У.Басбиш: Ихэр болохоор ч тэр үү заавал хуваана, хуваалцана гээд л...

Админ
2021/07/29

О.ЭНХЗУЛ

Энэ удаагийн “Шинэ танил” буландаа “ Бумеранг Контенс” ХХК-ийн захирал У.Басбишийг урилаа. 

-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Хүүхэд насны тухай яриагаа эхэлье? 

-Их хөдөлгөөнтэй тэмцээн уралдаанд тогтмол оролцдог хүүхэд байсан. Бага байхаасаа ихэртэйгээ хамт дуулж энд тэнд тоглолт, тэмцээнд орно. Бас хажуугаар нь Монгол хэл бичгийн олимпиадаар явдаг. Ээж маань багаас минь урлаг, хичээл хоёрыг хослуулах ёстой. Хэрвээ урлаг хөөгөөд хичээл алдагдвал урлагаар явуулахгүй гэж хэлдэг. Шилжилтийн нас эхлээд хоолой бүдүүрээд дуулахаа больж харин бүжгийн урлаг руу шунан дурлан орсон. Ээж мэргэжлийн бүжигчин, эгч нь бас бүжигчин хүн болохоор ээж “гэр бүлд хангалттай их бүжигчид байна” гээд бүжгээр явуулах дурамжхан байсан. Гэхдээ би нууцаар бэлтгэл, хичээл, олимпиадад явдаг байв. Нэг өдөр бүжгийн тэмцээнтэй ба йхад ээж ирж үзчихээд нүдэнд нь нулимс цийлгэнэсэн гэсэн. Тэгээд хүүгээ бүжгээр явуулахыг дахиж хориглохгүй гол нь хичээлээ бүү орхиорой гэж даалгасан. Түүнээс хойш ёстой бүжиг, хичээл, олимпиадын бэлтгэл гээд гэртээ ч тогтож суудаггүй завгүй болж эхэлсэн. Хичээлээ тараад гэртээ гялс ороод ус, түлээгээ бэлдэж гэрээ цэвэрлэчихээд буцаад сургууль орно. Шөнө дунд эсвэл үүрээр сургууль дээрээ очиж даалгавар бусад юмнуудаа нэмэлтээр хийдэг байлаа. VIII ангиасаа эхлээд хүүхдүүдэд бүжиг зааж хэдэн төгрөг олоод хэрэглээнийхээ мөнгийг залгуулдаг болсон. 

-Урлагт сонирхолтой хүүхэд сэтгүүлч мэргэжлийг сонгоход юу нөлөөлсөн бэ?

-Дээр дурдсанчлан дан ганц урлаг хөөдөггүй хүүхэд байсан. ЭЕШ дээрээ Монгол хэлний хичээлд 800 оноо авч МУИС-ийн хуваарь авсан. Надад ОХУ-д бүжигчнээр үнэгүй сурах боломж ч байсан. Урлагийн авьяас байсаар л байна.Тиймээс “чадварлаг боловсон хүчин болъё” гэж бодоод МУИС-ийн Олон улсын сэтгүүл зүйн ангийг сонгосон. 

-Сэтгүүлзүйн салбар янз бүрийн ааш зантай хүмүүстэй харилцдаг. Ер нь хүмүүстэй харилцах, арга эвийг олох, ярилцах тал дээр өөрөө хэр нээлттэй хүн бэ?

 -Багаасаа олон төрлийн хүмүүстэй нөхөрлөж өссөн. МУИС-ийн оюутан байхдаа сургуулийнхаа Оюутны холбооны даргаар, Салбарынхаа оюутны зөвлөлийн дарга, урлагийн клуб гээд өөр өөр хүмүүжилтэй залуусыг удирдаж явсан болохоор надад маш их туршлага болсон. Одоо миний хариуцан явдаг Бумерангийн хувьд ч тэр өөр өөр насны, өөр ертөнцтэй залуучууд болохоор аль болох арга эвийг тааруулж удирдаж явна даа. Дээрээс нь ихэр болохоор ч тэр үү заавал хуваана, хуваалцана гэдгийг анх төрснөөсөө эхлээд л бүх зүйл эрх тэгш хүртээмжтэй байх талаар алхам тутамдаа ойлгож ирсэн.

 -Та бусад хүмүүсийг бодоход ихэр гэдгээрээ содон. Ихэртэй чинь андуурах эсвэл хамт байхдаа ч юм уу тохиолдож байсан хөгтэй явдлаасаа хуваалцвал? 

-Оюутан байхад манай оюутны ангийн охин гэнэт гудамжинд ихрийн маань нүдийг дараад мах уу, шөл үү гэж асуусан гэсэн. Тэгээд л мах гэсэн чинь маргааш болтол тавихгүй ээ гээд л гараа автал манай найзыг ихэр маань их сонин хараад зогсож байсан. Тэр хоёр гудамжинд бантаж хэсэг зогсоод салсан гэсэн. Ер нь оюутан байхад хөгжилтэй зүйлс их тохиолддог. Надтай нэг танихгүй хүн мэндлээд л өнгөрнө. Би ч танихгүй болохоор гайхаж харахаар нөгөө хүн маань их бантдаг байж билээ. Манай сэтгүүл зүйн анги олон охинтой. Ихэр маань бас МУИС-д сурдаг. Тэдний анги олон бандитай. Үүнээс үүдэн олон охинтой явж байвал Баби, олон эрчүүд байвал Биби гээрэй гэдэг болсон. (инээв) 

- Бумеранг гэсэн нэр , контентын бодлого, уриаг өөрөө санаачилсан уу? 

-Контентын бодлого, уриа гээд бүгд миний гаргасан агуулга. Анх Бумеранг нь групп чат нээгдсэнээс үүссэн. Би гэхдээ нээж байгаагүй. Манай Бумеранг-д байсан охин нээж байсан. Түүнээс хойш би удирдаад явж байгаа. Одоо бид “Бумеранг Контентс” ХХК болоод томорчихсон. Аливаа ажлаа компанийн төвшинд хэлэлцэж шийдэж ажилладаг. -Өдгөө хүртэл өсөн дэвжиж олон дагагчтай болж “Бумеранг Контентс ХХК” болоход юу нөлөөлсөн гэж бодож байна? -Биднийг өдийг хүртэл хэн ч биш байхаас эхлээд дэмжиж ирсэн дэмжигчид нар маань нөлөөлсөн. Мөн Бумерангийнхны эв нэгдэл, хамт олноо гэсэн сэтгэл. Бумеранг нь хамт олон гэхээсээ илүү нэгэн гэр бүл болоод байгаа гэхэд хилсдэхгүй. 

-Залуу хүмүүсийн хувьд мөнгөний асуудлууд тулгарсан байх. Адаглаад үнэтэй камераар зураг авах, компьютер дээр эдит хийхээс авахуулаад бүх ажлаа л өөрсдөө нугалдаг байсан уу?

 -Бидэнд харьцангуй тийм асуудал тулгамдаж байгаагүй. Анх KFC-с санал ирээд авсан цалингаараа эхний контентоо бүтээсэн. 

- Удахгүй ЭЕШ болно . Шалгалт өгөх сурагчдадаа юуг анхаарч шалгалтаа өгөх хэрэгтэй гэж бодож байна. 800 оноо гэдэг хүссэн нэг нь авдаггүй. Та хэрхэн бэлдэж, оролцсон т уршлагаас аа хуваалцаач?

 -Би өдөр бүр тогтмол цагийг яг зориулж бэлддэг. Унших ёстой номууд, он оны ажлуудыг сайн ажиллаж бусдын л жишгээр явсан. Шалгалтын үеэр маш сайн анхаарлаа төвлөрүүлж гүнзгий амьсгаа аваад ажиллаж эхэлсэн. Ихэнх хүүхдүүд яарч, сандарч зарим зүйл дээр алдаатай хийх тохиолдлууд байдаг. ЭЕШ өгөх байгаа дүү нартаа хэлэхэд хамгийн сайн хийдэг хичээлдээ их бэлдэж “Яг би юуг чадах вэ, юун дээр сайн бэ” гэдгээ тунгааж гол зүйл нь “Би ямар сургуульд ямар мэргэжилтнээр орох гэж байгаа билээ” гэдгээ тодорхойлж тогтмол бэлдэх ёстой гэж боддог. Жишээлбэл химийн хичээлдээ муу байж эмч болно гэсэн хүүхдүүд өмнө нь надтай уулзаж байсан. Үнэхээр эмч болохыг хүсэж зорьдог бол анхнаасаа тэр хичээлд шунан дурлаж хичээх ёстой байтал цаг нь тулахаар гэнэт шийддэг. Зарим нь бас гэр бүлийн шахаа шаардлагаар сонгох нь элбэг. Уг нь “Ирээдүйд хэн болох вэ, ямар ажил хийвэл би жаргалтай байх вэ” гэдгээ мэдээд шийдээд тэр зүйлээрээ бэлдвэл улам амжилттай, сайн өгөх байх. Яг үнэндээ би ЭЕШ-д бусдын адилаар л тогтмол, сайн бэлдсэн өөр илүү зүйлгүй. Гол нь хамгийн сайн хийдэг хичээлээ сонгож сайнаараа бэлдэх нь чухал.

 - Залуу хүний хувьд хийж бүтээе гэсэн оргилсон их хүсэл нуугдаж байдаг нь мэдээж. Та цаашдын төлөвлөсөн төлөвлөгөөнөөсөө хуваалцвал? 

- Ирээдүйд эх орондоо хэрэгтэй, ихийг хийж бүтээсэн. Хэн нэгний амьдралд  гай болохгүй, хэн нэгнийг дээш доош нь хийхгүй эрүүл эерэг зөв боловсон хүчин болно. Мөн боломж нөөц, хүсэл, тэмүүлэл бүх зүйл байтал ар гэр, санхүү өөр бусад нөхцөлөөс болоод хүссэндээ хүрч чадахгүй байгаа олон зуун хүүхдүүдэд чадахаараа бодит тусламж хүргэхийг хүсдэг. Яагаад гэвэл би өөрөө яг тийм л хүүхэд байсан. Хүсэвч чадахгүйн зовлон ямар байдгийг сайн мэдэх болохоор л тэр байх.



34
166
9
2
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.