засаг захиргаа хил дээр цагаачдын бөөгнөрөл, хямралыг үүсгэсэн гэж үзжээ. Харин 28 хувь нь Д.Трампыг буруутгав. Харин 20 хувь нь хоёулаа буруутай гэв. Өнгөрсөн сарын 25-нд Жо Байден Дэд ерөнхийлөгч Камала Харрист дүрвэгчдийн асуудлаар Мексиктэй хэлэлцээр явуулахыг даалгасан. К.Харрис мөн Сальвадор, Гондурас, Гватемалын дипломатуудтай ярилцана. Америкийн хилчид Мексикийн хил дээр бараг 100 мянган дүрвэгч саатуулсан тухай “Reuters” агентлаг мэдээлжээ.

БНХАУ

26 сая хүн амтай Шанхай хотын эрх баригчид “Ковид-19”-ийн халдварын голомтот бүс нутгаас ирж буй хүмүүст тавих хяналтаа чангатгажээ. Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужийн Жуйли хотын нөхцөл байдалтай холбогдуулан ийм арга хэмжээ авсан байна. Тус хотод “Ковид-19” дотроо халдварласан тохиолдсон бүртгэгдсэн юм. Халдварын өндөр, дунд эрсдэлтэй бүс нутгаас Шанхайд ирсэн хүн бүр 12 цагийн дотор дүүргийнхээ орон сууцны хороо эсвэл зочид буудалд заавал бүртгүүлэх ёстой байна. Эрсдэл ихтэй бүсээс ирсэн хүмүүс хоёр долоо хоног тусгаарлагдаж, хоёр удаа шинжилгээ өгнө.

УКРАИН

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Умард Атлантын цэргийн эвсэл (НATO)-ийн удирдлагууд болон гол гишүүн орнуудад хандан Киевийг тус байгууллагад элсүүлэх ажлыг түргэвчлэхийг уриалжээ. Тэрбээр НATO-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбэргтэй утсаар ярьсан байна. Мөн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Канадын Ерөнхий сайд Жас[1]тин Трюдо нартай холбогдож, НATO-д элсэх үйл явцыг нь дэмжихийг уриалсан гэнэ. Украин НATO-д элсэхэд хамгийн том саад болж буй хүчин зүйл бол тус улсын батлан хамгаалах салбарын стандартын асуудал байдаг. Сүүлийн үед Украины зүүн, хойд хил, Крымийн хойгт Оросын тал цэргийн хүчээ нэмэгдүүлж буй нь олон улсын анхаарлын төвд орсон.

ЯПОН

Японы баруун хэсэгт орших Осака мужийн эрх баригчид цар тахлын нөхцөл байдал эрс муудсаны улмаас бүс нутагт онц байдал зарлах шийдвэр гаргажээ. Энэ тухай мужийн эрх баригчид өнгөрсөн лхагва гарагт мэдэгдэв. Шинээр илэрсэн халдварын тохиолдол өсөн нэмэгдсээр байгаа нь бүс нутгийн эрүүл мэндийн тогтолцоог уналтад оруулж болзошгүй хэмээн болгоомжилсны улмаас ийм шийдвэр гаргажээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд Осакад халдварын 800 гаруй тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна