“Дэнжийн мянга”-тай тэмцэх биш нядалгааны цэгээ шинэчил

Админ
2021/07/30

Г.ЭНХГЭРЭЛ

Монголчуудын хүнсний анхдагч хэрэглээ бол мах. Нэг өрх хүйтний улиралд сардаа 54 кг, зуны цагт 13,5 кг мах иддэг гэсэн судалгаа байна. Насанд хүрсэн хүн жилд 100 орчим кг мах идэх нь жирийн хэрэглээ аж. Манайд хот, хөдөөгийн хүн амын махны хэрэглээ өөр өөр ба дэлхийд махны хэрэглээгээр эхний 15 дугаар байрт ордог байна. Нийслэлийн иргэдийн 85- 90 хувь нь “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” захаас махаа худалдаж авдаг билээ. “Барс”, “Баянзүрх” I, II, “Амгалан”, “Бөмбөгөр”, “Алтжин бөмбөгөр”, “Хархорин”, “Саруул” зэрэг захууд нь дээрх хоёр захаас бөөний үнээр мах авч иргэдэд худалддаг. Гэтэл саяхан “Дэнжийн мянга” захын мах худалдаалдаг лангуу, тэрэгний арчдасаас гэдэсний халдвар үүсгэгч шимэгч хорхой илэрч байв. Ийм учраас Шударга өрсөлдөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ махны ил задгай худалдааг бүрэн зогсоохоо ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай уулзахдаа мэдэгджээ. Цаашид хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн  аргаар төхөөрөх ажлыг ойрын хугацаанд шийдвэрлэж, ОХУ-д шатахууны үнэ нэмэгдсэн тул Монгол Улсын Засгийн газар АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1 хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн байна. Энэ талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Ирэх сард АИ-95 бензинийг манай улсад нийлүүлэхэд хүндрэл учирсан. Одоогоор АИ 95, АИ-98, AИ-92 болон дизель түлш, онгоцны түлш улсын хэмжээнд 30 хоногийн нөөц - тэй байгаа. Иймд нөөцийг таслахгүй, хомстол үүсгэхгүйн тулд БНХАУ-аас АИ-95, АИ-98 шатахууныг тодорхой хэмжээнд нэмж авахаар ажиллаж байна. Харин AИ92 бензин хөдөө орон нутагт тасалдсан гэдэг нь ташаа мэдээлэл. Улсын хэмжээнд тус бензиний нөөц хэвийн байгаа” гэж мэдээлэв. Нийслэлийн дөрвөн цэгт махны бөөний худалдаа явуулахаар хэлэлцсэн байна.

Жаран сая гаруй малтай, 3.2 сая хүн амтай манай улсын иргэдэд хамгийн хүртээмжтэй хүнс нь мах баймаар. Гэтэл махны үнийн өсөлт, хүртээмж үеийн үед асуудал дагуулсаар ирсэн. Шалтгаан нь малчны хотоос “Эмээлт”-ийн мал нядалгааны цэг, түүнээс “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” руу, дараа нь жижиг захуудаас иргэдийн гарт хүрдэг. Малчид малаа амьдаар нь ачиж ирээд, “Эмээлт” захад бөөний үнээр зарна. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир байдал буюу системийн гажуудал нь Дэнжийн мянгаас биш угтаа нядалгааны цэгээс үүсвэртэй юм. “Эмээлт” захын нядалгааны цэгт махны эрүүл ахуй, аюулгүй байдал “нүхэн жорлонгийн шал”-наас дор байдгийг цахим ертөнцөд түгсэн бичлэгээс харж болно. Энэхүү бичлэг нь ШӨХТГ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран хийсэн шалгалтын үр дүн юм. Нядлагч, гэдэс цэвэрлэгч гээд тус цэгт ажиллаж байгаа хүн бүрд нэг удаагийн малгай, бээлий байтугай амны хаалт ч байдаггүй. Гар угаах, ариутгах хэсэг байхгүй учраас бие засах өрөөгөөр “зочилсныхоо” дараа ч “Эмээлт”-ийн ажилчид хувийн эрүүл ахуй сахидаггүй байна. Гулууз мах, гэдэс дотроо газар өрж, ялаа, батгана шавуулах нь энгийн үзэгдэл. “Гэмт хүн гэлбэлзэнэ” гэдэг шиг бодит байдлыг нь үзэж, мэдсэн албаны хүмүүсийг хараалын үгээр доромжлон, гэрэл зургийн аппаратаа унтраахыг шаардаж, мал төхөөрдөг хутгаараа сүрдүүлсэн нь тэд жинхэнэ яахаас ч буцахгүй хүмүүс гэлтэй. Мах, махан бүтээгдэхүүн анх хаана бохирдож, бактер, шимэгч хорхой үрждэг гэдгийн баталгаа дээрх бичлэгээс ил болж байв. Түүнээс гадна иргэдийн гарт очсон мах мөөгөнцөртэй, хөгцтэй очдог явдал түгээмэл. Үүнд хяналт, шалгалт тавьдаг цорын ганц байгууллага нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар. Тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн н.Гэрэлцэцэгээс нөхцөл байдлын тухай тодруулахад “Хэрвээ иргэдээс мах, хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол ирвэл өргөдлийг нь цахимаар, нотлох баримтыг зургаар авдаг. Шаардлагатай гэвэл хяналтын байцаагч нь шинжилгээнд дээжийг явуулна. Гомдлыг ажлын долоон хоногт багтаан шийддэг” гэв. 

МАХНЫ БӨӨНИЙ ХУДАЛДААГ ХУМИХ НЬ МОНОПОЛ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОНО 

Бидний нүүдэлчин соёл, иргэншилд мах бэлтгэх уламжлалт арга бий. Мал эрүүл байх, махыг гоц халдварын бүсээс бэлтгээгүй, хамрагдвал зохих тарилга, туулгад хамруулсан байх ёстой. Түүнээс гадна мал зохих тарга хүч авсан байж, сүргийн эргэлтийн тооцоог хийж хэтэрхий хөгшин, эсвэл хээлтэй мал нядалдаггүй. Харин мах бэлтгэхдээ аль болох цэвэрхэн төхөөрөх, цус, сэвс, хялгас, шороо, чулуугаар бохирдуулахгүй, дотор эрхтэнг гүйцэд авч, цочсон малын булчин чангарч махны чанарт маш их нөлөөлдөг тул төхөөрөхөөс өмнө аль болох тайван байлгах ардын уламжлалтай. Үүнийг Хүнсний аюулгүй байдлын тухай хуульдаа ч тусгасан байдаг. Тус хуулийн 13 дугаар зүйлийн мал, амьтан нядлах үед тавигдах ариун цэврийн шаардлагуудад мал, амьтныг зөвхөн хяналтын эрх бүхий байцаагчийн зөвшөөрлөөр нядална. Мал, амьтан хаших, муужруулах, нядлахдаа зовуурь, дарамт бага учруулах тоног төхөөрөмж, хэрэгсэл хэрэглэх ба эдгээрийг зөвхөн мэргэшсэн, дадлага туршлагатай, согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл хүн гүйцэтгэнэ. Нядлах ажиллагааг технологийн зааврыг чанд мөрдөж хэрэгжүүлэхийн хамт дотор эрхтэн салгах явцад гулууз бохирдохоос сэргийлнэ гэсэн заалт бий. Иймээс махыг ангилан ялгаж, сав, баглаатай болгон, эрүүл ахуйн шаардлага хангуулж хэрэглэгчийн гарт хүргэх нь зөв. Гэхдээ махны үнэ нэмэгдэх магадлалтайг анхаарах ёстой билээ. Өнөөдрийн байдлаар хонины мах кг нь 11500-13000, үхрийн мах 16500- 19000 төгрөгийн үнэтэй байна. Тээвэрлэлт, ченжүүдийн зоргоороо хөөсрүүлдэг үнэ дээр сав, баглаа боодлын үнэ нэмэгдэж таарна. Хоёрдугаарт, нийслэлийн 1 сая 300 мянган иргэн дөрөвхөн цэгээс махаа худалдаж авбал махны хомстол үүсэх, үнэ хөөрөгдөх монопол байдлыг бий болгох эрсдэлтэй. Учир нь ченжүүд малчдаас мах хамгийн хямдаар аваад, хүссэн үнээрээ хөөсрүүлэн худалддаг буруу тогтолцоо тогтсон. Иймээс махны бөөний худалдааг тогтсон цөөн цэгт төвлөрүүлэх нь буруу шийдвэр болно. Махны ариун цэвэрт анхаарч, сав баглаа боодолтой болгох нь зөв ч, бөөний үнээр худалдан борлуулах хүрээг нь хумих нь буруу юм. 

Нөгөөтэйгүүр “Эмээлт”-ийн нядалгааны цэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн байдлаа шийдэж чадаагүй байж, “Дэнжийн мянга” захыг “ад үзэж”, судалгаа муутай шийдвэр гаргахгүй байхыг ШӨХТГын дарга Б.Бат-Эрдэнээс хүсье. Мах эрүүл ахуйн шаардлага хангахгүй, асуудал дагуулж байгаа нь мал нядалгааны газартай холбоотой гэдгийг дахин сануулъя. Шаардлага хангаагүй махыг сайхан уутанд савлаад чанар нь сайжрахгүй гэдгийг ойлгох ёстой. Тиймээс махны эрүүл ахуйн асуудал нь малыг нядлахаас эхлүүлээд хэрэглэгчийн гарт хүртэл “бөөцийлөх” шаардлагатай билээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна