Ерөнхий сайдын айлчлалаар юу ярив

Админ
2021/07/27

Л.ТУЛГА

Монгол-Японы харилцаанд чухал үйл явдал боллоо гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Япон дахь айлчлалыг дипломатч болон судлаачид дүгнэж байна. Их Наран улс манай гуравдагч хөрш гэгддэг. Ирэх жил манай хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзах үеэрээ “манай гуравдагч хөрш” Япон Улстай Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Талууд Монгол, Японы улс төрийн харилцааны бат бэх сууринд тулгуурлан эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлд хамтын ажиллагааг дараачийн шатанд дэвшүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгаад санал нэгджээ.Хоёр улсын Ерөнхий сайд нар өргөн хүрээтэй асуудлаар ярилцсан байна. Мэдээж улс төрийн харилцаагаа улам идэвхжүүлье, айлчлалын давтамжаа бүх түвшинд идэвхжүүлье, “Ковид-19” цар тахлын эрсдэл буурах үед эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаагаа илүү их нэмэгдүүлэхээр ярилцжээ. Засгийн газрын тэргүүн нар ойрын бөгөөд хэтийн төлөвийн асуудлаар хоорондоо чиглэл, зорилтуудаа тодорхойлно гэдэг нь цаашдын харилцааны бүх салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай хөрс суурийг бүрдүүлж буй хэлбэр аж.

Хамтын ажиллагааны чиглэлд Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор нь өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх, нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн хотыг тойрсон хурдны зам, Богдхан төмөр замын асуудал, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх болон тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн баригдах ус төрөгчийн цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлд хамтран ажиллах зэрэг эдийн засгийн томоохон хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон байна. 

Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнийн Япон Улсад хийсэн айлчлалын талаар дипломатчид ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Э.Сарантогос: ОЛОН ТАЛЫН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЙЛЧЛАЛ БОЛЛОО (Гадаад харилцааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал) 

-Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Япон Улсад айлчилсан. Уг айлчлалын ач холбогдлыг бид дараах хэдэн зүйлээр тодотгож, тодорхойлж болно гэж үзэж байгаа. Ерөнхий сайд Япон Улсад айлчилж байгаа нь гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх үүднээс чухал ач холбогдолтой гэдгийг эхэлж онцолъё . Хоёрдугаарт, Монгол-Япон хоорондын харилцаа онцлог, динамик байдаг. Ер нь сүүлийн үед жилд нэгээс доошгүй удаа төрийн гурван өндөрлөгийн түвшинд мөн Гадаад харилцааны яамны сайд нар жилд хоёроос доошгүй удаа уулздаг уламжлал тогтсон. Харамсалтай нь, цар тахлын эрсдэлтэй үед сүүлийн хоёр жилд хоёр улсын хооронд дээд түвшний уулзалт, яриа хэлэлцээ хийгдээгүй байсан. Аливаа улсын харилцаанд улс төрийн харилцаа, итгэлцэл их чухал байдаг. Энэ харилцааг өндөр түвшинд авч явахад улс орны лидерүүдийн хоорондох харилцаа нөхөрлөл, манлайлал юугаар ч орлуулшгүй ач холбогдолтой. Тийм учраас сүүлийн хоёр жилд бид ковидоос болоод хэрэгжүүлж чадаагүй дээд түвшинд хоёр улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнүүд уулзаж, албан ёсны уулзалт хийсэн нь Монгол-Японы харилцааг ойрын болон урт хугацаанд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл боллоо. Гуравдугаарт, нэн чухал зүйлийг тэмдэглэж хэлэх ёстой. МонголЯпоны харилцаа зөвхөн хоёр талын хүрээнд өрнөдөггүй. Энэ харилцааны чухал тулгуур баганын нэг яах аргагүй, олон улс, бүс нутгийн тавцан дахь Монгол-Японы хамтын ажиллагаа юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзах үеэрээ олон улс, бүс нутгийн тавцан дахь Япон Улсын гүйцэтгэж буй үүргийг Монгол Улс өндрөөр үнэлж, энэ чиглэлд цаашид хоёр улс бие биенээ үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа онцолсон. Японы тал мөн үүнийг талархан хүлээж авч, энэ чиглэлд хоёр тал идэвхтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон нь энэ удаагийн айлчлалын заавал тэмдэглэх ёстой нэг ач холбогдол гэж бодож байна.

 Р.Жигжид: ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧУХАЛ ҮЕД БАЙНА (Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан) 

-Аливаа улсын хувьд шинэ Засгийн газрын тэргүүн айлчлалаа хаанаас эхлэх вэ гэдэг их чухал онцлогтой байдаг. Энэ утгаараа Монгол-Японы харилцааны уламжлалыг хадгалсан улс төрийн чухал ач холбогдолтой айлчлал гэж бодож байна. Ер нь, Монгол-Японы харилцааны суурь нь сайхан тавигдсан. Хүрсэн түвшин нь өндөр дээд түвшинд хүрсэн. Монгол-Японы харилцаа бүх салбарт 1990-ээд оноос их эрчимжсэн. Ялангуяа улс төр, эдийн засаг, соёл ,боловсрол, хүмүүнлэгийн гээд. Үүнд улс төрийн харилцааны жин нэлээд дарж ирсэн. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр тал стратегийн түншлэл гэдэг чухал хамтын ажиллагааны зарчмыг тохирсон. Энэ чухал зарчмын хүрээнд хоёр тал эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулах тухай асуудал яригдаж, улмаар 2015 онд талууд гарын үсэг зурж албажуулаад, 2016 оноос хэрэгжиж эхэлсэн. Харин бид өнөөдөр эдийн засгийн түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх чухал үед байна. Ялангуяа энэ хүрээнд бид сайн ажиллавал хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжих, хүрээгээ тэлэх Японы хөрөнгө оруулалт наашаа орж ирэх, худалдаа эдийн засгийн харилцааны бүхий л нөхцөл сайжрах үндэстэй. Тэр ч утгаараа энэ удаагийн айлчлал, үүнд тохирсон баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах талдаа ч хэрэгтэй айлчлал боллоо. Ер нь стратегийн түншлэлийг тогтоосноос хойш хоёр тал Дунд хугацааны хөтөлбөрийг тохирч ирсэн. Ялангуяа 2014-2017 онд эхний Дунд хугацааны гурван жилийн хөтөлбөрөө тохироод хэрэгжүүлсэн. Одоо 2017-2021 оны Дунд хугацааны хөтөлбөр явж байна. Энд их чухал улс төрийн харилцаа, бүс нутгийн аюулгүй байдал, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэг гээд бүхий л салбарыг хамаарсан ажлуудаа тодорхойлсон байдаг. Нэгэнт тохирсон энэ чухал, чухал баримт бичгүүд, тохироонуудаа хоёр тал ягштал хэрэгжүүлээд явбал Монгол-Японы харилцааг аажимд нь хөгжүүлээд, өргөжүүлээд явах бүрэн эрх зүйн боломж, бололцоо бүрдсэн цаг үед байна. 

Энэ удаагийн Л.ОюунЭрдэнэ, Ё.Сүга нарын уулзалт ч гэсэн чухал ач холбогдолтой боллоо. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг өндөр дээд хэмжээнд явуулснаа үргэлжлүүлье, ирэх жил болох Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор манайх Японы Эзэн хааныг урьж айлчлуулъя, Япон Монголын хүүхэд, залуучуудыг урьж олноор нь айлчлуулах жил болгоё гэж хамтарч тохирсон байх жишээтэй.

Д.Содном: ХОЁР УЛСЫН ХАРИЛЦААНЫ ЧУХАЛ АСУУДЛЫГ ЯРЬСАН ОНЦ АЧ ХОЛБОГДОЛТОЙ АЙЛЧЛАЛ БОЛЖЭЭ (БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга асан) 

-Манай Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад ажлын айлчлал хийж, мөн тус улсад зохион байгуулж байгаа олимпын нээлтэд оролцож байна. Олимп бол олон улс үндэс угсааны ялгаа, шашин шүтлэг, үзэл баримтлал, хөгжлийн ялгаа зэргийг харгалзахгүйгээр тал талаас цугларч, найрсаг нөхөрсөг байдлаар харилцан уралдаан тэмцээнд оролцож, дэлхийд энх тайвнаар зэрэгцэн зохицож орших ийм зарчим хэрэгжиж болох юм гэдгийг харуулах чухал ач холбогдолтой. Японы Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзаж, хэлэлцээр хийсэн байна. Манай Ерөнхий сайдад олимпын нээлтэд оролцож байгаад талархал илэрхийлж, мөн Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа, анхны айлчлалаа Япон Улсаас эхэлж байгаад нь талархал илэрхийлэв. Тийм учраас үүнийг аль ч талаас нь бодсон их чухал ач холбогдолтой айлчлал гэж бодож байна. Энэ уулзалтын үеэр хоёр Ерөнхий сайд хоорондоо 2022 оныг Японы залуучууд, Монголын залуучууд, хүүхдүүдийн хооронд найрсаг харилцааны жил болгоё гэсэн тохиролцоонд хүрчээ. Энэ бол их чухал харилцааны асуудал. Мөн хоёр улсын хоорондын харилцааг 2021-2025 хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг бас тохиролцсон байсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, зөвхөн олимпын нээлтэд оролцох төдий биш, хоёр улсын харилцааны чухал асуудлуудыг ярилцсан байна. Үүний цаана өөр олон асуудал ярьсан. Нисэх онгоцны буудлын ашиглалтын асуудал, Монголын 1000 инженерүүдийг Япон улсад бэлтгэх асуудал гэх мэт. Тэгээд цаана нь дэд бүтэц, зарим төслүүдийг хэрэгжилттэй холбоотой асуудлыг ярьсан. Ажлын айлчлал зөвхөн олимпын нээлтэд оролцох тухай асуудал биш, хоёр улсын харилцааны чухал асуудлыг ярьсан онц ач холбогдолтой айлчлал болжээ. 

С.Хүрэлбаатар: МОНГОЛЫН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ, ХӨГЖИЛД НЬ ХЭРЭГТЭЙ ТУС ДЭМ ҮЗҮҮЛНЭ ГЭДГИЙГ НОТОЛЖ БАЙНА (Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан)

 -Япон Улс Монгол орны ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийг эхнээс нь идэвхтэй дэмжиж ирсэн. Эдийн засаг, санхүү, хүмүүнлэгийн идэвхтэй дэмжлэг үзүүлж ирсэн манай гурав дахь хөрш орон. Японы хувьд Монгол Улсыг Зүүн хойд Ази дахь стратегийн чухал түнш гэж хардаг. Үүндээ их чухал ач холбогдол өгдөг. Тэгэхээр бие биенээ чухал гэж үздэг стратегийн түнш хоёр орны Ерөнхий сайд дээд хэмжээнд уулзсан гэдэг бол бие биенийхээ талаарх бодлого, харилцан нотлох, санал солилцох, тодорхой зүйлийг ярьж тохирох чухал уулзалт болсон. Өнгөрсөн хугацаанд 1990 оноос хойш Японы дөрвөн Ерөнхий сайд Монголд зургаан удаа айлчилж, Монголын 12 Ерөнхий сайд Япон Улсад айлчилсан. Дээд хэмжээний уулзалт болгон харилцааг урагш ахиулах, бодлогоо нотлоход чухал ач холбогдолтой болж ирсэн. Энэ удаагийн Л.Оюун-Эрдэнэ, Ё.Сүга нарын уулзалт ч гэсэн чухал ач холбогдолтой боллоо. Тухайлбал, улс төрийн яриа хэлэлцээг өндөр дээд хэмжээнд явуулснаа үргэлжлүүлье, ирэх жил болох Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор манайх Японы Эзэн хааныг урьж айлчлуулъя, Япон-Монголын хүүхэд, залуучуудыг урьж олноор нь айлчлуулах жил болгоё гэж хамтарч тохирсон байх жишээтэй. Монголын санхүү, эдийн засгийн байдлыг сайжруулах, хөгжилд нь хэрэгтэй тус дэмийг цааш нь үзүүлнэ гэдгийг нотолж байна. Тухайлбал, худалдааг өсгөе, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлье, буцалтгүй тусламж, зээлийг зүгээр сул өгөөд байдгаас тодорхой төсөл дээр хөрөнгө оруулж ажиллах хамтын ажиллагааг урагшлуулъя гэсэн нь шинэлэг зүйл байлаа. Энэ удаагийн айлчлал Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогыг цааш нь гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой айлчлал боллоо гэж дүгнэж байна. 

Ц.Батбаяр: ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААГ ДАРААГИЙН 50 ЖИЛД АВЧ ЯВАХ ИРЭЭДҮЙ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД ЮМ (Монголын Япон судлалын нийгэмлэгийн тэргүүн , Академич)

 -Манай Ерөнхий сайдын Япон улсад хийсэн ажлын айлчлал хүн төрөлхтнийг хамарсан аймшигт цар тахлын үед болж байгаагаараа онцлогтой. Ирэх оны хоёрдугаар сард Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойг тэмдэглэнэ. 50 жил бол хоёр орны хооронд харилцааны тодорхой нэг үеийг үнэлж, дүгнэх, цаашдын 50 жилийнхээ үйл ажиллагааг төлөвлөх чухал цаг мөч юм. Японы Ерөнхий сайд Ё.Сүга 2022 оныг Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны ойг тохиолдуулан хоёр улсын хүүхэд, залуучуудын солилцооны жил болгон зарлахаар санал гаргасан байна. Хоёр орны харилцааг дараагийн 50 жилд а вч явах  ирээдүй хүүхэд залуучууд юм. Тийм ч учраас Японы солилцооны хөтөлбөрүүд байдаг. Энэ бүх хөтөлбөрүүдээр дамжуулаад Монгол-Японы хүүхэд, залуучуудын солилцоог эрчимжүүлэх санаачилгыг хоёр улсын Ерөнхий сайдууд гаргасан юм байна.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.