Монголын нүүрсний экспорт багасаж, БНХАУ-д эрэлт ихтэй байна

Админ
2021/06/17

М.ХҮСЛЭН

Манай улсын төсвийг бүрдүүлдэг экспортын гол бүтээгдэхүүн нүүрс. Он гарснаас хойш “Ковид-19”-ийн цар тахлын нөхцөл байдал хүндэрсний улмаас БНХАУ руу гаргах нүүрсний экспорт буураад байгаа. Нүүрсний экспортын голлох газар Гашуунсухайт-Ганцмод боомтод түгжрэл үүсэж, нүүрс тээвэрлэлтийн урт цуваа үүсээд удаж буй. “Ковид19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрс, зэсийн баяжмалын экспорт сүүлийн хэд хоног таг зогсжээ. Харин уржигдраас нүүрс тээврийн автомашинууд хил нэвтэрч эхэлсэн байна. Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан “Цар тахлын улмаас хилийн боомтуудын нөхцөл байдал хүнд байна.

БНХАУ-д цар тахал дэгдэж эхлэхэд бид “Ковид-19”- ийн вирус халдахаас болгоомжилж байсан. Гэвч өнөөдөр дотоодод халдварын тархалт хавтгайрлаа. Иймд манай улсаас халдвар тархахаас гадаадынхан болгоомжилж эхэллээ. Ялангуяа БНХАУ эрүүл бүс болж байгаа тул хилийн боомтуудаас х а л д в а р з ө ө в ө р л ө гд ө х ө ө с болгоомжилж, хяналтыг чангаруулсан. Бид халдварын нөхцөл байдлаас шалтгаалж Хятадын шаардлагад зохицуулж үйл ажиллагаа явуулж байна. Тэр тусмаа Гашуунсухайт, ЗамынҮүд, Шивээхүрэн боомтод анхаарч ажиллав. Хятадын талаас манай улсын халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хилээ хаасан. Өмнө нь Оюутолгойд “Ковид-19”-ийн сэжигтэй тохиолдол гарч, гуравдугаар сарын 15-наас хойш урд хөрш хилээ хааж байв.

Халдварын эрсдэл дахин үүсч, сүүлийн гурав хоног Хятадын талаас нүүрс тээвэрлэлтийн машин нэвтрүүлээгүй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох бүх газар хамтран Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас Улсын онцгой комиссын өгсөн үүрэг чиглэлийн дагуу халдварын эрсдэлийн нөхцөл байдлыг судлах, зохион байгуулалтын тухайд холбогдох шаардлагатай байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ерөнхийдөө хилийн боомтуудын нөхцөл байдал хүндхэн. Жишээ нь, Цагаан хаданд богино тээврийн 6000 гаруй жолооч түгжирсэн. Ердийн үед өдөрт 1000 жолооч хил нэвтэрдэг байхад долоо хоногт нэг удаа эргэлт хийдэг байсан бол одоо цар тахлын улмаас 60 хоногт нэг удаа эргэлт хийнэ. Халдварын улмаас хил нэвтрэх жолооч нарын тоо багасвал нөхцөл байдал бүр хүндэрнэ. Гэтэл улирлаар гэрээ байгуулсан жолооч нар хил нэвтэрч чадахгүй олон хоног машиндаа гацаж, эргэлт байхгүйгээс орлого тасрах асуудал үүслээ. 

Нөгөө талаас улсын төсөвт борлуулалтын орлого бүрдүүлэх татвар багасаж байгаа юм” гэв. Гашуунсухайт боомтод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан экспортын асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Б.Элбэгзаяа хэлэхдээ “Хятадын нүүрсний эрэлт буураагүй. Хамгийн гол нь “Ковид-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан хүндхэн байна. Халдварын эрсдэл буурвал Хятадын талаас нүүрсний эрэлт өндөр хэвээр. Уурхайн хашаанаас гарахад л мөнгө нь орж ирдэг.

Одоогоор Цагаан хадны хашаанууд дүүрсэн. Нэмэлтээр оруулах боломжгүй. Учир нь, халдварын эрсдэл нэмэгдэж, хил хаагдах нөхцөл байдал үүсч байгаа тул уурхайг түр хугацаанд зогсоосон нөхцөл байдалтай байна. Бидний өмнө тулгамдаж буй ганц асуудал нь “Ковид-19”. Халдварын тархалтаас шалтгаалан Хятадын талаас нүүрс тээврийн жолооч нарыг хил нэвтрүүлэхгүй байна. Хилээр гаргасан ч маш цөөн тоогоор жолооч нэвтрүүлнэ. 

Хил дээр PCR шинжилгээг өөрсдөө авч байгаа учраас сэжигтэй тохиолдол илэрвэл хилээ хаадаг. Нүүрс худалдан авсан Хятадын компаниуд засаг захиргаагаа шаардах болсон. Цагаан хаданд БНХАУ-аас худалдан авсан 10 сая тонн нүүрс экспортод гаралгүй гацсан.Тавантолгой нүүрсний ордод олборлосон 3-4 сая тонн нүүрсний нөөц бэлэн байгаа. Тавантолгой нүүрсний ордоос Гашуунсухайт хүртэл 15000 орчим ачаа тээврийн жолооч бий. Шивээхүрэн боомтод 92 жолоочоос PCR шинжилгээ авч, хил нэвтрүүлж байна. Тус боомтод 3000 орчим жолооч байгаа. Монголын талаас вакцины хоёр тунд хамрагдсан, PCR шинжилгээ өгсөн жолооч нарыг хилээр гаргахын өмнөх өдөр Хятадын талд PCR шинжилгээ дахин өгүүлж байгаа. Шинжилгээ өгсний маргааш жолооч нар хилээр нэвтрэх боломж бүрдэнэ” гэлээ. Ийнхүү цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан БНХАУ-д гаргах нүүрсний экспортын хэмжээ буураад байна. Гэвч урд хөршид нүүрсний эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байгаа.

Монгол Улсын нүүрсний экспорт өмнөх оны мөн үеийн хэмжээнээс бага байгааг “SXCoal” мэдээлсэн. Тавдугаар сараас зургадугаар сар хүртэлх хугацаанд Гашуунсухайт-Ганцмод боомтоор өдөрт дунджаар нүүрс тээврийн 161 автомашин нэвтэрсэн байна. Энэ нь өмнөх сартай харьцуулахад өссөн дүн хэдий ч 2020 оны мөн үетэй харьцуулахад бага хэвээр байна. 

Өнгөрсөн оны зургадугаар сард өдөрт 470 автомашин нэвтэрч байсныг “SXCoal” дурджээ. ШивээхүрэнСэхэ боомтоор гаргаж буй нүүрсний хэмжээ мөн буурсан байна. Нөгөө талаас нийлүүлэлт буурснаар Монголын коксжих нүүрсний үнэ өссөн. Тухайлбал, угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа энэ сарын эхээр 1700 юань болсон.Энэ нь өмнөх оны мөн үеэс 68.3 хувиар өссөн дүн болж байгаа. Харин түүхий коксжих нүүрсний үнэ 75.9 хувиар өсөж, 1460 юань болсон байна. Энэ оны хоёрдугаар хагаст БНХАУ-д нүүрсний үнэ өсөх төлөвтэй гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид тооцоолжээ. Уурхайн аюулгүй байдлын хяналтын давтамж нэмэгдэж байгаа нь гарц тасалдахад нөлөөлж, үнэ өсөхөд дэмжлэг болно гэж үзэж байгаа. Ингэснээр нэг тонн дулааны нүүрсний үнэ 900 юань хүрэх төлөвтэй байгаа аж. Мөн Австралийн нүүрсний импортод тавьсан албан бус хориг үргэлжлэх төлөвтэй гэдгийг онцолжээ. БНХАУ-ын эдийн засаг цар тахлын хямралаас сэргэснээр дулааны нүүрсний эрэлт огцом өсөөд байгаа. Чиньхуандао боомт дахь нөөц өнгөрсөн сард таван сая тонн болж буурсан.

Үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Хятад улс төрийн өмчит уурхайн нүүрсний үнэд 800-900 юань буюу 141 ам.долларын хязгаар тогтоох асуудлыг хэлэлцсэн байна. Энэ нь 2020 оны дундаж үнээс есөн хувиар өндөр үзүүлэлт. Хэдий тийм боловч энэхүү арга хэмжээ үнийг бууруулахаас илүүтэйгээр зах зээлд тогтворгүй байдал үүсгэнэ гэж “Bloomberg Intelligence”-ийн шинжээчид үзэж байна. 

Энэ онд Хятад улс нийт 55 сая тонн коксжих нүүрс импортлох төлөвлөгөөтэй. Монгол Улсаас 30 сая тонн, Канадаас 8-9 сая, АНУ-аас 7 сая тонн, ОХУ-аас 8 сая тонн тус тус импортлох таамгийг дэвшүүлсэн. Цар тахлын байдлаас үүдэн Монголын боомтуудад халдварын эрсдэл өндөр, мэдээж Австралийн коксжих нүүрсний импортод тавьсан хориг үргэлжилж буйтай холбоотойгоор энэ онд Хятад нүүрсний импортын хэмжээнд квот тогтоохгүйг.Өнөөгийн энэ нөхцөлд тус улсын зах зээлд 30 сая тонн коксжих нүүрсний хомстол үүсэж болзошгүй. Уг хомстлыг Монгол, Канад, АНУ, ОХУаас бүрдүүлнэ. Өнгөрсөн оны аравдугаар сараас Хятад улсаас тогтоосон Австралийн нүүрсний импортын хориг цаашид ч үргэлжлэх магадлалтай. Тиймээс Монгол Улсаас нийлүүлэх нүүрсний хэмжээ өсөх боломж бий. Хятадын Үндэсний статистикийн газраас мэдээлснээр, тус улс 2021 оны эхний улиралд нийт 970.5 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 хувиар өсжээ.

Тэгвэл Хятадын импортын нүүрсний хэмжээ тогтвортой бус, нүүрсний нөөц бага байгаагаас үүдэн жилийн эцэст эрэлт нийлүүлэлтийн зөрүү 10 сая тонныг давах ба энэ нь нүүрсний үнийн өсөлтийг дэмжих болно. 2017-2019 онд уул уурхайн салбараас улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн орлого тогтмол өссөн. 

2019 онд хамгийн их буюу 2.6 орчим их наяд төгрөгийг татвар, хураамж хэлбэрээр төсөвт төвлөрүүлсэн нь өмнөх оноос 27.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Энэ хугацаанд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөлттэй байв.Харин цар тахал эхэлсэн 2020 оны хувьд урьдчилсан гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 12.6 хувиар буурчээ. Цар тахлын улмаас 2020 оны эхний таван сар дараалан аж үйлдвэр, уул уурхайн салбар уналтад орсон. Улмаар 2020 оны арваннэгдүгээр сард дотоодод “Ковид-19”-ийн халдвар тархсанаар уул уурхайн салбарын үйл ажиллагаа эргэн хумигдсан. Энэ оны хувьд 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж, төсөвт тусгажээ. Оны эхний таван сард 8.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Энэ нь төсөвт тусгасан хэмжээний 20.4 орчим хувьтай тэнцэж байгаа аж. Нүүрсний экспортын хувьд төмөр зам ашиглалтад оруулж, өртгөө бууруулах асуудал шийдлээ хүлээсээр байгаа аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна