Г.Хонгорзул: Цаашид өглөөний хүн хэвээрээ байна

Админ
2021/07/30

Д.БЯМБАСҮРЭН

“Mongol TV”-ийн “Өнөө өглөө” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Хонгорзулыг “Залуус” буландаа урилаа. Тэрбээр сүүлд “Ододтой бүжиглэе” шоуны хөтлөгчөөр ажилласныг уншигчид андахгүй. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-“Ододтой бүжиглэе” шоуг анх хэрхэн хөтлөх болсноос яриагаа эхэлье?

-Шоу маань үнэхээр сэтгэл догдлуулж, олон үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Энэ гайхалтай баг хамт олны нэг байсандаа их баярладаг. Тухайн үед авч байсан мэдрэмжүүд одоо ч надад аз жаргал мэдрүүлдэг. Хамт олон маань цаг үргэлж шахуу хуваарьтай, үзэгчиддээ жаргал бэлэглэхээр ажилладаг. Энэ ч утгаар бүжгийн шоу хийх тухай өмнө нь сонссон байсан. Тэгсэн нэг өдөр “Өнөө өглөө” шууд эфир дуустал, гүйцэтгэх продюсер Гантөмөр ах дуудаад “За чамд дуулгах нэг сайн, нэг муу мэдээ байна” гэв. Муу мэдээ нь нэг хэсэгтээ “Өнөө өглөө” хөтөлбөрөө хөтлөхгүй боллоо. Харин сайн мэдээ нь “Ододтой бүжиглэе ” шоуны үндсэн хөтлөгчөөр ажиллахаар сонгогдсонд баяр хүргэе” гэдэг юм байна. Тэгэхэд би хамгийн түрүүнд “Бүжиглэхдээ тааруу шүү дээ, зүгээр үү” гээд инээлдэж байлаа. Хөтлөгчийн сонгон шалгаруулалт том шийдвэр байдаг болохоор хувьдаа их баяртай хүлээж авсан.

-Оролцогчид шат ахих бүрт өсөж байсан. Хоёр хөтлөгч ч улам нээлттэй болж байгаа санагдсан?

 -“Ододтой бүжиглэе” шоуны хувьд бараг бүх хүнд шинэ сорилт, шинэ аялал байсан. Оролцогчид долоо хоног бүр шинэ бүжиг богино хугацаанд сурна. Цөөн хоногт бэлдсэн бүжгээ ганц удаа л шүүгч, үзэгчдийн өмнө үзүүлэх боломжтой. Энэ нь тодорхой хэмжээгээр сандрал, сэтгэл хөдлөл, адреналин шүү дээ. Энэ бүхэн нийлээд долоо хоног бүрийн ням гарагт шинэ сонирхолтой байдлаар шоу үргэлжилсэн. Мэдээж энэ бүхний ард манай гайхалтай хамт олон, продакшны уран бүтээлчид урамтайгаар ажиллаж байв. Бүжигчидтэйгээ зэрэгцээд бүх өдрүүдэд бэлтгэл ажил явна. Хөтлөгч нар ч адилхан 3-4 хоног тест хийж шууд эфиртээ бэлддэг байсан. Бүжиг үнэхээр төгс урлаг гэдгийг энэ үеэр мэдэрсэн. Тэр тусмаа “ball room dance” буюу шоунд заавал бүжиглэгдэх ёстой бүжгүүд жинхэнэ утгаараа эрч хүч, хайр, аз жаргал мэдрүүлсэн гэхэд болно. Миний хувьд цоо шинэ шоуг анх удаа хүргэж байгаа учраас маш их бэлдэж, судалгаа хийж өөрийгөө 100 хувь дайчилсан.

-Та шоуг хөтөлж байхдаа сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй байгаа нь анзаарагдсан?

-Дугаар ахих бүрт шоундаа гүнзгий орж, хөтлөхөд улам таатай байсан. Илүү ч чөлөөтэй болсон. Энэ шоу дэлхийн 60 улсад амжилттай зохион байгуулагдсан. Олон арван рекорд амжилтын эзэн болсон эл шоу. Шоуны бусад хувилбарыг өмнө нь үзэж байхад авсан мэдрэмжээс гадна продакшныхаа удирдлага дор сургалт авснаараа энэ том төсөлд хичээнгүйлэн ажилласан. Хөтлөгч, шүүгчдийн хувцас, нүүр будаг, үс засалт гээд шоу тусгай батлагдсан төлөвлөгөөний дагуу явагдсан. Тухайлбал, миний үсний засалт, нүүр будаг 13 долоо хоногийн турш дээрх журмаар явсан. Харин үзэгчдийн тухайд намайг “Өнөө өглөө” хөтөлбөрийн хөтлөгч гэдгээр төсөөлсөн байх. Зарим нь миний өөрчлөлт хүлээснээс нь өөр байсныг илэрхийлсэн. Энэ ташрамд дахиад хэлэхэд, чёлк маань үнэхээр зүгээр байсан шүү /инээв/

-Хөтлөгчийн хувьд хөтлөгчид нэг чиглэлээ барих, эсвэл олон төрөл рүү хувьсан өөрчлөгдөх хоёрын аль нь илүү бол?

-Хөтлөгчийн хувьд хөтлөлт хийхэд нэг чиглэлээ сонгох ёстой гэж бодохгүй байна. Бүх л төрөлд хөтлөлт хийх нь зөв байх. Үнэхээр хүмүүсийн хэлдгээр тухайн хүнд таарсан, тохирсон төрөл жанр гэж бий байх. Гэхдээ бүгд суралцана, туршлагажна, өөрийн чадвараа бүрэн нээнэ, чадахгүй зүйлээ ч олж мэднэ. Иймээс яагаад болохгүй гэж, өөрт олдож буй боломж бүрийг алдахгүй байх хэрэгтэй.

-“Ододтой бүжиглэе” шоунаас өөртөө олон зүйлийг олж авсан байх?

-Мэдээж олон зүйлийг олж мэдсэн. Бүжгийн ертөнцийг илүү ойлгож, хатуу хэцүү, тэсвэр тэвчээр гоо сайхан, урам зориг, амжилтын амтыг мэдэрсэн. Түүнээс гадна олон сайхан хүнтэй нөхөрлөсөн. Мөн хамт олон, хайртай гэр бүлийнхээ бахархал, итгэлийг алдахгүй ажиллаж чадсан. Хамгийн гол нь өөрийн хувьд том сорилтыг давж, шат ахисандаа баярладаг.

-Тантай уулзсаных “Өнөө өглөө” нэвтрүүлгийн талаар ярихгүй өнгөрч боломгүй. Энэ тухай яриа дэлгэвэл?

-“Өнөө өглөө” хөтөлбөр миний хоёр дахь гэр. Өглөө эрт телевизийнхээ хаалгаар ороод л гэртээ байгаа мэт байдаг. Шууд нэвтрүүлгээ хөтлөхөөр студидээ ороход маш их тав тух, дотно байдал мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөөрөө байж чаддаг газар бол өглөө хөтөлбөрийн студи. 2019 онд хүүгээ төрүүлэхээр амралтаа авчихаад найман сарын дараа ажилдаа ороход хоёр дахь гэрээ их санасан байж билээ.

- Та “Төрөх өрөөний тоглоом” нэвтрүүлэг хөтөлж байсан. Энэ нэвтрүүлэг яагаад зогссон бэ?

 -“Төрөх өрөөний тоглоом” нэвтрүүлгийн хувьд үнэхээр хөөрхөн, сонирхолтой нэвтрүүлэг байсан. Зорилго, агуулга нь тэр чигтээ хайрыг агуулсан. Оролцс он гэр бүлийнхний хувьд бөөн дурсамж. Дараа нь хэвлийдээ байхдаа ээжтэйгээ хамт асуултад хариулж олон бэлгийн эзэн болсон бяцхан үрс дээрээ очиж тэднийгээ эргэх нь үнэхээр сайхан санагдсан. Оролцогч ээжүүд “Төрөхийн өмнө дунших өвдөлтийг бараг мэдрээгүй төрсөн. Ийм сайхан гэгээлэг нэвтрүүлэгтээ оруулсанд баярлалаа” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн. Нэвтрүүлэг маань олон айлд аз жаргал өгч, би ч удаан хүлээсэн хоёр дахь үрээ арван жилийн дараа олж, хөтөлж байхдаа дөрвөн сартай жирэмсэн байсан. Одоо ч оролцох хүсэлтэй ээжүүд холбогддог. Эхний удаа хийгдсэн гэрээний хугацаа дууссан байх. Дахин хийгдэх эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна.

-Яриагаа хувь хүн рүү тань чиглүүлье. Бидний мэддэг хөтлөгчөөс хувь Хонгорзул гэх эмэгтэй ямар хүн бэ?

-Товчхондоо хэлэхэд энгийн даруу байхыг илүүд үздэг, гэр бүл, ажилдаа бүхнээ зориулдаг жирийн эмэгтэй.

-Аав тань МУСТА, жүжигчин Х.Ганхуяг. Аавтайгаа таныг адилхан гэдэг?

-Сахал тавьчихвал яг аав юм аа гэж олон хүмүүс хэлдэг. Би эхээс гурвуулаа, айлын дундах охин. Аавтайгаа хамгийн адилхан нь би. Эгч, дүү хоёр ээжтэй илүү төстэй. Аав минь жинхэнэ задгай жүжигчин, ямар ч дүрд тоглосон яг мөн дөө гэж бодогдтол дүрээ гаргадаг. Аавынхаа тоглосон уран бүтээлүүдийг багаасаа үзэж өссөн. Тухайн бүтээлдээ бэлдэж байгаа байдал, дүрийн судалгаа, зохиолын гаргалгаа, гол зангилаа, үгийн зохион байгуулалт, зохиолоо өөрийн болгож буй зэргийг харж, биширдэг. Тэр дундаас МҮОНРТийн бүтээл “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны нохой Дондовын дүрийн ойн шугуйд оргож яваа мөртөө ээжийн дуу аялж, урьдын сайхан цагаа бодон нүдэнд нь нулимс цийлгэнэх хэсэг санаанд бууж байна. Тухайн үед үзэж байхдаа амьдралдаа алдаж бүдэрч яваа хүн ч гэсэн ээжтэй, аавтай, тэднийгээ санах, өнгөрсөндөө гуних сэтгэлтэй юм даа гэж бодогдож билээ. Аав минь ингэж л нүдэнд харагдтал дүрээ гаргаж чаддаг. Олон ч дүрд нь хайртай. Цаашид ч уран бүтээл гаргах бүрд нь номер нэг дэмжигч нь байсаар байх болно.

-Аавтайгаа ярилцлага хийж байсан. Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бол?

-Аавтайгаа хоёр ч удаа ярилцлага хийсэн. Хорь гаруй жилийн өмнөөс уран бүтээлч найзтайгаа судалж ирсэн шилийн сайн эр, Торой бандийн тухай судалгааны ажлаас нь сонирхож, ярилцлага хийж байлаа . Тухайн үед маш сонирхолтой, дуусгамааргүй харилцан яриа болж байсан. Сэтгүүлч, хөтлөгч болсных аавтайгаа яриа хийх завшаан тохиосонд баярладаг. Ер нь аав, ээж гэхээр барагдахгүй их хайр мэдрэгдэж, тэднийхээ ачийг яаж хариулна даа гэж бодогддог. Хоосон хайраас илүү үйлдлээрээ харуулах юм сан гэж байнга хичээдэг. Аавынд очихоор ээж ширээ дүүрэн хоол цай бэлдчихсэн угтдаг. Тэр хоёртойгоо хөзөр тоглож, сонин сайхнаас ярилцаж, инээхийг нь харах хамгийн сайхан.

- Аавынхаа авьяасаас өвлөсөн болов уу. Таны хувьд хоёр ч кинонд тоглосон байдаг. “Оюутны нууц амраг” киноны дүр танаас их өөр санагдсан?

-Тийм ээ, их өөр. Ааль маяг ихтэй байх нь надад угаас тохирохгүй зүйл. Кинонд тоглох харин хүндхэн ажил байна лээ. Хэрэв ааваасаа авсан багахан авьяас байсан бол өөрт таалагдаж, бусдад үнэлэгдэх хэмжээнд жүжиглэх байсан байх.

-Хөтлөгч мэргэжлийн зайлшгүй нэг хэсэг гоё сайхан байх. Манай уншигчдад гоо сайхны нууцаасаа хуваалцвал?

- Гоо сайхны нууц гэх зүйл байхгүй ээ /инээв/ Олон эмэгтэйчүүд үсээ хэрхэн арчилдаг вэ гэж асуудаг. Их энгийн. Хуйхаа цэвэрхэн байлгах, үсээ элдэв будгаар будахгүй байхыг хичээдэг. Будаггүй, хуйх цэвэрхэн үс цаанаасаа эрүүл байдаг. Ажлын онцлогоос шалтгаалаад өдөр бүр ороох, индүүдэх, лакдах шаардлага гардаг ч тэр дор нь угааж, сардаа нэг тэжээл өгч, хуйхаа цэвэрлүүлээд явдаг. Харин арьсны хувьд бусадтай адилхан арчилна. Зав гаргаж сардаа нэг хоёр удаа гоо сайханд орно. Хааяа гэртээ маск тавина. Ажилгүй үедээ будаг хэрэглэхгүй байхыг боддог. Бусад тохиолдолд нарны тос түрхээд гардаг. Биеийн жингээ хэвийн байлгахын тулд эрдэстэй ус ууна, болж өгвөл 19:00 цагаас хойш хоол идэхгүй байхыг боддог ч хайрыгаа ажлаа оройтож тараад ирэхэд нь хамт суугаад хоолоо идэх дуртай. Сүүлийн үед иог таалагдаж байгаа. Тэр дундаа халуун иог бол арьс сайхан болгох, жингээ барихад тусална, сунгалт сайжрах, биеийн чилээ гаргах гээд давуу тал ихтэй. 

Цаашид тууштай хичээллэнэ гэж бодож байна. Мөн хамгийн их дурласан зүйл маань бүжиг. Цаг сайхан болохоор “аргантен танго”- гоор хичээллэхээр төлөвлөсөн. Шоуны үеэр бага зэрэг заалгахад энэ бүжиг нь дүрэм багатай цэвэр мэдрэмжийн бүжиг юм билээ. Тиймээс стресс тайлж өөрөөрөө байх боломж олгож чадах юм шиг санагдсан.-Цаашид хөтлөгчөөрөө ажиллах уу?

- Өглөөний хүн хэвээрээ байж, хайртай нэвтрүүлгээ хөтөлсөөр байх болно. Хүн чинь дуртай зүйлээсээ аз жаргал мэдэрч, тэр хэрээрээ бүх зүйл урагшилж байдаг шүү дээ. Иймд телевизийн салбараас гарахгүй гэж боддог.


2
2
1
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.177
    2021/07/31

    аз жаргалын үндэс нь энхтайван

    Хариулах
  • 103.229.122.146
    2021/07/30

    Ygd ch ym taalagddguie gej

    Хариулах