Б.Мэргэн: Эрүүгийн хуулийн өөрчлөлт гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн

Админ
2021/06/30

Т.АМАРТҮВШИН

Хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэц /ҮХЦ/-ийн их суудлын хуралдаанаар дахин хянан хэлэлцлээ. Дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, ҮХЦ-д гомдол гаргаж байсан хуульчдын нэг нь та. Тэгэхээр та бүгдийн тавьсан асуудал хангагдлаа гэж ойлгож байна. Цэцийн шийдвэрийн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэж ҮХЦ үзлээ. Мөн УИХ-ын 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” хоёрдугаар тогтоолыг хүчингүй болгож, энэ хууль нь бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн. Тэгэхээр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль бүхэлдээ хүчингүй болсон. Хуульд энэрэнгүй байх, эрх тэгш, шударга ёсны зарчим гэж бий. Үүнийг гэнэт бодоод хуульчилсан юм биш. Хэдэн зуун жилийн өмнөөс олон улсад хөгжиж, Монгол төдийгүй ардчилсан дэглэмтэй, эрх зүйт төртэй улсын Эрүүгийн хуульд дээрх зарчмууд байдаг. Дэлхийн Эрүүгийн загвар хууль гэж 2008 онд батлагдаж байсан.

Эрх зүйн салбар нь өндөр хөгжсөн орнууд хамтдаа, Эрүүгийн хууль ийм байх ёстой гэдэг загварыг баталсан. Энэ хуулиас манайх шиг улс орнууд санаа авч, хуулиа боловсруулдаг. Монгол Улс 2015 онд Эрүүгийн хуулийг бичихдээ уг загвар хуулиас санаа авч боловсруулсан. Энэ дотор Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхтэй холбоотой зарчим бий. Шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хувилбарыг буцааж хэрэглэх, харин эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхийг хориглодог. Аль ч талаасаа шүүхээр хэргээ шийдүүлж буй хүний эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй. Өрсөлдөгч улс төрчийнхөө өнөөдөр үйлдсэн зөрчлийг нь маргааш хуульд өөрчлөлт оруулж гэм хэрэгт тооцож, ял өгч болохгүй.

УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж бий. Энэ нь УИХ-ын гишүүнийг халдашгүй байдал гэхээс ээ илүүтэй парламентын дархлааг хамгаалж байгаа юм. Засгийн газар хууль хэрэгжүүлдэг байгууллага. Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн байгууллага нь Засгийн газрын харьяанд үйл ажиллагаа явуулдаг.Тэгэхээр УИХ-ын олонх нь цөөнх болсон гишүүдээ улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэхийн тулд хууль санаачилж, гэмт хэрэгт буруутгах, цөөнхөө “намнах” тохиолдол байдаг. Гэтэл УИХ 2020 оны нэгдүгээр сарын 10-нд Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулсан. Шүүхээр хэргийг эцэслэн шийдсэн байсан ч тэр хэргийг дахин шалгах тухай хууль баталсан. Энэ нь юутай холбоотой гэхээр 2015, 2016, 2017 онуудад авлига, албан тушаалын олон хэрэг шалгагдсан. Тухайлбал, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг байна. Хөгжлийн банк, ЖДҮС-гийн хэргүүд нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хаагдсан.

-Тэгсэн?

-Тиймээс дээрх хуулиудыг шалгах зорилгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж баталсан. Энэ нь энгийн иргэдэд таалагдсан. “Энэ нөхдүүд яахаараа авлига авчихаад, хэрэг нь хэрэгсэхгүй болов. Хэргийг дахин шалгаж, хорих ялыг нь өгөх хэрэгтэй. Зөв хууль байна” гэж иргэд дэмжиж хүлээж авсан. Гэвч бодит байдал дээр авлигын хэргүүдийг сэргээн шалгаад байсан юм алга. Зүгээр л попроод дууссан. Цөөн хэдэн хэргийг улс төрийн өнцгөөр шийдэхийн тулд олон жил мөрдөгдөж ирсэн суурь зарчмыг хөндөж болохгүй байсан. Хор уршиг ихтэй. Өмнө нь шийдэгдсэн асуудлыг дахин шалгах практик тогтвол хүссэн хүнээ хэлмэгдүүлэх боломжтой болно гэсэн үг шүү дээ.

-Хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцвол , гэмт хэрэг үйлдсэн этгээд ял завшихгүй байх, нөгөө талдаа хэн нэгний эрх зөрчигдөхгүй байх боломжтой вэ?

-Тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татсан нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох ёстой. Тухайлбал, таван жилийн хөөн хэлэлцэх хугацаатай авлигын хэрэг үйлдсэн этгээдийг энэ хугацааны дотор яллагдагчаар татсан нөхцөлд хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүйгээр гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж, шүүхээр шийдвэрлэхээр болж байгаа. Энэ нь зөв. Гэхдээ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш үйлдэгдсэн хэргүүдэд хамаатай байх ёстой. Шинэ хууль батлагдахаас өмнө нь үйлдэгдсэн хэргүүдийг хамааруулж болохгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль батлаад, мөрдөн байцаалтын шатанд хаагдсан, шүүхийн шатанд эцэслэн шийдсэн авлигын хэргүүдийг дахиж шалга гэдэг өөрчлөлт оруулсан. Энэ нь төрийн эрх барих зарчмыг хүртэл алдагдуулсан. Шүүх эрх мэдэл рүү хууль тогтоох дээд байгууллага нь халдаж болохгүй. 

Шүүхийн хэрэглэх хуулийг УИХ баталж өгөх ёстой. Гэтэл шүүх гэмт хэргийг шалгаад эцэслэн шийдсэн байтал, УИХ шүүхээр шийдсэн хэргийг дахин шалгах тухай хууль баталж байна гэдэг нь шүүх эрх мэдэл рүү халдаж байна гэсэн үг. Мөн Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд бүх иргэнд хамаатай өөрчлөлт оруулсан байсан. 2002 оноос хойших үйлдэгдсэн гэмт хэргүүдэд хөөн хэлэлцэх хугацаа тооцож, шалгах зохицуулалт тусгасан. Авлигын хэргүүдээс гадна энгийн өөр төрлийн хэргүүдийг шалгах болсон. Энгийн иргэд Үндсэн хууль зөрчсөн дээрх хуулийн өөрчлөлтөөс үүдэж, шоронд орж хохирсон. Хэрэг хийсэн бол ялаа үүрэх ёстой гэж бодож байж магадгүй. Хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой. Хууль ялгамжтай үйлчлээд байна. Сөрөг үр дагаврыг нь амсаж байгаа хүмүүс л илүү ойлгох байх.

-Эрүүгийн хуулийн дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдаж, хүчингүй болох хүртэлх хугацаанд олон хүний хэргийг дахин сэргээн шалгасан. Энэ хугацаанд шүүхээс ял авсан, хохирсон хэчнээн хүн байгаа бол?

- Энгийн маш олон хүн Үндсэн хууль зөрчсөн хуулийн өөрчлөлтөөр ял авсан. Энгийн иргэдийн тухай ярихаар олон нийтэд сайн тусахгүй байх л даа. Олны анхаарлын төвд орсон гэмт хэргийг дурдъя. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн Б.Хурц, Г.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны есдүгээр сарын 9-нд дууссан. Гэтэл энэ хүмүүст 2021 гуравдугаар сарын 31-нд хорих ял шүүхээс оноосон. Хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаад зургаан сарын дараа шүүхээс ял өгсөн. Мөн М.Энхсайхан, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарын хэрэг байна. Н.Номтойбаяр гээд олны анхаарлын төвд байсан хэргүүд шийдэгдсэн. Энэ хэргүүдийн дийлэнх нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болох байв. Гэтэл дээрх хуулийг батлаад ял өгчихсөн. Тэгэхээр ямар хар төрж байна гэхээр авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шийдэх гэхээсээ илүүтэй энэ хүмүүсийг улс төрийн зорилгоор “намнах” хууль батлаад, хүсэл сонирхол нь биелэгдсэн учраас хуулийг хүчингүй болгохыг тоолгүй хаяж байна уу гэж хардаж байна. Энэ үйл явдлын хоморгод энгийн олон хүн хорих ял авч, хохирч байна. Одоо энэ хохирсон хүмүүсийн асуудлыг яах вэ гэдэг зүйл гарч ирж байна. Шоронд суух ёсгүй хүмүүс шоронд суусан.

-Дээрх хүчингүй болсон хуулийн үйлчлэлээр гэм буруутайд тооцогдож, шүүхээс ял авсан хүмүүс цагаатаж таарна. Тэгэхээр нөхөн олговрын асуудал яригдах байх?

-Улсын ерөнхий прокурорын газарт цэцийн шийдвэртэй холбоотойгоор ажлын хэсэг гарсан гэж сонссон. Ажлын хэсэг Үндсэн хууль зөрчиж баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэглэж ял өгсөн хүмүүсийн судалгааг гаргаж, прокурорын байгууллагаас шүүхэд хандаж, энэ хүмүүсээ цагаатгах, хэргийг нь хэрэгсэхгүй болгох ажил хийгдэх байх гэж ойлгож байгаа. Судалгаагаар хэчнээн хүн байгаа нь тодорхой болох байх.

-Нөхөн олговрыг нь хэрхэн тооцдог вэ. Хохирсон хүмүүст улсаас багагүй хэмжээний нөхөн олговор өгөх болов уу?

-Цагдан хоригдож байгаад шүүхээс хэргийг нь хэрэгсэхгүй болгосон хэргийн талаар Нээлттэй нийгэм форумтай хамтарч манай хуулийн байгууллага судалгаа хийсэн. Тухайн хилсээр хоригдсон хүний хөдөлмөр эрхлэх байсан орлого, сэтгэл санааны хохирол, зээлтэй байсан бол зээлийнх нь хүүг хэрхэн барагдуулах асуудал манай улсад бүрхэг. 

Герман, Японд хилсээр хоригдсон нэг хоногийг 28 еврогоор тогтоосон байдаг. Энэ нь шүүхээр маргасан, маргаагүй өгөх ёстой хууль ёсны нөхөн олговор юм. Мөн дээрээс нь олох ёстой байсан цалин урамшуулал, сэтгэл санааны хохирлыг тооцож өгдөг. Манай улсад нөхөн олговрын үнэлгээ гаргах тогтсон хууль байхгүй. Хоригдсон хоногийн нөхөн олговрыг хэрхэн тооцох тухай зохицуулалт байхгүй учраас аймаг, дүүрэг, сум дундын шүүх өөр өөр шийдвэр гаргадаг. Яг ижил 100 хоног хилсээр хоригдсон хүнд нэг шүүх 6.5 сая төгрөг гаргаж өгсөн бол нөгөө шүүх нь 78 сая төгрөг нөхөн олговорт өгсөн байх жишээтэй. Шүүгчийн үзэмжээр шийдээд байгаа ч юм шиг. Тиймээс энэ асуудлыг боловсронгуй болгох ёстой.

-Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар шүүхээс хорих ял сонссон. Шинэ нөхцөл байдал үүссэн гэдэг үндэслэлээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтад буцааж, тэднийг батлан даалтад гаргасан үйл явцыг та Б.Хурцын өмгөөлөгчөөр ажилласан хүний хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ? Процессын хувьд хууль зөрчсөн үү?

-Процессын хувьд хууль зөрчөөгүй байх. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шинээр үүссэн нөхцөл байдал гэдгийг юу гэж үзэх, хэрхэн шийдвэрлэх талаар журамласан. Тодруулбал, шүүгч ямар нэгэн нөлөөнд автаж хэргийг шийдсэн, хуулийг илтэд буруугаар хэрэглэсэн нь тогтоогдвол, эсвэл шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзвэл хэргийг шинээр үүссэн нөхцөл байдал гэж тооцож, дахин шалгах боломжтой. Өөрөөр хэлбэл, тухайн хүнийг буруутгаж, ял өгөх үндэслэл болсон нотлох баримт нь хууль зөрчсөн байвал шинэ нөхцөл байдал гэж үзнэ. Хуурамч бичиг баримтаар хүнийг гэм буруутайд тооцож болохгүй. Тиймээс шинэ нөхцөл байдал гэж үздэг. Энэ тохиолдолд хохирсон гэж буй хүмүүс нь прокурорт хүсэлтээ гаргаад, прокурор нь шүүхэд асуудлыг тавьж, шүүх шинээр үүссэн нөхцөл байдал мөн эсэхийг шийддэг.

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хохирсон гэх хэргийн хувьд эрүүдэн шүүж, нотлох баримт цуглуулсан гэж Б.Хурц нарт шүүхээс хорих ял өгсөн. Тэгэхээр эрүүдэн шүүж нотлох баримт цуглуулсан гэж шүүх үзсэн учраас энэ хэргийг дахин шалгах боломжтой болсон. Шинээр үүссэн нөхцөл байдал гэж шүүх үзвэл, дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулахын тулд прокурорт буцаах, эсвэл анхан шатны шүүх рүү шилжүүлэх боломжтой байдаг. Миний ойлгож байгаагаар энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж шалгах шаардлагагүй байсан болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг 1998 оноос хойш шалгаж, 100 гаруй хавтаст хэрэг бүрдсэн. Эрүүдэн шүүсэн гэх хэрэг нь 2015 оны есдүгээр сарын 1-7-ны хооронд үйлдэгдсэн гэж үздэг. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар 2016 онд шүүхээс хорих ял сонссон. Эрүүдэн шүүсэн гэж үзэж байгаа үйл явдлаас хойш цугласан гэх баримт бараг байхгүй. Эрүүдэн шүүж баримт цуглуулсан гэж үзэж байгаа бол тухайн хэсгийг нь гэмт хэргийн материалаас хасчих хэрэгтэй. Бусад хавтаст хэрэгт авагдсан материалыг үндэслэж, хэргийг дахин шийдэх боломжтой гэж би хараад байгаа.

-Эрүүдэн шүүж, олж авсан гэж шүүхээс үзсэн баримт нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгах гол үндэслэл байсан юм биш үү?

-Анх хэрэг үйлдэгдсэн 1998 оны аравдугаар сараас 2015 оны есдүгээр сар хүртэл 17 жил цуглуулсан нотлох баримт хавтаст хэрэгт бий. Эрүүдэн шүүсэн гэж үзсэн зургаа, долоо хоногийн хугацаанд олж цуглуулсан баримт гэх зүйл бараг байхгүй. Тухайн эрүүдэн шүүсэн гэж үзэж байгаа хоногуудад цуглуулсан баримт нь гол нотлох баримт биш. Тэднийг буруутгасан гол нотлох баримт нь эрүүдэн шүүснээс тусдаа байгаа гэж би ойлгож байгаа. Тиймээс анхан шатны шүүхэд шилжүүлээд шийдэх боломжтой байсан юм биш үү гэж би хөндлөнгийн байр суурьнаас харж байна. Хэргийг мөрдөн байцаалтад буцаахдаа шалгагдаж буй хүмүүсийг суллаж явуулах нь зөв байсан уу, үгүй юу гэдэг асуудал яригдаж болно. Энэ хэрэгт өчнөөн гэрч бий. Гэрчүүдийн аюулгүй байдал, бусад хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулахгүй байх асуудлыг хэн батлан даах юм. Энэ хүмүүс эргээд хоригдох магадлалтай. Тийм учраас өөрсдийнхөө амийг хорловол хэн хариуцах вэ.

 Ядаж батлан даалтад гаргахдаа хязгаарлалт тогтоож болоогүй юм болов уу. Хязгаарлалт тогтооно гэдэг нь тодорхой бүс нутгаас гарч болдоггүй. Улаанбаатараас, Баянгол дүүргээс эсвэл бүр улсын хилээр гарч болохгүй гэдэг хязгаарлалт тогтоож болдог.Гэтэл хил нээгдээд, энэ хүмүүс гадагшаа оргон зайлбал, хэн хариуцлага хүлээх вэ. Энд нэг зүйлийг тодотгоход, Б.Хурц нарыг эрүүдэн шүүсэн гэж шүүхээс шийдвэр гаргасан нь зөв байсан гэж боддоггүй. Нэгэнт Улсын Дээд шүүх гэм буруутай гэж үзсэн учраас шүүхийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй. Энэ хэрэгт Б.Хурц нарт хилс хэргээр ял оноосон гэж би үздэг. Хэзээ нэгэн цагт цагаатаж таарна. Нэгдүгээрт, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Хоёрдугаарт, энэ хүмүүс хэргийг үйлдсэн гэх субъект нь биш. Эрүүдэн шүүх хэргийн субъект нь хэрэг мөрдөгч, мөрдөн байцаагч байдаг. Шүүхээр гэм буруутай гэж ял авсан хүмүүс дотор нэг ч хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байхгүй. Шалгагдаж байсан хүмүүс дотор нэг мөрдөн байцаагч байсан. Тэр хүн нь цагаатсан. Тэгэхээр эрүүдэн шүүсэн гэж үзэх боломжгүй.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна