Ямар орнууд “Ковид-19”-ийн эсрэг вакциныг албадан тарьж байгаа вэ

Админ
2021/07/30

М.ХҮСЛЭН

Өнөөдөр дэлхий дахинд “Ковид-19”- ийн маш хурдан халдварладаг “Дельта” хувилбар тархаж байна. Эхэндээ дэлхийн олон оронд өндөр хурдацтай явагдаж байсан “Ковид19”-ийн эсрэг бүх нийтийн дархлаажуулалтын кампанит ажил сүүлийн үед удааширч эхэлсэн. Тийм учраас зарим улс цар тахлын эсрэг вакциныг албадан хийхээр болжээ. Тэдгээрээс зарим орныг онцолъё. 

АВСТРАЛИ

 Австрали улс “Ковид19”-ийн эсрэг вакциныг албадан тарих тухай шийдвэрийг зургадугаар сарын сүүлчээр гаргасан. Үүнд эрсдэлтэй бүлгийн ахмадуудыг асардаг ажилтан болон тусгаарлах байранд ажилладаг хүмүүс хамарна. Түүнчлэн Ахмадын газрын ажилтнууд вакцины эхний тунг ирэх есдүгээр сарын дунд үеэс өмнө хийлгэсэн байх ёстой аж. 25 сая гаруй хүн амтай Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш 32.120 тохиолдол бүртгэгдэж, 915 хүн нас бараад байна. Тус улсад вирусийн халдвар авсан хүний тоо бага байгаа нь хатуу хөл хорио хязгаарлалт, хилээ хаасны үр дүн. Одоогоор Австралийн хүн амын ердөө 10 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ.

Харин 17.4 хувь нь нэг тунг тариулсан байна. Тус улсад “Pfizer”, “AstraZeneca” болон “Johnson & Johnson”-ы вакциныг хэрэглэж буй. 

ИХ БРИТАНИ 

Дархлаажуулалт хурдтай явагдаж байгаа Их Британи улс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмадуудад үйлчилдэг ажилтнуудад вакциныг албадан хийхээр болсон. Яагаад гэвэл тэдний асардаг хүмүүс эрсдэлтэйд тооцогдож байгаа. Уг шийдвэр эсэргүүцэлтэй тулгарахгүй гэж үзсэн. Учир нь Их Британид нийгмийн хамгааллын 1.2 сая ажилтны 78 хувь нь сайн дураараа вакцинаа хийлгэжээ. 67 сая хүн амтай Их Британид 35 сая хүн вакцинд бүрэн хамрагджээ. Мөн 11 сая орчим хүн хоёр дахь тунгаа хийлгэхээр хүлээж байна. “Pfizer”, “Moderna”, “AztraZeneca” болон “Johnson & Johnson”-ы бэлдмэлийг дархлаажуулалтад ашигладаг. Их Британи нь Европ тивийн орнуудаас цар тахалд хамгийн их нэрвэгдсэн улсын нэг. Тус улсад “Ковид-19” дэгдсэнээс хойш таван сая 770 мянга 928 тохиолдол бүртгэгдэж, 129.430 хүн нас баржээ. 

ФРАНЦ 

Энэ сарын 12-нд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон эрүүл мэндийн салбарын бүх ажилтан, кинотеатрын үзэгчид болон галт тэрэгний зорчигчид вакцин хийлгэсэн байх шаардлагатай эсвэл PCR шинжилгээний сөрөг хариутай байх ёстой гэж мэдэгдэв. Мөн ахмадын газрын албан хаагчид вакцин хийлгээгүй бол ажиллах боломжгүй. Өмнө нь Э.Макрон вакцин хийхийг албадахгүй гэж байв. Гэвч тус улсад дархлаажуулалтын хурд удааширч, цар тахлын халдвар авсан хүний тоо нэмэгдэж эхэлсэн. Халдварын тоогоор Франц улс дэлхийд тавдугаарт явж байна. Тус улсад “Ковид-19”-ийн халдварын зургаан сая 54 мянга 48 тохиолдол илэрч, 111 мянга 735 хүн нас барлаа. 67 сая хүн амтай Франц улсын иргэдийн 40 хувь нь бүрэн дархлаажуулалтад хамрагдсан. 

ГРЕК 

Грекийн эрх баригчид ч энэ сарын 12-нд ахмадын газар болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудад вакциныг албадах тухай шийдвэр гаргалаа. Түүнчлэн бар, кинотеатр болон бусад газарт очиход вакцин хийлгэсэн байх шаардлагатай. Долдугаар сарын 14-нд Афин хотод таван мянга гаруй хүн цугларч вакциныг албадахыг эсэргүүцэж жагссан байна. 11 сая хүн амтай Грект 485.015 тохиолдол бүртгэгдэж, 12.902 хүн нас бараад байна. Засгийн газрын мэдээлснээр, хүн амын 41 хувь нь вакцины бүрэн тунг хийлгэжээ. Грект “Pfizer”, “Moderna”, “AztraZeneca” болон “Johnson & Johnson”-ы бэлдмэлийг хүлээн зөвшөөрсөн. 

ИНДОНЕЗИ

 Индонези улс өнгөрсөн хоёрдугаар сараас вакциныг албадаж эхэлсэн. Нийслэл Жакартад вакцин тариулахаас татгалзсан хүмүүсийг 357 ам.доллароор торгоно. Засгийн газар 270 сая хүний 70 орчим хувийг дархлаажуулж, сүргийн дархлаа тогтоохыг хичээж байна. Одоогоор уг түвшинд зөвхөн нийслэл хот хүрсэн аж. Тус улсад “Pfizer”, “Moderna”, “Sinopharm” болон “Sinovac” вакцин хийгдэж буй. 55 сая тун вакцин хийгдсэн бөгөөд энэ нь тус улсын нийт хүн амын дөнгөж 10 хувийг бүрэн дархлаажуулах хэмжээ аж. 

ИТАЛИ

Италийн Засгийн газрын гуравдугаар сард гаргасан тушаалаар эрүүл мэндийн салбарын ажилтан болон эмийн санчид бүгд заавал вакцин тариулах шаардлагатай. Татгалзсан хүмүүс ажлаасаа халагдаж, цалингаа хасуулна. Эрх баригчид уг алхмыг вакцины эсрэг үзэл нэмэгдэж, цар тахлын улмаас амиа алдсан хүний тоо 109 мянгад хүрэх үеэр хэрэгжүүлж эхэлсэн. Зарим эмнэлгийн эмч нар хүртэл вакцин хийлгэхээс татгалзсан. Албадан вакцин хийлгэх шийдвэр гаргах хүртэл Италид ердөө 10 сая тун хийгдээд байв. 60 сая хүний 3.1 хувь бүрэн дархлаажуулагдсан гэсэн үг. Тэгвэл өнөөдөр хүн амын 38 хувь вакцины хоёр тунг хийлгэжээ. 

ПОЛЬШ

Зургадугаар сарын сүүлчээр Польш улсын эрх баригчид эрсдэлтэй хүмүүсийг албадан вакцинжуулна гэдгийг мэдэгдсэн. Хоёр долоо хоногийн өмнө 38 сая хүн амтай тус улсад 12.8 сая хүн бүрэн тунд хамрагджээ. Гэвч Засгийн газар вакциныг эсэргүүцэгчид олширч, дархлаажуулалтын явц удааширсан гэж мэдээлэв. Гуравдугаар сарын сүүлчээр хоногт 30 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж байсан бол, одоо өдөрт 100 гаруй хүн шинээр халдвар авч буй. Цар тахал дэгдсэнээс хойш Польшид хоёр сая 881 мянга 594 тохиолдол илэрч, 75.219 хүн нас барлаа. Тус улс америк болон Европын вакциныг хүлээн зөвшөөрсөн. ОХУ Оросын Засгийн газар зургадугаар сарын дундуур үйлчилгээний байгууллага, худалдаа, боловсрол болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 60 хувь нь заавал вакцин хийлгэнэ гэсэн журам баталсан. Үлдсэн 40 хувьд нь эрүүл мэндийн шалтгаантай тариа хийлгэх боломжгүй хүмүүс орно. Москва хотын эрх баригчид энэ сарын сүүлчээс кинотеатр болон зоогийн газар зэрэг танхимаар үйлчлэх газруудад орохын тулд PCR шинжилгээний сөрөг хариу (72 цагийн хүчинтэй), хагас жилийн дотор өвдөж эдгэрсэн гэсэн бичиг, эсвэл вакцины паспорттай байхыг шаардана гэнэ. Сүүлийн үед ОХУ-д халдварын тархалт эрс нэмэгдсэн. Өнгөрсөн долоо хоногт өдөр бүр 25 мянгаас дээш шинэ тохиолдол бүртгэгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш илэрсэн тохиолдол зургаан сая 200 мянга болж, 156 мянга 9178 хүн нас бараад буй. Одоогоор 146 сая хүн амтай Орос улсад 30 сая хүн вакцины нэг тунг хийлгээд байна. Энэ нь нийт хүн амын дөнгөж 20 орчим хувь аж. ОХУ-д зөвхөн өөрсдийн үйлдвэрлэсэн вакциныг хүлээн зөвшөөрсөн. Гамалеягийн нэрэмжит хүрээлэнгийн “Спутник V”, Чумаковын төвийн “КовиВак”, Вирусологи болон биотехнологийн эрдэм шинжилгээний төвийн “ЭпиВакКорона” бэлдмэлийг иргэдэд тарьж байгаа. Албадан вакцин хийлгэх хүмүүс эхний тунгаа энэ сарын 15, хоёр дахийг ирэх сарын 15 хүртэл хийлгэх ёстой. 

САУДЫН АРАБ

Сауд Араб улс өнгөрсөн тавдугаар сард төрийн байгууллагын бүх албан хаагчдад заавал вакцин хийлгэхийг даалгасан байна. Дархлаажуулалтад хамрагдаагүй төрийн албаныхан ажлын байранд орж чадахгүй. Гэвч эрх баригчид яг тодорхой хугацаа хэлээгүй аж. Түүнчлэн төрийн байгууллагын байр, боловсролын байгууламжуудад нэвтрэх, нийтийн тээврээр үйлчлүүлэхийн тулд вакцин хийлгэсэн байх шаардлагатай. Өнгөрсөн оны зургадугаар сард хоногт 5000 гаруй тохиолдол бүртгэгддэг байсан Саудын Арабт энэ оны өвөл халдварын дэгдэлт багасаж, өдөрт 100 гаруй илэрдэг болсон. Гэвч өнгөрсөн хавраас эхэлж өдөрт мянга гаруй тохиолдол бүртгэгдэж эхэлжээ. Тус улс 34 сая гаруй хүн амтай бөгөөд 53.1 хувь нь вакцины нэгдүгээр тунг хийлгэсэн байна. Бүрэн дархлаажсан иргэд хүн амын 8.5 хувийг бүрдүүллээ. Саудын Арабын Засгийн газар “Pfizer” болон “AstraZeneca” вакциныг хүлээн зөвшөөрсөн. 

ТУРКМЕНСТАН 

Тус улс одоо болтол “Ковид-19” цар тахал бүртгэгдсэн гэж албан ёсоор мэдээлээгүй байгаа. Гэсэн хэдий ч Туркменстаны Эрүүл мэндийн яам 18 наснаас дээш насны хүмүүс заавал вакцин хийлгэх ёстой гэж мэдэгджээ. Албадлагаас зөвхөн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүсийг чөлөөлнө. “Эрх чөлөө” агентлагийн Туркмений алба тус улсад цар тахлын дэгдэлт маш их байгаа гэж мэдэгдэв. Гэвч албан ёсны байгууллага Туркменд вирус илэрсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Тийм учраас хэчнээн тохиолдол илэрсэн, хэдэн хүн нас барсан тухай мэдэх боломжгүй байгаа. “Reuters” агентлаг туркменчуудад Орос болон Хятадын вакцин тарьж байгаа тухай мэдэгдэв. 

КАЗАХСТАН

Казахстанд хоёрдугаар сарын 1-нд бүх нийтийн дархлаажуулалт эхэлсэн. Иргэд сайн дураараа вакцин хийлгэнэ гэж мэдэгдэж байв. Тэгвэл долдугаар сарын эхнээс үйлчилгээний салбарын ажилтнуудыг заавал вакцин хийлгэх тухай албадах болсноо мэдэгдэв. Заавал вакцин хийлгэх хүмүүс эхний тунг наймдугаар сарын 10, хоёр дахийг нь есдүгээр сарын 1 хүртэл хийлгэх ёстой. Казахстанд цар тахал дэгдсэнээс хойш 600 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 8.3 мянган хүн нас барсан. Тус улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 19 сая хүнтэй оронд 5.1 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэжээ. Хоёр тунг тариулсан хүний 2.9 сая гаруй. Казахстанд Оросын “Спутник V”, өөрсдийн үйлдвэрлэдэг “QazVac”, Хятадын “Hayat-Vax” болон “CoronaVac” бэлдмэлийг дархлаажуулалтад ашиглаж байна. Сүүлийн үед Казахстанд шинээр бүртгэгдсэн тохиолдол болон нас баралт маш их нэмэгдэж байгаа. Өдөрт 7000 илүү шинэ тохиолдол илэрч, 100 гаруй хүн нас барж буй нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт аж.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна