Г.Гангамөрөн: Нийслэлийн бүх худалдан авалт ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн байх болно

Админ
2021/07/29

Т.АМАРТҮВШИН

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Г.Гангамөрөнтэй ажил мэргэжлийнх нь талаар болон нийслэл хотын тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

-Та өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгжрэл дунд ногоо арилгаж, ажлаа хийж байгаа зурагтай пост оруулсан нь олон хүнд хүрч, акц болж чадсан. Түүнээс хойш таныг олон нийт илүү мэддэг болсон. Г.Гангамөрөн гэж хэн бэ гэдгээс яриагаа эхэлье. Өмнө нь та хаана ямар, ажил алба хашиж байв?

- Би айлын арав дахь хүүхэд, айлын бага охин. Арван жилийн сурагч байхад миний эгч МҮОНРТ-д “Хэрэглэгч та хаан” нэвтрүүлэг хөтөлдөг байсан. Долдугаар ангидаа эгчийнхээ ажил дээр очиж уулзахад анх сэтгүүлч болох хүсэл төрсөн. Би өдрийн тэмдэглэл хөтөлдөг, бичих сонирхолтой, дуу шүлэг их сонирхдог хүүхэд байлаа. Намайг Сэлэнгэ аймгийн арван жилийн есдүгээр ангид суралцаж байхад манай аймагт анхны кабелийн телевиз байгуулагдсан. Тус телевизэд хандан “Намайг Гангамөрөн гэдэг. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сайн суралцдаг. Манай эгч МҮОНРТ-д ажилладаг. Би ирээдүйд сэтгүүлч болох хүсэлтэй” гэж захиа бичиж байв. Захиа бичсэний дараа телевизээс хүн ирж, багштай уулзаад намайг ажилд авч байсан. Би тэр үед 15-тай байлаа. Үндсэндээ есдүгээр ангид ордог жилээсээ ажил хийж эхэлсэн. Хүүхдийн нэвтрүүлэг, хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч хийдэг байлаа. Дунд сургуулиа төгсөөд сэтгүүлчийн мэргэжил эзэмшсэн. Дараа нь мөн хуульч мэргэжилээр төгссөн. Сэтгүүлч, хуульч гэсэн хос мэргэжилтэй. Аль ч мэргэжлээрээ суралцаж байх хугацаандаа би ажил хийдэг байсан.

-Багаасаа хөдөлмөрийн амтыг мэдэрч дээ?

-Тиймээ, тухайн үед сонинуудтай гэрээтэй ажилладаг байлаа. Нийгэм, соёлын редакцад сонины түр сурвалжлагчаар ажиллаж байсан. Нэг өдөр нийтлэлээ бичих гэж яваад “Яасан харанхуй юм бэ гэж зүхсэнээс, ядаж нэг ч гэсэн лаа асаа” гэсэн бичиг, хаяг харсан. Ямар учиртайг нь сонирхоод тухайн байгууллага руу ороход НҮБын дараа ордог, 175 оронд салбартай Олон Улсын хүний эрхийн “Эмнести интернэйшнл” байгууллагын Монгол дахь салбар үйл ажиллагаагаа явуулж байсан. Тус хүний эрхийн байгууллагын уриа байсан юм билээ. Захирал нь Алтанцэцэг гээд сайхан эмэгтэй байсан. Одоо ч бий. 

Алтанцэцэг эгчтэй танилцаж, ярилцаад сониндоо нүүр дүүрэн ярилцлага хэвлүүлсэн. Ярилцлага маань сайн болж, урамшуулал ч сайн авсан. Тухайн үедээ оюутан хүүхэд нэг сайн нийтлэл бичихэд долоо хоногийнхоо хэрэглээний мөнгийг олчихдог байлаа. Сайн ярилцлага өгсөн учраас Алтанцэцэг эгчид талархлаа илэрхийлж, эргэж очиж уулзсан. Би “Танай байгууллага сайн дурын ажилтан ажиллуулдаг юм байна. Би ажиллаж болох уу” гэж санал тавьсан. Алтанцэцэг эгч “Хүний эрхийн байгууллага учраас хэнд ч нээлттэй” гэж хэлж, намайг ажилд авч байв. Туркээс “Эмнести интернэйшнл” байгууллагын урилгаар ирж, ажиллаж буй Бедиа Акиуз гэж эмэгтэйн туслахаар ажилласан. Би “Эмнести интернэйшнл” Олон Улсын хүний эрхийн байгууллагад амьдралынхаа 11 жилийг холбосон. Эхний жилүүдэд сайн дурын ажил, дараа нь тухайн байгууллагын хэвлэл мэдээллийн ажлыг хариуцаж, сүүлд нь Удирдах зөвлөлийн гишүүнээр нь хүртэл ажиллаж байв. Сайхан хүмүүстэй хамтарч ажилласандаа одоо ч баяртай байдаг. Энэ байгууллагад ажиллаж байхдаа хууль, эрх зүйн мэргэжил хүнд заавал хэрэгтэй гэдэг ойлголт төрж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Харин сэтгүүлчээрээ дунд сургуулийн сурагч байхаасаа хувийн телевизтэй болтлоо ажилласан даа.

-Төрд хэзээнээс алба хашиж эхлэв?

­-Анх 2014­, 2015 онд Сангийн яаманд Сайдын зөвлөх хийсэн. Тухайн үед хамтарсан Засгийн газар байгуулагдан ажиллаж байлаа. 2016 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газарт Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажилласан. 2020 онд УИХ-­ын Тамгын газарт ажилласан. Дараа нь НИТХ-­ын сонгуульд, Баянгол дүүргээс өрсөлдөж, иргэдийн төлөөлөл болон ажиллаж байна.

-Сэтгүүлч, хүний эрхийн байгууллагын ажил хийж яваад хэрхэн улс төрд орчихов?

-­Сэтгүүлч ч, хуульч ч ер нь аливаа юмны мөн чанарыг ойлгож араас нь хөөцөлддөг шүү дээ. Аливаа асуудлын шийдлийг хайгаад араас нь явахад, эцсийн дүндээ шийдвэр гаргагчидтай очиж тулдаг. Тиймээс шийдвэр гаргалтын түвшинд ажиллахгүйгээр асуудлыг ярьж яваад, гарц гаргалгаанд очихгүй юм болов уу, энд яагаад би оролцож болохгүй вэ гэж бодсон. 

Асуудлыг гаднаас шүүмжлэх амархан. Тиймээс оролцох ёстой. Оролцож, шийдвэр гаргахын тулд улс төрийн түвшинд ажиллах шаардлагатай гэж бодсон учраас улс төрд орсон. Илүү их өөрчлөлтийг хүсч байгаа бол улс төрд орж ажиллах ёстой юм байна гэж бодсон.-Ярианы сэдвээ таны одоогийн хашиж буй ажил, алба руу чиглүүлье. “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ саяхан бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт орсон. Чиг үүргийн хувьд цар хүрээ нь тэлсэн шүү дээ. Энэ тухайд тодруулахгүй юу?

­-Жижиг дунд үйлдвэр /ЖДҮ/­ ийн салбар анх 1993 онд төрийн байгууллагад хэлтэс байдлаар байгууллагадаж ажиллаж эхэлсэн түүхтэй. Саяхныг хүртэл ЖДҮ эрхлэгчдийг төрөөс бага хувийн хүүтэй, урт хугацаатайй зээл олгох байдлаар дэмжиж ирсэн байдаг. ЖДҮ­ийг дэмжих нь зээл олголт юм байна гэсэн ойлголт нийтийн дунд байна. УИХ­аар 2019 оны зургадугаар сарын 6­нд Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчлэгдэн батлагдсан. Хуучин ахуй үйлчилгээний салбар болох гуталчин, хими цэвэрлэгээ, гоо сайхан, такси үйлчилгээний салбарууд буюу үйлчилгээ эрхлэгчдийг уг хуулиар зохицуулж, ЖДҮ­тэй нэгтгэж өгсөн. Тиймээс хуульд нийцүүлж, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэр, үйлчилгээ /ЖДҮҮ/ эрхлэгчдээ нэгтгэн, НИТХын тэргүүлэгчдийн 13 дугаар тогтоолоор манай байгууллага “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ болж энэ оны хоёрдугаар сард шинэчлэгдсэн.

Мөн тусгай сангийн тухай хуулиар ЖДҮ дэмжих сан байхгүй болсон. Төр өнгөрсөн 28 жилийн хугацаанд ЖДҮ­ийг хариуцсан байгууллагыг янз бүрийн байдлаар өөрчилж ирсэн. Одоо агентлаг болон Нийслэлийн ЖДҮҮ дэмжих газар үйл ажиллагаагаа явуулж байна. Иймээс сан байхгүй болсон учраас зээл олголт байхгүй. Харин манай байгууллага хуулийн хүрээнд ЖДҮҮ­г эрхлэгчдийг дэмжих чиглэлд ажиллаж байна. Нийслэл хотод улсын нийт хүн амын 51 хувь, эдийн засгийн эргэлтийн 80 хувь нь эргэлддэг. Манай ЖДҮҮ эрхлэгчид Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн 70 хувийг бүрдүүлдэг “том айл”. Хотод хөдөлмөрийн насны нэг сая хүн амьдардаг. Түүнээс ЖДҮҮ эрхлэгч 43 мянган аж ахуй нэгжид, 674 мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. ЖДҮҮ эрхлэгчид маань өөрийн ур чадвараараа ахуй амьдралаа болгоод явдаг хүмүүс байдаг. Улсаас нэг их юм хүсээд байдаггүй. Нарийн боовны үйлдвэртэй ЖДҮҮ эрхлэгч байлаа гэхэд бүтээгдэхүүнээ хийгээд таван дэлгүүрт борлуулахаар өгдөг байх жишээтэй. Тус тусдаа цөөн ажилтантай ч тэднийхээ амьдралыг аваад явдаг хөдөлмөрч хүмүүс бол ЖДҮҮ эрхлэгчид. Харамсалтай нь сүүлийн хоёр жил шахам бизнес эрхлэгчид маань үйл ажиллагаа нь зогсож, хүнд байдалд орсон. Гэхдээ бид болохгүй байна, бүтсэнгүй гэж хойш суулгүй энэ хүмүүсийнхээ асуудлыг шийдэхийн төлөө үе шаттай ажлуудыг хийгээд явж байна.

-Аж ахуйн нэгж, тэр тусмаа ЖДҮҮ эрхлэгчид цар тахалтай холбоотойгоор хүнд байдалд багагүй хугацааг өнгөрөөсөн. Танай байгууллагын зүгээс ийм үед бодлогын ямар дэмжлэг үзүүлэв? ­

-“Ковид 19” цар тахал бидэнд нэг зүйлийг хатуу сануулсан. Хатуу хорионд орсон нөхцөлд хэрхэн худалдаа, үйлчилгээгээ эрхлэх гэдэг асуудалтай тулгарсан. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид цахим орчноор дамж уулж бизнесээ эрхлэх боломжтой. Дижитал эрэн үе ирсэн. Монгол Улсад цахим платформ төдийлөн хөгжөөгүй. Энэ платформыг хийхийн тулд хамгийн чухал зүйл болох үнэн зөв датаг цуглуулж, нэгтгэх байсан. Тиймээс нийт ЖДҮҮ эрхлэгчдийнхээ нэгдсэн судалгааг хийж авсан. Хэн хаана, ямар багаж, тоног төхөөрөмжтэй үйл ажиллагаа явуулж байна гэдэг судалгааг хийсэн. 

Бид нийт 675 мянган худалдаа, үйлчилгээ эрхлэгчдээ нэгтгэсэн цахим платформыг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Цар тахлын төдийгүй Ковидын дараах шинэ амьдралын хэв маягт нийцүүлж, бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулах, үйлчилгээ эрхлэгчид яаж үйлчилгээгээ хүнд нь хүргэх тал дээр цахим платформ үүсгэж, түүнд суурилсан маркетинг борлуулалтын шинэ дэд бүтцийг хийнэ. ЖДҮҮ эрхлэгч 43 мянган аж ахуй нэгжийн бүтээгдэхүүний борлуулалт, маркетингийг дэмжих ажлыг хийж байна. Хоёрдугаарт, жижиг дунд бизнес эрхлэгчдээ сургах нь чухал байна. Цөөн ажилтантай нарийн боовны үйлдвэр байлаа гэхэд албан ёсны аж ахуйн нэгжээр бүртгүүлдэггүй. Эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлдөггүй. Улсын бүртгэлд ордоггүй. Тэгс эн мөртлөө хүмүүсийг ажлын байраар хангаад, ажиллаж, амьдраад байдаг.

 Гэтэл улсад бүртгэлгүй учраас эргээд төрөөс дэмжлэг авах боломжгүй байдаг. ЖДҮҮчид зээл авахын тулд л татвар, тайлан хөтлөх хэрэгтэй юм байна гэсэн сөрөг хандлага байна. Олсон орлогынхоо ихэнхийг татварт өгчих юм байна гэдэг ч юмуу. Гэтэл ЖДҮҮ эрхлэгчид хуулийн этгээд болоод татвар төлөх нь эдийн засгийн урсгалыг зөв болгох, эргээд төрийн олон үйлчилгээг авах боломж нь бүрддэг. Түүнийг манай ЖДҮҮ эрхлэгчид тэр бүр ойлгодоггүй. Иймд аж ахуйн нэгж болох нь ямар чухал юм бэ гэдгийг ойлгуулахын тулд манай байгууллага нийт жижиг дунд бизнес эрхлэгчддээ зориулан сургалт явуулж байна. Манай байгууллага найман багц сургалтыг цахим орчинд үнэ төлбөргүй явуулж байгаа.

Мөн Япон ­ Монголын эдийн засгийн хэлэлцээрийн таван жилийн ойд зориулсан цахим үзэсгэлэнг Японтой хамтарч хийлээ. Энэ үзэсгэлэнд есөн дүүргийн 120 гаруй аж ахуй нэгж 1000 орчим бүтээгдэхүүнээрээ оролцсон. Нэг сарын турш онлайн үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа. 

Японы талаас маш таатай саналуудыг тавьж байна. Монголын хөрсөнд ургуулсан чацарганыг экспортоор авъя, Япон Улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ зэрэг мэдээллүүдийг өгч хамтран ажиллаж байна. Мөн БНСУ­ын ижил статутастай төрийн байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагаагаа эхлүүлээд явж байна.-Гадаад орнуудад ЖДҮҮ эрхлэгчдээ хэрхэн дэмждэг вэ? ­

-Маркетинг, борлуулалт дээр нь маш сайн дэмждэг. Энэхүү дэмжлэгээ хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулж өгдөг. Манай төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд давуу эрх олгож, шууд гэрээ байгуулж дэмжинэ гэсэн заалт байдаг. Гэвч амьдрал дээр хэрэгждэггүй. Жилд маш олон зуун тэрбум төгрөгийн худалдан авалтыг зарладаг хэрнээ дотоодын, тэр тусмаа ЖДҮҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авдаггүй. Энэ нь юутай холбоотой гэхээр нэг талдаа үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн зүгээс стандарт шаардлагыг нь хангадаггүй, нөгөө талдаа дотоодын бүтээгдэхүүнийг авах хүсэл тухайн байгууллагад төдийлөн байдаггүй. 

Хямд үнээр олноор үйлдвэрлэдэг импортын бүтэгдэхүүнийг тухайн тендер зарлаж буй байгууллагууд авах сонирхолтой байх жишээтэй. Энэ асуудалд цэг тавих ёстой. Аливаа ажил алга урвуулах төдийд шууд хэрэгжихгүй.Гэхдээ бага багаар зөв чигт нь оруулахын тулд нийслэлийн бүх худалдан авалт нь ЖДҮҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг авдаг болгох шийдвэрийг бодлогын хэмжээнд яриад явж байна. Энэ чиглэлд бодлогын бичиг баримт гаргах ёстой. Тухайлбал, шахмал түлшний шуудайг нийлүүлэх тендер нь жилдээ 11 тэрбум төгрөгийн үнэлгээтэй зарлагддаг. Материал нь байхад шуудай оёж чадахгүй хүн гэж бараг байхгүй. Ур чадвартай маш сайн оёдолчид ч их бий. Нэг дүүргийн оёдолчид нийлээд 11 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн ажил аваад хийвэл маш их хөрөнгө оруулалт болно. Тэдэнд ийм их өртөгтэй тендерийн ажил аваад хэрэгжүүлэхэд заавал зээл авах хэрэг ч байхгүй. Тэгэхээр ЖДҮҮ эрхлэгчдээ төрөөс зээл өгөхөөс илүүтэй ажил олж өгөх дээр нь менежмент хийх шаардлагатай. Нөгөө талд ЖДҮҮ эрхлэгчид аливаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн болон үзүүлж буй үйлчилгээгээ чанартай сайн хийх хэрэгтэй. Үүний тулд манай байгууллага бүх төрлийн туслалцааг үзүүлдэг.

-УИХ-ын хаврын чуулганы төгсгөлд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хууль батлагдсанаар нийслэлд ямар боломж үүссэн бэ? ­

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь Улаанбаатар хотын “малгай” хууль. Энэ хуулийг дагалдаж олон хуульд өөрчлөлт орох ёстой. Нийслэл 1.5 сая хүнтэй, том хот. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар олон асуудал шийдэгдэнэ. Бие даасан өөрийн хөрөнгө оруулалтын сантай болох боломж, дагуул хотуудыг байгуулах, түгжрэл, авто замын зөв зохион байгуулалт, 2030, 2040 он хүртэлх хотын бүтээн байгуулалт ямар байх, хүн төвтэй бодлого хэрхэн хэрэгжих, Олон Улсын байгууллагуудтай хэрхэн харилцах, зах зээлийн том чөлөөт бүс байгуулах зэрэг олон асуудлууд шийдэгдэх эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Мэдээж энэ хуулийг дагаж олон эрх зүйн баримт бичигт өөрчлөлт орно.

- Улаанбаатар хотод тулгамдсан асуудлын нэг нь авто замын түгжрэл. Авто замын түгжрэлийг шийдэхийг уриалж, акц дэвшүүлж байсан хүний хувьд энэ асуудалд ямар зоригтой шийдэл хэрэгтэй байна гэж үздэг вэ?

­-Улаанбаатар хотыг 2024 он хүртэл хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт түгжрэлийг бууруулах ажил нэлээн сайн туссан. Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хүүхэд байхаасаа л асуудлын гүн рүү орж, хэрхэн илэрхийлэх үү гэж боддог байсан. Тиймээс хотын замын түгжрэл, авто замын ус зайлуулах хоолойн асуудлыг шийдэх ёстой гэдэг цуврал контент, акцыг хийж байсан. 

Түгжрэлийг шийдэх олон улсын туршлагыг харахаар олон төрөлт тээврийн хэрэгслийг цагийн зөв менежментээр хөдөлгөөнд оролцуулахыг чухалчилдаг юм билээ. Жишээлбэл, аль цаг үед, хаана түгжрэл их байна. Тэнд ямар циклээр тээврийн хэрэгслийг явуулах вэ гэдгийг гаргаж ирэх нь чухал. Зарим хотуудад дундаа зогсохгүйгээр нийтийн тээврийн уртын шугам явдаг юм билээ. Ойр ойрхон автобусны зогсоол дээр зогсохгүй хөдөлгөөнд оролцоно гэсэн үг. LRT гээд олон төрөлт тээврийн хэрэгсэл оруулж ирэхээр Нийслэлийн Засаг даргын ажлын алба ажиллаж байна. Метро барих ажлууд яригдаж байна. Аль болох тээврийн хэрэгслийг олон болгох шаардлагатай. Тэгээд цагийн зөв менежменттэйгээр замын хөдөлгөөнд оролцуулах ёстой.

-Арваад жил метро барих асуудлыг ярьсан ч ахиц гарсангүй. Улаанбаатар хотод метро барих боломж бий юу?

­-Олон төрөлт тээврийн хэрэгсэл хэрэгтэй гэдгээр нь авч үзвэл метроны нэг лайн ч гэсэн хийх ёстой. Гэхдээ манайд тулгамдаж буй асуудал нь газар доорх байгууламж бүрдээгүй. Зун болохоор газар ухаж, шугам хоолоо заслаа, цэцэг ногоо сүйтгэлээ гэж шүүмжлүүлдэг. Бусад орнуудад газар доогуур хонгил байгуулаад шугам хоолойгоо байрлуулсан байгууламжтай. Тиймээс газар ухах шаардлагагүйгээр засвар үйлчилгээгээ хийчихдэг. Гэтэл манай улсад газар доогуурх байгууламж байгуулах ажил хийгдээгүй учир дулаан, бохир, цэвэр усны шугам явдаг газар доорх байгууламжийн асуудал хүндрэлтэй хэвээр байна. Метроны хувьд барих ёстой гэвэл тийм. Гэхдээ тодорхой цаг хугацааны дараа шийдэгдэх ёстой асуудлын нэг. 


5
0
0
0
0
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна