Тансаг брэндийн их гүрнийг үндэслэгч Бернар Арно

Админ
2021/06/21

М.ХҮСЛЭН

Францын бизнесмэн Бернард Арно өнгөрсөн долоо хоногт хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн баян хүн боллоо. Тэр хөрөнгө баялгаараа энэ удаа ч “Амазон” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосыг гүйцсэн аж. Яг одоо Францын баяны хур хөрөнгө 200 тэрбум ам.доллароос давсан байгаа. Сүүлийн хоёр сарын дотор Бернард Арногийн хөрөнгө 50 тэрбум “ногоон”-оор нэмэгджээ. Өнгөрсөн нэгдүгээр сард түүний компаниудын нэгтгэл алдарт “Tiffany” үнэт эдлэлийн компанитай гэрээ байгуулсан. Америкийн компанийг гурван тэрбум ам.доллароос арай илүү үнээр худалдаж авчээ. Бернар Арно (францаар Bernard Arnault) Францын бизнесмэн, “Louis Vuitton Moлt Hennessy” компаниудын группын ерөнхийлөгч аж. Түүнд 70 гаруй брэнд харьяалагддаг, тэдний дотор “Dom Perignon”, “Bulgari”, “Louis Vuitton”, “Sephora”, “Tag Heuer” зэрэг олон алдартай тансаг бүтээгдэхүүн багтана. Түүнчлэн 3900 гаруй жижиглэнгийн худалдааны дэлгүүртэй.

Тэрбээр 2021 оны хоёрдугаар сард дэлхийн баячуудын хөрөнгийг тооцоолдог Америкийн “Форбс” сэтгүүлийн ертөнцийн хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад 156.5 тэрбум ам.доллартой гурав дахь баян болсон. Гэхдээ үүнээс ердөө дөрвөн сарын дотор хөрөнгө нь 50 тэрбумаар нэмэгдэж, дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. Бернар Арно 1949 оны гуравдугаар сарын 5-нд Францын Рубе хотод мэндэлжээ. Түүний эцэг Жан Леон Арно “École Centrale Paris” сургуулийн төгсөгч бөгөөд барилга, үйлдвэрлэлийн “Ferret-Savinel” компанийн эзэн байсан аж. Бернар Рубе хотын “Maxence Van Der Meersch” сургуулийг төгссөний дараа Политехникийн сургуульд элсэж, 1971 онд инженерийн мэргэжлээр дүүргэсэн байна. 1971 онд Бернар Арно эцгийнхээ “Ferret-Savinel” компанид ажиллаж эхэлжээ. 1976 онд тэрбээр компанийнхаа 40 сая франкын хөрөнгөтэй барилгын салбарыг татан буулгахаар эцгээ ятгалаа.

Мөн компанийг үл хөдлөх хөрөнгийн чиглэлд анхаарлаа хандуулахаар болсон байна. 1974 онд Бернар Арно компанийн хөгжлийн асуудал эрхэлсэн захирал, харин 1977 онд ерөнхий захирлаар томилогджээ. Харин 1979 онд тэрбээр эцгийнхээ орыг залгаж компанийн ерөнхийлөгч болов. 1984 онд “Lazard Frиres et Cie”- ийн ахлах түнш Антуан Бернхеймийн тусламжаар, Арно тансаг хэрэглээний “Financiиre Agache” компанийг худалдаж авлаа. Бернар “Financiиre Agache”-ийн ерөнхий захирал болж, дараа нь хувцас нэхмэлийн “Boussac”-т хяналтаа тогтоожээ. “Boussac”, “Le Bon Marchй” их дэлгүүр болон жижиглэнгийн худалдааны сүлжээ Кристиан Диорын эзэмшилд байсан. К.Диор компанийнхаа бараг бүг хувьцааг худалдаж, зөвхөн хамгийн алдартай “Christian Dior” брэнд болон “Le Bon Marchй” их дэлгүүрийг авч үлдсэн байна.

1989 онд 40 настай Бернар Арно банкнаас зээл авч “LVMH” компанийн хувьцааны 24 хувийг 1.8 тэрбум ам.доллароор худалдаж авлаа. 1988 оны долдугаар сард Арно “Celine”-ийг авч, 1993 онд “LVMH” групп “Berluti” болон “Kenzo”-г өөртөө нэгтгэлээ. Мөн 1993 онд Бернар Францын эдийн засгийн “La Tribune” сониныг худалдаж авсан. Гэхдээ 150 сая еврогийн хөрөнгө оруулсан сонин түүний хүссэн амжилтад хүрээгүй учир 2007 онд худалджээ. Францын өөр нэг эдийн засгийн “Les Échos” 240 сая еврогоор үнэ цохиж авлаа. 1994 онд “LVMH” сүрчиг үйлдвэрлэдэг “Guerlain”-ыг өөртөө нэгтгэлээ. 1996 онд “Loewe”, 1997 онд “Marc Jacobs”, “Sephora”, 1999 онд “Thomas Pink”, 2000 онд “Emilio Pucci”, 2001 онд “Fendi”, “DKNY” болон “La Samaritaine” зэрэг брэндүүд группын харьяанд орлоо. Бернар Арно “LVMH” (Louis Vuitton Moлt Hennessy) группын хяналтын багцийг эзэмшдэг. Одоо тэрбээр “Dior”, “Givenchy”, “Selin”, “Lacroix”, “Kenzo” зэрэг загварын компани, “Frank et Fils” болон “le Bon Marche” дэлгүүр, дөрвөн зууны түүхтэй, хамгийн алдартай “Chateau d’Yquem” усан үзэмний цэцэрлэгт эзэн суусан.

Мөн “Guerlain” компани болон алдарт “Sefora” сүрчигний дэлгүүрийг ажиллуулж байна. Арно түүнчлэн алдартай архины брэндүүдийн эзэн. Тухайлбал, “Hennessy” виски, “Moёt & Chandon”, “Dom Perignon”, “Pommery”, “Veuve Clicquot”, “Krug” оргилуун дарсыг үйлдвэрлэдэг. 2012 онд бизнесмэн Бельгийн иргэншлийг авахаар өргөдөл гаргаж байв. Арно өөрийнхөө үйлдлийг Бельгид хөрөнгө оруулалт хийж, хөгжүүлэх хүсэл эрмэлзлээс үүдэлтэй гэж хэлсэн. Харин олон хүн түүний үйлдлийг татвараас зайлсхийх хүсэлтэй холбоотой гэж үздэг. Учир нь, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд жилд нэг сая еврогоос дээш орлоготой хүмүүст 75 хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Бернар Арно “Форбс” сэтгүүлийн жагсаалтаар олон жилийн турш Францын хамгийн баян хүнээр тодорч байгаа.

2011- 2012 онд бизнесмэн 41 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүний жагсаалтад дөрөвт орсон. 2013 онд түүний бизнес нэлээд уналтад орж, хөрөнгө баялаг нь 29 тэрбум болж хорогдлоо. Ингэснээр баячуудын жагсаалтын эхний арваас хойшоо орлоо. 

2014-2016 он Бернар Арногийн хувьд илүү амжилттай болж, түүний хөрөнгө дахин өсөн нэмэгдсэн ч, тэрбээр “Форбс”-ын эхний аравт орж чадсангүй. 2017 онд хөрөнгө нь хямралын өмнөх үеийн 41 тэрбум ам.долларын хэмжээнд ирсэн ч, жагсаалтын 11 дүгээрт бичигдлээ. 2017 оны дөрөвдүгээр сард түүний хөрөнгө 55.9 тэрбум ам.доллароор үнэлэгдэв.Тэрбээр Францын хамгийн баян хүнээр тодорч, “Форбс”-ын хувилбараар дэлхийн жагсаалтын наймд бичигдлээ. 2018 онд 81 тэрбумын хөрөнгөөр “Bloomberg” агентлагийн чансаанд Европын хамгийн чинээлэг эрхмээр тодорлоо. Түүнчлэн дэлхийд Жефф Безос, Билл Гейтс, Уоррен Баффет нарын дараа дөрөвт орлоо. 2020 онд 107 тэрбум ам.доллартой болж “Bloomberg”-ийн жагсаалтад манай гарагийн хамгийн баян хоёр дахь хүнээр нэрлэгдэв. Бернар Арно олон нийтийн ажилд хөрөнгө мөнгө хандивладаг буяны үйлстэн. Мөн үнэт ховор эдлэл, зүйлс цуглуулдаг хоббитой. Парис хотод “Louis Vuitton”-ы музейг үүсгэн байгуулсан.

Арно өөрийнхөө орчин үеийн цуглуулгаараа алдартай. Түүний цуглуулгад Пикассо, Ив Клейн, Генри Мур, Энди Уорхол нарын бүтээл багтдаг. Тэрбээр мөн “LVMH” группыг Францын соёл урлагийн гол ивээн тэтгэгч болоход маш их үүрэг гүйцэтгэсэн. Тус групп “Загварын залуу зохион бүтээгч” шагналыг бий болгожээ. Уг олон улсын тэмцээн урлагийн сургуулийн оюутнуудад нээлтэй. Тэмцээний ялагч жил бүр өөрийнхөө бүтээлийг гаргах болон сургалтын тэтгэлэг авдаг. Бернар Арно Хүндэт легионы одон хүртсэн. Хоёр удаа гэрлэсэн бөгөөд таван хүүхдийн эцэг. Сүүлийн эхнэртэйгээ 1991 онд гэрлэсэн. Анхны эхнэр Анна Девавренээс Антуан, Дельфин гэсэн хоёр хүүхэдтэй. Хоёр дахь эхнэр, төгөлдөр хуурч Элен Мерсье түүнд гурван хүү төрүүлж өгсөн аж.

Бернар Арно чөлөөт цагаараа төгөлдөр хуур тоглох дуртай. Эхнэрийнхээ хувьд ч тэрбээр төгөлдөр хуурч Хелене Мерсье хэмээх охиныг сонгосон. Түүний ивээлээр алдарт хөгжимчидтэй нөхөрлөсөн тухай яриа байдаг. “Бид зөвхөн мөнгөний төлөө амьдрах ёсгүй. Бүтээлч байдал бол таны хөрөнгө оруулж болох бөгөөд хийх ёстой зүйл юм” гэж Арно хэлдэг. Орчин үеийн чиг хандлагыг уламжлалт хэв маягтай хослуулж, тансаг зах зээлийн эзэнт гүрнийг босгосон Бернар Арно “LVMH”-ийг улам хүчирхэгжүүлсээр байна. Арно дайралт бүртээ ялалт байгуулж байгаагүй. Хэвлэлийнхний нэрлэж заншсанаар “гар цүнхний дайн” буюу Италийн домогт “Gucci”-ийн төлөөх өрсөлдөөнд Арно Францын тансаг зэрэглэлийн салбарын өрсөлдөгч Франсуа Пинод ялагдсан юм. "Louis Vuitton”, “Dior” зэрэг брэндүүд яагаад ийм амжилттай байдаг вэ.

Яагаад гэвэл эдгээр брэнд хэзээ ч хуучиршгүй болон хамгийн шинэлэг гэсэн эсрэг, тэсрэг шинжийг агуулдаг... Яг л гал, ус хоёрыг хослуулсан мэт хэмээн Арно тодорхойлдог. “Fendi”, “Bulgari”, “Dom Pйrignon”, “Givenchy” зэрэг 70 гаруй брэндийг нэгтгэсэн “LVMH”-ийн эзэнт гүрэн эсрэг тэсрэгийн нэгдлийн ачаар түүхэн дээд хэмжээний борлуулалт, ашиг хүртжээ. Энэ нь эргээд “LVMH”-ийн хувьцааны ханшийг өсгөж, улмаар дөрвөн жил хүрэхгүй хугацааны дотор үнэлгээ нь гурав дахин нэмэгдсэн. Өдгөө 72 настай Арно амралтаа авах бодолгүй байна. Б е р н а р А р н о 1 9 7 1 о н д инженерийн сургуулийг төгсөөд эцгийн компанид ажиллаж байхдаа таксины жолоочтой хөөрөлдсөн хэдхэн үгс түүнд ирээдүйн “LVMH”-ийг бүтээх сэдэл өгчээ. Арно таксины жолоочоос Францын Ерөнхийлөгч Жорж Помпидуг мэдэх эсэхийг асуухад жолооч “Мэдэхгүй. Гэхдээ “Christian Dior”-ийг бол мэднэ шүү” гэсэн аж.

Арно 25 насандаа гэр бүлийнхээ бизнесийг залгамжлан авчээ. Социалист үзэлтэй Франсуа Миттеран 1981 онд Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсоны д а р а а А р н о А Н У - д оч и ж , бизнесийн салбараа нээв. Гэвч түүний амбиц барилгын салбараар хязгаарлагдсангүй. Арно цар хүрээг нь олон улсын зах зээлд тэлэх боломжтой, франц суурьтай компани байгуулахыг хүсчээ. Ийнхүү тэрбээр 1984 онд “Christian Dior”-ийг худалдах гэж буйг сонсоод зоримог алхам хийв. Тус брэндийн толгой компани, бөс бараа, живх нийлүүлэгч “Boussac” дампуурч байсан тул Францын Засгийн газар уг компанийг худалдах зар тараажээ. Арно гэр бүлийн хөрөнгөөс 15 сая, “Lazard” компани үлдсэн 80 сая ам.долларыг нь гаргаж, “Christian Dior”-ийг худалдан авсан юм. Тухайн үед Арно үйл ажиллагааг нь сэргээх, ажлын байрыг хадгалж үлдэх амлалт өгсөн гэдэг ч эцэст нь 9000 ажилтныг цомхотгож, бизнесийн дийлэнх хэсгийг нь худалдах замаар 500 сая ам.доллар “халаасалсан” байдаг. Шүүмжлэгчид Арног америк маягийн түрэмгий зан гаргасан хэмээн буруутгаж байсан ч эцэст нь бууж өгөхөөс өөр аргагүйд хүрсэн юм. Хожим, хэвлэлийнхэн Арног “Ноолууран пальтотой чоно” хэмээн хочилсон байдаг.

Үүний дараа Арно “Dior”-ийн сүрчгийн бизнесийг онилов. “Louis Vuitton Moлt Hennessy” компанийн удирдлагын түвшинд маргаан үүссэн нь Арногийн хувьд завшаан болжээ. Хамгийн түрүүнд тэрбээр арьсан эдлэлийн компани “Vuitton”-ийн удирдлагатай хамтрав. “Vuitton”-ийн үүсгэн байгуулагч гуравдугаар Наполеон хааны хатан Евгенияд захиалгын чемодан урлаж өгдөг байсан юм. Арно “Vuitton”-ийн захиралд тусалж “Moлt”-ийн захирлыг суудлаас нь огцруулахдаа “Vuitton”-ийн захирлыг ч мөн унагаах санаатай байжээ.

1990 онд тэрбээр “Lazard”-аас дахин нэг удаа санхүүжилт авч, Францын оргилуун дарсны алдарт “Moлt & Chandon” болон 1765 оноос эхтэй, коньяк үйлдвэрлэгч түүхэн брэнд “Hennessy нарыг нэгтгэсэн “Vuitton”-ийн удирдлагыг гартаа авчээ. Ийнхүү “Louis Vuitton Moлt Hennessy”-ийг өөрийн мэдэлд оруулсан Арно олон тэрбум ам.доллараар Европын хувцас загвар, сүрчиг, үнэт эдлэл, бугуйн цаг, дарс, спиртийн бүтээгдэхүүний салбарт тэргүүлэгч компаниудыг худалдан авч эхлэв. 

“LVMH” 2008 оноос хойш 20 компани худалдан авч, өдгөө нийт 79 брэндийг нэгтгээд байна. Тэрчлэн, 2011 онд Италийн үнэт эдлэлийн “Bulgari” брэндийг хувьцаа зонхилсон таван тэрбум гаруй ам.доллараар худалдан авсан юм. Үүнээс хоёр жилийн дараа тэрбээр дээд зэрэглэлийн ноос ноолуур бэлтгэн нийлүүлэгч “Loro Piana” компанийг 2.6 тэрбум ам.доллараар авав.Лондонд төвтэй зочид буудлын групп “Belmond”-ийг 3.2 тэрбум ам.доллараар авсан байна. Ингэснээр “Belmond”-ийн мэдэлд байсан Венецийн зочид буудал “Cipriani”, тансаг зэрэглэлийн төмөр замын тээврийн компани “Orient Express”, Ботсваны дээд зэрэглэлийн гурван амралтын газар шилжиж ирэв. “Boussac”-ийн худалдан авалтын гэрч болсон нэгэн банкир “Бернар Арно бол бүтээгч биш, эзэрхийлэгч” хэмээн онцолж байв. Арно дайралт бүртээ ялалт байгуулж байсангүй. Мөн тэрбээр хеж сангуудын арга мэхээр “Birkin” цүнх, торгон ороолтоороо алдаршсан, 182 жилийн түүхтэй “Hermиs” брэндийн 17 хувийг нууцаар худалдан авав. Арногоос ангижрахыг хүссэн “Hermиs” 2017 он хүртэл удаан тэмцсэн ба эцэст нь “LVMH”, “Hermиs”-ээс цуглуулсан хувьцааныхаа дийлэнхийг эргүүлэн худалдсанаар дууссан юм. 185 сантиметр өндөртэй, туранхайвтар биетэй Арно долоо хоногт дөрвөн цаг теннисээр хичээллэж, жингээ барьдаг аж. Заримдаа тэрбээр найз Рожер Федерертэйгээ тоглодог.

Арно “Чиний харж байгаачлан, би жин нэмэхгүйг хичээдэг. Тиймээс спортоор идэвхтэй хичээллэдэг” гэв. Парисын өмнөд хэсгийн хээнцэр дүүрэгт байрлах, XVII зуунаас эхтэй харшид өглөөний 6:30 цагаас эхлэн завсаргүй ажиллах түүний цагийн хуваарьт багтсан цор ганц завсарлага бол спорт. Тэрбээр өглөөг сонгодог хөгжмөөр угтаж, зах зээлийн мэдээ гүйлгэн хараад гэр бүлийн гишүүд, захирлууд руугаа зурвас илгээдэг. Арно “Би брэндээ 10 жилийн дараа ч өндөр эрэлттэй байх ёстой гэж боддог. Бидний амжилтын нууц үүнд оршдог” гэж хэлэх дуртай. Арногийн ууган охин, “Louis Vuitton”-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, 44 настай Дельфина Арно “Аав маань бараг 24 цаг ажилладаг. Тэр унтаж байхдаа ч зүүдэндээ шинэ санаа төрүүлдэг” гэжээ.

 

Бернар Арно: Би юу ч зарахгүй, зарах бодолгүй байна

Бернар Арно “Louis Vuitton” музейд өөртөө таалагдсан зүйлүүдийг, орчин үеийн урлагийн хөгжилд хэрэгтэй бүтээлүүдийг цуглуулдаг. Түүний цуглуулгын талаарх ярилцлагыг хүргэж байна.

- Та нэрт цуглуулагч , хүмүүнлэгийн үйлстэн хүн. Багаасаа л урлагт дурлах хайрыг та хаанаас олж авсан бэ?

-Миний ээж урлагт маш хайртай байсан. Би багаасаа музейд очдог болсон. Миний хамгийн анх очиж байсан Амстердам дахь Ван Гогийн музейн надад хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн билээ.

-Таны цуглуулгад орчин үеийн урлагийн олон шилдэг бүтээл багтсан. Та 1980-аад онд АНУ-д бизнесийг суралцаж байсан, тэнд олж мэдсэн үү?

-Миний хувьд цуглуулах гол дуртай зүйл бол урлагийн хувьсал хөгжлийг харах явдал. 

Энэ зууны эхэнд ХХ зууны модернист маяг үнэртдэг байсан бол, өнөөдөр сонгодог болон орчин үеийн урлагийн хооронд сөргөлдөөн явагдаж байгаа. 1980-аад онд Америкт байхдаа орчин үеийн урлагийг мэдэж, үүнийг цуглуулж эхэлсэн. Намайг хамгийн анх гайхашруулж байсан зураач бол Баския юм. Тэр үед амьд байсан бөгөөд түүнээс бүтээлийг нь худалдаж авах боломжтой байв. Түүнээс хойш миний орчин үеийн урлагийн цуглуулга эхэлсэн.-Баския одоо сонгодог болж, түүний бүтээлийн үнэ тэнгэрт хадсан. Миний мэдэхээр таны хамгийн анх худалдаж авсан цуглуулга бол Клод Монегин бүтээл. Тэр үеэс үнэ цэн нь улам нэмэгдсэн. Цуглуулгад зориулж бүтээл худалдаж авахдаа та урлагт хөрөнгө оруулалт хийж байгаа гэж боддог уу?

-Би урлагийн бүтээл худалдаж авахдаа хөрөнгө оруулалтын талаар хэзээ ч боддоггүй, зүгээр миний сэтгэлийн хөдлөл юм. Тийм ээ, эдгээр бүтээл үнэ нь нэмэгдсэн, гэхдээ би ямар ч зүйлийг зарахгүй, зарах ч бодолгүй. Өнөөдөр хэчнээн өндөр үнэтэй болсон ч хамаагүй, худалдахгүй.

-Та өөртөө юу худалдаж авах вэ. Таны сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг төрүүлдэг зүйл юу вэ?

-Миний бодлоор өнөөгийн урлагийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг зураачдын бүтээлийг худалдаж авдаг.

 Сэтгэл хөдлөлийг өдөөдөг. Америкийн зураач Жо Блекийн бүтээлийг олж авсан, түүнчлэн би Францын зураач Пьер Юигт дуртай.-Танай гэр бүл, эхнэр хүүхдүүд урлагт хайртай байдлыг хуваалцдаг уу?

-Тийм ээ, миний эхнэр төгөлдөр хуурч. Миний гэр бүл урлагт хайртай.

-Та нэрт зураач, дизайнеруудтай хамтарч ажилладаг. Тэд бол таны бизнесийн оролцогчид. Бүтээлч хүмүүс ааш муутай байдаг, тэдэнтэй хэрхэн харьцдаг вэ?

-Миний амьдралын энэ хэсгийг асуух нь туйлын зөв. Би өдөр бүр уран бүтээлчидтэй харьцдаг. Энэ бол манай компанийн амжилт, бид уран бүтээлийн хүмүүстэй харьцаж чадна. Үүний зэрэгцээ манайх маш хүчтэй менежментийн багтай. Тэд бүх асуудлыг шийдвэрлэж, өдөр бүр уран бүтээлч сэтгэлтгээтэй таарч, тэр нь үр дүнгээ өгдөгийгг бид харж байгаа.

-Сүүлчийн асуулт, та оргилуун дарс байнга уух уу?

-Мэдээж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна