Б.Анужин: Бид нүдээрээ сонсож гараараа ярьдаг

Админ
2021/07/28

М.ДЭВЭЭЖАРГАЛ

“Анужин МДХ” youtube хаяг болон “Миний аниргүй ертөнц” цахим хуудсаар дамжуулан нийгэмд дуу хоолой, хэлэх үгээ зоригтой хэлж, сайн сайхан зүйл рүү тэмүүлдэг блоггер Б.Анужинтай уулзаж ярилцлаа. Тэр одоо МУБИС-д “Тусгай хэрэгцээт боловсролын багш” мэргэжлээр суралцаж байна. 

-Таны бодлоор хэл яриа болон сонсголын бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд ямар асуудал тулгардаг вэ? 

-Дохионы хэлний хэлмэрч цөөн байдаг нь гол асуудал. Жишээлбэл, өөрийгөө хөгжүүлэх, сургалт дамжаанд суух, бүх төрлийн төрийн байгууллага болон бусад газраар үйлчлүүлэхэд дохионы хэлээр ойлголцох боломжгүй. Тиймээс бичгээр харилцах хэрэг гардаг. Гэтэл зарим сонсголын бэрхшээлтэй хүмүүс бичиг үсэг сурах боломжгүй эсвэл сураагүй байдаг. Ер нь үйлчилгээний газрууд дохионы хэлмэрч ажиллуулах хэрэгтэй санагддаг даа. Манай улсад дохионы хэлмэрч бэлтгэх тусгай сургалт байдаггүй юм билээ. Цөөхөн хэдэн хэлмэрчээс авах гэхэд ажлын хөлсийг нь төлөх ёстой болдог. Энэ ажил хэцүү учраас мэдээж цалин хөлс авах хэрэгтэй шүү дээ. Бидэнд тэгэхээр эдгээр асуудлыг зохицуулах зохицуулалт хэрэгтэй гэж бодож байна.

 - Блог хөтлөх болсон шалтгаанаа ярина уу?

 -Сонсголын бэрхшээлтэй хүмүүс мэдээллээс байнга хоцордог. Тиймээс сонсголгүй хүмүүст зориулж блог хөтөлье гэж бодсон. Цахим хэрэглээгээр дамжуулан хувь хүний хөгжил, боловсрол эзэмших боломжийн талаар мөн бичгийн чадвараа хэрхэн сайжруулах вэ гэх мэт төрөл бүрийн сэдвээр мэдээллээ хуваалцах зорилготой гэж ойлгож болно. Бид нүдээрээ сонсож, гараараа ярьдаг. Зөвхөн сонсголгүй хүмүүст зориулж бичлэг хийх бус энгийн хүмүүст асуудлаа хүргэх, тэдэнд нөлөөлөх, нэгнийгээ ойлгоход тусалъя гэж боддог юм. Энэ нийгэмд хүний эрх, тэгш байдлын тухай дуу хоолойг өөрийнхөөрөө хүргэхийг зорьж явна. 

-Сурагч байсан үеэ одоотой харьцуулж харахад хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна уу? 

-Тэр үед автобусаар явахдаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн”- ий үнэмлэх үзүүлдэг байлаа. Тэгэхэд зарим кондуктор үнэмлэх булааж авах эсвэл “Мөнгөө төл, үгүй бол буу” гэх мэт тохиолдлууд байсан. Энэ хандлага их муухай санагддаг байж. Одоо бол хүмүүсийн хандлага харьцангуй өөрчлөгдөж байгаа юм шиг мэдрэгдсэн. Гэхдээ хандлага тийм ч амар өөрчлөгдөхгүй байх. Бид өөрчлөхийн тулд хичээж байна.

 -Та дохионы хэлний цуврал хичээлүүд заадаг. Хүмүүс хэр сонирхож байна вэ?

 -Хавар цахим хуудас нээсэн. Хадмал хичээлүүд арай амар. Сонсголтой хүмүүс аудио сонсох дуртай байдаг ч бэлтгэж өгөх хүн олддоггүй юм билээ. Тэдэнд зориулж арга хайж байгаа. Дохионы хэл сурах хүсэлгүй хүн ч байдаг. Бэрхшээлтэй найз нөхөдтэйгөө найзлах, харилцах гээд сонсголтой хүүхдүүд дохионы хэл сурах хүсэлтэй байдаг ч аав ээж нь зөвшөөрдөггүй гэсэн. Аав ээж нарт тэр буруу хандлага гэж хэлмээр байна. 

-Цар тахалтай холбоотой сургууль хичээллэхгүй байгаа. Энэ боломжийг яаж ашиглаж байна вэ? 

-Олон улсын дохионы хэл сурахын тулд англи хэлээ сайжруулахаар сургалтад хамрагдаж байна. Үүндээ бүхий л чадлаараа мэрийнэ. Мөн видео засвар хийх, блогоо хэрхэн гоё хөтлөх талаар судалж байгаа. Түүх, танин мэдэхүйн мэдлэгээ дээшлүүлэхийн тулд ном уншдаг. Бас хүний эрхийн зөрчлийн талаар судалж байна. 

- Хүсэл мөрөөдлөөсөө бидэнтэй хуваалцахгүй юу? 

-Сонсголын бэрхшээлтэй хүмүүст туслахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Хэн ч бай, хүн бүр эрх тэгш амьдраасай. Би ч түүний тулд чадах бүхнээ хийх болно. Магадгүй миний тусалсан хүмүүс манлайлагч болж, би сайн зөвлөгч нь байх ч юм билүү. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хангалттай олон бэрхшээлийг туулсаар ирсэн. Харин цаашид хүмүүс бие биеэ ойлгодог, хүнлэг сэтгэлээр ханддаг сайхан цаг ирнэ гэдэгт итгэдэг.



11
119
0
43
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.