Яруу найрагч С.Начин: Заавал шаналан шатаж байж бич гэдэг үгтэй эвлэрч чадахгүй

Админ
2021/07/28

М.ДЭВЭЭЖАРГАЛ

Амьдралд үгсийн гэгээ түүж яваа даа л сэтгэл жигүүртэй юм шиг хөөрөн гэгэлзэх билээ. Энэ удаа “Шүтэн биширч босгосон цайз минь шүлэг Шүтэн биширч нураах цайз минь шүлэг” хэмээн өврийн дэвтэртээ бичсэн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, “Болор цом” наадмын гутгаар байрын эзэн, МЗЭийн гишүүн, яруу найрагч С.Начинтай ярилцлаа.

-Яруу найраг “изм” буюу ямар нэг урсгалд харьяалагдахгүй төрдөг. Гэвч аль онолоор тайлбарлагдах, урсгал чиглэлд нь хамааруулж “мэддэг” хүмүүс бий. Таны бүтээл алинд нь харьяалагдаж болох талаар бодож байв уу?

-Тэр талаар бодож байгаагүй, бодохыг ч хүсдэггүй. Харин онолыг нь уншиж ойлго гээд урд дэлгээд тавьчихсан номыг сөхөхгүй бол алдас болох байх. “Изм”-д дөрлүүлж, ямар нэгэн хамаатгалд орохыг хүсдэггүй.

-“Шинэ үнэр” бүлгэм хэрхэн байгуулагдсан түүхээс хуваалцвал...?

-Их сургуулийн уран зохиолын дугуйлангуудаар хэрэн хэсэж, агуу ихийн дэмийрэлд автан сайхан шүлэг бүтээл төрүүлэх хүсэлтэй таван залуу анх энэ бүлгэмийг байгуулчихсан. Нэлээн бужигнаантай хөгтэй, хөөртэй үе байсныг тод санаж байна. Ихэнхтэй нь нэг мэдэхэд найз болчихсон, үзэл бодлоо хуваалцаж, шүлэг найргаа бие биедээ уншиж өгөн нэгнийхээрээ орж гарч явсаар жилийн дараа Т.Эрдэнэзулай, Э.Бүжинлхам гэсэн хоёр охиныг бас дагуулаад “нэг бүлгэм” болсон.

Ийнхүү байгуулагдаад 12 жил болжээ. Шинэ үнэр бүлгэмийн залуус ихэнх нь сэтгүүлзүй болон монгол хэл уран зохиолын ангийг төгссөн. Оюутан ахуй цагийн дэвэргэн үедээ өөрсдийн хэмжээнд “Шинэ цаг” яруу найргийн реалити шоу мөн жазз хөгжимтэй уншилга зэрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг байлаа. Зарим нэг нь мэргэжлээрээ ажиллаж, нөгөө хэсэг нь мэдлэг чадвараа дээшлүүлэхээр алс холыг зорьжээ. Удахгүй бид эргэн нэгдэж, уран зохиолын дорвитой үйл ажиллагаануудыг хийж эхэлнэ.

-Уран бүтээлч хүний чимээгүй байх, ганцаардах гэдэг бараг л “хобби” шиг болчихжээ?

-Чимээгүй байх өөрөө хамгийн их чимээ байх шүү. Ер нь чимээгүйд суралцах ёстой ч юм билүү. Уран бүтээлч хүмүүст тэр аниргүйдэл хамгийн их хамаатай. Чив чимээгүйн чимээг чагнаж хараахан чадахгүй л явна. “Ганцаардал” цагаа тулахад хамгийн хүчтэй, эрчимт үг. Хүн бүр цорын ганц шиг, ганцаардал болгон өөр өөрийн өнгө аялгуутай санагддаг. Эцсийн эцэст, дотоод хүнээс нь өөр хэн ч ганцаардлыг хэдий үед ч хуваалцаж чадахгүй болохоор хүн их өчүүхэн амьтан юм шиг ээ. Магадгүй гэр бүлтэй болсон ч, хэн хүнээс дутахааргүй сайхан амьдарлаа ч энэ орчлоос ганцаардлаа тэврээд л газар шороонд тэврүүлэн нойрсоно гэхээр эртхэн ганцаардах, өөрөө өөртэйгээ ярилцах орон зайгаа гаргаж, өөрийгөө хийгээд бусдыг ойлгох “дамжаанд” үнэ төлбөргүйгээр суралцах хэрэгтэй байх. Ер нь бодоод байсан их өргөн ойлголт байна. (инээв)

-Яагаад сэтгүүлч мэргэжлээрээ ажилладаггүй юм бэ. Таны одоо байгаа байдал шүлэг бичихээс аргагүй нөхцөл байдал шиг санагдаад байх юм. Урлагт хайртайгаа үүнээс илүү яаж илэрхийлэх вэ?

-Аливаад ёс зүйтэй хандах хэрэгтэй биз дээ. Бичих гэдэг дадал зуршлаас гадна мэдлэг мэдээлэл, мэдрэмж шаардсан төвөгтэй ажил. Би өөрийгөө мэдлэгтэй гэж хэлж зүрхлэхгүй. Ерөнхийдөө залхуу. Мэдрэмжээ чагнаад байж чадахгүй ч гэсэн шүлгээ оролдож байсан нь дээр гэж боддог. 

Онолыг нь үзсэн хүний хувьд аян замын тэмдэглэл, хувь хүмүүсийн хөрөг нийтлэлээр сэтгүүлзүйн бичвэр бичиж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Мэдээнд гүйж болсон болоогүй нийтлэл сараачиж, улс төрийнхний мэдэлд орж эсвэл нэг бараа сурталчилж буйгаа сэтгүүлчийн ажил гэж яриад байдаг хүмүүсийг бол цаг заваа дэмий үрж байна гэж ойлгодог шүү.

-Ер нь бичиж, туурвидаг хүмүүст хамгийн тухтай аялал нь галт тэргэнд өрнөдөг байх. Гарч байгаа чимээ нь хүртэл сонгодог. Наранд гандсан дэр модны өнгө нь цаг хугацаа шиг. Танд галт тэрэгтэй холбоотой дурсамж байдаг уу?

-Ханбүргэдэй их дэлгүүрийн урд Оросууд барьсан хуучин саарал орон сууцны дөрвөн давхрын 56-н тоотод миний бага нас өнгөрсөн. Вокзал ойрхон байсан болохоор салхивчаа нээлттэй унтах болгонд галт тэрэгний бүрээн дуу, зорчигчдын яриатай холилдон зүүдэн дундуур урсаад л... Одоо нэхэн бодоход яруу найраг шиг л санагддаг. Галт тэргээр холыг зорих, тэр тусмаа цонхоор үзэгдэх байгалийн сайхныг бишрэхийн сацуу сэтгэлээ чагнаж явах нь үгээр хэлэмгүй гоо сайхан. Олон дурсамжийг уудлан ярьмаар байгаа боловч амьдралд хэзээ ч мартагдашгүй тохиол ганц л байдаг. Огт уулзаж байгаагүй нэгэн рүү “Сэлэнгэ рүү галт тэргээр очъё” гэсэн урилга илгээж, хамтдаа тэнд очиж байсан юм байна.

-Яагаад заавал Сэлэнгэ рүү гэж... Уулзаж байгаагүй хүнтэй хамт явахад ямар мэдрэмж төрж байв?

-Тэр үед 27 настай байжээ. (инээв) Одоогоос гурван жилийн өмнө юм л даа. Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөлд яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир агсны “Голын тохой дээр” шүлгийг уншиж өгөх гэж очсон юм. Урилга илгээсэн хүн минь талийгч ахын шүлгэнд их дуртай, уран зохиол урлагийн өндөр мэдрэмжтэй. Намар цаг, дээр нь огт мэдэхгүй ертөнцийг өмнөө суулгаад, түүний сэтгэл рүү өнгийх мөч үгээр хэлэмгүй сайхан санагдсан. Дурсахад ч сайхан байна. Амьдрал сайхан дурсамжийн хэлхээ байх ёстой. Ийм нэг сайхан дурсамж, ер дэлгээгүй зүйлээ дэлгэлээ шүү.

-Та өнгөрсөн жил Дэлхийн яруу найргийн наадамд оролцсон шүү дээ. Орон орны яруу найраг өгүүлэмжийн хувьд оюун санаа, сэтгэлгээний аль чигт явж байх шиг байна?

-Дэлхийн соёл, яруу найргийн акедемийн хамт олонтой Энэтхэг улсын Буванишвар хотод дэлхийн яруу найргийн 39 дүгээр их хуралд оролцох хувь тохиосон. Орон орны гайхамшигт найрагчид үзэл бодлоо хуваалцаж, шүлэг дуугаа өргөх нь эх хэлнийхээ дархлааг хадгалахын ташрамд олон улсад цуурайтуулах нь яруу найрагчийн эрх, үүрэг юм. Сэтгэлгээнийхээ хувьд аль чигт явж байгааг нь би зориглон хэлж чадах хүн биш ээ. Зорин ирэгсэд бүгд гэгээн сайхныг хувь хувийнхаа санаа бодлын өнцгөөр л хэлэх байх.

 Надад бол хурал хуй гэхээсээ илүүтэй шинэ сэргэг орчилд орох нь, бурхан багшийн номоо айлдсан орон хотоор айлчилж, өөрийгөө анирдан байгалийнх нь ярууд уясаж зогсох минь хамгийн сайхан байсан. Өндөр мөргөл эргэлийн түүхтэй тэр нутагт ахин очиж, аажуу уужуу бодол санаагаа амраах хүсэлтэй хоргодон хоргодон буцсан даа.-Томмас Манны “Венец дэх үхэл” туужид “...шагшин магтаад буйн цаад шалтгаан нь үнэн хэрэгтээ танил дотно шинж чанарт оршино” гэсэн байдаг. Магадгүй тийм ч байж мэдэх юм. Энгийн байгаа даа ч биш, ердөө л бидний мэдэх эсвэл мэдрэхийг хүсдэг зүйлс сайхан болохоор сайн мэт санагддаг ч байж болох юм?

-Огт уншаагүй ном байна. Үнэнээ л хэлье. Асуулт чинь яруу байгааг бодоход унших хүсэл төрлөө. Уншина аа. Харин энгийн байх гэдэг ихэнх хүнд биеэ тоосон, ёс зүйгүй хандлага төрүүлдэг юм шиг санагдаад байдаг. Гэхдээ бид энгийн байхгүй байхын аргагүй болтол тавгүйтүүлж буй нийгэмд амьдарч байна шүү дээ. Дан ялангуяа манай үеийнхэн бие биеэ үнэхээр хорлож байна. Зуун жилийн дараа би байх уу, чи, би, бид байх уу. Энэ бороо, цас улирлын шинж чанартай ч гэлээ байж л байна. Заавал нэг ганган хувцаслаж, боловсрол болоод өндөр цалинтай харагдах гэсэн хүмүүс. Сэтгэлийн боловсролгүй бол тэр бренд мөнгө төгрөг ч яамай байна аа. Тийм болохоор намайг надаар, яг байгаагаар минь хүлээж авахгүй хүмүүстэй дуугардаг ч үгүй. Тэр нь тэгээд биеэ тоолт, их зан болж харагдвал өөрсдийнхөө нүүрэнд зүүсэн багаа хуул л гэж хэлмээр санагддаг даа. Дээр хэлсэн дээ, ганцаардалдаа үнэ төлбөргүйгээр суралц, дотор хүнтэйгээ зөвшилдөн маргалд.

-“Байгаль өөрөө ялна” гэж ярьсан байна билээ. Аль улиралд нь илүү их мэдрэмтгий болж буйгаа анзаарсан бэ?

-Өмнө нь өөр газарт хариулсан хариулт байна. Байгаль эх дэлхийгээс өөр хүчтэй зүйл хаана байгаа юм бэ. Буруу зөрүү харьцсаныхаа өр төлөөсөнд буцаагаад өвдөг бохирч, өвчнийг ялж дийлэхгүйдээ нийтээрээ шаналж байгаа нь бидний өөрсдийн л буруу шүү дээ. 

“Уран-Өд” дугуйланг үүсгэж, их утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсан гуай ер нь их айхтар онож хэлсэн. “...Аяа хүмүүн чамаас би Арван сарын зэрлэг гөрөөс мэт Үргэнэм” гэж. Хүнээс зэрлэг араатан энэ дэлхийд байна уу. Байгаль өөрөө өөрийгөө хамгаалах гэж амь тэмцэж байна шүү дээ.-Яруу найргийн наадмуудын талаар ямар бодолтой явдаг вэ. Яруу найргийн наадам гэхээр “ярвалз”-аад ч байх шиг нэг хэсэг байдаг даа, мэдэх л байлгүй?

- Ярвалзаад гэдэг нь их тойруу утгатай үг байна шүү. Ярвалзана уу, дарвалзана уу хувь хүний л хэрэг байх. Байгаад болсон юм, байж л байг. “Өөр өөрийн өнгөөрөө эгшиглэнэ дээ хө” гээд дуу байдаг шиг. Орохгүй нь орохгүй л биз, орох нь орно л биз. Хувь хүний л шийдэх хэрэг. Номлогчид нь номлож, шүлэглэх нь шүлэглэж, шүгэлдэх нь шүгэлдэж, уйлах нь уйлж, дуулах нь дуулж байг л дээ. Бүх юм чөлөөтэй байг гэж боддог доо.

-Сайн бүтээл туурвина гэдэг сайхан ноорог олныг хаяна гэсэн үг шиг санагддаг?

- Сайн бүтээл, сайхан ноорог олныг гарздахгүйгээр бүтээгддэг эд ч байж болох юм. Цаас гарздаж сууснаас унших нь бусдын туурвисан сайхныг бахдах ч түүнээс илүү гавьяатай үйл хэрэг ч юм билүү.

-“Хийсэн”, “Бичсэн” шүлэг гээд хооронд нь ялгаж байхыг сонссон. Үнэхээр байж болохгүй гэхийн аргагүй л дээ. Таны хувьд?

-Д.Урианхай ахын шүлгэн дээрх “Юу ч мэдэхгүй маанаг шиг Юм бүхнийг мэддэг цэцэн шиг” билүү дээ, тэр мөр шиг (инээв). Ингэхэд зарим зүйлийг сонсохгүй, мэдэхгүй, сонссон ч сонсоогүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юм шиг байж болдоггүй юм уу. Хооронд нь ялгаж салгах асуудал уншигчийн л хийдэг ажил байх аа. Өөрийн тань асуултыг сонссон чинь хүн уншихаар “юм” бичихдээ л анхаарсан нь дээр санагдлаа.

-Ер нь уянгалах гэж их ярьдаг юм билээ. Таатай ч санагдахаа больж. Ур үгүй бол урлаг үнэгүйдэх биш үү?

-Ур нэгдүгээрт байж уянга төрөх байх л даа. Би сайн мэдэхгүй юм аа. Уянга нь төрөхгүй бол бас ураар зодох гээд яах вэ дээ. Аль алиныг нь хослуулахад туршлага, авьяас, мэдрэмж, ухааны хөрөнгө гээд ярвигтай их ажил ундрах юм даа. 

Хөөгөөд л бодоод байхаар хөвөрсөн утсыг буцаж нэхэж байгаа мэт төвөгтэй эд шиг ээ. Чи бас шүлэг оролддог хүн болохоор асуулт чинь хүртэл хариулахад бэрхтэй санагдуулж байгаа нь яруу найраг шиг санагдаж байна (инээв).-Бүх зүйл өөрийн гэсэн гоо сайхантай. Тэгвэл гуниг зовлонгийнхоо гоо сайхныг таниагүй болохоор л гүн гүнзгий мэдэрдэг юм шиг?

-Гуниг зовлонгийнхоо гоо сайхныг таньж амжилгүй насаа элээж байгаа хүмүүс л өрөвдөлтэй. Жинхэнээсээ дурлаж үзээгүй, өнгө мөнгөнд хууртаж гэрлэсэн хүмүүс орчлонгоор дүүрэн байна шүү дээ.

-Аз жаргалтай байгаа үедээ хүн амьдралаас хөндийрдөг мэт санагддаг. Тийм болохоор шаналан, шаналан шатаж бич гэдэг байх. Тийм үү?

-Заавал шаналан шатаж байж бич гэдэг үгтэй эвлэрч чадахгүй. Яагаад заавал шаналах ёстой юм. Эсрэгээр нь тэгэхээс тэгэх гэсэн юм шиг хэлмээр байна. 

Жаргах ёстой үедээ жарган сэтгэлээ цатгаж, асгах үедээ асгаж, санаагаа мушгих үедээ мушгиж, уйлж дуулж, эрхэлж туньж, аз жаргалтай үеүддээ яагаад илүү бүтээж болдоггүй юм. Онолын хийгээд урьд эртийн шүлэгчдийн явсан гуниг цурхирлыг давтаж эсвэл дагаж хийсвэр гунигийн ёроолд живж яах юм. Чамаас өөрөөс чинь асууя. Ашиг нь юу юм бол.-Ашиг гээд байх нь ч хаашаа юм. Үүрэх ачаа хүнд тусам амрах газар олон болдог шиг хийсэх сэтгэл дарагддаг мэт санагддаг. Бичихийн тулд ямар нэгэн зүйлийг тогтмол хийсэн хүн байдаг л. Тэгвэл та сэтгэлийнхээ ямар үед илүү туурвин гэгэлздэг юм?

-Хүнээр хайрлуулсан, хүнийг хайрласан үедээ л илүү туурвидаг.

-Түрүү жилээс л сураг дуулдсан шинэ номын чимээ ойртож байна уу?

-Дөхөж л яваа даа.


1
10
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна