П.Отгонбаяр: Хүүхдэд тохиолддог мэдрэлийн зарим эмгэг

Админ
2021/04/22

Н.АЛТАНЦЭЦЭГ

“Бүүвэй-Ээж “хүүхдийн мэдрэлийн эмнэлгийн эмч, АУ-ны доктор, хүүхдийн мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор П.Отгонбаяртай ярилцлаа. 

-Бага насны хүүхдүүд гар утас, компьютер дэлгэцэд донтсоноос болж “тик “ буюу татганаа өвчнөөр өвчилж байгаа талаар та тодорхой яриач? 

-Бага насны хүүхдүүдэд “тик” буюу татганаа өвчин 3-7 насанд эхэлж, 8-12 насанд ихэсдэг. Харин 12 наснаас багасдаг. Энэ эмгэгийн шалтгаан маш олон. Тухайлбал, нярай үедээ их уйлдаг, тайван бус, цочромтгой, нойр сэвэлзүүр, уйлахаараа ээрч хөхөрдөг байсан өөрөөр хэлбэл тархины даралттай төрсөн, мөн гэмтэл бэртэл авсан, эсвэл удамд нь нүдээ анивчдаг, хоолойгоо засдаг, нусаа татдаг, санаа алддаг хүн байсан гэх зэрэг олон шалтгаан бий. Харин сүүлийн үед компьютер гар утас, телевиз, хичээлийн ачаалал зэргээс хамаарч уг эмгэг үүсэж байна гэж судлаачид үзэж байгаа. Би түрүүн хэлсэн эрдэмтэд “тик“ буюу татганаа өвчин тухайн насандаа илрээд гайгүй болчихдог гэж үздэг. Зарим тохиолдолд гайгүй болдог ч зарим тохиолдолд архагшин үлдэх явдал цөөнгүй. Эрдэмтэд 12-13 наснаас хойш гайгүй болно гэж үздэг тул нарийн эмчилгээ хийх шаардлагагүй хэмээн үздэг. Өөрөөр хэлбэл, ачаалал, нойрыг зохицуулах, агаар салхинд гаргах, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, сэтгэл заслын эмчилгээ нь уг эмгэгийг эмчлэх нэг арга.

-Бага насны хүүхдүүдэд ”тик” буюу татганаа өвчин шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хаана хандах вэ? 

-Өвчин эхлээд сар гаруй болоход архагшдаг. Архаг өвчнийг эмчлэхэд төвөгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ нүдээ анивчаад байхаар нүдний өвчтэй гээд нүдний эмнэлгээр, хоол ойгоо засахаар чих хамар хоолойн хий ханиалгахаар ханиад хүрсэн гээд бусад мэргэжлийн эмчээр явж цаг алддаг өвчнөө архагшуулдаг тал бий. “Тик” буюу татганаа өвчин нь мэдрэлийн эмгэг.
Хэрэв хүүхдэд ийм шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд мэдрэлийн эмчид хандах ёстой. Эмчилгээг зөв хийхийн тулд эмчид үзүүлэх ёстой. Мэдрэлийн эмч үзээд өөр ямар нэгэн шалтгаан байна уу үгүй юу гэдгийг судална. Энэ өвчинг үйл ажиллагааны болон органик гаралтай гэж үздэг. Хэрэв үйл ажиллагааны гаралтай бол санаа зовох хэрэггүй, тухайн насандаа илрээд гайгүй болчихно.
Харин органик гаралтай байх бол нэлээд түвэгтэй. Иймээс мэргэжлийн эмчид заавал үзүүлэх хэрэгтэй. Эмийн эмчилгээг эмч заана. Харин эцэг эхчүүд хүүхдээ тайван байлгах, нойр бүтэн байх, ачааллыг зохицуулах тал дээр анхаарах ёстой. Сүүлийн үед хүүхдүүд шөнийн 00:00 цагаас хойш унтаж байгаа. Мөн компьютер гар утас, телевизийг цаг нартай үзүүлэх шаардлагатай. Эдгээр зүйлийг шууд хорьж болохгүй. Хүүхдийн дуртай зүйлийг хорих нь стрессийн нэг хэлбэр, иймд хүүхэдтэйгээ харьцах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. 

-Одоо хүүхдүүд гэрийн хорионд байгаа болохоор энэ өвчнөөр өвчлөх эрсдэлтэй юү? 

-Өвчлөх нэг шалтгаан болно. Ер нь “Ковид-19”-ийн халдварын үед хүүхдүүдийн хөдөлгөөн, агаар дутагдаж, ачаалал ихсэж байгаа. Иймээс энэ асуудал дээр судалгаа хийх хэрэгтэй. Мөн боловсролын систем дээр анхаарах ёстой. Тэр дундаа тусгай сургалттай хувийн сургуулиуд хүүхдэд хэт их ачаалал өгч байна. Цахимаар өглөөнөөс орой хүртэл хичээл хийгээд суудаг. Энэ нь хүүхдийг ядраах нэг хүчин зүйл болж байгааг үгүйсгэх аргагүй. Бид 2000 онд Улаанбаатар хотын зургаан дүүрэгт тик өвчний судалгаа хийхэд гэр хорооллын хүүхдүүд тик буюу татганаа өвчнөөр өвчлөх тохиолдол нь бага байсан. Харин орон сууцад амьдардаг болон төвийн сургуулийн хүүхдүүдэд энэ өвчин харьцангуй их тохиолдож байсан. Энэ байдлаас харахад хамгийн чухал нь хөдөлгөөн агаар гэж хэлж болохоор. 

-Тархины даралтаас болж ямар нэгэн өвчний эх үүсвэр болох эрсдэл байна уу? 

-Тархины даралт гэдэг нь ард түмний дунд аман хэлбэрээр яригдаж байдаг зүйл. Уйлсан, тайван бус байгаа, нойр сэргэг цочромтгой хүүхдийг тархины даралттай гэж үздэг өрөөсгөл ойлголт бий. Тархины даралт ихсэх гэдэг нь тархийг гэмтээдэг янз бүрийн өвчний үед илэрдэг эмнэлзүйн шинж тэмдэг. Тархийг гэмтээдэг өвчнүүдэд тархины хүчилтөрөгчийн дутагдагдал, тархины саа, уналт таталт, тархины цус харвалт гээд олон өвчин орно. Хүчилтөрөгч цус дуталт тархины эмгэгшилтэй төрсөн нярайд мэдрэлийн тогтолцооны зүгээс янз бүрийн үлдэц өгөх эрсдэл өндөр, ийм байдалд хүрэхгүйн т улд эхийн жирэмслэлт төрөлт маш их нөлөөлнө. Хүчилтөрөгчийн дутагдалтай учраас агаарт гаргах хэрэгтэй гэдэг ч, анагаах ухаанд хүчилтөрөгчийн дутагдалтай хүүхдийг агаарт гаргахаар зүгээр болдог гэсэн онол байхгүй, өөрөөр хэлбэл гарч байгаа эмнэлзүйн шинжийг зайлшгүй эмчлэх шаардлагатай. 

-Урьдчилан сэргийлэх боломжтой биз дээ? 

-Гол анхаарах зүйл нь эх эрүүл байх. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг зарчмаар явах ёстой. 

-Тархины даралтаас гадна нярай шарлалт бас эрсдэлтэй байдаг? 

-Нярайн шарлалтыг физиологийн буюу эмгэг гэж хоёр ангилдаг. Физиологийн шарлалт нь 14 хоног дотор арилах ёстой, зарим тохиолдолд физиологийн шарлалт удаан үргэлжилдэг тал бий ч түүнийг анхаарах ёстой. Шарлалт удаан үргэлжлэх, цусан дахь билирубины хэмжээ хэт өндөр байх нь эмгэг шарлалтыг илэрхийлнэ. Тухайлбал, ургийн халдвар, нярайн цус задрах эмгэг, элэг цөсний гаж хөгжил, гэх мэт байж болно. Сүүлийн үед хөхний сүүний шар их тохиолдож байгаа.
Дээр үед хөхөө сайн хөхүүлээд байвал шарлалт хурдан арилдаг гэдэг байсан. Одоо шинжлэх ухаан хөгжиж байгаа учраас хөхний сүүнээс болж шарлалт үүсэж байна гэж үздэг болоод байгаа. Эхчүүд хүүхдийн шарлалт арилахгүй байна гээд эмчид үзүүлэхээр эмч шарлалт удаан үргэлжилж байгаа учраас хөхөө хөхүүлэхгүй хэд хоног сойгоод үзээч гэхээр зарим ээж дургүй байдаг. Хөхний сүүний шарлалтай байх юм бол сүүгээ хөхүүлээд байвал шарлалт нь буурахгүй.
Иймээс эхчүүд анхаарах хэрэгтэй. Нярайн эмгэг шарлалт үүссэн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Эмгэг шарлалттай хүүхдүүдэд мэдрэлийн эмгэг үүсэх аюултай тул эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй. 

-Энэ жилийн хувьд ханиад томуу харьцангуй буурсан үзүүлэлтэй байгаа. Танай эмнэлгээр ямар шинж тэмдэгтэй хүүхдүүд ирж үзүүлж байна вэ? 

-Манайх ихэвчлэн мэдрэлийн эмгэгтэй хүүхдийг үздэг. Миний бие Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд мэдрэлийн зөвлөх эмч хийж байсан болохоор энэ мэргэжлээрээ ажиллах дуртай, эдүгээ 37 жил ийм өвчинтэй хүүхдүүдийг эмчилж байна даа. 2006 оноос “Бүүвэй ээж” эмнэлгээ ажиллуулж байна. Ковидын улмаас эмнэлэгт хандах хүүхдийн тоо эрс буурсан, үүнийг хүүхдийн мэдрэлийн өвчин буурч байна гэж үзэхгүй байна. Харин хөл хорионы үед улирлын томуу багассан сайн талтай. Ковидоор нэлээд хүүхэд өвчилсөн байгаа иймд эцэг эхчүүд анхаарах, халдвах хамгааллын дэглэмээ сайн сахих, гэр бүлдээ халдвар тархаахгүй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.


86
17
15
14
20
19

Холбоотой мэдээ