Хөшигийн хөндийд 150 мянган хүн амтай дагуул хот байгуулна

Админ
2021/07/30

А.Минжинсор 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа -2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод "Улаанбаатар хотын төвлөрөл, суурьшсан нутаг дэвсгэрийн тэлэлт, хязгаарлалт, газар зохион байгуулалт, авто замын сүлжээ, нийтийн тээвэр, газар доорх орон зайн шаардлагатай төлөвлөлтийг тооцон хөгжлийн ерөнхий системд холбон xom төлөвлөгөө боловсруулж, мэдээллийн нэгдсэн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх.", "Олон төвт хотын тогтолцоог хэрэгжүүлж, “Шинэ Зуунмод”, “Майдар” шинэ дагуул хотын бүтээн байгуулалтыг эхлүүлж, инженерийн шугам сүлжээ, орон сууцжуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх” зэрэг цогц зорилтуудыг дэвшүүлсэн.

Энэхүү бодлогын хүрээнд Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр үндэсний хэмжээний томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нийт 19390.4 га газрыг Газрын тухай хуулийн 16 зүйлийн 16.1.13-д заасны дагуу улсын тусгай хэрэгцээнд авахаар газар зохион байгуулалтын ажил хийгдэж байгаа юм байна. 

Тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19390.4 га газарт нийт иргэн, аж ахуй нэгж байгууллагын ашиглах эрхтэй 7 нэгж талбар, эзэмших эрхтэй 1457 нэгж талбар, өмчлөх эрхтэй 1709 нэгж талбар бүхий 7877.7 га талбай давхцаж байна.

Энэ талаар Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал  О.Одбаяр: 

"Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийг хийх гол шалтгаан нь олон улсын нисэх онгоцны буудал баригдсантай холбоотой. Шинэ Зуунмод хот, Майдар хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг гурван газар нь хоорондоо 10-15 километрийн зайтай. Иймээс эдгээр ерөнхий төлөвлөгөөг нэгтгэх саналыг БХБЯ-наас гаргаж, Хөшигийн хөндий орчимд нэгдсэн төлөвлөлтийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл Хөшигийн хөндий орчмын 50 мянга орчим га талбайд хийх хот төлөвлөлтийг боловсруулж байна. Үүний 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлагатай. Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийн тухайд, Шинэ Зуунмод хотыг дайраад “Богд хаан” төмөр зам, RH3 буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Дээрээс нь нисэх онгоцны буудал баригдаж байгаа учраас тээвэр логистикийн том төв болох юм байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл 2,000 орчим га газар нь тээвэр логистикийн төв болно.Ирэх аравдугаар сард багтан ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулж батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.

Газар зохион байгуулалт, геодози, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр: 

"Улсын тусгай хэрэгцээнд авахаар төлөвлөж буй 19 мянган га газарт газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 160 дугаар тоот газар чөлөөлөх ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг энэ хугацаанд ажиллаад эхний үр дүнг танилцуулж байна. Энэ бүсэд 3173 иргэн аж ахуй нэгж байгууллагатай холбоотой асуудлыг газрыг улсын тусгай хэрэгцээнд авах журмын хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулна. Газрыг нөхөн олговортой солих, хууль бус газар олголтыг цуцална. Эхний ээлжид 76 аж ахуй нэгжийн газрын зөвшөөрлийг цуцална.

Тиймээс Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд газар эзэмшиж, ашигладаг, өмчилдөг иргэн аж ахуй нэгж байгууллагууд өнөөдрөөс буюу 2021 оны долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд Төв аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын албанд ирж тайлбар саналаа хэлэхийг хүсч байна." гэлээ. 




0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна