“Гамлет”-д тоогдохоор жүжигчин болох нь миний мөрөөдөл

Админ
2021/07/27

А.МӨНХЖИН

Хурд хамтлаг, дуучин Э.Дашням нарын хамтран дуулсан “Бүсгүй” дууны клипэд тоглосон жүжигчин С.Баасанжаргал буюу Энкүүштэй уулзаж ярилцлаа.

-Хурд хамтлагийн “Бүсгүй” дууны клипэд тоглосноос хойш үзэгчид таныг “Энэ гоё жүжигчин залуу хаанаас гараад ирэв ээ” гээд их сонирхож байна. Тиймээс манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Энхүүш гэдэг. Жүжигчин, найруулагч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 11 дэх жилдээ ажиллаж байна. СУИС-ийг Б.Мөнхдорж багшийн удирдлага дор төгссөн. Төгсөөд УДЭТ-т гурван жил ажиллаад дараа нь SBN телевизэд хөтлөгчөөр хагас жил ажилласан намтартай л явна даа.

-Жүжигчнээр төгсчихөөд Драмын театраас гарсан гэхээр их сонин санагдлаа. Тайзны жүжигчин болох мөрөөдөл чинь биш гэсэн үг үү?

- Магадгүй. Гэхдээ өөрийнхөө мөрөөдлийг хайгаад гарсан байх. Blackbox театраас С.Мягмар ах залгаад тэнд ажилласан. Буриадын найруулагч Blackbox театр хамтарч ажиллахад би оролцож тоглосон. Театраа саначихсан байсан учраас тэнд дуртайяа очиж ажилласан. Голдуу театрын уран бүтээлд ажилласан болохоор хүмүүс намайг хараагүй байх.

-Жүжигчин найруулагч мэргэжлийг сонгох болсон шалтгаан нь юу вэ? Багын мөрөөдөл үү эсвэл...?

-Би чинь их сониуч хүүхэд байсан. Багадаа зураг зурах их дуртай байлаа. Ер нь өөрийгөө зураач болно гээд бүр итгэчихсэн байсан шүү. Нэгээс аравдугаар анги төгсөтлөө зураг зурж, зургийн уралдаануудыг ер нь алгасаж байгаагүй. Оролцох бүрдээ тэргүүн, дэд байруудыг эзэлдэг байв. Тэрнээсээ их урам авдаг байсан болоод ч тэр үү, өөрийгөө Монголын Пикасо болно л гэж мөрөөддөг байлаа. (инээв) Яг конкурсээ дүрслэх урлагаар өгөх гээд очтол гэнэт надад таалагдахаа больчихсон. Миний төсөөлөл тэр сургуулийн орчноос тэс өөр байсан.

-Сэтгэл хөдлөл ихтэй юм аа даа. Тэд чинь зураачид биш оюутнууд. Бас энгийн нэг зургийн сургууль болохоос урлан биш шүү дээ. Тэгвэл жүжигчний сургууль яагаад гэнэт таалагдав?

-Яах вэ, би өөрөө хүүхэд байсан болохоор л төсөөлөлдөө итгэчихсэн байх. Зураач, зураач нарын ертөнц гэхээр дэндүү өөрөөр төсөөлөөд байсан юм билээ. Дүрслэхийн сургуулиас буцаад явж байхдаа СУИС-ийн нэг байраар орсон чинь таалагдсан.

-Юу нь таалагдав?

-Энд тэнд дуу хөгжим хангинаад, нэг хүн хана руу харчихсан “Би чамд хайртай” гээд уншиж байсан. (инээв) Тэгээд ангиудаар нь тэсэлгүй шагайгаад явж байтал нэг залуу “Чи яах гээд шагайгаад байгаа юм” гэхээр нь шалгалт өгмөөр байна гэсэн. Ингээд л 14 хоног бэлдээд шалгаруулалтандаа тэнцээд орчихсон.

-Галзуу, бүтээлч орчинд нь татагдаад жүжигчин болчихсон гэсэн үг үү?

-Тийм. Гэрийнхэн, найзууд сонсоод “Чи чинь солиотой юм уу” л гэсэн. (инээв)

-Бага нас чинь хаана өнгөрсөн бэ?

-Би Улаанбаатарт төрж өссөн. Нийслэлийн 50-р сургууль төгссөн. Бага тойргийн хүүхэд.

-Одоо зурдаг уу?

-Хааяа нэг зав гарахаар сийрүүлдэг.

-Ямар зураг зурдаг вэ?

-Хүүхэд байхдаа байгалийн зураг их зурдаг байсан. Реалист чиглэл илүү таалагддаг. 

Хөдөө явахаараа байгалийн тогтцыг тархиндаа хадгалж сийлээд гэртээ ирээд буулгадаг. Үзэсгэлэн хүртэл гаргаж байсан. Сүүлд 2017 онд жаахан зурсан.-Өөрийгөө зурахаас илүү жүжигчин болоход авьяастай гэж бодож байна уу?

-Би их ичимхий хүүхэд байсан шүү дээ. Бүр хэтэрхий ичимхий. Түүнээсээ болоод дуулж, бүжиглэж чаддаггүй. Шүлэг цээжилж, цээжилж самбарын өмнө гараад таг. (инээв) Гэхдээ одоо бол өөр. Хэргээс хэцүү талдаа өөрийгөө сорих гэх юм уу.

-Тэр бэрхшээлээ хэрхэн давж өөрийгөө задалсан бэ?

-Энэ яг 18 насанд тохиолдсон явдал. СУИС-ийн шалгалтад бэлдэж байх үед л дээ. Анх замчилсан, сургууль дээр таардаг ах нэг өдөр “Чиний бие хаа, царай зүс яах вэ болохоор байна. Дуу бүжгийн ямар ч эвсэл байхгүй. Дуу хоолой гэж авах юм алга” гээд загнасан. Надаар шүлэг уншуулаад бүр чанга, бүр чанга гээд болдоггүй. Тэгээд Хүүхдийн урлан бүтээх төвийн машин замын цаанаас замын нөгөө талд сонсогдохоор унш гэсэн.

-Та хоёрын дундуур машин, хүмүүс явна биз дээ?

-Эхлээд ичээд байсан чинь зад загнаад уншуулсан. Би ч айсандаа уншсан л даа. Замын нөгөө талаас хашхирахгүйгээр унш гээд дундуур хүмүүс яваад тэрийг анзаарах манатай. Шүлгээ уншаад дууссан чинь “Одоо дуул” гэсэн. Замын хажууд ганцаараа дуулж бүжиглээд, шүлэг уншаад хүмүүс намайг солиорчихсон залуу л гэж бодсон байх. (инээв) Тэгээд ёстой хүчийг олсон доо. Тэгж байж л би чадах юм байна гэдгээ олж авсан.

-Уран бүтээлч хүнд дотроос нь хатгаад байдаг нэг мэдрэмж байдаг даа. Тэр мэдрэмж л хүнийг уран бүтээлчийн зам руу түлхдэг. Түүнийгээ яаж мэдэрсэн бэ?

-Ер нь урлаг гэдэг чинь их гоё шүү дээ. Бүх юм нь эерэг, бүх юм нь сайхан өнгөлөг. Манай удамд гэвэл өвөө Дашдондог гэж хүн байсан. Өвөө маань Улаан театрт Г.Гомбосүрэн гуай, Ц.Гантөмөр гуай, Л.Лхасүрэн багш зэрэг агуу хүмүүстэй нэг хэсэг ажиллаж байсан гэсэн. Мандухай цэцэн хатны Чинбат гээд торгон цэргийн жанжны туслах дүрд тоглож байсан юм билээ. Өөр хүн байхгүй болохоор өөрийнхөө дотоод хүслээр л энэ замыг сонгосон юм болов уу. Яг өөрийгөө мэдэрсэн гэхэд ч хаашаа юм. Багадаа кино их үздэг байсан. Гол дүрийнх нь эрэгтэйчүүдийг хараад би оронд нь байсан бол ингэнэ, тэгнэ гээд төсөөлдөг байсан нь нөлөөлсөн ч байж магадгүй.

-Чиний идеал болсон уран бүтээлч гэвэл хэнийг нэрлэх вэ?

-Хуучны зураачдыг шүтдэг. 

Марзан хэмээх Б.Шарав гуайн зургууд бол гайхалтай. “Монголын нэг өдөр” зургийг хараад “Улаанбаатарын нэг өдөр” гэж яагаад байж болохгүй гэж боддог байсан. Жүжигчдээс гэвэл Ц.Гантөмөр багш, Г.Гомбосүрэн гуай, Л.Жамсранжав гуайн тоглосон дүрийг үздэг.-Энэ агуу хүмүүст өөрийн гэсэн бишрэл төрүүлэх зүйлс бий. Чи өөрийнхөө тэр онцлогийг мэдсэн үү?

-Жамсранжав гуайг би ухааны жүжигчин гэж хардаг. Дотогшоо, ухаан харуулсан дүр бүтээдэг. Тэр хүний нүдийг би жинхэнээсээ биширдэг. Сүүлдээ хүний давуу талыг олж харахын зэрэгцээ өөрийгөө зөв олох ёстой юм байна гэж ойлгоод байгаа.

 -Тэр ойлголт одоо аль түвшинд явж байна?

-Одоо яах вэ, миний амьдрал дөнгөж эхэлж байна. Өөрийгөө таньж, ойлгож бүрэн чадаагүй тэр хүртэл их зай бий байх аа.

-Ямархуу жүжигчин болохыг хүсэж байна вэ?

-Жүжгээс гэвэл Гамлетыг илүү ойшоодог. Саяхан С.БолдЭрдэнийн тоглосон Гамлет бол энэ цагийн “том” Гамлет боллоо шүү дээ. Энэ цагт дахиж Гамлет бүтээгдэх үү, үгүй юу гэдэг асуудал. Гамлетад тоглох хэмжээний жүжигчин болох миний мөрөөдөл.

-Чиний дотор хэзээ нэгэн цагт төрөх Гамлет амилж байж ч магадгүй. Гэхдээ яагаад Гамлет гэж?

-Гамлет дээр энэ хорвоогийн бүхий л үнэн, худал төвлөрчихсөн байгаад л учир байгаа юм. Хойт эцэг, ээжийгээ үзэн ядах үзэн ядалт бас хайр. 

Хайртай бүсгүйгээ болон найз нөхдөө хайрлах “хачин” хайрын өнгүүд. Гамлет шиг хүн хорвоо дээр ховор. Гамлетын доторх тэр тайлагдашгүй гэмээр нууцлаг дотор хүн намайг татдаг.-Гамлетыг мөрөөддөг хэрнээ театраасаа гарсан байдаг....?

-Энэ их балай юм болсон. Бас яахав ухаан нимгэн байж дээ. Тэр үедээ мөрөөдөж байсан газартаа чүү чай гэж орчихоод гарчихсан. Бүр анх удаа театрт гол дүр авсан шүү дээ. 2012 онд болсон явдал л даа. Би гол дүр авна гэж ерөөсөө бодоогүй. Намайг олны хэсэгт хуваарилах байх гэж бодож байтал Ч.Найдандорж найруулагч гол дүр хүлээлгэж өгсөн. Тэгэхэд театраас гарна гэсэн бодол маань алга болчихож байгаа юм. Тоглоод дуустал гаръя гэсэн бодол дахиад сэргэсэн...

-Гэнжидийн дүрдээ хэр тоглосон бэ?

-Тухайн үед би өөрийгөө сайн тоглосон гэж бодсон. Дараа нь эргээд харахдаа “Ээ чааваас даа би юу хийсэн юм бэ” гэж бодсон.

-Өөрийгөө энд тэндээс хайгаад л... Тэгээд өөрийгөө чагнаад хаана байж, юу бүтээх ёстойгоо олсон уу?

-Чагналгүй яах вэ. 2015 оноос хойш өөрийгөө найруулагч тал руугаа илүү хөгжүүлсэн, бие дааж суралцаад яваад байгаа. Харин жүжигчнээр бол үнэхээр л сайхан зохиолтой, үнэхээр сайхан дүр байвал тоглож магадгүй. Болж өгвөл кинонд жүжигчнээр орохгүй гэж бодож байгаа. Дандаа найруулагч, цаашдаа найруулагчаараа л ажиллая гэсэн чин эрмэлзэл тээгээд явж байна.

-Хурд хамтлагийн Бүсгүй клипэнд тоглосон тухайгаа?

-Дуучин Э.Дашням, Хурд хамтлаг хоёрын хамтарсан “Бүсгүй” гээд дууны клипэнд тоглооч гээд санал ирэхэд нь энэ хүмүүсийн хоршил нь их давгүй санагдаад зөвшөөрсөн. Зураг авалт нь хотод байсныг хотоос гадна өртөөн дээр авъя гэсэн саналыг гаргасан. Тэд ч зөвшөөрсөн.

-Клипэнд жүжигчин Хулан зураг зурдаг. Тэр зураг таны зурсан зураг уу?

-Тэр зураг “МонГал” студийн зураачийн зурсан зураг.

 -Клип цацагдсанаас хойш үзэгчид “Энэ гоё залуу хаанаас гараад ирэв ээ” гэсэн сэтгэгдлүүд их байсан. Тэр сэтгэгдлүүдийг уншсан уу?

 -(инээв) Youtube дээрхийг бол уншаагүй ээ.

-Чи өөрийгөө царайлаг гэж боддог уу?

-Би өөрийгөө байдаг л нэг царайтай гэж боддог.

-Тэгээд юу гэж бичсэн байх юм чамайг...?

-Ихэнх нь жүжигчин Хулангийн тухай л сэтгэгдлүүд байна лээ шүү дээ. (инээв)

-Үзэгчид чамайг шинэ гоё жүжигчин гэж хүлээж аваад байгаа юм бишүү?

-Мэдээж шүү дээ. Би найруулагчаараа хүмүүст танигдсан юм хийгээгүй байгаа юм чинь.

-Чамд ямар дүр тохирно гэж боддог вэ?

-Зохиол сайн байгаад баг нь сайн байх юм бол би тоглоно. Тийм биш бол ямар цалин амласан ч тоглохгүй.

-Яагаад?

-Жүжигчин хүний карьер гэдэг болсон болоогүй уран бүтээлд оролцохдоо биш. 

Үлдээхүйц бүтээлд оролцож өсөж хөгжих замаа өргөтгөж чадах тийм бүтээлд тоглох нь чухал. Би голдуу эерэг гэхээсээ илүү эсрэг дүрийг бүтээх сонирхолтой байдаг.-Эсрэг дүрд жүжигчнээс илүү ур чадвар шаардах уу?

-Эсрэг дүр илүү тоглолт шаарддаг. Илүү ур чадвар шаардана. Эсрэг дүрийг сайн гаргаж чадвал тэр тамгалагдаж үлдэх магадлал өндөр. Эсрэг дүрд хүний таашгүй зан чанарууд шингэсэн байдаг. Жишээ нь зальтай, сэргэлэн, овжин, зоригтой, дайчин, зэвүүн байдлыг хэрхэн үзүүлэх вэ гээд жүжигчнээс их л зүйл шаардах байх.

-Та ичимхий хүүхэд байсан гэсэн шүү дээ. Одоо “нийгмийн амьтан” болоод ирэхээрээ өөрийнхөө зарим сул талыг дарж, зарим давуу талаа өсгөсөн үү?

-Тэгээгүй.

-Урт үс, нүдний шил гэх мэтээр стиль, имижээ хэрхэн бүрдүүлсэн юм бэ?

-Хүүхэд байхдаа л иймэрхүү үстэй байсан. Нэг их бодоод бүрдүүлсэн юм байхгүй ээ. Ийм төрлийн шилэнд сонирхолтой. Энэ шилийг бүр хайж байгаад олсон юм.

-Сахлаа ямар нэг дүрд зориулж ургуулж байна уу?

- Миний сахал олигтой ургадаггүй юмаа. (инээв) Уг нь бавайлгамаар санагдаад байдаг даанч ургадаггүй юм. Сахлыг 2011 оноос хойш тавьсан.

-Илүү сүрлэг харагдмаар байгаа юм уу?

-Хусчихлаар нээх жаахан хүүхэд шиг царай харагдаад байдаг.

-Та хэдэн настай вэ?

-Одоо 35 настай.

-Карьерын хувьд залуу нас уу?

-Ажил, амьдралын бүх талбарт залуу нас.

-Гэр бүлийн хувьд?

-Найз бүсгүйтэй.

-Найз бүсгүйнхээ юунд нь татагдсан бэ?

-Бүх зүйлст нь татагдсан. 

Эхлээд нүдэнд нь татагдсан. Тэгээд инээмсэглэл, ярилцаад үзэхээр доторх хүн яг миний төсөөлж, мөрөөддөг эмэгтэй мөн байсан.-Уран бүтээлчийн амьдрал бол тасралтгүй суралцах зам. Юунд, яаж суралцдаг аргаасаа хуваалцаач?

-Дотоод нөөц бололцоогоороо, одоо хичээж л явна. Найруулагчаар гадаадад ч юм уу суралцана гэсэн бодол бий. Одоогийн байдлаар бол кинонууд их үздэг. Үзэх бүрдээ жүжигчин яаж жүжиглэж байна, зураглаач нь, зураач нь, хөгжмийн зохиолч нь яаж ажилласан байна, найруулагчийн тавилт нь ямар байна гээд ажиглаж боддог. Бас кино, жүжгийн зохиолууд уншдаг. Ингэж л өөрийнхөө тархинд мэдээлэл цуглуулж бас боловсруулж суралцаж байна. Эргэн тойрноосоо суралцаад “Би харин хэн болох вэ, ямар байх вэ” гээд л хичээж байна.

-Чиний өнгө аяс, хэллэг, санаа “Дуу хоолой” ямар байх бол?

-Үүнийг хэсэг бодож үзсэн. Би ямар төрлийн найруулагч, бусад найруулагчаасаа юугаараа ялгаатай байх уу гээд. 

Хэрвээ би бусдаас нь өөрийгөө цуглуулаад байвал би “Би биш” болчихно. Тэгэхээр гол миний барьж байгаа үзэл бодол, мөн чанар драм, инээдмийн киноноос бусад нь байж магадгүй юм.-Кинонд үндэстний ялгаа мэдээж тод тусгалаа олдог. Та орчин үеийн монгол найруулагч болохыг хүсэж байна уу эсвэл глобал байхыг хүсэж байна уу?

-Урлаг угаасаа хоёр талтай. Нэгийнх нь явж ирсэн замнал нь арилжааны зориулалттай мөнгө олох, алдар нэртэй болоход чиглэгддэг. Нөгөөх нь жинхэнэ үлдэх бүтээл хийх. Дундуур байх боломж байхгүй. Би бол байхгүй гэж хараад байгаа юм. Гэхдээ нөхдүүд байлгаад байгаа. Гэхдээ яг Монголын нөхцөлд бие даагаад уран бүтээл барьж хийнэ гэдэг хэцүү. Тэр хүн чинь бас амьдармаар байдаг, ар гэрээ тэжээмээр байдаг. Энэ тухай ярихад эрт гэж бодож байна.

-Хэр том мөрөөдөлтэй вэ?

-Би олон мөрөөдөлтэй. Мөрөөдөлтэй вэ биш мөрөөдөл их олон надад.

-Олон мөрөөдлийнхөө зах зухаас хуваалцаач нууц биш бол?

-Үгүй ээ, нууц биш. Би Монголдоо маш том кино компанитай болъё гэж боддог.

-Одоо юу хийж байгаа вэ?

-Одоо “Хотулун гүнж” киноны найруулагчаар ажиллаж байгаа.

-Энэ таны найруулж байгаа хэд дэх кино вэ?

-Энэ миний анхны кино.

-Ямар нэгэн урлагийн байгууллагад харьяалагддаг уу?

-Үгүй ээ, чөлөөт уран бүтээлч. 2017 оноос хойш.

-Чөлөөт уран бүтээлч хийхэд хэр мөнгө олж чадаж байна вэ?

-Чөлөөт уран бүтээлч байхад давуу тал олон. 

Цагт баригдахгүй сайхан байдаг. Хүссэн цагтаа ажиллаж болно. Хүссэн цагтаа амарч, хүссэн цагтаа унтаж болно. Сул тал нь гэвэл ажил олдохгүй байх магадлал маш өндөртэй байдаг.-Нэг өдрийн хэмнэлийг чинь сонирхъё?

-Би өглөө 08 цаг гэхэд босдог. Тэгээд 09 цагт гэрээсээ гарч явна.

-Хаашаа?

-Хаашаа ч хамаагүй. Дуртай газар руугаа явна. Би чөлөөт уран бүтээлч шүү дээ. Энэ орчлон хорвоогоос мэдээлэл цуглуулна. Би чинь ерөөсөө шоуддаггүй шүү дээ. Бааранд ороогүй 11 жил болж байна. Зун хөдөө явдаг. Орой кино үзээд 23 цагт унтдаг. Ийм л энгийн нэгэн залуу байна.

-Эмэгтэй хүнтэй хамт амьдрах ямар санагдаж байна?

-Зүгээр шүү. (инээв) Би түүний санааг ойлгодог, тэр минийхийг ойлгодог учраас асуудал гардаггүй.

-Хосуудын төлөвлөгөө...?

-Хүүхэд асууж байна уу. Ирэх дөрвөн жилдээ үгүй ээ гээд ярилцсан байгаа.

-Тэгвэл карьераа том төлөвлөжээ. Хэр менежер хийж байна?

-Би чинь одоогийн байдлаар өөрийгөө зарж ажил олоход л хамаг цагаа зарцуулж байна.


110
110
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.