Унгар улс Монголд вирусийн гаралтай вакцин үйлдвэрлэлийг нэвтрүүлнэ

Админ
2021/07/30

УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд ноён Петер Сияяарто тэргүүтэй уламжлалт, найрсаг харилцаатай Унгар Улсын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват ажиллаж байгаа бөгөөд УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал уг уулзалтад оролцсон юм. 

Хоёр улсын парламент дахь парламентын бүлгийн дарга нар өнгөрсөн зургадугаар сард цахим уулзалт хийсэн бол биечлэн танилцах боломж гарч буйг УИХ-ын дарга онцлон дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр “Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг. Дэлхийн даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын халдварыг тогтоон барих, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг бид тэргүүлэх зорилтоо болгохын зэрэгцээ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэхүү сорилтыг даван туулахад хамтын хүчин чармайлт, харилцан дэмжлэг нэн шаардлагатай энэ үед амьсгалын 33 ширхэг аппаратыг манай улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгож буй Унгар Улсад гүн талархлаа илэрхийлье” гэлээ. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват багтсан байв. 

Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд УИХ-ын дарга Г.Зандан шатарт талархал илэрхийлээд, хоёр орны олон жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа нь бүх талын хамтын ажиллагааны тогтвортой суурь болдгийг дурдав. Талуудын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Унгар Улсын зүгээс онцгой анхаарал хандуулж байгааг тэрбээр хэлээд Монгол Улсын “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн талаар онцоллоо. Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм. Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, цахилгаан хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг УИХ-ын даргаас хүслээ. Энэхүү төсөл үр дүнтэй хэрэгжсэн тохиолдолд усны менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээрх дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг ноён Петер Сияяарто хэлж байв. 

Цар тахлын нөхцөл байдал нь улс орнуудын эрүүл мэндийн салбарын нөөц бололцоог бүрэн шалгаж байгаа тул энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзэж, Унгар Улс амьсгалын аппаратыг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна. Түүнчлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангахаар амны хаалт үйлдвэрлэж, агаарын тээврийн салбараа бэхжүүлэхэд анхаарсан бол ирэх жилээс вакцин үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөн холбогдох судалгаа хийж, бэлтгэл ханган ажиллаж байгааг талаар мэдээлэл өгсөн. Ийнхүү тодорхой төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээрээ тусламж хэрэгтэй бусад улс оронд туслалцаа үзүүлэх боломжтой болж, Монгол Улсаас ирсэн хүсэлтийн дагуу эдгээр амьсгалын аппаратуудыг өгч байгаа юм. Монгол Улсад вакцинжуулалт өндөр хувьтай байгаа, тиймээс цар тахлын халдвараас хамгаалах сэргийлэх зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэхдээ таатай байна гээд эдгээр тоног төхөөрөмж нь олон монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаална гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна