Ам.доллларын ханш нэг жилийн турш тогтвортой байв

Админ
2021/06/11

М.ХҮСЛЭН

Сүүлийн нэг жилийн хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханш тогтвортой байгаа. Сүүлийн 100 өдрийн дундаж ханш 2849 төгрөг 67 мөнгөтэй дүйв. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төгрөг ам.долларын эсрэг 1.4 орчим хувиар суларлаа. Харин илүү урт хугацаанд харвал сүүлийн таван жилд төгрөгийн худалдан авах чадвар ам.долларын эсрэг 43.7 хувиар суларсан аж. Валютын ханш урт хугацаандаа макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс ихээхэн хамаардаг. Хангалттай хэмжээний гадаад валютын нөөцтэй байх нь төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангахад чухал нөлөөтэйг Монголбанк онцолж байв. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гадаад валютын албан нөөцийн хэмжээ 4.9 орчим тэрбум ам.доллар хүрч, шинэ дээд түвшинд хүрсэн.

Энэ оны эцэст таван тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй гэж “Fitch” агентлаг мэдээлсэн юм. Нөгөө талаас олон улсын зах зээлд ам.долларын ханш сулрах төлөвтэй. Үүнтэй холбоотойгоор он дуустал ам.доллартой харьцах төгрөгийн ханш тогтвортой түвшинд хадгалагдах хүлээлттэй байгаа юм. Жилийн өмнө буюу 2020 оны зургадугаар сарын 10-нд Монголбанкны хаалтын ханшаар нэг ам.доллар 2811 төгрөг 69 мөнгөтэй тэнцэж байв. Харин 2021 оны зургадугаар сарын 9-нд нэг америк доллар 2849 төгрөг 57 мөнгөтэй тэнцлээ. Жилийн өмнөхөөс 38 төгрөгөөр өссөн гэсэн үзүүлэлт. Харин бусад голлох валютын хувьд евро 274.84, швейцарь франк 206.3, англи фунт 440.17, юань 48.03, австрали доллар 240.78 төгрөгөөр тус тус чангарсан байна. 

Мөн монголчуудын хамгийн их гуйвуулдаг БНСУ-ын вон жилийн өмнө 2 төгрөг 36 мөнгөтэй тэнцэж байсан бол, одоо 2 төгрөг 56 мөнгө болжээ. Жилийн дотор воны ханш 20 мөнгөөр нэмэгдсэн гэсэн үг. Харин Оросын рубль болон Японы иен жилийн өмнөхөөсөө бага зэрэг суларсан байна.

ЗАСГИЙН ГАРЫН ГАДААД ӨР ӨМНӨХ ОНООС 1.1 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРООР НЭМЭГДЖЭЭ

Оны эхний улиралд Засгийн газрын гадаад өр 8.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллароор нэмэгдээд байна. Харин 2020 оны эцэст Засгийн газрын нийт өр 27.8 их наяд төгрөг болж, жилийн өмнөхөөс 16.6 хувиар өсжээ. Цар тахал дэгдсэн 2020 онд макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд муудсан. Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.3 хувиар агшсан бол төсвийн алдагдал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн аж. Засгийн газар сүүлийн жилүүдэд өрийг өрөөр буюу бондыг дахин санхүүжүүлэх байдлаар арга хэмжээ авч байна. Өндөр хүүтэй, хугацаа тулсан “Мазаалай” болон “Чингис” бондыг хэсэгчилсэн байдлаар дахин санхүүжүүлэхээр “Номад” бондыг гаргасан юм. Ирэх онуудад төлөгдөх өр төлбөрийг харвал, 2022 оны арванхоёрдугаар сард “Чингис” бонд, 2023 онд “Гэрэгэ”, 2024 онд “Хуралдай”, 2026 онд “Номад” бонд байгаа аж.

Мөн цар тахлын үед нийгмийн чиглэлийн зарцуулалтууд өссөн учраас өр төлбөрийн хувьд ачаалалтай жилүүд хүлээгдэж байна. Зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шинэчлэн тогтоосон. “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “тогтвортой” болгож хэвээр үлдээгээд байгаа. Харин “Moody’s” агентлагийн хувьд зээлжих зэрэглэлийг бууруулснаас 10 сарын дараа зээлжих зэрэглэлийг “В3” хэвээр, төлөвийг “сөрөг”-өөс “тогтвортой” болгож ахиуллаа. Үүнд хөрвөх чадварын эрсдэл буурсан, гадаад зах зээлтэй холбоотой өрийн дарамт тогтворжсон нь гол хүчин зүйл болсон гэж дүгнэжээ. Нөгөө талаас богино хугацаанд өрийн дарамт буурсан ч гадаад орчны “шок”-т өртөмтгий байдал, уул уурхайгаас ихээхэн хамааралтай эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал зэрэг нь эрсдэл дагуулж байгааг онцолсон.

Дэлхийн банк дэлхийн эдийн засгийн энэ оны өсөлтийг 5.6 хувьд хүрнэ хэмээн урьдчилан таамаглаж буйгаа өнгөрсөн мягмар гарагт танилцуулав. Энэ нь нэгдүгээр сарын таамаглалаас 1.5 хувиар өссөн үзүүлэлт юм. “Дэлхийн эдийн засаг “Ковид-19” цар тахлын улмаас 2020 онд 3.5 хувиар агшсан тул дэлхий дахин сүүлийн 80 жилд байгаагүй өсөлтийг энэ онд үзэх төлөвтэй байна” гэж Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд онцолжээ. Гэвч улс орнуудын эдийн засгийн өсөлт дархлаажуулалтын улмаас 2021 онд өөр хоорондоо эрс ялгаатай байх төлөвтэй гэнэ. Тодруулбал, АНУ тэргүүтэй чинээлэг орнууд манлайлах хандлагатай байгаа бол хөгжиж буй, бага орлоготой орнуудын хувьд “Ковид-19” цар тахал болон түүний нөлөөнд үргэлжлэн нэрвэгдэж магадгүй аж. Дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын өсөлтийг авч үзвэл, АНУын эдийн засаг энэ онд 6.8 хувиар, БНХАУ-ын эдийн засаг 8.5 хувиар өсөх төлөвтэй байна. Түүнчлэн хөгжиж буй орнуудын хувьд энэ үзүүлэлт 4.4 хувь, бага орлоготой орнуудынх 2.9 хувьтай байна хэмээн Дэлхийн банкны мэргэжилтнүүд урьдчилан таамаглажээ.


ЭНЭ ОНД ИМПОРТ 30.6 ХУВИАР ӨСЖЭЭ

2020 оны оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын импорт 30.6 хувиар өсөж, нийт 2.6 тэрбум ам.доллар болсон байна. Импортоор орж ирсэн барааны хамгийн их буюу 21.5 хувийг авто, агаарын болон усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги бүрдүүлжээ. Харин эрдэс бүтээгдэхүүний импорт 16.8 хувийг эзлэв. Үүний дотор нефтийн бүтээгдэхүүн зонхилж байгаа. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ 100 хувь импортоор хангадаг. 2019 оны эцэст импортоор орж ирсэн нефтийн бүтээгдэхүүний хэмжээ 1.8 сая тонн буюу өмнө нь байгаагүй өндөр дүнд хүрчээ. Үнийн дүнгийн хувьд 1.1 тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүнийг импортоор авсан. Харин 2020 оны эцэст 817 сая ам.доллар болж огцом буурсан байна.


ОХУ-ТАЙ ХИЙСЭН ХУДАЛДАА 508 САЯ АМ.ДОЛЛАРЫН АЛДАГДАЛТАЙ ГАРАВ

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харуулж байна. Энэ хугацаанд экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн хамгийн их хувийг бүрдүүлсэн хэвээр байна. Сүүлийн жилүүдэд ОХУ-тай хийж буй худалдаа эрчимтэй өсөж байсан ч цар тахал эхэлсэн 2020 онд огцом буурчээ. ОХУ-д экспортолсон жоншны хэмжээг үнийн дүнгээр авч үзвэл өнгөрсөн онд 44.6 сая ам.доллар хүрсэн байна. Энэ нь 2019 оноос 9.7 орчим хувиар буурсан дүн юм. Оны эхний дөрвөн сарын байдлаар ОХУ-тай хийсэн худалдаа 508 сая ам.долларын алдагдалтай гарчээ. 

2017-2019 онд уул уурхайн салбараас улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн орлого тогтмол өссөн байна. 2019 онд хамгийн их буюу 2.6 орчим их наяд төгрөгийг татвар, хураамжийг төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оноос 27.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.Энэ хугацаанд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байсан юм. Харин цар тахал эхэлсэн 2020 оны хувьд урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурчээ. Цар тахлын улмаас 2020 оны эхний таван сар дараалан аж үйлдвэр, уул уурхайн салбар уналттай байв. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард дотоодод “Ковид-19”-ийн халдвар тархсанаар уул уурхайн салбарын үйл ажиллагаа эргэн хумигдсан юм. Энэ оны хувьд 42 сая тонн нүүрс экспортлохоор төсөөлж, төсөвт тусгажээ. Оны эхний таван сард 8.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь төсөвт тусгасан хэмжээний 20.4 орчим хувьтай тэнцэж байгаа аж. Нүүрсний экспортын хувьд төмөр зам ашиглалтад оруулж, өртгөө бууруулах асуудал шийдлээ хүлээсээр байна.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд уул уурхай, олборлолтын салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 24 орчим хувийг бүрдүүлсэн дүнтэй байна. Үүнээс уул уурхайн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх жин 2018 онд хамгийн их буюу 24.5 хувь хүрч байжээ. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бараг хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Тухайлбал, 2000 оны дунд үеэс дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн Монголын олборлох салбар дотоодын эдийн засагт эзлэх байр суурь огцом нэмэгдсэнийг Дэлхийн банкны судалгаанд онцолжээ. Цар тахал дэгдсэн 2020 онд дотоодын эдийн засаг 5.3 хувиар буурсан байна. Энэ нь 1992 оноос хойших хамгийн огцом уналт боллоо. Харин энэ оны эхний улирлыг авч үзвэл цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зэсийн баяжмал, нүүрсний экспорт саарчээ. Нөгөө талаас түүхий эдийн үнэ өндөр байгаа нь экспортын орлогод эергээр нөлөөлөхөөр байгаа юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна