Европарламент БНХАУ-тай худалдааны гэрээгээ зогсоолоо

Админ
2021/05/24

--- Энэ шийдвэр Европын холбоо-Бээжингийн харилцаанд яаж нөлөөлөх бол ---

Европарламент Европын холбоо болон Бээжингийн хоорондын хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тогтоолыг дэмжиж санал өглөө. Европын холбооны гишүүн орнууд Хятадтай хийх харилцаанд Европарламентын шийдвэрт дасан зохицохыг хичээж байна. Уг тогтоолыг Европын холбоо “Бээжин Шинжаанд ислам шашинтнуудыг хавчин гадуурхаж байна” гэж хориг арга хэмжээ авсны дараа баталлаа. БНХАУ ч Европын холбооны хориг арга хэмжээний хариу болгож хязгаарлалт тавьсан. Европын холбоо болон Хятадын хоорондын хөрөнгө оруулалтын хэлэлцээр хүчин төгөлдөр болохын тулд баримт бичгийг Европарламент батлах ёстой байв. Харин Европын депутатууд парламентад хөрөнгө оруулалтын тухай гэрээг хэлэлцэж эхлэхээс өмнө Европын холбооны тавьсан хоригоо цуцлахыг Хятадаас шаардсан.

Уг шаардлагыг тавдугаар сарын 20-нд гаргасан тогтоолд тодорхой заасан байна. Европарламентад Хятадтай хөрөнгө оруулалт, худалдааны гэрээг зогсоох тухай шийдвэрийг олонхийн саналаар баталлаа. 599 депутат дэмжиж, 30 хүн эсэргүүцэж, 58 гишүүн түдгэлзжээ. Зарим депутат Хятад өнгөрсөн гуравдугаар сард Европарламентын таван гишүүн болон янз бүрийн байгууллагуудад тавьсан хориг арга хэмжээг цуцалсан ч, хөрөнгө оруулалтын гэрээг огт дэмжихгүй гэдгээ хэлсэн. Санал хураалтын үр дүн Европын холбоо болон БНХАУын хооронд долоон жилийн турш хэлэлцсэн хөрөнгө оруулалтын гэрээг ойрын хугацаанд батална гэсэн итгэл найдварыг бүрмөсөн үгүй хийлээ. Европарламентын тогтоол Европын холбоо, Хятадын харилцаа муудсаныг илтгэх бас нэг шинж. Одоогоор 27 орноос бүрддэг холбоо Шинжаанд хүний эрх зөрчигдөж байгаатай холбоотой Бээжинд шахалт үзүүлэхийн зэрэгцээ Хятадтай эдийн засгийн харилцаагаа эвдэхгүйг хичээж байв. Брюссель ч Бээжин болон Вашингтоны хооронд болсон худалдааны өрсөлдөөн дундаас өөрийнхөө байр суурийг олохыг хүссэн.

“Европын холбоо болон Хятадын харилцааг судалдаг хүмүүс Европарламент дээрх гэрээг батлах магадлал багатай гэдгийг мэдэж байсан. Энэхүү нөхцөл байдлаас Европын холбоо одоог хүртэл Хятадын эдийн засгийн өсөлт болон Бээжин-Вашингтоны өрсөлдөөнийг тэсвэрлэх чадвартай бодлого боловсруулаагүй байна гэсэн дүгнэлт хийж болно” гэж Сербийн дипломатч, Белград дахь аюулгүй байдлын төвийн шинжээч Вук Вуксанович үзэж байна. Гэрээг цуцлах тухай шийдвэр Европын дотоод бодлоготой нягт холбоотой. Яагаад гэвэл Чех, Герман, Унгар зэрэг орнуудад сонгууль ойртож байна. Эдгээр улсад төрийн эрхэнд шинэ хүчин ирж, Бээжингийн эсрэг хатуу бодлого баримталж магадгүй гэсэн таамаг бий. “Хятадын асуудал төв болон зүүн Европын олон оронд улс төрийн гол сэдэв болж байна. Энэ нь Чехид ирэх есдүгээр сард болох, эсвэл 2022 онд Унгарт явагдах сонгуульд нөлөөлж магадгүй” гэж Будапешт хотын Корвинусын их сургуулийн доцент Тамас Матура хэлэв.


УДААН ХЭЛЭЛЦСЭН ГЭРЭЭ

2020 оны арванхоёрдугаар сард гарын үсэг зурсан хөрөнгө оруулалтын гэрээ эхнээсээ олон маргаан дагуулсан. Уг баримт бичиг Европын компаниуд Хятадын зах зээлд гарах боломжийг нэмэгдүүлж, Бээжингийн гадаадын бизнесийн төлөөлөгчдөд тавих хатуу шаардлагыг хөнгөвчилж, Европт БНХАУ-ын хөрөнгө оруулалт хийгдэхэд туслах зорилготой байв. Гэвч БНХАУын удирдагч Ши Жиньпин болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Еурокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нарын хоорондын хэлэлцээрийн дараа уг гэрээ Европын холбооны доторх Хятадыг шүүмжлэгчдийн эсэргүүцэлтэй тулгарсан аж. Тэд Брюсселийг Бээжинтэй харилцахад хүний эрхийн асуудалд илүүтэй анхаарахыг уриалжээ. 

Өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд Европын холбоо Шинжаанд исламын шашинтай иргэдийн эсрэг явуулж буй бодлоготой нь холбоотой Бээжингийн эсрэг хориг арга хэмжээ авсан.Европын холбоо Хятадын эсрэг хүний эрхийг зөрчсөн асуудлаар 1989 онд Тяньаньмэний талбайд болсон цуст аллагаас хойш анх удаа хориг тавьсан нь энэ аж. НҮБ-ын мэдээлснээр, Хятадын эрх баригчид Шинжаанд нэг сая орчим ислам шашинтнуудыг шоронд хорьсон. Бээжин Шинжаанд хорих лагерь байхгүй хэмээн үгүйсгэдэг. Европын холбооны хязгаарлалтын дараа Хятад хариу болгож Европарламентын гишүүд, үндэсний парламентын депутатууд, Хятадын асуудлыг судалж байгаа хэд хэдэн Европын эрдэмтдэд хориг тавьсан. Түүнээс хойш хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжлэгчид олширч, Европарламент баримт бичгийг батлах хугацааг сунжруулсан. “Европын холбоо болон Хятадын хоорондын хөрөнгө оруулалтын гэрээ Европын улс төрийн ашиг сонирхолд ямар ч ашиггүй” хэмээн Прага дахь Аюулгүй байдлын бодлогын Европын төвийн захирал Якуб Янда үзэж байна.

ЕВРОПАРЛАМЕНТЫН ШИЙДВЭРИЙН НӨЛӨӨ

Хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тухай шийдвэр Европын холбоо болон түүний гишүүн орнуудын ихэнх нь Хятадтай холбоотой бодлогоо дахин авч үзэж байгаа үед батлагдлаа. Тавдугаар сарын 5-нд Еврокомисс гадаадаас санхүүгийн тусламж авдаг компаниудад Европын үйлдвэрийг худалдаж авах, эсвэл тендерт оролцохыг хориглох тухай журам санал болголоо. Уг журам Хятадыг чиглэсэн. Тавдугаар сарын 8-нд Европын холбоо Энэтхэгтэй Дэд бүтцийг санхүүжүүлэх салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурлаа. Түүнчлэн, Европын орнууд ирэх сард болох “G7”-ийн чуулга уулзалтын өмнө АНУ-тай хамтарч, БНХАУ-ын “Нэг бүс – нэг зам” дэд бүтцийн санаачилгатай дүйцэхүйц төсөл бий болгох асуудлыг хэлэлцэж байна. 

Шинжээчид хөрөнгө оруулалтын гэрээг зогсоосон нь Европын холбоо болон түүний гаднах хэд хэдэн улсын Хятадтай холбоотой бодлогыг өөрчлөхөд нөлөөлж магадгүй хэмээн таамаглав. Европын хамгийн том эдийн засаг болох Германд ирэх есдүгээр сард сонгууль болж, 16 жилийн турш Канцлерь хийсэн Ангела Меркель албан тушаалаа орхино.А.Меркелийн үеэр Герман улс БНХАУ-тай хийх харилцаанд тэнцвэртэй бодлого явуулахыг хичээж байв. Берлин Хятадад хүний эрхийг зөрчих асуудлыг шүүмжилдэг ч, тус улсын зах зээлд нэвтрэх боломжоо нэмэгдүүлэхийг зорьж байсан. Сонгуулийн өмнөх судалгаанаас харахад, Анналена Бербокын Ногоон нам болон Армин Лашетийн “Христын ардчилсан холбоо” эвсэл байгуулж магадгүй. Хамгийн сүүлчийн санал асуулгын үр дүнгээс харахад, сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр Хятад болон А.Меркелийн бодлогыг шүүмжилсэн А.Бербок Канцлерь болно гэсэн таамаг бий. Гэвч Германы сонгуулийн үр дүн Европын холбооны гадаад бодлогод ч нөлөөлж магадгүй аж. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан Бээжинтэй нягт харилцаа тогтоосон. Будапешт хотод Хятадын их сургуулийг байгуулах тухай асуудал улс төрийн том дуулиан дэгдээсэн. Учир нь Викор Орбаны Засгийн газар оюутнуудад зориулж хямд үнэтэй орон сууц барихад олгосон газар болон хөрөнгийг Хятадын их сургуулийн барилгад өгсөн.

Уг төслийг хатуу шүүмжлэгчдийн нэг бол Будапешт хотын захирагч Гергей Карачонь. Тэрбээр 2022 онд сөрөг хүчний өмнөөс Унгарт болох парламентын сонгуульд өрсөлдөж, Виктор Орбаныг төрийн эрхээс унагах гэж оролдох болно. Чехид ирэх аравдугаар сард сонгууль болно. Тус улсад Ерөнхий сайд Андрей Бабишийн Засгийн газрын эсрэг Хятадыг шүүмжилдэг сөрөг хүчний намаас бүрдсэн эвсэл хүчирхэгжиж байгаа. “Энэ бол Европ дахь Хятадын эсрэг хамгийн хүчтэй эвсэл болж магадгүй” хэмээн Прага дахь Аюулгүй байдлын бодлогын Европын төвийн захирал Якуб Янда хэлэв. Бээжинтэй хөрөнгө оруулалтын гэрээг зогсоох тухай шийдвэр Балканы орнуудад, ялангуяа тус бүс нутаг дахь гол түнш Серб улсад нөлөөлж магадгүй. Вуксановичийн үзэж буйгаар, дээрх алхам Балканы бүс нутагт бүхлээр нь нөлөөлж, Бээжинтэй хэлэлцэрийг зогсоосон тухай шийдвэрийн дараа Белградад Хятад болон Европын холбооны хооронд тэнцвэртэй байдлыг хадгалахад улам хүнд болох аж. “Белград Бээжинтэй түншлэлээ хадгалахын тулд Европын холбооХятадын гэрээний сүүдэрт нуугдаж чадахгүй. Гэхдээ Серб улс Хятадтай хаилцаагаа зогсоохгүй. Белград аюул эрсдэл нэмэгдэхээс нааш, одоогийн чиглэлийг өөрчлөхгүй” гэж Вуксанович үзэж байна.

 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна