Иргэдийн орлого буурч, хүнсний дэлгүүрүүд зээл өгөхөөс татгалздаг болжээ

Админ
2021/04/28

Цар тахлын халдвар өдрөөс өдөрт нэ­мэгдэж байгаа учраас УОК-оос хатуу хөл хориог ирэх тавдугаар сарын 8-ны өдөр хүр­тэл сунгасан.  Хэдийгээр өвчний халд­варыг бууруулахаар хөл хориог сунгасан ч иргэдийн хувьд байдал хүндхэн байна. Ялангуяа өдрийн орлогоороо амьдардаг айл өрхийн хөргөгч хоосорч, хоол хүнсний хомстолд орж эхэлжээ.

Чингэлтэй дүүргийн VII хорооны иргэн Ц, өдрийн орлогоороо амьжиргаагаа залгуулдаг олон мянган хүний нэг. Тэрээр мэдээлэл өгөхөөс татгалзаагүй ч, нэр зургаа нууцлахыг хүссэн юм. Иргэн Ц, зах дээр халуун аарц, кофе зардаг аж. Хэвийн үед хоёр идэхгүй ч, хоосон хонохгүй болгоод байдаг байсан ч хөл хорионы үед зах, худалдааны төв ажиллахгүй байгаа учраас өдрийн орлогогүй болжээ. Өөрөөр хэлбэл, амьжиргаа нь таг зогсоход хүрсэн гэсэн үг. Хөл хорионы эхний үед хоногийн хоолоо ихэвчлэн дэлгүүрээс зээлж, дэлгүүрийн “хар дэвтэр"-т байнга нэрээ бичүүлдэг байж.  Танилын нүүр гэдэг шиг таньдаг дэлгүүрээсээ өдөрт 2500 төгрөгийн хүнс зээлээд хоног өдрийг хоосон хоночхолгүй аргалаад байж. 2500 төгрөгөөр, таван цулын таташ, нэг кг будаа, төмс, гоймон зэргийг өдөр бүр бичүүлж авсаар өнөөх нь 30 мянган төгрөгт хүрдэг байна. Хүүхдийн мөнгө авч байгаа хэдий ч хоол хүнсэндээ хэмнэлттэй хандаад байхад хүрэлцдэггүй гэж тэрбээр учирласан. Харин сүүлийн хөл хорионы үед зээлсэн мөнгөө төлж чадаагүйн улмаас таньдаг дэлгүүрийн худалдагч царай бууруулж, зээл өгөхөөс татгалзах нь элбэг гэнэ.

Өдөрт аарц, кофе зараад явахаар хүүхдийнхээ өдрийн хоолыг хангалттай аваад сэтгэл хангуулан байдагсан. Таван цулын таташ иддэггүй. Ядаж  хагас кг мах аваад сайхан цуйван сэгсэрдэгсэн хэмээн ярих нь уйтай. Тэрээр, одоо ахиад 14 хоног яаж тэсэх вэ. Өдрийн орлогоороо амьдардаг бидэнд хөл хорио үнэхээр хүнд тусаж байна. Цар тахлын дэгдэлтээс болж, сүүлийн гурван сард амьжиргаа эрс муудлаа. Хорио хөл хорионоос улбаалж, иргэдийн орлого буурч, хүнсний дэлгүүр зээл өгөхөөс татгалздаг боллоо. Иргэдийг халамжийн мөнгөөр тэтгэхээс илүүтэй ажлын байрыг хадгалж, ажиллах орчныг бий болгох хэрэгтэй санагдах юм. Тогтмол цалинтай, байнгын ажлын байртай бол, юу ч хийсэн би чадна хэмээн санаашрах аж. Харин халамжийн мөнгөөр амьдарч байгаа иргэд,  дэлгүүрт өр тавьж, мөнгөтэй залгахаараа төлөх байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байна. Гурил будаа, жижиглэн, төмс лууван зээлнэ. 

Дэлгүүрт зардаг 2500 төгрөгийн жижиглэнгийн махаа хуваагаад хоёр өдрийн хоол болгоно. Таван ам тэжээнэ гэдэг чанга. Идэх хоолноос эхлээд  ойр зуурын хэрэглээ мундахгүй. Сар сардаа өрөө төлдөг болохоор дэлгүүрээс зээл өгдөг боловч  заримдаа өрөө өгч чадахгүй удаачихдаг. Одоо  өртэй байгаа, мөнгөтэй болохоороо бүгдийг нь төлнө дөө. Ер нь халаасандаа мөнгөгүй үлдээд өрөө төлчихөөр дараа нь зээл авахад асуудалгүй байдаг юм.  Манай хөргөгчид одоо нэг таташ, ганц атгын чинээ хонины мах байна. Таташ маань манайд  хоёр хоногийн хоол болно. 

Оройдоо махтай хоол хийж иддэг. Нууцгүй хэлэхэд  манай хөргөгчид байгаа мах, гоймон будаа бүгд зээл. Хэд хоногийн өмнө гудамжны булангийн дэлгүүрээс зээлсэн.  Харин гурил дуусчихлаа. Олууллаа болохоор 10 кг гурилаар гамбир хайраад  хэдхэн хоноод дуусчихдаг. Өнөөгийн нөхцөлд чанартай хоол хүнс авч идэж чадахгүй байна. Өдрийн хоолоо дөнгөж байгаа хүн чинь шуудайгаар нь гурилаа авч, тор дүүрэн ногоо, мах авч нөөцөлж чадахаа бүр больсон гэсээр санаа алдлаа.

Өнөөдөр амьдрал ийм байна. Хотын төвийнхөн өндөг алга хэмээн нүүр номоор дүүрэн шаагилдаж байхад захын гэр хороололд өдрийн хоолоо таслалгүй, үр хүүхдээ өлсгөлгүйхэн шиг өвчин зовлонд өртчихөлгүй хөл хориог даваад энх цагтай золгохсон. Ядаж... гэж аргаа барагсад олон аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна