Вакцинжуулаагүй бол яах байв

Админ
2021/07/30

Л.ТУЛГА

Хүн төрөлхтөн “Ковид-19” цар тахалтай зэрэгцэн амьдрах нь тодорхой болсныг олон эрдэмтэн, судлаачид хэлж буй. Тиймдээ ч улс орнууд хүн амаа аль болох хурдан вакцинжуулж, хэвийн амьдралдаа эргэн орохын тулд хэрэндээ хичээцгээж байна. Өнөө вакцин нь тоо хэмжээтэй учраас зарим улсад хүрэлцэхгүй, иргэдээ дархлаажуулах тал дээр тааруу байх. Ийм цаг үед Монгол Улсын Засгийн газар нийт хүн амынхаа 60.1 хувийг вакцины бүрэн тунд хамруулсан нь бахдам үйл хэрэг юм. Хүний гавьяат эмч Б.Болдсайхан “Олдсон вакциныг голж, шилэлгүй хийлгэ” хэмээн иргэдээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байсан.

Засгийн газраас эрчимтэй явуулсан арга хэмжээний дүнд иргэд ч вакциндаа идэвхтэй хамрагдаж, өнөөдөр ийм мэдээтэй сууцгааж байна. Гэхдээ бид хүн амынхаа 60 гаруй хувийг бүрэн тунд хамруулчихлаа гээд тайвширч болохгүй. Монгол Улс коронавирусийн эсрэг дархлаажуулалтаараа дэлхийн улс орнуудаас хэдий дөрөвт эрэмбэлэгдэж байгаа ч иргэд Эрүүл мэндийн яамнаас өгч буй заавар, зөвлөмжийг ягштал баримталж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухлыг са - нуулмаар байна. Ингэж байж бид хэвийн амьдралдаа хурдан орно. Эдийн засгаа саадгүй явуулж, үйлдвэрлэл, үйлчилгээний газрууд хэвийн горимоор ажиллаж, өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс ч аажуу тайван ажлаа хийж чадна. Намар сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор ажиллуулах нөхцөл бүрд эж, хэн нэгэнтэй уулзахдаа ковидын халдвар авчих вий гэх айдасгүй болно.

Вакцины ач холбогдлыг ийн дурдаад байвал тоймгүй их. Үүний нөгөө талд вакцин эсэргүүцэж буй хүмүүс ч бий. Шинжлэх ухаанаар батлагдсан учраас ганц Монгол биш хүн төрөлхтний өмнө тулгарсан энэ аюулт цар тахлаас вакцин хийлгэсэн бол аминаас тань холуур өнгөрнө гэдгийг судлаачид хэлсээр ирсэн. ДЭМБ­аас ковидын үед яаралтай хэрэглэхээр найман вакцин бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, хүн амыг вакцинжуулах нь халдвараас сэргийлэх, тархалтыг бууруулах, хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилготой. Дэлхий даяар 194 улс оронд нийт 3,696,135,440 тун вакцин хийгээд байна. Харин Монгол Улсын Засгийн Газраас дөрвөн төрлийн 5,226,670 тунг татан авч, хүн амыг дархлаажуулж эхэлсэн. 

Энэ оны долдугаар сарын 27­ны өдрийн 19 цагийн байдлаар улсын хэмжээнд зорилтот бүлгийн хүн амаас эхний тунд 2,155,040 (91,4%), давтан тунд 1,956,183 (83,0%) хүн хамрагдсан. Улсын хэмжээнд нийт хүн амын I тунгийн хамралт 66,2, II тунгийн хамралт 60,1 хувь байна.Одоогоор вакцинд хамрагдсан байдлаараа Өмнөговь, Говьсүмбэр, Сүхбаатар аймаг тэргүүлж байгаа. Цаашид наймдугаар сарын 15 гэхэд Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдэд давтан тунг бүрэн хийж дуусгахаар төлөвлөж байгаа аж. Хэрвээ манай улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж амжаагүй бол намар гэхэд халдварын тохиолдол нэг саяд хүрэх байсан гэдгийг албаныхан хэлж буй. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянтогтох “Эрдэмтдийн хийсэн математик тооцооллоор хэрвээ вакцины үзүүлэлт 60 хувьд хүрээгүй байсан бол есдүгээр сарын 1 гэхэд нийт халдварын тохиолдлын тоо нэг саяд хүрэх байсан. Энэ нь манай улсын нийт хүн амын 30 хувь нь шүү дээ. Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 4.7 хувь халдварт өртсөн байна. Хүн амынхаа дунд эрт вакцинжуулалтыг эхлүүлснээр дээр дурдсан эрсдэлээс 6­7 дахин хамгаалсан гэсэн үг.

Мөн тус тооцооллоор нэг сая хүн халдвар аваад зогсохгүй эмнэлгийн ачаалал 20 хувиар нэмэгдэж, үндсэн тусламж үйлчилгээгээ ч үзүүлэх бололцоогүй болох байсан. Вакцинжуулалт хийснээр иргэдийн халдвар авах эрсдэлийг 75 хувь хамгаалж, ковид авсан ч нас баралт, хүндрэлээс 90­95 хувь хүртэл хамгаалж байгаа юм. Нийт нас баралтын хувь 0.5 байгаа бол дэлхийн дундаж 2.1 байна. Үүнд шууд хамаарах хүчин зүйл нь дархлаажуулалт.

 Нэг үгээр хэлбэл, дархлаажуулалт нь тархалтыг бууруулсан, хүндрэл нас баралтаас сэргийлсэн, эмнэлэгт ирэх байсан ачааллыг бууруулсан гэсэн үг. Халдварт өвчний үед вакцинжуулалт гэдэг хамгийн үр дүнтэй урьдчилан сэргийлэх арга байдаг” гэсэн юм. Вакцин биднийг аюулаас хамгаалах ч коронавирусийн мутацлагдсан хувилбар орж ирсэн учраас эрсдэл бий.Манайд дельта вирусийн хувилбар бүртгэгдсэн. Маш хурдан тархдаг, хүндрэл ихтэй хувилбар. Энэ вирус дэлхийн 120 гаруй улсад тархаад байна. Тархах чадвар нь 40­80 хувь, эмнэлэгт хэвтэх эрсдэл хоёр дахин өндөр учраас манай улс хүн амынхаа 60 хувийг бүрэн тунд хамруулсан нь Засгийн газар иргэдийнхээ амь насыг эрсдэлээс хамгаалсан үйл явдал байв. Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн халдвар авсан ч хөнгөн өвдөх, нас баралт бага байна гэсэн нотолгоог улс орнууд ч мэдээлсээр байна. Тухайлбал, БНСУ­д зургаан сард нийт халдварын 3.3 хувьд дельта вирус илэрч байсан бол энэ сард 33.9 хувь болж нэмэгджээ. Тус улс арваннэгдүгээр сар гэхэд нийт хүн амынхаа 70 хувийг вакцинжуулж, сүргийн дархлаа тогтооно гэж төлөвлөж байна. Харин Энэтхэг улс 510 дахь хоногтоо хөл хорионд байна. Вакцин хомстолтой байгаа учраас дотоодын үйлдвэрийн вакцинаас гадна өөр улсуудаас импортоор вакцин авч буй аэ. Аргаа ядахдаа тэд халдвар авсан хүний эмчилгээнд содатай усаар утах нь үр дүнтэй гэж зөвлөж байгаа.

Тэгвэл Австри улсад вакцинжуулалтын эхний тун хийлгэсэн хувь 58.7, II дахь тун 47.8 хувьтай байна. Энэ нь мэдээж хангалтгүй. Үүнийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газраас нь олон төрлийн арга хэмжээ авч эхэлжээ. Тэгвэл АНУ­д дельта хувилбар эрчимтэй тархаж, төрийн байгууллагууд цахимаар ажиллаж байна. Шинээр бүртгэгдэж буй халдвар долдугаар сар гарснаас хойш дахиад эрчимтэй өсөж байгаа аж. Энэ нь дельта вирусийн тархалттай холбоотой. Гэхдээ АНУ хүн амаа вакцинжуулалтад эрчимтэй хамруулж байна. Улс орнууд ковидтой зэрэгцэж амьдрахын тулд нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулж, сүргийн дархлаа тогтоохоор ажиллаж байгаа юм. Дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахал хүн төрөлхтөнд олон сургамж өгч, тэр хэрээр улс орнууд амьдралын хэмнэл, хэвшлээ өөрчилж байгаа.

Саяхныг хүртэл манайх онлайн уулзалт, хурал гэж бараг мэддэггүй байв. Одоо интернеттэй газар л байвал хаанаас ч цахимаар холбогдож, уулзалтаа хийж, ажил хэргээ явуулдаг дадал суучихлаа. Энэ бол цар тахлын аюулыг дагаад хүмүүст сууж буй амьдралын энгийн дадал, зуршил болжээ. Ийм үед манай Засгийн газар иргэдээ вакцинжуулах ажилд ханцуй шамлан зүтгэсэн нь ковидоос үүдэж учрах байсан олон эрсдэлээс хамгааллаа. Ирэх сарын дундуур гэхэд хүн амаа II тундаа төлөвлөсөн ёсоор бүрэн хамруулж чадвал хэвийн амьдралын горимдоо шилжих цаг хугацаа тун ойрхон харагдаж байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна