Н.Сумъяасүрэн: Хоёр жил мөрөөдсөний эцэст шинэ үгийн дэвтрээ гаргасан

Админ
2021/07/27

Д.БЯМБАСҮРЭН

Энэ удаагийн “Шинэ танил” буландаа Шинэ үгийн дэвтрийн зохиогч Н.Сумъяасүрэнг урилаа. Тэрбээр ОХУ-ын Уралын холбооны их сургуульд сэтгүүлчээр сурдаг бөгөөд коронавирусээс үүдэн Монголд ирээд цахим хичээлийнхээ хажуугаар Зариг.мн сайтад ажиллаж байгаа юм.

-Шинэ үгийн дэвтэр гаргах санаа хэзээ төрөв?

-2018 онд ОХУ-ын Эрхүү хотод сурахаар явахдаа орос хэл мэддэггүй байсан юм. Тухайн үед орос хэл сурч, тэтгэлэг авах миний хамгийн том зорилго байв. Хэл сурах гэж олон ч арга туршсан. Харин хамгийн чухал нь шинэ үг сурах гэдгийг ойлгосон ч хэрхэн сурах аргаа олоогүй л байв. Тэр үед миний одоогийн хэрэглээнд гаргаад буй “Шинэ үгийн дэвтэр” хүссэн үр дүндээ хүрэхэд тусалсан. Гадаад хэл сурах гэж буй хүмүүс шинэ үгийн дэвтрийг аваад доторх зохион байгуулалтын дагуу үг сурах боломжтой.

-Дэвтрээ хэзээнээс худалдаанд гаргаж эхэлсэн бэ. Худалдаж авсан хүмүүс сэтгэгдлээ хэлсэн байх?

-Энэ оны зургадугаар сарын 1-нд хэвлэлтээс авсан ч оюуны өмчөөр хамгаалуулахаар хүлээж байгаад 15-наас худалдаанд гаргасан. Дэвтрийг маань ирж авсан хүмүүс жижиг цаасан дээр үгээ цээжилж буйгаа харуулаад “Яг ийм дэвтэр хэрэгтэй байсан юм” гэж хэлдэг.

-Энэ төрлийн дэвтэр олон бий. Тэдгээрээс юугаараа онцлог вэ?

-Гадаад, дотоодын зах зээлд төлөвлөгөө, шинэ үгийн гээд олон төрлийн дэвтэр байдаг. Гэхдээ яг гадаад хэл сурч байгаа хүмүүст зориулсан, тэр дундаа шинэ үг сурах аргатай дэвтэр олон байдаггүй. 

Би ч ийм дэвтэр Орос улсад хайгаад олоогүй. Монголдоо энэ төрлийн дэвтэр гаргах ёстой гэж бодож худалдаанд гаргасан. Мөрөөдлөө биелүүлэх гэж хоёр жилийн турш олон хүнд санаагаа танилцуулж явсан ч бүтэлгүйтсэн. Санаа байдаг ч худалдаанд гаргахад оюутан болохоор санхүүгийн асуудал тулгарсан.-Энэ асуудлаа хэрхэн шийдэж, мөрөөдлөө биелүүлэв?

-Би Зариг.мн сайтад сэтгүүлчээр ажиллаж байгаа оюутан. Тэгэхээр оюутан хүнд бизнес эхлэх мөнгө мэдээж байхгүй. Хөрөнгө оруулах ч хүн олдохгүй. Тусалж, дэмжих байх гэсэн хэд хэдэн таньдаг хүмүүстэйгээ холбогдоход “санаа нь их гоё” гэхээс хэтрэхгүй. Харин өнгөрсөн аравдугаар сард Зариг.мн сайтын Н.Өнөрцэцэг эгчтэй танилцаж, энэ оны гуравдугаар сараас тус сайтад ажиллаж эхэлсэн. Ингээд өөрийн энэ санаагаа Өнөрөө эгчид хэлэхэд, дэмжсэн. Тэгж л мөрөөдөл минь бодит болсон. Одоо дэвтрийг “HippoCards” аппликэйшн дэмжин ажиллаж байгаа.

-Хаагуур зарагдаж байна вэ. Уншигчдад мэдээлэл өгвөл?

-“Internom”, “Booklo”, “Билиг” дэлгүүрүүдээр, мөн зарим аймаг, сумдаар худалдаалж байгаа. Түүнээс гадна бичиг хэргийн худалдаа эрхлэгчид хамтран ажиллаж байна.

-Сэтгүүлч мэргэжлийг яагаад сонгох болов. Цаашид аль төрлөөр нь явах бодолтой байгаа бол?

-Сэтгүүлч болох миний багын мөрөөдөл. 

Асуудлыг шийддэг нь байж чадахгүй бол, шийдлийг олоход хүргэх зам нь байхыг хүсдэг. Тийм болохоор энэ мэргэжлийг эзэмших гээд явж байна. Цаашид эрэн сурвалжлах сэтгүүлчээр ОХУаас их зүйл сурах хүсэлтэй.-Залууст хандаж хэлэх үг бий байх?

-Залуус бид мөрөөдөлтэй тэмүүлэлтэй байхад хязгааргүй боломж гарч ирдэг. Харин боломжоо харж суух биш, тултал нь ашиглах чухал. Хүсэл мөрөөдөлтэй хүн бүрийн ирээдүй гэрэлтэй. Тэрхүү ирээдүйн гэрлээ илүү тод асаахын төлөө хамтдаа хичээе. Мөн энэ ташрамд, намайг мөрөөдлөө бодит болгоход тусалж буй хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье.

 


0
14
0
2
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна